| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбосүрэнгийн Буяннэмэх |
| Хэргийн индекс | 186/2017/0626/Э |
| Дугаар | 581 |
| Огноо | 2017-12-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Энх-Оргил |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 581
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,
Улсын яллагч Д.Энх-Оргил,
Шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Боржигон овогт Хийн Бэд холбогдох 1711004000277 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1996 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 27 дугаар гудамж, 0315 тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Хийн Б (РД:0000000000),
нь 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хоооны нутаг дэвгэрт байрлах Хувьсгалчдын А-2-23 тоот хашааны гадна иргэн Н.Мөнхбаярыг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт
|
|
|
|
холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Х.Б нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Б мэдүүлэхдээ: “…Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож байна” гэв.
Хохирогч Х.Мөнхбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 22 цагийн үед би гэрийнхээ үүд болох Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын А-2-33 тоот хашааны урд зогсож байтал согтуу халамцуу өндөр залуу над дээр ирсэн юм. Тухайн үед би таньдаг дүүтэйгээ утасны талаар яриад зогсож байхад надтай уулзаж байсан Мэндээ гэдэг залуутай нөгөө өндөр залуу уулзаад юм ярьж байсан. Тэгэхээр нь өндөр залууд хандаж яасан олон пиво аваад явж байгаа юм гэж хэлэхэд, чамд олондоод байна уу тээ гэж хэлээд над руу шууд тулаад хүрээд ирэхээр нь би өөрөөсөө холдуулах гээд түлхтэл өөдөөс баахан хараалын үг урсгаж байгаад, хоёр гараараа намайг заамдаж авахаар нь би доошоогоо болтол миний үснээс хоёр гараараа зулгаагаад доошоогоо дарсан. Тэгээд намайг хашаанд тулгаж түлхээд өшиглөсөн юм. Намайг үсдээд авахаар нь би баруун гараараа үсдсэн гарнаас нь бариад зүүн гараараа нүүрээ хаагаад доошоогоо тонгойсон юм. Намайг доошоогоо тонгойход нэг удаа өшиглөсөн юм. Тэгээд бужигнаад юу болсныг сайн санахгүй байна. Тэгээд намайг зуураад тавихгүй байхаар нь өөрийнхөө гэрийн хашааны хаалгыг 2 удаа өшиглөсөн юм. Намайг хашааны хаалга өшиглөхөд аав гарч ирээд юу болоод байгаа юм гэж хэлэхэд намайг заамдаж байсан гараа тавиад цаашаагаа гүйгээд яваад өгсөн. Тэгээд нөгөө залуу өөрийнхөө барьж явсан 4 ширхэг пивоо үлдээчихээд яваад өгсөн. Би гэртээ ороод байж байтал нөгөө залуу манай гэрийн хаалга нүдэхээр нь аав бид хоёр гарахад баахан залуучууд дагуулчихсан ирээд пиво авъя гэж хэлэхээр нь цагдааг ирэхээр ав гэж хэлэхэд цагдааг чинь хүлээж байя гэж хэлээд аавтай хэрүүл маргаан хийгээд байсан. Тэгээд тэр залуу цагдаа ирэхээс өмнө яваад пивоо дээрэмдүүлчихлээ хүнд зодуулчихлаа гэж хэлсэн. Тэгээд тэнд ирсэн залуучууд бид нар буруу ойлгосон байнаа гэж хэлээд яваад өгсөн юм.” гэжээ.
Насанд хүрээгүй гэрч З.Мэнд-Амар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Мөнхбаяр ах нохой тэжээдэг адилхан сонирхолтой болохоор нохойны талаар яриад байж байтал манай гудамжинд амьдардаг Б /Өөдөс/ ах ганцаараа ирсэн. Гартаа том 2 литрийн пиво 4 ширхэгийг барьчихсан явж байсан. Тэгээд бид 2 дээр ирээд намайг пиво бариад яв гэхээр нь би үгүй гэж хэлсэн. Яг тэр үед миний утас дуугараад ээжтэйгээ яриад байж байтал Мөнхбаяр ах, Б 2 барьцалдчихсан зогсож байсан. …Б Мөнхбаяр ахыг үсдээд тонгойлгож байгаад нүүр рүү нь өшиглөсөн. Уруулнаас нь цус гарчихсан байсан.” гэжээ.
Хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.08.11-ний өдрийн ¹10132 тоот шинжээчийн дүгнэлтэд:
1.Н.Мөнхбаярын биед уруулын дотор салстад язарсан шарх, хүзүү, эрүүнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь нэг цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас үүсгэгдэнэ.
4.Дээрх гэмтэл Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч Х.Б нь 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хоооны нутаг дэвгэрт орших Хувьсгалчдын А-2-23 тоот хашааны гадна Н.Мөнхбаярын “яасан олон пиво аваад явж байгаа юм” гэж хэлсэн шалтгаанаар түүнтэй маргалдан зодсоноос хохирогчийн биед уруулын дотор салстад язарсан шарх, хүзүү, эрүүнд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учирсан болох нь
|
|
|
|
шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Х.Мөнхбаярын “…Мэндээ гэдэг залуутай нөгөө өндөр залуу уулзаад юм ярьж байсан. Тэгэхээр нь өндөр залууд хандаж яасан олон пиво аваад явж байгаа юм гэж хэлэхэд, чамд олондоод байна уу тээ гэж хэлээд над руу шууд тулаад хүрээд ирэхээр нь би өөрөөсөө холдуулах гээд түлхтэл өөдөөс баахан хараалын үг урсгаж байгаад, хоёр гараараа намайг заамдаж авахаар нь би доошоогоо болтол миний үснээс хоёр гараараа зулгаагаад доошоогоо дарсан. Тэгээд намайг хашаанд тулгаж түлхээд өшиглөсөн юм. Намайг үсдээд авахаар нь би баруун гараараа үсдсэн гарнаас нь бариад зүүн гараараа нүүрээ хаагаад доошоогоо тонгойсон юм. Намайг доошоогоо тонгойход нэг удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч З.Мэнд-Амарын “Мөнхбаяр ах, Б 2 барьцалдчихсан зогсож байсан. …Б Мөнхбаяр ахыг үсдээд тонгойлгож байгаад нүүр рүү нь өшиглөсөн. Уруулнаас нь цус гарчихсан байсан” гэх мэдүүлэг, хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.8.11-ний өдрийн ¹10132 тоот шинжээчийн дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.
Иймд шүүгдэгч Боржигон овогт Хийн Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчээс хохирогчийн эмчилгээнд гарсан зардалд 380.000 төгрөг нөхөн төлсөн ба хохирогч нь нэмж нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч Х.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Х.Бэд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн саналыг тус тус харгалзав. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүгдэгч Х.Бийн торгох ялыг хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Боржигон овогт Хийн Бийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бийн торгох ялыг 2018 оны 01 дүгээр сарын 15-ны дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б нь энэ тогтоолын 3-т заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Бэд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БУЯННЭМЭХ