| Шүүх | Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | В.Давааням |
| Хэргийн индекс | 116/2024/0040/З |
| Дугаар | 116/ШШ2024/0020 |
| Огноо | 2024-10-24 |
| Маргааны төрөл | Сонгууль, |
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 116/ШШ2024/0020
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Давааням би, Дорнод аймгийн багт оршин суух, *******ы *******ын нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан, “Дорнод аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 19 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, илт хууль бус болохыг тогтоож, 362 санал авсан ******* овогтой *******ыг Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэр гаргаж, нийтэд мэдээлэхийг Дорнод аймгийн Сонгуулийн хороонд даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Дорнод аймгийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн 21-р тойрогт ХҮН намаас Д.******* миний бие нэр дэвшин өрсөлдөж, 9-1-13 дугаар хэсгийн хорооны санал тоолох төхөөрөмжөөс хэвлэгдсэн дүнгээр 360 санал авч, Ардчилсан намаас нэр дэвшигч Д.Уянгын авсан саналтай тэнцсэн урьдчилсан дүн гарчээ.
Сонгуулийн хэсгийн хорооны хуулийн хүрээнд зохион байгуулсан хяналтын гар тооллогын дүнгээр Дорнод аймгийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн 21-р тойрогт ХҮН намаас нэр дэвшигч Д.******* миний бие 362 санал авч ялалт байгуулсан нь тодорхой болсон ба Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т “Хамгийн олон санал авсан, тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцно” гэж заасны дагуу шийдвэрлүүлэх эрх зүйн үндэс үүссэн байна.
Гэтэл Дорнод аймгийн Сонгуулийн хороо сонгуулийн Хэсгийн хорооны хяналтын гар тооллогын дүнг харгалзан /нэмэгдсэн 2 саналын хуудсыг хүчингүйд тооцсон тухай ямар нэг шийдвэр гаргаагүй/ 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 78.2 дахь хэсгийг үндэслэн “Нэмэлт санал хураалт явуулах тухай” 19 тоот тогтоол гаргасан байна.
Иймээс Дорнод аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 16 тоот “Нэмэлт санал хураалт явуулах тухай” тогтоолыг хүчингүй болгож, илт хууль бус болохыг тогтоож, 362 санал авсан ******* овогтой ******* миний биеийг Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын Төлөөлөгчөөр сонгосонд тооцох тухай шийдвэр гаргаж, нийтэд мэдээлэхийг Дорнод аймгийн сонгуулийн хороонд даалгах нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: ЗХШХШ тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т заасан эрхийн хүрээнд 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр тус шүүхэд гаргасан Дорнод аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 19 тоот “Нэмэлт санал хураалт явуулах тухай” тогтоолыг хүчингүй болгож, илт хууль бус болохыг тогтоож, 362 санал авсан ******* овогтой ******* миний биеийг Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэр гаргаж, нийтэд мэдээлэхийг Дорнод аймгийн Сонгуулийн хороонд даалгах тухай нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзаж байгаа тул хуулийн хүрээнд шийдвэрлэнэ үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь, Дорнод аймгийн Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан, “Дорнод аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 19 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, илт хууль бус болохыг тогтоож, 362 санал авсан ******* овогтой *******ыг Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэр гаргаж, нийтэд мэдээлэхийг Дорнод аймгийн Сонгуулийн хороонд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2. Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.******* нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаагаа бичгээр илэрхийлсэн байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч Д.******* нь, Дорнод аймгийн Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан, “Дорнод аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 19 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, илт хууль бус болохыг тогтоож, 362 санал авсан ******* овогтой *******ыг Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэр гаргаж, нийтэд мэдээлэхийг Дорнод аймгийн Сонгуулийн хороонд даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ В.ДАВААНЯМ