Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 06 өдөр

Дугаар  2023/ДШМ/691

 

 

 

 

    2023            7              06                                         2023/ДШМ/691

 

 Д.Хт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Батзориг, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ш.Анужин,

яллагдагч Д.Хын өмгөөлөгч С.Г,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЗ/786 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ш.Анужингийн бичсэн 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 16 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Д.Хт холбогдох 2305003620276 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Ө овгийн  Д.Х, 1998 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт ....... тоотод түр оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: ................./;  

Яллагдагч Д.Х нь 2022 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Э” баараар үйлчлүүлж байсан хохирогч А.Нтэй “Хүнтэй маргаан үүсгэлээ” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний цээжин тус газарт хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь 7, 8-р хавирганы хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Д.Хын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Д.Хт холбогдох эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх шаардлагатай байх тул нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаажээ. Үүнд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд “Нотолбол зохих байдал”, 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг тогтооно.”, 1.1 дэх заалтад “гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн.”, 1.2 дахь заалтад “гэмт хэргийг хэн үйлдсэн” гэж хуульчилжээ.

Прокуророос яллагдагч Д.Хт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах мөн яллах дүгнэлт үйлдэхдээ ... “Э” баараар үйлчлүүлж байсан хохирогч А.Нтэй маргалдаж ... хохирол санаатай учруулсан... гэжээ. Дээрх яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлтэд гэмт хэрэг хаана гарсныг дурдаагүй ба тухайн хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг нь бааран дотор эсхүл баарны гадаа гарсан эсэх, яг хаана гарсныг шалгаж тогтоох шаардлагатай.

Хэрэг болох үед яллагдагч, хохирогчоос гадна Д гэх тухайн бааранд ажиллаж байсан хүн цуг байсан, хохирогч, яллагдагч нартай хамт баарнаас гарсан үйл баримт хяналтын камерын бичлэг, гэрчийн мэдүүлгүүдэд дурдагддаг ба тухайн нөхцөл байдлыг харсан, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа дээрх хүнээс гэрчийн мэдүүлэг авах зайлшгүй шаардлагатай.

Тухайн үйл явдал болох үед хамт байсан Д гэх хүнийг бааранд ажиллаж байгаад тухайн өдрөөс хойш ирээгүй гэж мэдүүлсэн гэрчийн мэдүүлгийг үндэслэн мэдүүлэг аваагүй нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тухайн үйл баримтыг тодорхой мэдэж байгаа гэрчийн талаар мэдүүлсээр байхад түүнийг олж тогтоон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотолбол зохих ажиллагааг хийх шаардлагатай гэж үзлээ.

Мөн тухайн үед болсон явдлыг буулгасан камерын бичлэг хавтаст хэрэгт авагдсан түүнд үзлэг хийж, тэмдэглэл үйлдсэн байна. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд дахин яллагдагч, хохирогч нарыг байлцуулан үзлэг хийж, тэмдэглэл, бичлэг хоёрын зөрүүтэй нөхцөл байдлыг арилгуулах тухай өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж дээрх ажиллагааг явуулах нь зүйтэй. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байгаатай холбогдуулан яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан бусад хүсэлтүүдийг хангах эсэх талаар тодорхой ажиллагааг явуулах нь зүйтэй гэж үзэв. Харин яллагдагчийн өмгөөлөгчийн яллагдагчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангаагүй гэх хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна. Яллагдагчид эрх, үүргийг тайлбарлан өгсөн баримт дээр гарын үсэг зурсан байна. Иймд яллагдагч Д.Хт холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хамт хүргүүлж, хэргийг прокурорт очтол Д.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Ш.Анужин бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Д.Хт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Шүүгчийн захирамжид “прокуророос яллагдагч Д.Хт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах, мөн яллах дүгнэлт үйлдэхдээ гэмт хэрэг яг хаана гарсныг дурдаагүй” гэсэн байх боловч хохирогч, гэрч нарын мэдүүлгээр гэмт хэрэг хаана үйлдэгдсэн болох нь хангалттай тогтоогддог. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг тогтооно” гэж заасан нь шүүхийн шатанд гэмт хэрэг хаана үйлдэгдсэн талаар тодорхойлох боломжтой байна.

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийг мөрдөгч нь өөрийн эрх хэмжээний хүрээнд үйлдэж, үзлэг хийж хэрэгт тусгасан байх бөгөөд хэргийн оролцогч нарыг заавал байлцуулан үзлэг хийх шаардлагагүй, хэрэгт хийгдсэн тул тэмдэглэл нь эд мөрийн баримтаар хураагдсан бичлэгтэй зөрүүтэй, эргэлзээтэй гэж үзэх үндэслэлгүй гэж прокурорын зүгээс дүгнэсэн. Хэрэв шүүхээс мөн яллагдагчийн өмгөөлөгчийн зүгээс мөрдөгчийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдсан бичлэгтэй илтэд зөрүүтэй гэж үзвэл шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нотлох баримтыг шинжлэн судлах байдлаар эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэгт үнэлэлт, дүгнэлт өгөх боломжтой гэж үзлээ.

Хэрэг болох үед яллагдагч, хохирогчоос гадна Д гэх тухайн бааранд ажиллаж байсан хүн хамт байсан, хохирогч, яллагдагч нартай хамт баарнаас гарсан гэх үйл баримт камерын бичлэг, гэрчийн мэдүүлгүүдэд дурдагддаг хэдий ч хохирогчийн эрүүл мэндэд яллагдагчийн шууд санаатай үйлдлийн улмаас гэмтэл учирсан болох нь хохирогчийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... тус баарны хамгаалагч нар намайг хөөгөөд, гаргана гээд гадагшаа аваад гарсан бөгөөд баарны гаднах хашааны буланд аваачиж байгаад намхан, өөрийгөө бөх гээд байсан, шаравтар царайтай хамгаалагч миний цээж хэсэг рүү өшиглөөд, дараа нь цохисон. Тэгэхэд миний хамар, амнаас цус гарсан бөгөөд цээж хэсэг хөндүүрлэж өвдөөд, доошоо эвхрээд суух үед манай эхнэр гүйж ирсэн.” гэх мэдүүлэг, гэрч Э.Эрдэнэчимэгийн “... би тэр хамгаалагчийн хажуугаар арай гэж гараад шатан дээрээс харахад баарны баруун урд хашааны хажууд гурван хамгаалагч манай нөхөртэй зогсож байсан. Намхан, шардуу царайтай эрэгтэй нь манай нөхрийн цээж хэсэг рүү цохиж байсан. Тэгэхээр нь би орилоод “Чи хүн цохичихлоо, болиочээ та нар яагаад хүн цохиод байгаа юм бэ” гээд шатаар буугаад тойроод гүйгээд очтол тухайн гурван хамгаалагч надтай зөрөөд дотогшоо орчихсон.” гэх мэдүүлэг, гэрч Б.Жаргалын “... баарны үүдний өрөөнд ороод зогсож байтал хамгаалагч нар нь гэнэт Нг чирээд аваад гарсан. Намайг хойноос нь гарах гэтэл хаалгыг гаднаас нь дарчихсан, гадагшаа гаргахгүй байсан бөгөөд хэсэг хугацааны дараа хаалга онгойгоод баарны 2, 3 хамгаалагч гүйгээд ороод ирсэн. Тэгтэл хойноос нь Нгийн эхнэр гүйж орж ирээд “та нар хүн зодчихлоо шүү дээ, хамар амнаас нь цус гараад байна” гээд зогсож байтал Н гаднаас хамар, ам нь цус гарсан байдалтай орж ирсэн.” гэх мэдүүлгүүд, эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэгээс тус баарнаас гарсан, орсон цаг хугацааны хувьд тухайн үйл баримт нь давхар нотлогддог. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэмт этгээд бусдын биед Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан гэмтэл санаатайгаар учруулсан идэвхитэй үйлдэл байдаг бөгөөд дээрх нотлох баримтуудаар болон таньж олуулах ажиллагаа хийсэн тухайн мөрдөгчийн тэмдэглэлээр хохирогч Б.Н нь өөрийн биед учирсан, шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтлийг учруулсан хүнийг шууд заасан байх тул хэргийн газарт байсан гэх Даас гэрчийн мэдүүлэг авах нь хэргийн бодит байдалд нөлөөлөхгүй, зайлшгүй мэдүүлэг авахаар мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагагүй гэж үзлээ.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байхад хэргийн бодит байдалд нийцээгүй хууль зүйн дүгнэлт хийж хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Яллагдагч Д.Хын өмгөөлөгч С.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Прокуророос Д.Хыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтэд дурдсан хүндэвтэр гэмтлийг учруулсан гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэн. 4 гэрчийн мэдүүлгийг үндэслэж Д.Хыг ялласан. Хохирогч хэрэгт 2 удаа мэдүүлэг өгөхдөө “... баарны гадна намайг намхан биетэй, шаравтар залуу өшиглөсөн” гэдэг. Гадаа болсон үйл баримтыг харсан гэх хохирогчийн эхнэр гэрч Эрдэнэчимэг мэдүүлэхдээ өшиглөж, зодсон гэж яллах дүгнэлтэд дурдсан шиг мэдүүлэг өгөөгүй. Гэрч Эрдэнэчимэг нэг удаа мэдүүлэг өгөхдөө “зодож байсан” гэсэн байдаг. Прокурор хэргийг шүүхэд шилжүүлэхдээ хэргийн бодит байдлыг тогтоохгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хэрэгт эд мөрийн баримтаар “Э” баарны доторх камерын бичлэг авагдсан байдаг. Уг бичлэгийн 2 дахь бичлэг дээр хэрэгт ач холбогдолтой үйл баримтууд харагддаг. 2 цаг 21 минут 40 секундэнд бичлэг эхлээд 2 цаг 25 минут 33 секундэнд Нг Д баарны үүд хэсэг рүү аваачиж хавсарч унагаах байдалтай цохиж, зодсон үйл баримт харагддаг. Мөн бичлэгийн 2 цаг 26 минут 19 секундэнд Нг баарны үүд хэсэгт маш хүчтэй цохиж байгаа бичлэг харагддаг. Хэн цохиод байгаа нь мэдэгдэхгүй байдаг. Тухайн үед шүүгдэгч Д.Х зайтай байж харагддаг. Д гэх хамгаалагч нь 2 цаг 28 минут 25 секундэнд хохирогчийг баарнаас чирээд гаргаж байдаг. Ингэхэд хохирогчийн амнаас цус гарсан байдал харагддаг. Бааранд Д.Хаас өөр хүнээс болж Н нь биедээ гэмтэл авсан байж болзошгүй нөхцөл байдал бичлэгээс харагддаг. Ийм байхад прокуророос “баарны гадаа Д.Х нь Нд хохирол учруулсан” гэж тайлбарлаж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Хэргийг хаана, хэн үйлдсэн болохыг тогтоохгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Д гэх хүнийг олж тогтоох нь хэрэгт чухал ач холбогдолтой. Олж тогтоох боломжгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Мөн тухайн үед байсан Тогтохбаяр, Оюунцэцэг гэх хүмүүсээс мэдүүлэг аваагүй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх яллагдагч Д.Хт холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд дурьдсан асуудлуудаар хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ш.Анужингийн бичсэн “...шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах ...” тухай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Прокуророос яллагдагч Д.Хыг 2022 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Э” баараар үйлчлүүлж байсан хохирогч А.Нтэй “хүнтэй маргаан үүсгэлээ” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний цээжин тус газарт хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь 7, 8-р хавирганы хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. 

Анхан шатны шүүх прокуророос яллагдагч Д.Хт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах мөн яллах дүгнэлт үйлдэхдээ гэмт хэрэг хаана гарсныг дурдаагүй ба тухайн хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг нь бааран дотор эсхүл баарны гадаа гарсан эсэх, яг хаана гарсныг шалгаж тогтоох, хэрэг болох үед яллагдагч, хохирогчоос гадна Д гэх тухайн бааранд ажиллаж байсан хүн цуг байсан, хохирогч, яллагдагч нартай хамт баарнаас гарсан үйл баримт хяналтын камерын бичлэг, гэрчийн мэдүүлгүүдэд дурдагддаг ба тухайн нөхцөл байдлыг харсан, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа дээрх хүнээс гэрчийн мэдүүлэг авах, тухайн үед болсон явдлыг буулгасан камерын бичлэгт дахин яллагдагч, хохирогч нарыг байлцуулан үзлэг хийж, тэмдэглэл, бичлэг хоёрын зөрүүтэй нөхцөл байдлыг арилгуулах нь зүйтэй гэж хэргийг прокурорт буцаажээ.

Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж

16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих нөхцөл байдлуудыг эргэлзээгүй, хөдөлбөргүй нотлоно” гэж тус тус заасан ба ингэснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэх тодорхой ажиллагаа бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтын дагуу хийгдсэн байхаас гадна уг хуулийн 1 дүгээр бүлэгт тусгагдсан нийтлэг зарчмууд, тэдгээрийн агуулгад заавал нийцсэн байх нь уг ажиллагааг “Хууль ёсны” гэж тооцох үндсэн шалгуурын нэг болно.

Яллагдагч Д.Хт холбогдох хэрэгт ач холбогдол бүхий мэдүүлэг өгч болох, тухайн үед хамт байсан гэх гэрч н.Дыг олж, түүнээс мэдүүлэг авч, хэргийн нөхцөл байдлын талаар тодруулах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD бичлэгт дахин үзлэг хийж, тэмдэглэл, бичлэг хоёрын зөрүүтэй байдлыг арилгуулах зэрэг ажиллагааг хийснээр гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, гэмт хэргийг хэн үйлдснийг тодруулахад ач холбогдолтой байх тул нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Дээрх ажиллагаануудыг хийснээр гэмт хэргийн үйл баримт, хэрэгт холбогдсон хүний үйлдлийн шинж чанар, гэмт хэргийн сэдэлт, санаа, зорилго, шалтгаан нөхцөл, гэмт хэргийн бодит хохирол, хор уршгийг нарийвчлан тогтоох зэрэг нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулсан, нотлох баримтууд нь дангаар бус хэд хэдэн баримтууд нэг нэгнээ нөхсөн, уялдсан, холбогдсон байдлаар бүрэлдсэн байх шаардлагатай ба түүнд үндэслэж хэргийн үйл баримтыг тогтоох нь шүүхээс хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр гаргах суурь нөхцөл болсон байх ёстой.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЗ/786 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ш.Анужингийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв. 

Яллагдагч Д.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЗ/786 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ш.Анужингийн бичсэн 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 16 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ   

                                             ШҮҮГЧ                                      Б.БАТЗОРИГ

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ