| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбосүрэнгийн Буяннэмэх |
| Хэргийн индекс | 186/2017/0631/Э |
| Дугаар | 588 |
| Огноо | 2017-12-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.7.2.1., |
| Улсын яллагч | П.Нямцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 588
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,
Улсын яллагч П.Нямцэцэг,
Шүүгдэгч Ц.Х, түүний өмгөөлөгч Ц.Цэгмид,
Насанд хүрээгүй хохирогч Х.Эрмүүн, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч Ц.Уянга,
Гэрч Ж.Цэрэндулам нарыг оролцуулан,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д тус тус заасан гэмт хэрэгт холбогдсон Боржигон овогт Цийн Хэд холбогдох, 1711008910188 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1979 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Универсаль хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Цийн Х (РД:0000000000),
нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 139 дүгээр сургууль дээр эхнэр Ц.Уянгыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн учруулсан,
мөн эхнэр Ц.Уянга, 10 нас 2 сартай хүү Х.Эрмүүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт
|
|
|
|
холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “…2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр агсам тавьсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хардалт байнгын маргааны шалтгаан болдог. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрөхгүй. Хүүгээ гонгиноод байдаг тул эршүүд болгож, булчин суулгах гэж гэдэс рүү нь цохидог тал бий боловч байнга дарамталсан асуудал байхгүй. Халуун тос уулгасан гэх асуудал огт болоогүй. Хамгаалалтын гуталтай хар гутлаар цохисон гэдэг ч худлаа. Би хүүгээ хатуужилтай болгох, эр хүн шиг эр хүн болгох гэж зодсон нь буруу байжээ. Охиндоо гар хүрч үзээгүй. Буруу хардалтаас болж маргалдсан. Эрмүүн манай ээж дээр байдаг. Хагас бүтэн сайн амралтын өдөр л гэртээ ирдэг. Эхнэрээ хардаж зовоодог нь үнэн. Хүүгээ байнга зодоогүй. Манай хүү шээс алддаггүй. Гэм буруугаа ойлгож байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв. .
Ц.Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр өөрийн ажлаасаа 09.00 цагийн үед буугаад 10 цагийн үед Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 72-994 тоотод байх гэртээ очсон. Намайг гэртээ очих үед манай гэрт охин Эгшиглэн, эхнэрийн ах Азжаргал нар байсан. Би орон дээр жоохон унтаж байгаад сэрсэн чинь Азжаргал нэг шил 0.5 литрийн архи авчирсан байсан. Тэгэхээр нь бид хоёр тэр архийг нь хувааж уугаад дуусаж байтал хадам аав Цэвээн халамцуу байдалтай гаднаас нэг шил 0.5 литрийн архи авч орсон. Тэрийг нь бас Азжаргал, хадам аав Цэвээн бид гурав хувааж уусан. Тэр үед хадам ах Азжаргалтай муудалцаад барьцалдаж байсан санагдаж байна. Яг юунаас болж маргалдсан талаар санахгүй байна. Тэгээд тавь гэхээр нь би барьж байсан барьцнаасаа тавьсан чинь Азжаргал гараад явчихсан. Дараа нь би хоёр давхарт гараад охинтойгоо байж байтал манай эхнэр 19.00 цагийн орж ирсэн. Намайг согтуу болохоор эхнэр маань архичин, зайлаач гээд хэрэлдээд байхаар нь би гэрээс гараад 139 дүгээр сургуулийн хажууд байдаг уурын зуух дээр очоод цаг гаруй суугаад архиа гайгүй болохоор очиж уучлал гуйдаг юм бил үү гээд гэртээ очсон чинь хадам аав маань гэртээ ганцаараа унтаж байсан. Тэгэхээр нь эхнэрээ хүүхдийнхээ эцэг эхийн хуралд сууж байгаа гэж бодоод буцаж 139 дүгээр сургууль орсон. Хүүхдийн маань анги нэг давхарт байдаг болохоор би цонхоор нь эхнэр байгаа эсэхийг харахад эхнэр маань сууж байсан. Би утас руу хэд хэдэн удаа залгасан чинь салгаад байсан боловч оролдоод мессэж бичиж байх шиг байсан. Би над руу юм бичээд байгаа юм байх гэж бодсон боловч огт мессэж ирэхгүй болохоор шууд анги руу ороод утсыг нь булааж аваад гарсан. Гадаа гараад утасны мессэж руу орсон чинь Honey гэсэн хүн рүү ирж байна уу? ирэх юм уу гэсэн мессэжнүүд бичээд байсан. Тэгэхээр нь би буцаж ороод маш ирх уур хүрсэн байсан болохоор нэг удаа утсаа гартаа барьж байгаад суга руу нь хатгасан санагдаж байна. Тухайн үед уур их хүрсэн байсан болохоор үйл явц маш хурдан болж өнгөрсөн. Дараа нь би шууд гэр рүүгээ яваад гаднаас нь чулуу авч байгаад нэг цонхыг нь хагалсан. Гэртээ ороод уртасгагч разетик зэргийг нь уурандаа тасдаад ээжийнхээ гэрт очсон.” гэжээ.
Хохирогч Ц.Уянга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Нэхэмжлэх зүйлгүй бөгөөд одоо гомдол санал байхгүй. Энэ хүнд төр нь ойлгуулах байх гэж бодож байна. Гэрлэлтээ цуцлуулах бодолтой байгаа. Намайг болон хүүгээ зодсон нь үнэн. Гэхдээ байнгын хэрүүл маргаантай байдаг. Гэхдээ байнга зоддоггүй. Би “Оргил” хүнсний сүлжээ дэлгүүрт өдрийн 13 цагаар ажилладаг ба зогсоо ажилтай байдаг. Орой ажлаасаа тараад очиход хэл амаар доромжилж, байнгын дарамталдаг. Олон жил доромжилсон тул нэмээд зодоход нь их гомдолтой санагдаад өргөдөл бичиж өгсөн. …Хүү маань аавдаа гомдохгүй байгаагаа хэлсэн. Амралтын өдөр гэртээ байх үед нь аав нь согтуу байвал асуудал үүсдэг. Эмээ нь тэмдэглэл хөтөлснөөс болж хүү маань энэ асуудалд оролцсон. Тэрнээс биш аав нь ээжийг нь зодсон тул аав нь гэрээсээ явсан. Аав нь чамайг ална гэсэн тул ээж нь сургуулиас нь авсан гэж хэлсэн. Хүү маань их эмзэг хандаж, яах гэж тэгсэн юм бэ гэсэн” гэжээ.
Ц.Уянгаас мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр манай нөхрийг 14 цагийн үед гэрт халамцуу ирсэн гэж манай ах Азжаргал надад утсаар хэлсэн. Тэгээд би 17 цагийн үед гэр рүүгээ орох гээд явж байгаад нөхөр охин хоёртойгоо гадаа таарахад охин гүйж ирээд надад үнсүүлэхэд манай нөхөр намайг гудамжинд хүмүүсийн дэргэд “янхан, гичий” гэх элдэв бусын үгээр намайг доромжилсон. Гэртээ ороход манай аав Цэвээн гэрт ганцаараа сууж байсан. Охин орж ирээд шкафанд нуугдахаар нь би босч хаалгаа цоожилсон. Манай нөхөр гэрийн гадаа ирээд хаалга хүчтэй нүдээд байхаар нь аав “тайван бай, боль” гэж хэлсэн. Тэгсэн чинь манай нөхөр “ааваа би байна би оръё” гэхээр нь цагдаа дуудчихая гээд хаалгаа тайлсан. Тэгээд манай нөхөр орж ирээд дахин хэл амаар доромжлоод цохих гэж байхад аав болиулсан. Тэгээд гадаа гарангуутаа цонх хагалчихаад гүйгээд явсан. Тэр хооронд би цагдаа дуудсан. Манай нөхөр цагдаа дуудсаныг сонсонгуутаа хүү Эрмүүнийг алга гээд урд талын гудамжаар зугтаад явсан. Би ээж рүү залгаад Эрмүүнийг сургуулиас нь аваад ирээч гэсэн. Би охин Эгшиглэнгээ дагуулаад 139 дүгээр сургуульд эцэг, эхийн хуралд сууж байхад манай нөхөр орж ирээд олон хүмүүсийн хажууд миний нүүр рүү цохьсон. Тэгээд толгой өвдөөд доошоо хараад сууж байхад миний хавирга руу өшиглөөд гараад явсан. …8 жилийн өмнө …Х миний нүд рүү хүүхдийн хөлд оруулдаг тэргээр цохьсон. 2 жилийн өмнө зодуулж хамраа хугалуулж байсан. Х 7 хоногт 2 удаа архи уудаг, архи уух бүртээ бид 2 маргалдаж хэл амаар доромжилдог. Манай ээж насаараа хилийн цэрэгт ажилласан болохоор энэ бүхнийг тэмдэглэсэн байх. Надад нэг удаа би та 2 муудалцах үе болгоныг бичиж тэмдэглэдэг гэж хэлж байсан удаатай. Х хүү Эрмүүнийг заримдаа гар хөл рүү нь цохьдог байсан боловч эмнэлэгт хэвтэж гар хөл нь хугарч байсан тохиолдол байхгүй. Гэхдээ зарим тохиолдолд арай л хатуу хандаад байдаг. Согтуу ирчихээд хүүхдээ номхон зогсоож байгаад эр хүн юм бол гэдэс рүүгээ цохиул дуудаж байхад ирсэнгүй гэж загнадаг.” гэжээ.
Гэрч Ж.Цэрэндулам шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2006 онд охин, хүргэн 2 гэр бүл болсон ба хүүхдээ 3 сартай байхад нь хүргэн, охин 2 маргалдсан. Зээг 3 сартай байхад Х бүх хувцсаа аваад явсан. Би зээгээ тэврээд явж байхад Х хүүхдийн толгойг хагалах гээд чулуу аваад дайрсан. Энэ үед би сургуулийн манаачид хэлж байж Х чулуугаа шидээд явсан. Энэ өдрөөс эхлээд охины болон зээгийн минь амь нас эрсдэх байх, хэрвээ засарвал сайн л биз, засрахгүй бол хэний ч амь нас хохирч болзошгүй гэж бодоод тэмдэглэл хөтөлсөн. Гэхдээ маргаан бүрийг тэмдэглээгүй. Маш том, арай хэтэрлээ гэсэн үедээ л бичдэг байсан. …Ц.Хийн зан авир нь сүүлийн үед бүр ихэссэн. Тэр үед Хан-Уул дүүргийн шүүхэд охин маань өргөдлөө өгсөн. Цагдаад ханд, иргэний шүүхэд ханд гэхээр охин маань цагдаад ханддаг ч нөхөр нь уучлалт гуйхаар өргөдлөө авчихдаг. Би одоо 70 настай, намайг 60 настай байхад эмээ болгосон. …Яагаад тэгдэг талаар мэдэхгүй. Манай хөрш хүртэл энэ байдлыг мэднэ. Эрмүүнийг ялихгүй шалтгаанаар цэргийн том гутлаараа өшиглөдөг. Эрмүүн айж чичирдэг. Би ээжийгээ ч хайрладаггүй хүн, та нарыг ална гэж хэлдэг. Би зээгээ хамгаалахын тулд цагдаа дуудахаас өөр зүйл хийж чаддаггүй. Ажил хийх боломжоор нь хангаж нөхөр бид 2 хүүхдийг нь хардаг. Гэтэл намайг үхээч гэж хэлдэг. 1 удаа батерей асуухад нь би Эрмүүний өмнөөс хариулахад тэр зүйлээр шалтаглаж Эрмүүний цээжин хэсэг рүү өшиглөсөн. Гэтэл Эрмүүн дараа нь “эмээ энэ хэсэг рүү өшиглөхөд амьсгалж чаддаггүй юм байна” гэж хэлж байсан. Би хүргэнээ ажилд оруулж өгсөн ба одоо тэр ажилдаа явж байгаа. …Сүүлийн 2-3 жил хамт амьдарч байгаа. Манай нөхөр бид 2 байр авч өгсөн. Эрүүл байхдаа ч хүүтэйгээ хэрцгий ханддаг. Би үнэхээр Хийг ойлгодоггүй. Охиндоо хэвийн ханддаг ч хүүдээ маш ширүүн ханддаг. 1 удаа бууз жигнэ гэж хэлээд унтаад өгсөн. Сэрээд царцуу буузыг гурилнаас нь салгаж тосыг нь Эрмүүнд уулгасан. Эрмүүн 1 удаа кинонд болон хэд хэдэн клипэнд аавдаа зодуулдаг хүүхдийн дүрд тоглосон. Гэвч тэр бол дүр шүү дээ. …Цагдаад хандаж байгаагүй. Одоо л хандаж байна. Өмнө нь миний охины хамрыг хугалсан гэсэн. Тэгээд тэр үед Эрмүүнийг ална гээд явсан гэсэн. Би Хил хамгаалах дээр явж байгаад багш руу нь ярьж намайг очтол хэнд ч битгий өгөөрэй гэж хэлсэн. Сүүлийн үед байнгын архи ууж байгаа. Ард талын гудамжинд 10 цагт ирчихээд архи уугаад сууж байсан. Би мэдсэн ч мэдээгүй мэт царайлдаг байсан. Одоо л ярьж байна. … Болсон асуудлыг л ярьж байна. 2 хүүхэд нь байгаа тул би энэ хүнийг шоронд явуулах санаа байхгүй. Үнэн зүйл л тэр. Цаашид ч хэвээрээ үргэлжлэх байх. Энэ хүнийг алдаан дээр нь түлхсэн асуудал байхгүй. …Байгаа байдлаас нь мэднэ. 10 жил Хийг харж, засрахыг нь хүлээлээ. Эхнэрээ гар утсаараа ярих үед бичлэг хийж авдаг. Гэтэл өөр рүү нь ярихаар утсаа авдаггүй. Манай жолоочид түрүүлж хоол аягалж өглөө гэх зэргээр маргааныг байнга эхлүүлдэг. …Аавыгаа эрүүл үед тийм зүйл ярьдаггүй. Согтуу үед нь шууд бидний дэргэд ирээд зогсдог. Хамгаалахаар “би эхийгээ хайрладаггүй хүн учраас та нарыг ална шүү” гэж хэлдэг. Би зээ хүүгээ хамгаалахын тулд цагдаа дууддаг. … Би хүргэнээ үнсээд учирлаж хэлж байсан. Охиныг маань маш хэрцгий зодож байсан ч уучлалт гуйгаад цагдаад өгсөн өргөдлийг нь буцаалгасан. Гар утсаар ч охиныг маань даапаалж байсан” гэжээ.
Насанд хүрээгүй хохирогч Х.Эрмүүн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Аав Ц.Х 2017 оны 10 дугаар сард манай ээжийг зодсоноос хойш хамт амьдраагүй байгаа. Манай аав архи уух болгондоо намайг ямар ч буруу зүйл хийгээгүй байхад агсам согтуу тавиад гараараа алгадаад, нүүр рүү цохиод, элэг бөөр рүү том гутлаараа өшиглөөд байдаг. Мөн аймхай руу амьсгалж чадахгүй болтол цохиж байсан. Мөн архи уугаагүй байхдаа намайг буруу зүйл хийгээгүй байхад зоддог. Архи уусан байхаасаа илүү уугаагүй байхдаа их зодож өвтгөдөг. Зодохдоо биений хаа сайгүй цохиж өшиглөдөг.” гэжээ.
Гэрчүүдээс мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:
1.Ц.Цэвээн: “…Би гэрт сууж байсан чинь гаднаас охин Уянга орж ирээд араас нь удалгүй хүргэн хаалга хүчтэй цохиод байхаар нь би очоод юу болоод байгаа юм гээд оруулсан. Хоорондоо хэрүүл хийгээд босч ирээд охин Уянгыг цохих гэж байхаар урдуур нь цохиулахгүй гээд хааж байсан. Тэгээд намайг байхад бол яг цохиж аваагүй. Тэгээд зээ Эрмүүнийг ална гээд гараад явсан. Тэгээд эхнэр Цэрэндуламд утсаар хэлчихлээ гээд араас нь гараад явсан.” гэжээ.
2.Ц.Азжаргал: “…Х 15 цагийн үед ажлаасаа бууж ирсэн ба ирэхдээ архи уусан байсан. Тэгээд Цэвээн, Х хоёр 1 шил 0.5 литр Хараа архийг хуваан уусан. Тэгээд Х намайг өөрийн дүү Уянгыг зодоодох, Цэвээнд та охин Уянгаадаа юм хэлээдэх, чадах уу гээд байхаар нь би Хийг ухааныхаа хэмжээгээр сэтгээрэй, та хоёр таарч тохирохгүй юм бол анхнаасаа яах гэж суусан юм гэж хэлээд Эгшиглэнг сургуулиас нь авах гээд явсан.” гэжээ.
3.С.Эрхэмбилэг: “…2017 оны 10 дугаар сарын 05-ны орой 19 цагийн үед сргууль дээрээ 105 дугаартай ангид эцэг, эхийн хурал хийж байсан юм. Тэгсэн гаднаас эрэгтэй хүн орж ирээд нэгдүгээр салааны 2 дугаар ширээн дээр сууж байсан нэг эмэгтэй дээр хүрч ирээд нэг утас үзүүлээд энэ хэний дугаар юм бэ гээд байсан. Тэгсэн нөгөө эмэгтэй юу ч дуугараагүй. Тэгээд нөгөө эрэгтэй эмэгтэйг гараараа хацар руу нь нэг удаа цохьсон. Тэгээд бөөр рүү нь гараараа бас нэг удаа цохиод байсан. Тэгэхээр нь би энэ олон хүмүүсийн хажууд болиоч энэ хүмүүсийг хүндлээч гэж хэлсэн. Тэгээд нөгөө залуу гараад явсан. Тэгээд нөгөө эмэгтэй утас байна уу цагдаа дуудъя гээд хүний утсаар цагдаа дуудсан.” гэжээ.
4.Б.Пүрэвсүрэн: “…Гаднаас нэг эрэгтэй орж ирээд миний хажууд сууж байсан эмэгтэй хүнтэй юм яриад байсан. Би тухайн үед нь өөр салаанд суугаад өөр хүмүүстэй хүүхдүүдийнхээ талаар ярьж байсан юм. Тэгсэн тэр хүн эгч миний утсыг аваад явчихлаа та утсаа түр өгч бай гэхээр нь би өгсөн. Тэгээд удалгүй байж байсан чинь гэнэт хүмүүс шуугилдаад хүүеэ болиочээ. Цохиод гарчихлаа шүү дээ. Гэр бүлийнхээ асуудлыг гэртээ очоод шийдээчээ гэхээр нь би харсан чинь нөгөө эмэгтэй цохиулсан байдалтай байж байсан.” гэжээ.
Хохирогч Ц.Уянгын биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.10.05-ны өдрийн ¹12645 тоот шинжээчийн дүгнэлтэд:
1.Ц.Уянгын биед тархи доргилт, эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогдооглоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэжээ.
Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзвэл, шүүгдэгч Ц.Х нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 139 дүгээр сургууль дээр эхнэр Ц.Уянгыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн учруулсан, мөн эхнэр Ц.Уянга, 10 нас 2 сартай хүү Х.Эрмүүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь шүүгдэгчээс шүүх хуралдаан мэдүүлсэн “2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр агсам тавьсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хардалт байнгын маргааны шалтгаан болдог. Хүүгээ гонгиноод байдаг тул эршүүд болгож, булчин суулгах гэж гэдэс рүү нь цохидог тал бий. Би хүүгээ хатуужилтай болгох, эр хүн шиг эр хүн болгох гэж зодсон нь буруу байжээ. Эхнэрээ хардаж зовоодог нь үнэн. Гэм буруугаа ойлгож байна” гэх мэдүүлэг, хохирогч Ц.Уянгын “...манай нөхөр намайг гудамжинд хүмүүсийн дэргэд “янхан, гичий” гэх элдэв бусын үгээр намайг доромжилсон. Тэгээд манай нөхөр орж ирээд дахин хэл амаар доромжлоод цохих гэж байхад аав болиулсан. Тэгээд гадаа гарангуутаа цонх хагалчихаад гүйгээд явсан. Би охин Эгшиглэнгээ дагуулаад 139 дүгээр сургуульд эцэг, эхийн хуралд сууж байхад манай нөхөр орж ирээд олон хүмүүсийн хажууд миний нүүр рүү цохьсон. Тэгээд толгой өвдөөд доошоо хараад сууж байхад миний хавирга руу өшиглөөд гараад явсан. …8 жилийн өмнө …Х миний нүд рүү хүүхдийн хөлд оруулдаг тэргээр цохьсон. 2 жилийн өмнө зодуулж хамраа хугалуулж байсан. Х 7 хоногт 2 удаа архи уудаг, архи уух бүртээ бид 2 маргалдаж хэл амаар доромжилдог. Х хүү Эрмүүнийг заримдаа гар хөл рүү нь цохьдог байсан боловч эмнэлэгт хэвтэж гар хөл нь хугарч байсан тохиолдол байхгүй. Гэхдээ зарим тохиолдолд арай л хатуу хандаад байдаг. Согтуу ирчихээд хүүхдээ номхон зогсоож байгаад эр хүн юм бол гэдэс рүүгээ цохиул дуудаж байхад ирсэнгүй гэж загнадаг” гэх мэдүүлэг, гэрч Ж.Цэрэндуламын “...хүүхдээ 3 сартай байхад нь хүргэн, охин 2 маргалдсан. Зээг 3 сартай байхад Х хүүхдийн толгойг хагалах гээд чулуу аваад дайрсан. …Ц.Хийн зан авир нь сүүлийн үед бүр ихэссэн. Тэр үед Хан-Уул дүүргийн шүүхэд охин маань өргөдлөө өгсөн. Цагдаад ханд, иргэний шүүхэд ханд гэхээр охин маань цагдаад ханддаг ч нөхөр нь уучлалт гуйхаар өргөдлөө авчихдаг. Эрмүүнийг ялихгүй шалтгаанаар цэргийн том гутлаараа өшиглөдөг. Эрмүүн айж чичирдэг. Би ээжийгээ ч хайрладаггүй хүн, та нарыг ална гэж хэлдэг. ... Эрмүүний цээжин хэсэг рүү өшиглөсөн. 1 удаа бууз жигнэ гэж хэлээд унтаад өгсөн. Сэрээд царцуу буузыг гурилнаас нь салгаж тосыг нь Эрмүүнд уулгасан. Өмнө нь миний охины хамрыг хугалсан гэсэн. Сүүлийн үед байнгын архи ууж байгаа. Охиныг маань маш хэрцгий зодож байсан ч уучлалт гуйгаад цагдаад өгсөн өргөдлийг нь буцаалгасан. Гар утсаар ч охиныг маань даапаалж байсан гэх мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Х.Эрмүүний “…Аав Ц.Х 2017 оны 10 дугаар сард манай ээжийг зодсоноос хойш хамт амьдраагүй байгаа. Манай аав архи уух болгондоо намайг ямар ч буруу зүйл хийгээгүй байхад агсам согтуу тавиад гараараа алгадаад, нүүр рүү цохиод, элэг бөөр рүү том гутлаараа өшиглөөд байдаг. Мөн аймхай руу амьсгалж чадахгүй болтол цохиж байсан. Мөн архи уугаагүй байхдаа намайг буруу зүйл хийгээгүй байхад зоддог. Архи уусан байхаасаа илүү уугаагүй байхдаа их зодож өвтгөдөг. Зодохдоо биений хаа сайгүй цохиж өшиглөдөг” гэх мэдүүлэг, гэрч Ц.Цэвээний “…Би гэрт сууж байсан чинь гаднаас охин Уянга орж ирээд араас нь удалгүй хүргэн хаалга хүчтэй цохиод байхаар нь би очоод юу болоод байгаа юм гээд оруулсан. Хоорондоо хэрүүл хийгээд босч ирээд охин Уянгыг цохих гэж байхаар урдуур нь цохиулахгүй гээд хааж байсан. Тэгээд зээ Эрмүүнийг ална гээд гараад явсан” гэх мэдүүлэг, гэрч С.Эрхэмбилэгийн “…2017 оны 10 дугаар сарын 05-ны орой 19 цагийн үед сргууль дээрээ эцэг, эхийн хурал хийж байсан юм. Тэгсэн гаднаас эрэгтэй хүн орж ирээд ширээн дээр сууж байсан нэг эмэгтэй дээр хүрч ирээд нэг утас үзүүлээд энэ хэний дугаар юм бэ гээд байсан. Тэгсэн нөгөө эмэгтэй юу ч дуугараагүй. Тэгээд нөгөө эрэгтэй эмэгтэйг гараараа хацар руу нь нэг удаа цохьсон. Тэгээд бөөр рүү нь гараараа бас нэг удаа цохиод байсан” гэх мэдүүлэг, хохирогч Ц.Уянгын биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.10.05-ны өдрийн ¹12645 тоот шинжээчийн дүгнэлт, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.
Иймд шүүгдэгч Боржигон овогт Цийн Хүрэлсүхийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр болон хүүхдийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлтийг үндэслэн шүүгдэгч Ц.Хэд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял, Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн тул мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1-д заасныг баримтлан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэсэн ба ингэхдээ Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 30 хоногоор дүйцүүлэн 1 сар хорих ялаар тооцож, биечлэн эдлэх ялыг тогтоосон болно.
Хохирогч нараас нэхэмжлэл гаргаагүй, гомдол саналгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын төлбөргүй зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Ц.Хэд энэ тогтоолоор оногдуулсан хорих ялыг тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар түүнийг согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Харин шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчвөл Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхийг түүнд сануулах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Боржигон овогт Цийн Хийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр болон хүүхдийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч Ц.Хийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ц.Хэд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 30 хоногтой тэнцэх буюу 1 сар хорих ял дээр Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 (нэг) жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай..
4.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Хэд оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Ц.Хэд энэ тогтоолоор оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар ял тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.
7.Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Хийг шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол ял эдлүүлэхийг сануулсугай.
8.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Хэд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БУЯННЭМЭХ