Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2023/ДШМ/692

 

 

 

 

    2023            7              06                                         2023/ДШМ/692

 

Ж.Мад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Батзориг, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

хохирогч Д.Б, түүний өмгөөлөгч С.Б,

яллагдагч Ж.Мын өмгөөлөгч Б.Э,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЗ/1627 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хохирогч Д.Бын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ж.Мад холбогдох 2206034770920 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Ц  овгийн  Ж.М, 1985 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ..... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:....../;  

Яллагдагч Ж.М нь 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хүрэл тогоотын аманд Д.Быг “Цалин нэхлээ” гэх шалтгаанаар толгойн хэсэгт 2-3 удаа цохиж, түүний биед тархи доргилт, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ж.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй" гэж, тус зүйлийн 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус заажээ. Мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/”; 1.2 дахь заалтад “гэмт хэргийг хэн үйлдсэн”; 1.3 дахь заалтад “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”; 1.4 дэх заалтад “Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал”; 1.5 дахь заалтад “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” гэсэн мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих дор дурдсан зарим байдлыг гүйцэд тогтоогоогүй гэж үзэхээр байна. Учир нь: Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагч Ж.Мыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан тайлбар зэргээс үзэхэд мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Б, яллагдагч Ж.М нарын тус тус өгсөн мэдүүлэг хоорондоо эрс зөрүүтэй, мөн хохирогчийн найз Б.Ёндонжамц, яллагдагчийн компанийн ажилтан С.Лхагвасүрэн нараас гэрчийн мэдүүлэг авсан боловч тухайн мэдүүлгүүд харилцан илт зөрүүтэй, тэдгээр нотлох баримтуудаар хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалтгүй байхад хэргийн газрын ойролцоо өөр хүмүүс болон хяналтын камер байсан эсэх талаар огт асуун тодруулж шалгаагүй байна. Иймд дээрх мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул мөрдөн байцаалтын ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцааж, энэ талаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан яллагдагчийн хүсэлтийг хангахаар шийдвэрлэв. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Ж.Мад холбогдох 2206 03477 0920 дугаартай эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын ажиллагаа нэмж хийлгэхээр Баянзүрх дүүргийн Прокурорын газарт буцааж, яллагдагч З.Ж.Мад урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Д.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирогч Д.Б миний бие Хүрэл тогоотын аманд баригдаж байгаа барилга дээр нэг cap гаран арматурын ажил хийсэн. Энэ хугацаанд би нэг ч төгрөгийн цалин хөлс аваагүй. Цалингаа авья гэхээр одоо “үүнийг хийчих тэрнийг дуусгачих” тэгэхээр чинь өгнө гэсээр хийсэн ажлын маань цалинг өгөөгүй. Биднийг ахалж ажиллуулдаг байсан Ёндонжамцаас цалингаа нэхэхээр Ж.М захирал өгөхгүй байна гэдэг. Ж.М захиралд хэлэхээр “Ёндонжамцад цалинг чинь өгчихсөн шүү дээ” гээд учир нь олддогүй байсан. Ингээд би Ж.М захиралтай уулзахаар 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Ёндонжамцын хамт Хүрэл тогоотын барилга дээр очсон. Түүнтэй мэнд мэдээд “Захирлаа ах нь ажлаа хийгээд дууссан цалингаа авах гэж ирлээ” гэхэд Ж.М “Та нар шаардлага хангахгүй ажил хийчихээд юун цалин гээд уурлахаар нь “Би тэр ажлыг чинь хийгээгүй. Би армотурын ажил л хийсэн” гэсэн чинь “Чамд би ер нь яахаараа мөнгө өгөх ёстой юм. Яв зайл” гээд салаавч гаргаж миний аманд тулган заамдаж аваад толгой руу 2-3 удаа цохисон. Ёндонжамц биднийг салгахад “Ер нь чиний хийсэн ажил биз дээ” гээд түүнийг бас 2-3 удаа өшиглөж цамцыг нь урсан. Түүнд толгой руугаа цохиулснаас болоод толгой өвдөөд дотор муухай оргиод байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Ингээд бүгд цагдаа дээр очиж болсон асуудлыг мэдүүлсэн. Тухайн үед болсон хэргийн бодит үнэн бол энэ. Гэтэл Ж.М нь одоо болохоор “Тухайн үед би Д.Быг зодоогүй түүнд огт гар хүрээгүй, харин Д.Б намайг түлхүүрээр хатгаж гэмтэл учруулсан, шүүх эмнэлэгт үзүүлээгүй, Д.Б шүүх эмнэлгийн танилаараа сарын дараа худал дүгнэлт гаргуулсан, би цагдаад дуудлага өгсөн гэх мэтээр илт худал ярьж мэдүүлж байгааг няцаасан нотлох баримтууд хэрэг дотор байсаар байхад шүүх Ж.Мын хүсэлтийг хүлээн авч хэргийг дахин шалгуулахаар прокурорт буцааж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь надад шүүх эмнэлэгт таньдаг хүн байтугай шүүх эмнэлгийг хаана байдгийг ч мэддэггүй байсан. Мөн би сарын дараа биш тэр өдрөө л шүүх эмнэлэгт үзүүлсэн. Цагдаа дээр очиход биднийг гэмтэж бэртсэн эсэхийг үзээд шүүх эмнэлэгт үзүүлэх үгүйг асуухад Ж.М “Надад гэмтэл байхгүй” гэж байсан. Ж.М “Би цагдаа дуудсан” гэж байна. Би түүнд зодуулчихаад цагдаа өөрийн утсаар дуудлага өгсөн баримт хэрэгт байгаа. Ж.Маас байцаагч гэрчээр мэдүүлэг авахдаа хяналтын камер байгаа эсэхийг асуухад камер байхгүй гэж хариулсан байсан. Гэтэл одоо болохоор камерын бичлэг шалгуулах гэхэд шалгаагүй гэж байна. Хэрэг болоход тэнд байсан хоёр хүнийг гэрчээр асуусан байсан тэр хүмүүс өөрийн харсан үзсэн зүйлээ ярьсан байх. Харин одоо Ж.М нь “Галмандах, Төмөрөө, Даваадорж, Доржоо, Мөнх-Амгалан гэх хүмүүс хэргийг харсан байх боломжтой тул гэрчээр асуулгана” гэж байна. Хэрэг нэг жил шахам шалгагдаж байхад энэ талаар огт яриагүй байж хэрэг шүүхээр шийдэгдэх болохоор дээрх хүмүүсийг нэр цохож гэрчээр асуулгах гээд байгаа нь хэргийг шийдүүлэхгүй удаах, энэ хүмүүст үг зааж өгч худал мэдүүлэг өгүүлэхээр ярьсан байх боломжтой гэж хардаж байна. Иймд хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. Аав шигээ хүнийг зодож гэмтэл учруулчихаад уучлалт гуйж хийсэн ажлынх нь цалин хөлсийг өгөхийн оронд худал ярьж гүтгэж байгаад Ж.Мад маш их гомдолтой байна. ...” гэв.

Хохирогч Д.Бын өмгөөлөгч С.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирогч Д.Бын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, нэг жилийн өмнөх хэрэг тул тэр үеийн камерын бичлэг болон тэр үед ажиллаж байсан хүмүүс байхгүй болсон байгаа. Тухайн үед байсан хоёр гэрчийг байцаасан байдаг. Тэр хоёр гэрч Д.Быг зодуулж байсан болохыг харсан болохоо мэдүүлсэн болохоос биш Д.Б нь Ж.Мыг зодож байсан талаар мэдүүлээгүй байдаг. Тухайн цаг хугацаанд Ж.Мад зодуулсан болох нь нотлогддог. Д.Б өөрөө цагдаад дуудлага өгсөн болох нь нотлогддог. Нэмэлт ажиллагаа хийх шаардлагагүй. ...” гэв.

Яллагдагч Ж.Мын өмгөөлөгч Б.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж оролцож байна. Учир нь, хавтаст хэрэгт Ё , Л , М, Д.Б гэх 4 гэрч мэдүүлэг өгсөн байдаг. Хохирогч Д.Б, шүүгдэгч Ж.М нар мэдүүлэгтээ “Манай ажил дээр камер байдаг” гэсэн байдаг. Хэргийг бодитой шийдвэрлэхийн тулд камерын бичлэгийг шалгах нь зүйтэй. Ж.Мын гаргасан хүсэлтэд дурдсан хөндлөнгөөс харж байсан гэрчүүд байсан байдаг. Тэдгээр гэрч нараас мэдүүлэг авч байж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй. ...” гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Ж.Мад холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд бичсэн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Анхан шатны шүүх яллагдагч Ж.Мад холбогдох хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх шаардлагатай гэж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид “мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Б, яллагдагч Ж.М нарын өгсөн мэдүүлгүүд болон хохирогчийн найз Б.Ё, компанийн ажилтан С.Л нарын мэдүүлгүүд эрс зөрүүтэйгээс хэргийг шийдвэрлэхэд хангалтгүй байгаа учраас хэргийн газрын ойролцоо өөр хүмүүс болон хяналтын камер байсан эсэх талаар огт асуун тодруулж шалгаагүй” гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ.

Учир нь, яллагдагч Ж.Мад холбогдох хэрэг 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр үйлдэгдсэн гэж прокурор яллах дүгнэлт үйлдсэн ба тухайн үеэс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн байхад нэмэлт ажиллагаагаар камерын бичлэг байгаа эсэх, өөр ач холбогдол бүхий байдлыг гэрчилж болох хүнийг нэмж олох ажиллагаа хийх нь хэргийг шүүх шийдвэрлэхэд зайлшгүй ач холбогдолтой нөхцөл байдал болж чадахгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээд явагдана.” гэж зааснаар анхан шатны шүүх прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээний дотор хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЗ/1627 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хохирогч Д.Бын гаргасан давж заалдах гомдлыг хүлээж авах нь зүйтэй.

Яллагдагч Ж.Мад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянах эрх хэмжээтэй бөгөөд мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч заавал биелүүлэх үүрэгтэй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЗ/1627 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Яллагдагч Ж.Мад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очтол хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ   

                                             ШҮҮГЧ                                      Б.БАТЗОРИГ

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ