Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 119/ШШ2024/0051

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 107 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: **

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: **

Хариуцагч: Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар /дарга **/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ** нарын хоорондын

“Төрийн албаны зөвлөлийн Орхон аймаг дахь салбар зөвлөлийн 2024.03.22-ны өдрийн 17 дугаар тогтоолын хэрэгжүүлэхгүй байгаа Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалд ** ийг томилохыг даалгах, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/85 дугаар тушаалыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий  маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч **, нэхэмжлэгчийн өмгөөлөгч **, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

                   ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч **  Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга **д холбогдуулан

- “Төрийн албаны зөвлөлийн Орхон аймаг дахь салбар зөвлөлийн 2024.03.22-ны өдрийн 17 дугаар тогтоолын хэрэгжүүлэхгүй байгаа Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох”,

- “Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалд **ийг томилохыг даалгах”,

“Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/85 дугаар тушаалыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасан.

2. Нэхэмжлэгч нь 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан.  

3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

3.1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 119/ШШ2023/0024 дүгээр шийдвэрээр Аймгийн Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэхийг Төрийн албаны зөвлөлийн Орхон аймаг дахь салбар зөвлөлд даалгаж шийдвэрлэсэн.

3.2. Төрийн албаны зөвлөлийн Орхон аймаг дахь салбар зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаас шүүхийн шийдвэрийг хэлбэрийн төдий хангасан тогтоол гаргасан.

3.3. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт “Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж” хэмээн заасан тул Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэнд хандан 2024.07.25-ны өдөр шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байгаа талаар гомдол гаргасан.

 Төрийн албаны тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.4.-т заасан “Төрийн албаны төв байгууллагын болон шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй ... буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлөх мэдэгдлийг эрх бүхий этгээдэд хүргүүлэх" байсан ч гомдлын хариу өгөх хуульд заасан хугацаа дууссан бөгөөд шүүхэд хандах хугацааны дотор тус шүүхэд хандсан.” гэжээ.

4. Нэхэмжлэгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төрийн албаны зөвлөлийн Орхон аймаг дахь салбар зөвлөлийн 2024 оны 03 сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолоор намайг Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалд томилуулахаар шийдвэр гарсан. Энэ эс үйлдэхүйн улмаас одоог хүртэл томилогдоогүй. Иймд уг эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, аймгийн салбар зөвлөлөөс гаргасан тогтоолын хэрэгжилтийг хангуулж, намайг Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалд томилохыг даалгаж өгнө үү.

 Мөн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/85 дугаартай Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаалыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасан татгалзал байхгүй байна. Татгалзлаа нотолсон баримтыг хариуцагч гаргаж өгөөгүй. Нэхэмжлэлийн шаардлага дотор бичигдээд байгаа эс үйлдэхүй байна. Аман байдлаар шүүхийн шийдвэр биелэсэн гэх боловч бичгэн хэлбэрээр шүүхийн шийдвэр биелсэн баримт хэрэгт байхгүй байна. Иймд хууль бусаар татгалзсан эс үйлдэхүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэв.

6. Хариуцагч Орхон аймгийн  Засаг даргын Тамгын газрын дарга **ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэр гараад Төрийн албаны зөвлөлөөс 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолыг гаргасан. Анх Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 0024 дугаартай шийдвэрээр **ийг нэр дэвшүүлэхийг Төрийн албаны салбар зөвлөлд даалгаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй байна гэж үзээд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах хүсэлт гаргаж захирамж гарсан. Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр ажиллагаа хийгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2024 оны 03 сарын 22-ны өдөр Орхон аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөл 17 дугаар тогтоолоор **ийг Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалд нэр дэвшүүлсэн тогтоол, холбогдох баримтуудыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн. Үүнтэй холбоотой Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 08 сарын 16-ны өдрийн 08648 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай тогтоолоор ажиллагаа дуусгавар болсон. Өмнө нь уг албан тушаалд томилуулах нэхэмжлэл гаргасан. Шаардлага хангагдаж шийдэгдсэн. Тэгэхээр энэ процессыг болоод дууссан асуудал гэж үзэж байна.

**г томилсон тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд Төрийн албаны тухай хуулиар Монгол Улсын Төрийн албаны зөвлөл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, арга зүйн зөвлөмж өгөх бүрэн эрхтэй. Үүний дагуу уг орон тоонд арга зүйн зөвлөмж хүссэн. Шүүхийн шийдвэр биелэгдээд сул орон тоо үүссэн байна. Сонгон шалгаруулалтаа зарлаад хүнээ ав гэсний дагуу Орхон аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд тамгын газраас захиалгаа өгөөд сонгон шалгаруулалтын зар тавигдсан. 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр зарлагдаад 10 дугаар сарын 07-ны өдөр шалгалт явагдаад шалгалтын оноог үндэслэн 10 дугаар сарын 09-ний өдөр Орхон аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс **г нэр дэвшүүлсэн тогтоол гаргасан. Тамгын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/85 дугаар тушаалаар хяналт шалгалт үнэлгээний хэлтсийн даргын сонгон шалгаруулалтад орж хамгийн өндөр оноо авсан **г томилсон нь хуульд нийцэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

7. Гуравдагч этгээд ** шүүхэд гаргасан тайлбартаа: “... Би Орхон аймгийн Засаг даргын Тамгын газарт 2011 онд анх Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтэст мэргэжилтнээр томилогдон, улмаар 2017 онд тус хэлтсийн ахлах мэргэжилтнээр томилогдон ажиллаж байсан. Төрд тасралтгүй 16 жил ажиллаж байна.

2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн https://hh.csc.gov.mn / цахим хуудсанд удирдах албан тушаал / Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга/-ын сул орон тооны зарлал нийтлэгдэж миний бие уг шалгалтад оролцохоор бүртгүүлсэн. Ийнхүү 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр тусгай шалгалт өгч, шалгалтын оноогоор тэргүүлсэн болно.

Төрийн албаны зөвлөлийн Орхон аймаг дахь салбар зөвлөлөөс намайг нэр дэвшүүлж, 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 67 дугаартай тогтоол гаргасан. Тогтоолын дагуу Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/85 дугаар тушаалаар тус газрын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн даргаар томилогдсон.

Хэлтсийн даргын албан тушаалд холбогдох хууль тогтоомжийн дагуу томилогдсон тул **ийн нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хэрэв шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэвэл миний бие хуулийн хүрээнд уг албан тушаалд томилогдсон атлаа эрх зүйн байдал дордож улмаар ажилгүй болох нөхцөл байдал үүсэхээр байна.

**ийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлтэй холбоотой үйл баримтын талаар надад мэдэх зүйл байхгүй бөгөөд шүүхэд гаргасан дээрх тайлбараас өөр нэмж ярих зүйл байхгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Энэ хуулийн 22.1-д заасан гуравдагч этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй бол энэ талаар хүсэлтийг бичгээр гаргана” гэж заасны дагуу ажиллагаанд оролцуулахгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ** нь Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга **д холбогдуулан “Төрийн албаны зөвлөлийн Орхон аймаг дахь салбар зөвлөлийн 2024.03.22-ны өдрийн 17 дугаар тогтоолын хэрэгжүүлэхгүй байгаа Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалд **ийг томилохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  нэхэмжлэлийн шаардлагыг “2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулагдах Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт, шинжилгээний үнэлгээний хэлтсийн даргын албан тушаал дээр зарлагдсан шалгалтыг хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлснийг шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авахаас татгалзсан,

мөн “Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/85 дугаар тушаалыг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн болно.

2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарт дараах хууль зүйн дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэлээ.  

3. “Төрийн албаны зөвлөлийн Орхон аймаг дахь салбар зөвлөлийн 2024.03.22-ны өдрийн 17 дугаар тогтоолын хэрэгжүүлэхгүй байгаа Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

3.1. Иргэн ** нь Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд анх “Орхон аймгийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалд **ийг томилуулахаар нэр дэвшүүлэхийг Төрийн албаны зөвлөлийн Орхон аймаг дахь салбар зөвлөлд даалгах”, “Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалын тусгай шалгалт авсан комиссын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн  шийдвэрийн **ид холбогдох хэсэг, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “**ийг албан тушаалд томилох, цалин хөлсний хэмжээ тогтоох тухай” Б/28 дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг гаргасан.

3.2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 119/ШШ2023/0024 дүгээр шийдвэрээр “Орхон аймгийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалд **ийг томилуулахаар нэр дэвшүүлэхийг Төрийн албаны зөвлөлийн Орхон аймаг дахь салбар зөвлөлд даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангасан ба шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

3.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх  үүрэгтэй ...” гэж заасны дагуу шүүхийн шийдвэрийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар биелүүлж, Төрийн албаны зөвлөлийн Орхон аймаг дахь салбар зөвлөл 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “Нэр дэвшүүлэх тухай” 17 дугаар тогтоолоор иргэн **ийг Орхон аймгийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

3.4. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д “Энэ хуулийн 27.1-д заасан тохиолдолд томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг холбогдох албан тушаалд томилно.”,  Монгол Улсын Төрийн албаны төв зөвлөлийн 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам, загвар батлах тухай тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 12.1-д “Зөвлөл, Салбар зөвлөл нь сонгон шалгаруулалтын тайланг хянаж, шалгалтад тэнцэж хамгийн өндөр оноо авсан оролцогчийг тухайн албан тушаалын сул орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлнэ.”, 12.3-т “Нэр дэвшсэн албан хаагч, иргэнийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан Зөвлөл, Салбар зөвлөлийн тогтоолыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор томилно.”, 12.6-д “Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзаж болно. Энэ тохиолдолд татгалзсан үндэслэлийг Зөвлөл, харьяалах Салбар зөвлөлд ажлын 14 өдрийн дотор албан бичгээр ирүүлнэ.” гэж тус тус заасан.

3.5. Дээрхи хуулийн болон журмын зохицуулалтаас үзэхэд Төрийн албаны зөвлөлийн Орхон аймаг дахь салбар зөвлөл 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолын дагуу Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга **ийг ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалд томилоогүй, хуульд заасан шийдвэрийг журамд заасан хугацаанд хууль зүйн үндэслэлтэйгээр хариу өгөх үүргээ биелүүлээгүй хууль бус эс үйлдэхүй байна гэж шүүх дүгнэлээ.

4. “Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалд **ийг томилохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

4.1. Иргэн ** нь анх Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалын сул орон тоонд нэрээ дэвшүүлэн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Орхон аймгийн Удирдах албан тушаалын тусгай шалгалтанд орсон, төрийн албаны салбар зөвлөлийн гаргасан шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан, 17 дугаар тогтоол гарснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол бүрэн  сэргээгүй, ** нь анхнаасаа Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалд томилогдох хүсэл зорилготой  байсан ба захиргааны хэргийн шүүхэд анх нэхэмжлэл гаргаж шүүхийн шийдвэр гарснаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь сэргээгүй байна.   

4.2. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн төрийн албаны зөвлөлийн Орхон аймаг дахь салбар зөвлөл 17 дугаар тогтоол гарган **ийг Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалд нэр дэвшүүлсэн байхад Орхон аймгийн Тамгын газрын дарга Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д “Энэ хуулийн 27.1-д заасан тохиолдолд томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг холбогдох албан тушаалд томилно.”, 65 дугаар зүйлийн 65.6-д “Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ.”, “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын12.3-т “Нэр дэвшсэн албан хаагч, иргэнийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан Зөвлөл, Салбар зөвлөлийн тогтоолыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор томилно.” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

4.3. Мөн Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д “Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах” гэж заасан тул хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх зарчимтай ба нэхэмжлэгч ** нь хуулиар тусгайлан шаардсан болзол, нөхцөлийг хангасан, Төрийн албаны салбар зөвлөл Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалд нэр дэвшүүлсэн байхад тус албан тушаалд томилогдох эрхийг хязгаарлах боломжгүй гэж шүүх дүгнэлээ.

4.4. Түүнчлэн  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэж зааснаар захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд чиглэдэг.

4.5. Төрийн албаны зөвлөлийн Орхон аймаг дахь салбар зөвлөл 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоол гарснаар нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол сэргэсэн гэж үзэх боломжгүй учраас нэхэмжлэгчийн тухайн албан тушаалд томилуулахыг даалгах шаардлагыг хангах үндэслэлтэй байна.   

4.6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Төрийн албаны төв байгууллагаас арга зүйн зөвлөмж авсаны дагуу Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалын сул орон тоог нөхөх зорилгоор сонгон шалгаруулалт зарласан гэж тайлбарласан.

4.7. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 04/1077 дугаар албан бичгээр Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 03/1034 дугаар албан бичигт хариу хүргүүлсэн байгаагаас үзэхэд Төрийн албаны тухай хуулийн зохих заалтуудыг хэрэглэх арга зүйн зөвлөмж өгсөн болохоос заавал биелүүлэх, үүрэгжүүлсэн захиргааны акт биш учраас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй гэж шүүх үзлээ.  

5. “Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/85 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

5.1. Төрийн албаны зөвлөлийн Орхон аймаг дахь салбар зөвлөл 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Нэр дэвшүүлэх тухай” 67 дугаар тогтоолоор **г Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэн, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “**г ажилд томилох, цалин хөлсний хэмжээг тогтоох тухай” Б/85 дугаар тушаал гарсан байна.

5.2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн “Төрийн албаны зөвлөлийн Орхон аймаг дахь салбар зөвлөлийн 2024.03.22-ны өдрийн 17 дугаар тогтоолын хэрэгжүүлэхгүй байгаа Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалд **ийг томилохыг даалгах” шаардлагыг шүүх үндэслэлтэй гэж үзсэн учраас Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/85 дугаар тушаалыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

6. Иймээс нэхэмжлэгч **ийн Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга **д холбогдуулан гаргасан “Төрийн албаны зөвлөлийн Орхон аймаг дахь салбар зөвлөлийн 2024.03.22-ны өдрийн 17 дугаар тогтоолын хэрэгжүүлэхгүй байгаа Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалд **ийг томилохыг даалгах” Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/85 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

7. Гуравдагч этгээд ** нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтээ бичгээр илэрхийлсэн болохыг дурьдлаа.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12, 106.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.4, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.3, 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан **ийн Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга **д холбогдуулан гаргасан “Төрийн албаны зөвлөлийн Орхон аймаг дахь салбар зөвлөлийн 2024.03.22-ны өдрийн 17 дугаар тогтоолын хэрэгжүүлэхгүй байгаа Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалд **ийг томилохыг даалгах”, “Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/85 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Орхон аймаг дахь ЗДТГ-ын санхүүгээс 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч **эд олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.БОЛОРМАА