| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 182/2024/07488/И |
| Дугаар | 197/ШШ2025/01193 |
| Огноо | 2025-02-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 197/ШШ2025/01193
2025 02 13 197/ШШ2025/01193
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би,
Нэхэмжлэгч: У-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: У/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 852,212.91 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2021.12.07-ны өдөр ЗГ02-2112923 тоот зээлийн гэрээгээр хариуцагчид 1,599,900 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манай ББСБ-аас олгосон зээлээр Сайн интернэшнл ХХК-иас ral me GT master загварын гар утас худалдан авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, хавсралтад заасан хуваарийн дагуу зээлээ төлөлгүй 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн буюу нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нийт 458 хоног хэтэрсэн гэжээ.
2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Э.Буянжаргал миний бие Омни капитал ББСБ ХХК-иас зээл авсан нь үнэн. Нэхэмжлэлийн шаардлага болох 852,212.91 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК нь хариуцагч Э.Буянжаргалд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 852,212.91 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Буянжаргал нь нэхэмжлэлийн шаардлага болох 852,212.91 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Омни капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Буянжаргалд холбогдох, иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 852,212.91 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25,010 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын төсвөөс 12,505 төгрөгийг, хариуцагч О.Буянжаргалаас 12,505 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар хариуцагч нь шүүгчийн захирамжийг биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН