Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 197/ШШ2025/01333

 

 

 

 

 

     2025         02            18                                       197/ШШ2025/01333                               

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Бямбаабаатар би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, “**********” /регистрийн дугаар ****/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, *** дүгээр гарам, ** дүгээр гудамжны * тоотод оршин суух А.С/регистрийн дугаар ********/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 793,332 төгрөг гаргуулах тухай хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн прокурорын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “эрүүл мэндийн даатгалын сан” гэж даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор төр, иргэн, хуулийн этгээдээс төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг" гэж тодорхойлсон. Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгө нь улсын төсвийн хөрөнгө болон иргэд, хуулийн этгээдийн төлсөн шимтгэлийн орлогоос бүрддэг нийтийн сан юм. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/*** дугаартай шийтгэх тогтоолоор А.С-г Ш.А-тай бүлэглэн хохирогч Б.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн байна. Хохирогч нь энэ хэргийн улмаас 1,586,665 төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйлийн 41.1-т зааснаар прокурорт иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг санаачилгаараа нэхэмжлэх эрхийг хуулиар олгосон тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдээр эрүүгийн хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд гэмтэл учруулснаас үүдэн хохирогчийн эрүүл мэндийн даатгалын сангаас авсан мөнгийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд А.С-ээс гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна” гэжээ.

 

Хариуцагч А.С нь шүүхэд гаргасан хүсэлтдээ “...нэхэмжилсэн мөнгөн дүнг хүлээн зөвшөөрч байна. 2 хувааж төлнө” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч *******ийн шаардлага 793,332 төгрөгийг хариуцагч А.С хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 396,666 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 396,666 төгрөгөөр төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

Энэхүү эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Прокурор нь төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн иргэний хэрэг маргааныг хянан шийдвэрлүүлэхээр гаргасан нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх болохыг дурдаж, хариуцагч А.С-ээс улсын тэмдэгтийн хураамжид 11.765 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Сүхбаатар дүүргийн прокурорын газрын нэхэмжлэлтэй хариуцагч А.С-д холбогдох бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 793,332 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 396,666 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 396,666 төгрөгөөр тус бүр төлж барагдуулахаар эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсгийн 41.1.14 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн прокурорын газар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.С-ээс улсын тэмдэгтийн хураамжид 11,795 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

 4. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 5. Зохигч, тэдний төлөөлөгчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                     Б.БЯМБААБААТАР