Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2023/ДШМ/724

 

 

 

 

       2023           7            18                                      2023/ДШМ/724

 

Б.Уд холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Баянмөнх,

хохирогч Д.Нийн өмгөөлөгч С.Т,

яллагдагч Б.У, түүний өмгөөлөгч Т.Б,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЗ/783 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Т.Баянмөнхий бичсэн 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 17 дугаар эсэргүүцэл, хохирогч Д.Нийн өмгөөлөгч С.Тын гаргасан давж заалдах гомдлоор Б.Уд холбогдох эрүүгийн 2205013562559 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Б овгийн  Б.У, 19... оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эмэгтэй, дээд боловсролтой, сувилахуйн арга зүйч мэргэжилтэй, ................. сувилагч ажилтай, ам бүл 4, эх, нөхөр, хүүхдийн хамт, ..................... тоотод оршин суух, /РД:......................../;

Яллагдагч Б.У нь Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн Нөхөн үржихүйн зөвлөх поликлинкийн гэр бүл төлөвлөлт, үр хөндөлтийн кабинетын сувилагчаар ажиллаж байхдаа Эрүүл мэндийн технологи, Эмчилгээ оношлогооны түгээмэл үйлдлүүд MNS 4621:2008 стандартын 3.4.2 дахь заалтыг, Үр хөндөлтийн цогц тусламж үйлчилгээний MNS 5488:2019 стандартын 8.1 дэх заалтыг, мөн Эх хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төвийн Сувилахуйн албаны 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн хурлаар шинэчлэн баталсан “Үйлчлүүлэгчид эм уулгах журам”-д заасныг тус тус зөрчиж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 09 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эх хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төвөөр үйлчлүүлэхээр ирсэн 24-25 долоо хоногтой жирэмсэн эх Д.Нт төрөлт сэдээх /үр зулбуулах/ мизопростол нэртэй 4 ширхэг эмийг уулгаснаар, үр зулбуулах эмийн нөлөөгөөр эх гүн дутуу төрж улмаар ураг зулбаж, нярай эндэж, жирэмслэлт тасалдсанаар Д.Нийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Угийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаас яллагдагч Б.Уд холбогдох эрүүгийн хэрэгт “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх” үндэслэлээр хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж үзжээ. Учир нь, прокурор яллагдагч Б.Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон эсэх болон хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулаагүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шатгаангүйгээр биелүүлээгүйгээс, эсхүл зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан ...” үйлдэл, эс үйлдэхүйг 15.1 дүгээр зүйлийн 2 дахь  хэсэгт ...энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан үйлдэл, эс үйлдэхүйг эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх гэмт хэргийн шинжээр тодорхойлжээ. Эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн тусламж, үйлчилгээ болон түүнтэй холбоотой харилцааг Эрүүл мэндийн тухай хууль болон Эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тухай хуулиар зохицуулсан байх ба Эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад өвчин эмгэг, гэмтэл бэртэл, хүний биеийн үйл ажиллагааны  алдагдлыг оношлох, эмчлэх, сувилах, хөнгөвчлөх, сэргээн засах цогц үйл ажиллагааг эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хамруулан ойлгохоор заажээ.

Эмнэлгийн мэргэжилтэн эдгээр тусламж үйлчилгээг ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй эс үйлдэхүйг, эсхүл эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх талаар хуульд заасан үүргээ гүйцэтгээгүй үйлдлийг Эрүүгийн хуульд заасан “Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцох учраас эмнэлгийн мэргэжилтний үйлдэл, эс үйлдэхүй хууль тогтоомжид хэрхэн нийцсэн тухай асуудлыг шалгаж тогтоох нь энэ төрлийн гэмт хэргийн нотолбол зохих байдал гэж үзнэ. Тодруулбал, яллагдагч Б.У хохирогч Д.Нт эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй байсан эсэх, хэрэв тийм бол эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хэрхэн зохих ёсоор биелүүлээгүй болохыг эргэлзээгүй тогтоох шаардлагатай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субъектив тал нь эмнэлгийн мэргэжилтэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өвчтөнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлээгүй, эсхүл зохих ёсоор үзүүлээгүй үйлдэлдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр, харин учирсан хохирол, хор уршигт болгоомжгүй хандсан шинжийг агуулна. Прокурор гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлж болох нөхцөл байдлын хүрээг зөв тогтоож, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэт хийснээр хэргийн бодит байдал, үйл баримтыг тогтоох нь зүйтэй байна. Иймд яллагдагч Б.Уд холбогдох эрүүгийн 2205013562559 дугаартай хэргийг Баянгол дүүргийн прокурорын газрын прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол Б.Уд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, хэргийн хамт ирүүлсэн флаш диск 1 ширхэгийг хэргийн хамт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.

Прокурор Т.Баянмөнх бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Прокуророос яллагдагч Б.Уг эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ стандарт, журмын дагуу зохих ёсоор үзүүлээгүй үйлдэлдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр, харин учирсан хохирол, хор уршигт болгоомжгүй хандсан гэж үзэж, түүний дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд “Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэрэг нь “...гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсан” байхыг мөн хохирогчид хүндэвтэр, хүнд эсхүл нас барсан гэх хохирол хор уршгийн аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Мөн тухайн гэмт хэргийн объектив шинжийг тодорхойлохдоо “...үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй” гэх чухам аль үйлдэл байгааг шалган тогтоосон байх ёстой. Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3-т заасны дагуу эмнэлгийн мэргэжилтний үүрэгт хамаарах “Үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах” талаар заажээ. Мөн “Эмнэлгийн мэргэжилтэн” гэж Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасан анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль, коллежийг төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий хүний их, бага эмч, шүдний их эмч, уламжлалт анагаах ухааны их эмч, сувилагч, эх баригч, эмч зүйч, эм найруулагч, сэргээн засах чиглэлийн мэргэжилтэнг, харин “Эмнэлгийн тусламж үйлчилгээ” гэж Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар өвчин эмгэг, гэмтэл бэртэл, хүний биеийн үйл ажиллагааны алдагдлыг орчин үеийн болон уламжлалт анагаах ухаанд тулгуурлан оношлох, эмчлэх, сувилах, хөнгөвчлөх, сэргээн засах цогц үйл ажиллагааг тус тус ойлгоно. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар сувилагч Б.У нь үйлчлүүлэгч Д.Нт эмнэлгийн тусламж үйлчиллгээ үзүүлэх хуулийн дээрх заалтад хамаарах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу Эрүүл мэндийн технологи, Эмчилгээ оношлогооны түгээмэл үйлдлүүд MNS 4621:2008 стандартын 3 дугаар хэсэгт заасан гардан үйлдэл хийхэд баримтлах ерөнхий үйлдэл хийх ерөнхий зарчимын холбогдох заалтууд, мөн Үр хөндөлтийн цогц тусламж үйлчилгээний MNS 5488:2019 стандарт 8.1 дэх заалт болон ЭХЭМҮТ-ийн Сувилахуйн албаны 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн хурлаар шинэчлэн баталсан “Үйлчлүүлэгчид эм уулгах журам”-ын заалтуудыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас 24-25 долоо хоногтой, жирэмсэн эх Д.Н нь дутуу төрж, ураг эндэж, түүний эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан үйл баримт тогтоогдсон нь Эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд заасан Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЗ/783 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Хохирогч Д.Нийн өмгөөлөгч С.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний үйлчлүүлэгч хохирогч Д.Нт холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар хэлэлцэж Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЗ/783 дугаар захирамжаар “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх” үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр гомдол гаргаж байна.

Эрүүгийн хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах асуудлын хүрээг тусгайлан тодорхойлсон байдаг. Гэтэл миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлгийн хуралдаан явуулж прокурорт буцаах шийдвэр гаргахдаа яллагдагчийн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн хүрээнд дүгнэлт хийж хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсгийг зөрчсөн байна.

Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ямар мөрдөн шалгаж ажиллагаа хийгдэх шаардлагатайг захирамжийн үндэслэлд тодорхой заахгүйгээр шийдвэр гаргасан нь үндэслэл бүхий болж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хэрхэн зөв ойлгож хэрэглэх талаар хууль зүйн эргэлзээ бүхий асуудал байгаа мэтээр буцаах үндэслэлийн дүгнэлтийг хийсэн байгаа нь үндэслэлгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЗ/783 дугаар  шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Яллагдагч Б.У тус шүүх хуралдаанд: “Тайлбаргүй.” гэв.

Яллагдагч Б.Угийн өмгөөлөгч Т.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад удаа дараа гомдол гаргаж байсан. Хэрэгт хавсаргасан флаш дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл байдаггүй. Прокурор цагаатгах нотлох баримтыг хамтад нь үнэлэх ёстой. Яагаад үнэлэхгүй байгаагаа яллах дүгнэлтдээ дурдаагүй. Анхан шатны шүүх зөв дүгнэлт хийж хэргийг прокурорт буцаасан. Хохирогч Д.Н-т эмнэлгийн 2 давхарт гарах ямар ч шаардлага байгаагүй. Эхо нь 1 давхарт байсан. Ажилбарын хэсэг гээд бичсэн байхад өөрөө очсон байдаг. Гэтэл намайг гадаа нь сууж байхад дуудаж оруулсан гэж худлаа мэдүүлсэн. Эрүүл ухаантай хүн л бол ямар эм өгч байгааг мэдэх боломжтой байсан. Шалгах олон асуудал байгаа. Дээрх үйл ангиар яллаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх яллагдагч Б.Уд холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд дурьдсан асуудлуудаар хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Т.Баянмөнхийн бичсэн “...шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах ...” тухай прокурорын эсэргүүцэл, хохирогч Д.Нийн өмгөөлөгч С.Тын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Прокуророос яллагдагч Б.Уг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн Нөхөн үржихүйн зөвлөх поликлинкийн гэр бүл төлөвлөлт, үр хөндөлтийн кабинетын сувилагчаар ажиллаж байхдаа Эрүүл мэндийн технологи, Эмчилгээ оношлогооны түгээмэл үйлдлүүд MNS 4621:2008 стандартын 3.4.2 дахь заалтыг, Үр хөндөлтийн цогц тусламж үйлчилгээний MNS 5488:2019 стандартын 8.1 дэх заалтыг, мөн Эх хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төвийн Сувилахуйн албаны 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн хурлаар шинэчлэн баталсан “Үйлчлүүлэгчид эм уулгах журам”-д заасныг тус тус зөрчиж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 09 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эх хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төвөөр үйлчлүүлэхээр ирсэн 24-25 долоо хоногтой жирэмсэн эх Д.Нт төрөлт сэдээх /үр зулбуулах/ мизопростол нэртэй 4 ширхэг эмийг уулгаснаар, үр зулбуулах эмийн нөлөөгөөр эх гүн дутуу төрж улмаар ураг зулбаж, нярай эндэж, жирэмслэлт тасалдсанаар Д.Нийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. 

Анхан шатны шүүх яллагдагч Б.Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон эсэх болон хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулаагүй байна гэж үзэж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй болжээ.

Харин яллагдагч Б.Уд холбогдох эрүүгийн хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах дараахь нэмэлт ажиллагаа хийлгэх нь зүйтэй гэж үзэн хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн үндэслэх хэсгийг зохих өөрчлөлт оруулж, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 813 дугаар дүгнэлт дэх мөрдөгчийн асуултад ороогүй “...жирэмслэх, ураг тээх төрүүлэх чадварт нөлөөлөхгүй” гэснийг хэрэгт ач холбогдолтой гэж үзэж дахин асуултаар тодруулах замаар хохирогч Д.Н нь цаашид жирэмслэх боломжтой эсэх талаар нарийвчилсан үзлэг, шинжилгээ хийж, дахин шинжээч томилж, энэ талаар бодит нөхцөл байдлыг тогтоох нь зүйтэй.

Ингэснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г нотолж, тодорхойлоход ач холбогдолтой юм.

Мөн энэ хэрэгт иргэний хариуцагчаар зохих байгууллагыг зөв тогтоож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах шаардлагатай.

Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж,

16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих нөхцөл байдлуудыг эргэлзээгүй, хөдөлбөргүй нотолно” гэж тус тус заасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэх тодорхой ажиллагаа бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтад чанд нийцсэн байхаас гадна уг хуулийн 1 дүгээр бүлэгт тусгагдсан нийтлэг зарчмууд, тэдгээрийн агуулгад заавал нийцсэн байх нь уг ажиллагааг хууль ёсны гэж тооцох үндсэн шалгуурын нэг болно.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЗ/783 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцэл, хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв. 

Яллагдагч Б.Уд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЗ/783 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Т.Баянмөнхийн бичсэн прокурорын эсэргүүцэл, хохирогч Д.Нийн өмгөөлөгч С.Тын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Яллагдагч Б.Уд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очтол хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ШИНЭБАЯР   

                                             ШҮҮГЧ                                      Н.БАТСАЙХАН

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ