Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 593

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

            Улсын яллагч С.Энхтуул,

            Шүүгдэгч Ш.З, түүний өмгөөлөгч Д.Батбаяр,

           Хохирогч М.Алтанцэцэг,түүний өмгөөлөгч Б.Мандхай нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Боржигон овогт Шын Зд холбогдох 1711008020285 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1992 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатарт хотод төрсөн, 25 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, алт мөнгөний дархан мэргэжилтэй, , төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Шын З (РД:0000000000000),

нь 2017 оны 9 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цоглог” караокед иргэн М.Алтанцэцэгийг зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт

 

 

 холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүгдэгч Ш.З нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлэхдээ: -Би өөрийн эхнэрийн хамт 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр МҮОНРТ-ийн замын зүүн талд байрлах Цоглог нэртэй караокед 21 цагийн орчим орсон ба ороод би 3 ширхэг пиво, 200 гр архи зэрэг зүйл авч уусан. Манай эхнэр 1 ширхэг пиво аваад тэрийгээ бараг уугаагүй үлдээсэн. Уг өдрийн маргааш нь миний хүүхэд бөөрний хагалгаанд орох гээд би сэтгэл санаа жоохон тавгүй явж байсан болохоор архи, пиво уусан юм. Тэгээд байж байгаад 23 цагийн орчим гарах гэсэн чинь уг караокений бармен эмэгтэй надаас 6000 төгрөг нэхсэн. Тэгэхээр нь би юу яриад байгаа юм бэ, би архи, пиво аваад дор дор нь тооцоогоо хийгээд явсан, надад тооцооны асуудал байхгүй гэж хэлэхэд 6000 төгрөгний тооцоо үлдсэн гээд надаас нэхээд байхаар нь би тийм юм байхгүй гэж хэлээд гарах гэхэд хойноос татаж чангаагаад гаргахгүй хаалга энэ тэрээ түгжээд цагдаа дуудаад эхэлсэн. Тэгээд бид 2 хоорондоо маргалдаж эхэлсэн бөгөөд би уг эмэгтэйг цохъё гэж цохиогүй, би гар утсаа гаргаад хойд аав руугаа ярих гэхэд миний гар руу цохиод утас, энэ тэр унагаагаад байсан. Тэгээд би та одоо боль гэж хэлээд цаашаа түлхэхэд нь нүд рүү нь цохисон байх гэж бодож байна. Тэгээд бид хоёрыг маргалдаад байж байхад уг караокед үйлчлүүлж байсан хүмүүс бармен эгчтэй нийлээд надруу дайраад байсан. Мөн хүүхэд нь бололтой нэг эрэгтэй хүүхэд ирсэн надруу дай раад байсан. Тэгээд бид нар хэрэлдээд байж байхад гаднаас цагдаа орж ирээд би уг өдөр эрүүлжүүлэгдсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би хамгаалалтын албанд ажиллаж байгаа сарын 400000 төгрөгийн цалинтай. 654750 төгрөгийн хохирлыг хүлээн зөвшөөрч байна төлнө гэв.

Хохирогч М.Алтанцэцэг шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цоглог караокег хувиараа ажиллуулдаг юм. Манай караоке өдөр бүр өдрийн 12 цагаас шөнийн 03 цаг хүртэл хугацаанд үйл ажиллагаа явуулдаг юм. 2017 оны 9 дүгээр сарын 23-ны оройн 23 цаг өнгөрч байхад нэрийг нь мэдэхгүй, өмнө нь харж байгаагүй танихгүй залуу тооцоон дээрээс болоод надтай маргалдаж шуналтай авгай гэх мэтээр элдвээр доромжилсон, улмаар надтай маргаан хийх гэж дайрсан үед эхнэр нь бололтой эмэгтэй ирээд салгаж байсан. Улмаар миний зүүн нүд рүү гараараа цохиод хоёроос гурван удаа түлхэж газар унагаасан. Ингээд миний зүүн нүд хөхөрсөн, бөөр доргисон, тархи хөдөлсөн зэрэг гэмтэл учирсан. Тархины бичлэг хийлгэж чадаагүй. Ш.З нь над руу утсаар ч яриагүй. Эмнэлэгт 9 хоног хэвтэж эмчлүүлсэн. Гомдолтой байна. 654 750 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Гэрч П.Мөнхсайханаас мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед Ш.З 200 грамм архи болон 1 шил пиво уусан байсан, тэгэхдээ согтолтын хувьд гайгүй л байсан. Бид хоёр төлбөр тооцооны асуудалгүй байхад л сүүлийн 100 грамм архины тооцоо хийсэнгүй гээд л маргаан үүссэн” гэжээ.

Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.9.24-ний өдрийн ¹12163 тоот шинжээчийн дүгнэлтэд:

1.М.Алтанцэцэгийн биед баруун нүдний дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүдний алимны салстын цус хуралт, нүдний алимны доргилт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

5.Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч Ш.З нь 2017 оны 9 дүгээр сарын 23-аас 24-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цоглог” караокед архи ууж согтуурсан үедээ үйлчилгээний тооцооноос болж маргалдан, тус караокег ажиллуулдаг М.Алтанцэцэгийг зодсоноос хохирогчийн биед баруун нүдний дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүдний алимны салстын цус хуралт, нүдний алимны доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь

 

 

шүүгдэгчээс үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч М.Алтанцэцэгийн “…тооцоон дээрээс болоод надтай маргалдаж шуналтай авгай гэх мэтээр элдвээр доромжилсон улмаар надтай маргаан хийх гэж дайрсан ...Улмаар миний зүүн нүд рүү гараараа цохиод хоёроос гурван удаа түлхэж газар унагаасан. Ингээд миний зүүн нүд хөхөрсөн, бөөр доргисон, тархи хөдөлсөн зэрэг гэмтэл учирсан” гэх мэдүүлэг, хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.9.24-ний өдрийн ¹12163 тоот шинжээчийн дүгнэлт, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар ирүүлсэн Сиди, уг Сиди дээр хуулагдсан бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,  болон бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

 

Иймд шүүгдэгч Боржигон овогт Шын Зг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг тус тус харгалзав. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүх шүүгдэгч Ш.Зд оногдуулсан торгох ялыг 2018 оны 3 дугаар сарын 08-ны дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.

Хохирогчоос эмчилгээний зардалд гарсан 654.750 төгрөгийн баримт хэрэгт хавсаргаж ирүүлсэн ба уг зардлыг шүүгдэгчээс нөхөн гаргуулахаар шийдвэрлэлээ. Харин хохирогч нь эмнэлэгт хэвтсэнээс түрээсийн орлого алдсан, бөөр өвддөг болсон гэх гомдол гаргаж байгаа боловч шүүгдэгчийн цохилтоос түүний бөөр гэмтсэн талаарх шинжээчийн дүгнэлт гараагүй, санхүүгийн хувьд орлого олоогүй болохыг нотолсон зэрэг холбогдох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй тул тэрээр хуульд заасан шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлж, буруутай этгээдээс иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Боржигон овогт Шын Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Зг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин  мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Зд оногдуулсан торгох ялыг 2018 оны 3 дугаар сарын 08-ны дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.З нь энэ тогтоолын 3-т заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Ш.Згоос 654.750 (зургаан зуун тавин дөрвөн мянга долоон зуун тавь) төгрөг гаргуулж хохирогч Улаан овогт Мяхлайн Алтанцэцэг (РД:ЙЗ76051204)-т олгож, хохирогч нь ажилгүй байсан хугацааны цалин, тэтгэмжийн зөрүүг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7.Хэрэгт эд мөрийн баримт ирүүлсэн 1 ширхэг Си Ди-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

8.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Зд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ