Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2023/ДШМ/732

 

 

 

 

      2023           7            19                                        2023/ДШМ/732

 

А.Ад холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Эрдэнэзаяа,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж хийсэн 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/291 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Аы өмгөөлөгч Б.Гийн гаргасан давж заалдах гомдлоор А.Ад холбогдох эрүүгийн 2305000000256 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Б овгийн  А.А, 19.. оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, ...................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:................./;

А.А нь 2023 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Кензо” бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан О.Бын нүүрэн тус газарт шил мэт зүйл шидэж эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дээд хананы хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: А.Аы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, шүүгдэгч А.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэргийн хамт хавсарган үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч О.Б гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч А.Ааас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ааас нийт 30.000 төгрөг гаргуулж, хохирогч О.Бт олгох, шүүгдэгч А.А нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Аы өмгөөлөгч Б.Г гаргасан давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын шүүгдэгчийн гэм буруугийн талаар хийсэн дүгнэлтэд маргахгүй буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болно. Харин шүүх эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт хийхдээ шүүгдэгч А.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно гэж дүгнэсэн атлаа хохирогчийн зөрчигдсөн эрх бүрэн сэргээгүй байгаа байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан шүүхээс шүүгдэгч А.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Шүүгдэгч А.А болон түүний өмгөөлөгчийн зүгээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн, уг гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг хөнгөрүүлж үзэх нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүй.

Шүүх гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүндрүүлэх нөхцөл байдал байгаа эсэхийг харгалзан үзэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.8 дахь заалтад заасан нөхцөл байдал тогтоогдож байгаа тохиолдолд гэм буруутай этгээдэд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхээр заасан боловч анхан шатны шүүх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж дүгнэсэн атлаа уг гэмт хэрэгт ялын хүнд хэлбэр болох нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцээгүй, өөрөөр хэлбэл эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар,  хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх зарчимд нийцсэнгүй. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 291 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч А.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгуулийн ял болгож өөрчилж өгнө үү. ...” гэжээ.

Прокурор М.Эрдэнэзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч А.А нь хувийн байдлынхаа талаар буюу ажил хөдөлмөр эрхэлдэг, ашиг орлого олдог талаараа прокурорын шатанд болон анхан шатны шүүхэд баримт ирүүлж байгаагүй. Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзаж 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч А.А нь 2023 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Кензо” бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан О.Бын нүүрэн тус газарт шил мэт зүйл шидэж эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дээд хананы хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч О.Бын “... 2023 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 01 цагийн үед найз Б , О нарын хамт Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кензо нэртэй бааранд ороод хүний 2 шил, нийт 6 шил пиво захиалж уусан. Шөнө 02 цаг өнгөрч байхад найз Б явсан. Найз О бид хоёр байж байгаад удалгүй гарах гээд байж байсан чинь үл таних нэг залуу, үл таних нэг эмэгтэйг дургүй байхад нь хоргоогоод байсан. Би үл таних залууд хандаж “чи эмэгтэй хүний биед хамаагүй хүрч болохгүй” гэж хэлсэн чинь тэр залуу над руу уурлаад дайраад байсан. Тэгээд үл таних залуу шил аваад над руу шидэх үед хамт явсан эмэгтэй нь болиулсан. Гэтэл дахин шил аваад над руу шидэх үед миний нүд хэсэгт оноод нүднээс цус гарсан. Удалгүй цагдаагийн албан хаагч ирсэн. ...” /хх 10-11/,

Гэрч Н.О-ийн “... 2023 оны 01 дүгээр сарын 20-ны орой 21 цагийн үед манай найзууд болох Басбаяр, Баяраа бид 3 манай ахынд уулзаад 1 шил 0.75 литрийн Х нэртэй архи хувааж уугаад Саппорогийн урд талын Кензо нэртэй бааранд орж суусан. Тэндээ 2 пиво захиалж уугаад сууж байтал манай найз Б явсан. Бид хоёр үлдээд бүжгийн талбай руу гараад бүжиглээд байж байтал нэг харсан чинь пивоны шил пас хийж хагараад манай найз нүдээ бариад талбай дээр суучихсан. Манай найз руу ширээн дээр сууж байсан цагаан өнгийн цамцтай залуу пивоны шил шидсэн байсан. ...” /хх 17-18/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1747 дугаар “О.Бын биед зүүн нүдний ухархайн дээд хананы хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Амь насанд аюулгүй, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” /хх24-25/ гэсэн дүгнэлт,

Камерын бичлэг үзлэг хийсэн тэмдэглэл /хх 4-6/, дүрс оношлогооны шинжилгээний хариу /хх 26/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Прокуророос шүүгдэгч А.Аы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч А.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч А.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдалд тохирсон байх бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.

Шүүгдэгч А.Аы өмгөөлөгч Б.Гөөс “...А.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгуулийн ял болгож өөрчилж өгнө үү.” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар, нийт хоёр зуун дөчөөс долоон зуун хорин цагаар тогтооно.”, 5 дахь хэсэгт “Нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүнд, биеийн эрүүл мэндэд шууд нөлөөлөхүйц нийтэд тустай ажил хийлгэх ялыг жирэмсэн эмэгтэй, тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэй хүнд оногдуулахгүй.” гэж тус тус заасан.

Анхан шатны шүүх шүүгдэгч А.Ад энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх ба түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь үндэслэлтэй байна.

Мөн шүүгдэгч А.Аыг эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа хувийн байдал, хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж оногдуулах хууль зүйн үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

  Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/291 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Аы өмгөөлөгч Б.Гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/291 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Аы өмгөөлөгч Б.Гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Т.ШИНЭБАЯР

 

                       ШҮҮГЧ                                         Д.ОЧМАНДАХ

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.ЗОРИГ