Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2016/01062

 

Хаан банкны нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч   Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 

2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 167 дугаар шийдвэр,

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн

2016 оны 6 дугаар  сарын 22-ны өдрийн 01 дүгээр  магадлалтай,

Нэхэмжлэгч: ХААН банкны Булган аймаг дахь салбар,

Хариуцагч : А.Хандаш,

Хариуцагч : Д.Солонго,   

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээ цуцлах, 7.211.979 төгрөг гаргуулах 

Хариуцагч Д.Солонгын гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Наран, хариуцагч Д.Солонго, нарийн бичгийн даргад И.Хажидмаа  нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн А.Алтансүх, Д.Солонго нар нь ХААН банкны Булган салбараас 2013.8.09-ний өдөр 13/148 зээлийн гэрээ байгуулж 7.729.251 төгрөгийг, жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, өрхийн хэрэгцээндээ хэрэглэх зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлд 809.305 төгрөг, зээлийн хүүнд 666.529 төгрөг, нийт 1.457.834 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчин 47 хоног хугацаа хэтрүүлсэн ба банк зээлдэгчээс зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй байна. Иймд зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, банк зээлийн гэрээний 2.3.1 дахь хэсгийг үндэслэн 2014.03.11-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 6.919.946 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 290.751 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.281 төгрөг, нийт 7.211.979 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

 Хариуцагч Д.Солонго шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь А.Алтансүхтай 2012 оны 10 дугаар сарын сүүлээр танилцсан. 2013 оны 5 дугаар сард цаашид хамтран амьдаръя, хашаа байшингаа засварлая гээд зээл авна гэхэд “...та хоёр ажилтай учир цалингаа барьцаалаад зээл авч болно...” гэж хэлсэн. Ингээд байшин хашаагаа өргөтгөж завсарлах зорилгоор 5 сая төгрөг зээлсэн. Дараа нь 2013.8.09-ний өдөр хашаа байшин засварлахад мөнгө дутсан тул 950.000 төгрөгийг нэмж авсан. Би авсан зээлийг зарцуулаагүй, мөнгө аваагүй, хашаа байшинд л зарцуулсан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч А.Хандаш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Алтансүх, Д.Солонго нар ажлаасаа гарсан байхад банк цалингийн зээл олгосон байна. А.Алтансүх нас барсан. Би А.Алтансүхийн ах учир над хашаа, башин өвлөгдсөн. Зээлсэн мөнгө эд нар юунд зарцуулсныг мэдэхгүй. Эхний зээлээр хувцас худалдан авч байсан. 5 сард авсан зээлээ хашаа байшинд зарцуулсныг нь мэднэ. 950.000 төгрөгийн зээлээр хүүхдийн үсний найр хийсэн. Нэхэмжлэлийг Хаан банк, Д.Солонго, нарын хамт эсхүл Д.Солонго 50-г төлнө гэвэл үлдэх хэсгийг нь би төлөхөөс татгалзахгүй гэжээ. 

Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 167 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 225 дугаар  зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1,535 дугаар зүйлийн 535.1-д заасныг баримтлан 2013.8.09-ний өдрийн 13/148 дугаартай зээлийн гэрээг цуцалж,  Д.Солонго, А.Хандаш нараас тус бүр 3.605.989,5 төгрөг нийт 7.211.979 төгрөг гаргуулж ХААН банкны Булган аймаг дахь салбарт олгож, хариуцагч нар тус бүрээс 45.000 төгрөг нийт 90.000 төгрөг гаргуулж Далай ван аудит ХХК-д олгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130.392 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нар тус бүрээс 65.196 төгрөг нийт 130.392 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна. 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар  сарын 22-ны өдрийн 01 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтад “242 дугаар зүйлийн 242.11, 453 дугаар зүйлийн 452.1.2” гэсэн нэмэлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

Хариуцагч Д.Солонго хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Энэ хэргийн хариуцагч жинхэнэ үүрэг гүйцэтгэгч А.Алтансүх, хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Солонго нар цалингийн зээл нэрээр тухайн үед хашаа байшингаа засах гэсэн юм гэж зориулалтаа тодорхойлон 2013 онд 3 удаа зээл авч Булган сумын 6-р баг "б" хэсгийн 12-р гудамжны 6 тоот А.Алтансүхийн өмчлөлийн хашаа байшинг засварласан. Байшин хашааг хэрхэн засаж сайжруулсан нь хавтаст хэрэгт авагдсан харьцуулсан фото зургуудаас харагдах ба ямар өртөгтэй байшин болсон нь Далай ван аудитын газрын үнэлгээгээр тодорхойлогдоно. Хариуцагч А.Алтансүх нь 2013 оны 12-р сард зуурдаар нас барж, жилийн дараа түүний хашаа байшинг өвлөх эрх ах Хандашид шилжсэн. Анхан шатны шүүхээс зээлийг адил тэнцүү төлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд хууль хэрэглээний хувьд Иргэний хуулийн 242-р зүйлийн 242.11-д заасан ...үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэснийг баримтлаагүй нь буруу байна гэжээ. Энэ заалтыг баримтлан зээлийг адил тэнцүү төлүүлэхээр шийдвэрлэсэн нь уг зээлээр засаж сайжруулаад 20 сая төгрөгний өртөгтэй болсон хашаа байшингаас өчүүхэн ч хувь хүртэх боломжгүй надад хашаа байшинг өвлөж байгаа хүнтэй адил үүрэг хүлээлгэж байгаа нь хэтэрхий шударга бус, үнэнд нийцэхгүй дүгнэлт тул хуулийн заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 535-р зүйлийн 535.1-д өв хүлээн авсан өвлөгч... өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ гэж зааснаар өвлөгч А.Хандашид үүргийг бүрэн хүлээлгэн шийдвэрлэж өгнө үү гэв. 

ХЯНАВАЛ :

ХААН банкны Булган аймаг дахь салбар нь 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж А.Хандаш, Д.Солонго нараас үндсэн зээл 6.919.946 төгрөг, хүү 290.751 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.281 төгрөг нийт 7.211.979 төгрөг гаргуулахыг шаардсан бөгөөд 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Д.Солонго, А.Алтансүх нартай байгуулсан 13/1484 дугаар бүхий барьцаат зээлийн гэрээг үндэслэжээ. /хх 1ийн 1-3, 26, 27, 122-123, 168/.

Д.Солонго нь 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 13/1484 дугаар барьцаат зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч, А.Хандаш нь зээлдэгч А.Алтансүхийн өв залгамжлагч гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч нь Д.Солонго, А.Хандаш нарыг хариуцагчаар сонгосон бөгөөд хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан байна. /хх 1-ийн 122, 188, 194-197, 200/

Анхан шатны шүүх 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 13/148 дугаартай зээлийн гэрээг цуцалж, Д.Солонго, А.Хандаш нар тус бүрээс 3.605.989,5 төгрөг нийт 7.211.979 төгрөг гаргуулж ХААН банкны Булган аймаг дахь салбарт олгосныг давж заалдах шатны шүүх хянаж Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ. /хх 2ийн - 47-52, 62-67/   

Д.Солонго хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа “...А.Алтансүх 2013 оны 12 дугаар сард зуурдаар нас барж, жилийн дараа түүний хашаа байшинг өвлөх эрх ах А.Хандашид шилжсэн... зээлийн зориулалт нь хашаа байшин засах байсан... шүүх зээлийг адил тэнцүү төлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна... шүүх Иргэний хуулийн  242 дугаар зүйлийн 242.11-г баримтлаагүй нь буруу... засаж сайжруулсан 20.0 сая төгрөгний өртөгтэй хашаа байшингаас өчүүхэн ч хувь хүртэх боломжгүй надад хашаа байшинг өвлөж байгаа хүнтэй адил үүрэг хүлээлгэж байгаа нь шударга бус байна... Иймд өвлөгч А.Хандашид үүргийг бүрэн хүлээлгэн шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч Д.Солонгын гомдлыг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

1. Хэрэгт ХААН банктай байгуулсан нийт 4 зээлийн гэрээ авагдсан боловч 2013 оны гурван гэрээ нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой байна. Үүнд :

2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 13/22 дугаартай гэрээгээр нэхэмжлэгч нь 5 сая төгрөгийг нэг жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлүүлсэн. Гэрээнд “зээлдэгч” гэсэн хэсэгт А.Алтансүх, “хамтран үүрэг гүйцэтгэгч” гэсэн хэсэгт Д.Солонго гарын үсэг зурсан. /хх 1-ийн 41/

2013 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 13/879 дугаартай гэрээгээр өмнөх зээлийн үлдэгдэл 2.274.067 төгрөг дээр 5 сая төгрөг нэмж нийт 7.274.067 төгрөгийг нэг жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлүүлсэн. Гэрээний “зээлдэгч” гэсэн хэсэгт А.Алтансүх, “хамтран үүрэг гүйцэтгэгч” гэсэн хэсэгт Д.Солонго, У.Ариунгэрэл нар гарын үсэг зурсан. /хх 1-ийн 36-38, 141-143/

2013 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 13/1484 дугаартай гэрээгээр зээлийн үлдэгдэл 6.779.250 төгрөг дээр нэмж 950.000 төгрөг нийт 7.729.250 төгрөгийг нэг жилийн 21,6 хүүтэй, 36 сарын хугацаатай зээлүүлсэн. Гэрээний “зээлдэгч” гэсэн хэсэгт   А.Алтансүх, “хамтран үүрэг гүйцэтгэгч” гэсэн хэсэгт Д.Солонго гарын үсэг зурсан, уг гэрээг нэхэмжлэгч шаардлагынхаа үндэслэл болгожээ. /хх1-ийн -3, 138/

2. Д.Солонго нь нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээнд “хамтран үүрэг гүйцэтгэгч” гэсэн хэсэгт гарын үсэг зурсан нь түүнийг зээлдэгч гэж үзэх, улмаар нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулсан гэж дүгнэх нөхцөл болохгүй байна.

Зээлийн гэрээний зорилго нь нэг тал зээл олгох, нөгөө тал нь зээл авахад оршино. Нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээ байгуулагдахаас өмнө хийсэн гэрээнүүдийг дүгнэн    үзвэл 13/22 дугаар гэрээний “хамтран үүрэг гүйцэтгэгч“ гэсэн хэсэгт Д.Солонго, 13/879 дугаар гэрээнд Д.Солонгоос гадна У.Ариунгэрэл гарын үсэг зурсан, эдгээр гэрээ нь хоорондоо холбоотой боловч “хамтран үүрэг гүйцэтгэгч“ нь өөр өөр байгаа нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна.

Гэрээний зорилго, талуудын нэгдмэл санаа, гэрээ байгуулахаас өмнө хийсэн гэрээг  харгалзан дүгнэвэл 13/22, 13/879, 13/1484 дугаар гэрээний зээлдэгч нь Д.Солонго гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэх нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийг зөрчихгүй.

3. Банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх үүргийг хүлээнэ гэж Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан учир зээлийн мөнгийг гэрээний дагуу хүлээлгэн өгсөн этгээдээс нэхэмжлэгч шаардах эрхтэй. 

13/22, 13/879, 13/1484 дугаар гэрээний дагуу А.Алтансүхэд зээлийн мөнгийг олгосон байх тул гэрээний үүргийг Д.Солонго хариуцах үндэслэл тогтоогдоогүй гэж үзнэ.

4. ХААН банкны Булган аймаг дахь салбараас А.Алтансүх нь 13/22, 13/879, 13/1484 дугаар гэрээний дагуу зээл авсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, зээлдүүлэгч нь 13/1484 дүгээр гэрээний үүргийг зээлдэгчээс шаардах нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд нийцнэ.  

А.Алтансүх нь 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нас барсан болох нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 00/000682 дугаар лавлагаа, зохигчдын тайлбараар нотлогдсон байна.   А.Алтансүхийн өмчлөлийн, Булган аймгийн, Булган сумын 2-р баг, 12-р гудамж, 06 тоот 12 кв.м хувийн сууц, эзэмшил газар нь нийт 19.905.000 төгрөгийн үнэтэй болох нь Далай ван аудит ХХК-ийн 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн тайлангаар тогтоогдсоноос гадна  уг эд хөрөнгийг А.Хандаш нь Өвлөх эрхийн 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 07, 08 дугаар гэрчилгээг үндэслэн өвлөн авчээ. /хх1ийн -158, хх 2ийн -18, 29, 30/

Өв хүлээн авсан өвлөгч нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээх тул А.Алтансүхийн гүйцэтгэвэл зохих үүргийг ХААН банкны Булган аймаг дахь салбар нь А.Хандашаас нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1-г зөрчөөгүй байна. 

Хэрэгт авагдсан баримтаар 13/1484 дугаар зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч  7.211.979 төгрөг шаардсан нь үндэслэлтэй байх тул уг мөнгийг А.Хандаш төлөх үүрэг хүлээнэ.

Дээр дурдсан үндэслэлээр Д.Солонгод холбогдох ХААН банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, А.Хандашаас 7.211.979 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох өөрчлөлтийг шийдвэр, магадлалд оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 01 дүгээр магадлалын тогтоох хэсгийн нэг, Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 167 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “...Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 13/1484 дугаар гэрээг цуцалж, А.Хандашаас 7.211.979 төгрөг гаргуулж ХААН банкны Булган аймаг дахь салбарт олгож, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан үндэслэлгүй тул Д.Солонгод холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж, 2 дахь заалтын “...хариуцагч нараас тус бүр 45.000 / дөчин таван мянга/ төгрөг нийт 90.000 / ерэн мянга/ төгрөг...” гэснийг “...А.Хандашаас 90.000 / ерэн мянга/ төгрөг...” гэж, 3 дахь заалтын “...хариуцагч нар тус бүр 65.196 / жаран таван мянга нэг зуун ерэн зургаа/ төгрөг...” гэснийг “...А.Хандашаас...” гэж тус тус өөрчлөн, шийдвэр болон магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 65.800 /жаран таван мянга найман зуу/ төгрөг төлснийг Д.Солонгод захирамжаар буцаан олгосугай.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                       Б.УНДРАХ