Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 80

 

А.Эөд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, хохирогчийн өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 114 дүгээр шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 79 дүгээр магадлалтай, А.Эөд холбогдох 1732000750073 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч А.Б, түүний өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1981 оны 3 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Ц овогт А.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч А.Эийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар А.Эийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг Шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч А.Бын нэхэмжилсэн 4.541.000 төгрөгөөс эмчилгээний зардал 2.181.736 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, үлдэх 2.359.264 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-т зааснаар А.Эөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг 6 сарын хугацаанд арилгахыг үүрэг болгож, хохирогч нь гэм хорын хохирлоо гэм буруутай этгээд болох шүүгдэгчээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогч А.Б гаргасан гомдолдоо: “...Миний бие осолд орсон цагаас хойш өнөөдрийг хүртэл байнгын өвчтэй, эмчилгээтэй байгаа болно. Хохирол төлсөн хүний ялыг тэнсэж болдог гэдгийг ойлгосон боловч миний хохирлыг төлөхгүй байгаа А.Эийг хорих ял оногдуулахгүй тэнссэнийг ойлгохгүй байна. Энэ хэрэг болгоомжгүй байдлаас болсон гэдгийг ойлгож байгаа, мөн энэ хүнийг ял шийтгүүлэх сонирхол надад үнэндээ байхгүй. Гэтэл А.Э нь надад гэмтэл учруулчихаад намайг дэндүү басамжилж тохуурхаж байгаад үнэхээр гомдолтой байна. Би анх тархиндаа хүнд гэмтэл авсан гэж хэдэн сар хэвтэрт байж байгаад боссон боловч өнөөдөр аажим аажмаар өрөөсөн нүд юм харахаа больж, чих сонсголгүй болсон. Эмчлүүлэх гэхээр ажил хөдөлмөр хийж чадахгүй, ямар ч орлогогүй болохоор эхнэрээрээ тэжээлгэн өдөр хоногийг өнгөрөөж байна. Би А.Эөөс зөвхөн өвчин намдаах эмний мөнгө нэхэмжилсэн. Эрдэнэтөгс нь компаний захирал хийдэг боломжтой хүн. Шүүх хуралдааны өмнө болон шүүх хуралдааны шатанд ч А.Э хохирол төлбөр төлөх талаар санаачлага гарган нэг ч удаа уулзаагүй. Шүүхийн шийтгэх тогтоолд миний эмчилгээний зардлыг бүрэн төлсөн мэтээр бичиж худал шийдвэр гаргасан. Хохирогч миний эрх ашгийг хамгаалахгүй байгаад гомдолтой байна. Иймд хохирол гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогч А.Батжаргалын өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирч түүнээс үүсэх хор уршиг арилаагүй тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй гэж дүгнэсэн атлаа шүүгдэгч А.Э нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлээгүй, хохирол огт төлөгдөөгүй байхад Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг илт зөрчиж, шийтгэх тогтоолд “шүүхийн шатанд хохирлыг төлсөн” гэж худал дүгнэлт хийж, шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хууль бус шүүхийн шийдвэр гаргасан тул давж заалдах гомдол гаргасан. Гэтэл давж заалдах шатны шүүх “Шүүгдэгч нь хэдийгээр хохирол төлөөгүй боловч шүүхийн шатанд нөхөн төлөхөө илэрхийлсэн” гэсэн дүгнэлт хийж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг болон хохирогчийн хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Хохирогч А.Б нь гэмт хэргийн улмаас тархиндаа хүнд гэмтэл авсан ба гэмтэл нь бусад эрхтэндээ нөлөөлж одоо нэг талын чих сонсголгүй, нүд юм харахгүй болсон. Цаашид ажил хөдөлмөр хийх чадваргүй, эмчилгээ хийлгэх боломжгүй, амьдралын хүнд нөхцөлд амьдарч байна. 2018 оны 3 дугаар сарын 22-ноос гарсан эмчилгээний зардал 2.501.000 төгрөг, төлөгдөөгүй зээл 2.040.000 төгрөгийг шинээр нэхэмжилсэн ба дээрх хохирол одоо болтол төлөгдөөгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор А.Оюунгэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “...Шүүгдэгч А.Э нь гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон. Хохирлын асуудлыг үндэслэлтэй зөв шийдвэрлэсэн. Шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хохирогч А.Б, түүний өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч А.Эөд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь прокурорын газраас шүүгдэгч А.Эийг 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 19 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Хужирт гэх газар хатуу хучилттай зам дээр Лексус загварын 70-70 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас иргэн А.Бын эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч А.Эөд холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Сэлэнгэ аймаг дахь Сум дундын шүүхийн 2018 оны 9 дугаар сарын 16-ны өдрийн 114 тоот шийтгэх тогтоол, мөн Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн магадлал нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Тухайлбал, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “шүүгдэгч А.Э нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Хужирт гэх газар хатуу хучилттай зам дээр 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 19 цагийн үед Лексус загварын 70-70 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас иргэн А.Бын эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул …” гэж хэргийн үйл баримтыг дүгнэсэн байх боловч тэрээр Замын хөдөлгөөний дүрмийн ямар заалтыг хэрхэн зөрчсөн, зам тээврийн осол гарахад хохирогч зохих буруутай эсэх,  уг ослын улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн шинж зэрэг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг тодорхой дүгнэж бичээгүй, харин прокурорын яллах дүгнэлтэд дурьдсан хэргийн үйл баримтыг, нотлох баримтын хамт хуулбарлан бичиж, тухайн үйл баримт нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэсэн хэт ерөнхий, хялбарчилсан дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3-т заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байна.

Шүүгдэгч А.Э нь анхан шатны шүүх хуралдаанаас хойш хохирол нэмж төлөөгүй байх бөгөөд хохирогч А.Б нь зөвхөн хохиролтой холбоотой асуудлаар давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргажээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон хор уршгийг зөв тодорхойлж, шүүгдэгчийн төлбөл зохих хохирлын хэмжээг үндэслэлтэй тогтоож чадаагүй, шүүгдэгч нь учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлж, хор уршгийг арилгаагүй, үлдэх хохирлыг хэзээ, ямар хэлбэрээр, хэдэн төгрөгийн хэмжээнд, аль эх үүсвэрээр, хэрхэн төлж барагдуулахаа нотолж чадаагүй, энэ талаар шүүгдэгч болон хохирогч нар эвлэрэн хэлэлцээгүй байхад шүүх хохирогч А.Бын нэхэмжилсэн зарим хохирлыг хэлэлцэхгүй орхиж, түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирлоо жич нэхэмжлэх эрхтэйг дурьдаж, улмаар шүүгдэгч А.Эийг “хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн” гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэв.

Давж заалдах шатны шүүх нь дээр дурьдсан алдааг зөвтгөөгүйгээс гадна “Шүүгдэгч А.Эийг гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учруулсан гэм хорын хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн” гэсэн дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн нь буруу байна.

Цаашид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 болон 7.1 дүгээр зүйлд заасан “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн” гэдгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан бүх шалгуур нөхцөл хангагдсан байхыг, мөн “хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн” гэх үндэслэлээр шүүгдэгчид ял оногдуулахгүйгээр тэнсэх эсэх асуудлыг шийдвэрлэхэд түүний “хохирол төлж барагдуулна” гэсэн тайлбар дангаараа хангалтгүй, харин төлбөрийн чадвартай болохоо нотолж, хохирлыг ямар хугацаанд хэрхэн барагдуулах талаар хохирогчтой эвлэрсэн, эсхүл хохирол төлөхөд хүрэлцэхүйц мөнгийг тусгай дансанд байршуулсан, тодорхой эд хөрөнгийг хохиролд тооцон шилжүүлэхээр санал гаргасан зэрэг объектив шалгуурыг хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдал зэрэгтэй харьцуулан үнэлэх замаар шүүгдэгчид хуульд заасан хөнгөлөлт эдлүүлэх эсэхийг шийдвэрлэх нь зүйтэй.

Иймд энэ талаар хохирогч, түүний өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 114 дүгээр шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 79 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 114 дүгээр шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 79 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

                                                        ДАРГАЛАГЧ,                                   Б.ЦОГТ

                                                      ШҮҮГЧ                                               Б.БАТЦЭРЭН

                                                                                                                 Д.ГАНЗОРИГ

                                                                                                                 Ч.ХОСБАЯР

                                                                                                                 Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН