| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбосүрэнгийн Буяннэмэх |
| Хэргийн индекс | 186/2017/0635/Э |
| Дугаар | 594 |
| Огноо | 2017-12-12 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | С.Энхтуул |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 594
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга Г.Номин,
Улсын яллагч С.Энхтуул,
Шүүгдэгч Х. нарыг оролцуулан,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Сартуул овогт Хын ад холбогдох 201725030810 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, , төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Сартуул овогт Хын (РД:00000000000),
нь 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Лха түшиг үйлчилгээний төвийн караокед Ж.Отгонзаяаг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт
|
|
|
|
холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүхийн хэлэлцүүэлгт шүүгдэгчээс мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлсэн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Х.аас мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Ишийг ширээ рүүгээ явуулсан чинь нөгөө залуу нь наад найз нараа аваад эндээс зайл нээд хэл амаар доромжлоод байхаар нь би уурлаад нэг удаа гараараа нүүр рүү нь алгадсан. Тэгээд тэр залуу босож ирээд бид хоёр хэрэлдээд баарны коридор руу гараад хоорондоо хэрэлдээд нэг нэг удаа бие биенээ цохьсон” гэжээ.
Хохирогч Ж.Отгонзаяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…2017 оны 4 дүгээр сарын 15-ны 23.57 цагт би ганцаараа долоон буудалд байдаг Лха түвшиг худалдааны төвийн 2 дугаар давхарт байдаг нийтийн караоке бааранд орсон. Би тэр үед утсаараа найз Оюунцэцэгтэй яриад бааранд орсон болохоор утаснаасаа хараад цагийг нь яг сайн мэдэж байна. …Тэгээд байж байтал тэр залуу өөрөө над дээр ирээд чи яасан их дуулдаг юм. Яагаад далдаганаад байгаа юм гээд миний чихэндээ зүүсэн байсан чихэвчийг булаад аваад буцаагаад над руу шидсэн. Тэгтэл араас нь жижиг халимаг үстэй шар царайтай үсээ хажуу тийш нь налуулсан залуу нь ирээд нөгөө залуугаа хойш нь татаад ширээн дээрээ суу гэж явуулаад өөрөө үлдээд чамд ямар асуудал байна. яриа байна уу? гэх зэргээр өдсөн. Тэгэхээр нь би та нартай надад ямар ч асуудал байхгүй би харилаа гэтэл тэр залуу миний мөр рүү хөнгөн нэг удаа цохиод намайг чирээд тэр баарны коридор руу гаргасан. Коридорт гаргасан хойно ширээн дээр нь сууж байсан залуу ирээд хоёулаа эр хүн шиг үзчих үү? гээд намайг мөргөсөн. Ингээд зууралдаад байж байтал Иш гэдэг залуу нь ирээд шууд намайг чирээд шатаар давхралдаад өнхрөөд унаад гарсан. Тэгээд гадаа гартал нөгөө жижиг халимагтай залуу нь согтуу байсан залуугаа аваад машинд суугаад явчихсан. Хэрэг болох үед би анх Иш гэдэг залуутай нь маргалдахад хажуунаас гэдэг найз нь ирээд миний толгой руу гараараа 2-3 удаа нэлээд чанга цохьсон. Тэгэхэд миний тархи доргисон юм. Харин дараа нь би Иш гэдэг анх надтай муудалцсан залуутай давхралдаж унасан ба тэгэхэд бол толгойгоо цохиогүй.” гэв.
Х.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “…Тэгээд би ширээн дээр сууж байтал бармен нь гэх нэг залуу ирээд гадаа найз чинь хүнтэй муудалцаад байна гэхээр нь Иш бид хоёр гараад очсон. Тэгтэл баарны коридорт Түмээ нэг залуутай муудалцаад маргалдаад зогсож байхаар нь бид хоёр очоод салгах гээд салахгүй болохоор нь би орхичихоод буцаж орж ирээд Цоомоог тасарсан байсан болохоор нь аваад гараад иртэл Иш нөгөө хохирогч гэх залуутай барьцалдаж аваад шатны уруу өнхрөөд унасан. …Тэгээд Иш бид 2 явах гэхэд нөгөө хохирогч залуу ирээд миний хөлнөөс зуураад явуулахгүй байхаар нь би тэр залуугийн гарыг нь тавиулаад гар руу нь хоёр удаа цохиод тэгээд Иш бид хоёр явсан. Миний харснаар хохирогчийн толгой руу Түмээ гараа атгаж байгаад 2-3 удаа цохиж зодсон юм. Би тэр залуугийн гарын булчин руу нь өөрөөсөө холдуулах гэж цохьсон. Харин Иш салгах гэж байгаад хохирогчтой давхралдаж унасан.” гэжээ.
Б.Ишийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “…Түмээ тэр залуутай юм ярьж байгаад тэр залууг нэг удаа гараараа нүүр рүү нь алгадаж байгаа харагдсан. Тэгээд Түмээ тэр залуутай хамт гарсан ба зөөгч нь бид нар дээр хүрч ирээд танай найз чинь гадаа хүнтэй зодолдоод байна гэхээр нь Анхбаяр бид хоёр араас нь гартал баарны коридорт Түмээ нөгөө залуутай муудалцаад байж байсан. …Би араас нь хувцаснаас нь бариад автал бид хоёр шатны уруу унасан.” гэжээ.
Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.4.16-ны өдрийн ¹5190 тоот шинжээчийн дүгнэлтэд:
1.Ж.Отгонзаяагийн биед тархи доргилт, уруулын дотор салст, бугалга, эрүүний цус хуралт, шууны арьсны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг дүгнэвэл, 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн орой Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Лха түшиг үйлчилгээний төвийн караоке дотор үйлчлүүлж байсан Ж.Отгонзаяа, Б.Иш нар маргалдсанаас шүүгдэгч Х.Түмэнннаст нь өөрийн найз Б.Ишийг өмөөрч Ж.Отгонзаяагийн толгой руу 2-3 удаа гараараа цохисноос түүний биед хөнгөн гэмтэл учирсан болох нь
|
|
|
|
шүүгдэгчээс үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ж.Отгонзаяагийн “...Хэрэг болох үед би анх Иш гэдэг залуутай нь маргалдахад хажуунаас гэдэг найз нь ирээд миний толгой руу гараараа 2-3 удаа нэлээд чанга цохьсон. Тэгэхэд миний тархи доргисон юм” гэх мэдүүлэг, Х.Анхбаярын “…Миний харснаар хохирогчийн толгой руу Түмээ гараа атгаж байгаад 2-3 удаа цохиж зодсон юм.” гэх мэдүүлэг, Б.Ишийн “…Түмээ тэр залуутай юм ярьж байгаад тэр залууг нэг удаа гараараа нүүр рүү нь алгадаж байгаа харагдсан” гэх мэдүүлэг, хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.4.16-ны өдрийн ¹5190 тоот шинжээчийн дүгнэлт, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл болон бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.
2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 202 дугаар прокурорын тогтоолд шүүгдэгч Х.Түмэннастыг бусдыг илтэд үл хүндэтгэн, үл ялих зүйлээр шалтаглан догшин авирлан танхайрсан гэж үзсэн боловч шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн шүүгдэгч, хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр шүүгдэгч Х.Түмэннаст нь өөрийн найз Б.Ишийг хохирогчтой маргалдсан шалтгаанаар түүнийг өмөөрч буюу хувийн сэдэлтээр гэмт хэрэг үйлдэгдсэн хэмээн шүүх дүгнэв. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдэгдэх үед “Лха түшиг” үйлчилгээний төвийн хэвийн үйл ажиллагаа алдагдсан, олон нийтийг илтэд үл хүндэтгэн догшин авирлаж танхайрсан гэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Гэмт хэрэг 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр гарсан бөгөөд 2015 оны шинэ Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлд үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлохоор заасан тул прокуророос шүүгдэгч Х.ад Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2002 оны хуучин Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчилж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Х.Түмэннастыг 2002 оны хуучин Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн тул шүүгдэгч Х.Түмэннастыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болж байна.
Хохирогч нь ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Х.ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14-2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлд заасныг баримтлан прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х.ад холбогдох хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчилсүгэй.
2.Шүүгдэгч Сартуул овогт Хын ыг 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Х.ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
5.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.ад урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БУЯННЭМЭХ