Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2023/ДШМ/733

 

 

 

 

     2023           7             19                                       2023/ДШМ/733

 

Э.Эд холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Батзориг, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Нямдорж,

шүүгдэгч Э.Эы өмгөөлөгч М.Д,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/272 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Эы гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2210017020176 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 15-ны  өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Б овгийн  Э.Э, 19.. оны 02 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, ................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:....../;

Э.Э нь үргэлжилсэн үйлдлээр иргэн Ч.Мн эд хөрөнгийг өөртөө хууль бусаар олж авахын тулд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Таван богд” ХХК-ийн хажуу талын Эрчим хүчний яамны ойролцоо байхад нь “3 айлын газар авч өгнө” гэж итгэл төрүүлэн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Хаан банкны 2007541866 тоот дансанд 5.000.000 төгрөгийг, Хаан банкны 5085020421 тоот дансанд 100.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 7.000.000 төгрөгийг тус тус дансаар буюу бэлнээр авч, нийт 12.000.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Э.Эы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.Эыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Эд 2.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Эд оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохиролд Э.Э нь 12.100.000 төгрөгийг хохирогч Ч.Мд нөхөн төлснийг тэмдэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг Сидиг хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, Эрүүгийн хэрэгт Э.Эы иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Э гаргасан давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхээс надад оногдуулсан 2.000.000 төгрөгийн торгох ялыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул хүчингүй болгуулахаар давж заалдах гомдол гаргаж байна. Учир нь, миний ар гэрийн байдал, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа, нэг хүүхэдтэй, эхнэр маань жирэмсэн байгаа. Мөн би урьд төрийн албанд ажиллаж байсан, одоо ажилдаа орох боломжгүй нөхцөл байдалтай байгаа. Надад өмнө ял шийтгүүлж байсан асуудал байхгүй. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад шүүгдэгч нь хохирогчийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх заалт байсаар байхад тус заалтыг баримтлалгүй надад торгох ял оногдуулсан тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Мөн миний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан намайг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч Э.Эд 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгийн торгох ял оногдуулсан. Хэдийгээр анхан шатны шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтыг харгалзаж үзсэн хэдий ч Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар миний үйлчлүүлэгч Э.Эг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх боломжтой байсан гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Учир нь, шүүгдэгч Э.Э нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. Харин одоогийн байдлаар эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа учир шүүхээс оногдуулсан 2.000.000 төгрөгийн торгох ялыг төлж барагдуулах боломж тааруу байна. Мөн эхнэр нь бие давхар болсон учир гэр бүлийн санхүүгийн байдал хүндрэлд орсон. Иймд миний үйлчлүүлэгчийн хувийн байдал болон түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирогчид хохирлоо бүрэн төлсөн зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан торгуулийн ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Н.Нямдорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Энэ хэрэг нь 2020 оны 7 дугаар сараас 10 дугаар сар хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр үйлдэгдсэн. Гэхдээ шүүгдэгч Э.Эыг 2023 онд буюу гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө яллагдагчаар татсан. Хэрэв яллагдагчаар татах хугацаа дууссан бол Э.Э гэдэг хүн ял завших нөхцөл үүсэх байсныг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих гэсэн 4 төрлийн ялтай гэмт хэрэг. Прокуророос яллагдагч Э.Эд ял оногдуулахдаа түүний хохирол төлбөрөө төлсөн байдлыг харгалзаж хуульд заасан хамгийн хөнгөн ялыг оногдуулах санал гаргасан. Анхан шатны шүүхээс уг саналыг хүлээн авч торгуулийн ял оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Э.Э нь үргэлжилсэн үйлдлээр иргэн Ч.Мгийн эд хөрөнгийг өөртөө хууль бусаар олж авахын тулд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Таван богд” ХХК-ийн хажуу талын Эрчим хүчний яамны ойролцоо байхад нь “3 айлын газар авч өгнө” гэж итгэл төрүүлэн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Хаан банкны 2007541866 тоот дансанд 5.000.000 төгрөгийг, Хаан банкны 5085020421 тоот дансанд 100.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 7.000.000 төгрөгийг тус тус дансаар буюу бэлнээр авч, нийт 12.000.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ч.Мгийн “... 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Э.Э гэж хуучин хамтран ажиллаж байсан хүнтэйгээ Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Эрчим хүчний яам дээр таарсан. Тэгээд сонин сайхан ярьж байгаад Хан-Уул дүүрэгт Архивын ерөнхий газрын урд талд 3 айлын газар худалдаж авах санаатай явж байгаа талаараа хэлэхэд Э.Э зохицуулаад аваал өгч чадна, би найзтайгаа ярьж байгаад зохицуулаад аваад өгчихөж чадна гэсэн. Тэгэхээр нь хэдий хугацаа орох вэ гэхэд 3-6 сарын хугацаанд шийдээд өгч чадна гэж хэлсэн. Тэгээд яах ёстой талаар асуухад чи энэ данс руу эхлээд 5.000.000 төгрөг хийчих, гээд 5007541866 тоот Хаан банкны данс өгсний дагуу 5.000.000 төгрөг хийсэн. Дараа нь 100.000 төгрөг хийчих гээд 5085020421 тоот данс өгсөн ба би тэр эхнэрийнх нь гэх данс руу 100.000 төгрөг хийсэн. Тэгээд байж байсан чинь одоо 7.000.000 төгрөгийг бэлнээр өгчих, өөрийнхөө дансаар авч болохгүй байна гэж хэлсэн. Тэгээд би хаашдаа мөнгө өгчихсөн юм чинь гээд бэлнээр 7.000.000 төгрөгийг тэр доор нь өгсөн. Тэгээд Э.Этай ярихаар л болно, хүлээж бай гэдэг. Тэгээд би бүүр 2022 оны 4 дүгээр сар хүртэл хүлээж байгаад Хан-Уул дүүргийн газрын албанд угаасаа газар олгохгүй байгаа, төлөвлөлт явж байгаа талаар хэлсэн. Тэгээд би Э.Э руу яриад болсон асуудлыг хэлэхэд би маргааш наад газрыг чинь аваад өгье, асуудалгүй болчихсон гэж хэлсэн. Маргааш нь Э.Э утсаа авахаа больчихсон. Тэгэхээр нь би мөнгөө авъя гэсэн чинь боль пизда минь, дансаа явуул гэж намайг харааж зүхсэн. ...” /хх 25-26, 28-29/ гэсэн мэдүүлэг,

эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 19/, Сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 20-21/, Хаан банкын 5031181369 тоот дансны хуулга /хх 14/, хохирогч Ч.М, шүүгдэгч Э.Э нарын харилцан бичсэн зурвас /15-18/, Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албан албан бичиг /хх 52-53/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Э.Эыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Эд 2.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.

Шүүгдэгч Э.Э гаргасан давж заалдах гомдолдоо “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар намайг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. ...” гэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж болох”-оор хуульчилсан.

 Дээрх заалт нь шүүхээс заавал хэрэглэх, үүрэг болгосон зохицуулалт биш бөгөөд шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан үзээд тухайн заалтыг хэрэглэх эсэхийг шийдвэрлэдэг учиртай.

Нөгөөтэйгүүр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх ялын санкцитай ба анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ торгох ялыг сонгож оногдуулсан нь үндэслэлтэй ба торгох ялыг 2.000.000 төгрөгөөр тогтоосон нь тохирсон гэж үзэв.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/272 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Эы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Харин прокуророос шүүгдэгч Э.Эы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Эы үйлдлийг үргэлжилсэн гэмт хэргийн шинжгүй гэж үзэж, дээрх ерөнхий ангийн журамласан заалтыг няцаасан дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Э.Эы хувьд залилах гэмт хэргийг үйлдэхдээ хохирогчоос хэд хэдэн удаагийн үйлдлээр дансаар болон бэлнээр мөнгө авсан үйлдэл нь үргэлжилсэн гэмт хэргийн шинжийг хангаж байх тул энэ талаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/272 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Э.Эыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг Э.Эыг үргэлжилсэн үйлдлээр хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Эд 2.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Эд 2.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Эы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ц.ОЧ 

                                              ШҮҮГЧ                                       Б.БАТЗОРИГ   

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ