Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 197/ШШ2025/01098

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 12 197/ШШ2025/01098

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ул-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: У-д холбогдох,

 

7,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.Одончимэг, хариуцагч Б.Мөнх-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч П.Одончимэг нь хариуцагч Б.Мөнх-Эрдэнээс хоолны төлбөр 6,400,000 төгрөг, барилгын материалын үнэ 1,000,000 төгрөг, нийт 7,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ....Хариуцагч болон түүний барилгын бригадад ажиллаж байсан хүмүүс 2024 оны 01 дүгээр сараас 04 дүгээр сарын хооронд манай түргэн хоолны газраас хоол авч идсээр, бүгдийнх нь тооцоо нийтдээ 6,400,000 төгрөг болсон. Мөн барилгын гадна дулааны 10*10 метр хэмжээтэй, 50 диаметртэй, хүйтэн халуун усны 2 ширхэг трубаг хашаандаа оруулаад хадгалж байя гэсэн боловч өөрсдөө хэрэглээд байхгүй болгосон байсан. Хоолны тооцоо 6,400,000 төгрөг, барилгын материалын мөнгө 1,000,000 төгрөг, нийт 7,400,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...Уг хоолны газартай миний бие хоол идүүлэх гэрээ хийгээгүй, уг хоол идсэн өр тавьсан гэх этгээдүүдийн ажлын хөлсөнд хоолны мөнгийг оруулж өөрсдөд нь өгсөн. 2024 оны 01 дүгээр сараас 03 дугаар сарын хооронд манайх барилга дээр ажиллаагүй учир хоол идсэн байх учиргүй. 10*10 хэмжээтэй труба гэх зүйлийг хэнээр хааш нь оруулсан эсэхийг огт мэдэхгүй... гэж маргаж байна.

Зохигчид нэхэмжлэлийн шаардлага болох хоолны тооцоо, трубаны үнийг хариуцагч хариуцах ёстой эсэх, талуудын хооронд хэлцэл хийгдсэн эсэх, хэн, хэн хоол идэж, ямар тооцоотой эсэх үйл баримтууд дээр маргаж байна.

 

3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

3.1 Нэхэмжлэгч П.Одончимэг нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, 21 дүгээр хороололд Цогт үндэсний зоог гэх олон үндэстний хоолны газрыг ажиллуулдаг, хариуцагч Б.Мөнх-Эрдэнэ нь Их анд транс гэх компанийн захирал бөгөөд тус зоогийн газрын ойролцоо баригдаж буй 21 Виста гэх хотхоны барилгын ажил дээр туслан гүйцэтгэгч компаниар ажилладаг, мөн туслан гүйцэтгэгчээр ажиллахдаа хувь хүмүүсийн барилгын бригадуудыг өөрийн компанийн туслан гүйцэтгэгчээр ажиллуулдаг гэх үйл баримтууд нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

3.2 Ийнхүү хариуцагч Б.Мөнх-Эрдэнийн хамтран ажилладаг гэх барилгын бригадын нэр бүхий хүмүүс нэхэмжлэгч П.Одончимэгийн ажиллуулдаг гэх хоолны газраас зээлээр хоол авч иддэг байсны төлбөр тооцоог хариуцагч хариуцах ёстой гэж нэхэмжлэгч тайлбарлаж, хариуцагч нь нэхэмжлэгч бид хоёрын хооронд барилга дээр ажиллаж буй хүмүүст хоол зээлээр өгөх хэлцэл хийгдээгүй, энэ хүмүүс хувиараа тухайн хоолны газар ажилладаг эмэгтэйчүүдтэй зөвшилцөж, хоол зээлээр бичүүлж иддэг байсан. Би нэхэмжлэгчтэй хоол зээлээр идүүлж байгаач гэж тохиролцоогүй. Тэр хүмүүст танайхаас хоол авч идэж бай гэж хэлээгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчтай хэлцэл хийгээгүй ч хариуцагчийн ажиллуулдаг гэх барилгын бригадын хүмүүс хоол зээлээр авч иддэг байсан тул түүнийг өмнөөс нь хоолны төлбөрийг хариуцах ёстой гэж мэдүүлж байна.

3.3 Нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлохоор хоолны тооцооны дэвтэр гэх гараар бичсэн дэвтрийг эх хувиар гарган өгч, хэрэгт хавсаргасан.

Тухайн дэвтэрт Жагаа 71,200 төгрөг, Соёмбо 26,400 төгрөг, гүйцэтгэл 30,600 төгрөг гэх мэт жагсааж бичсэн байна. Ийнхүү тэмдэглэхдээ эдгээр төлбөрийн задаргааг бичээгүй, юуны төлбөр болохыг дурдаагүй, хоол зээлээр авсан гэх хүмүүсээр гарын үсэг зуруулаагүй байна.

Нэхэмжлэгчийн гарган өгсөн энэхүү баримтаар хариуцагчийг хоол зээлээр авч идсэн хүмүүсийн өмнөөс төлбөр төлөх үүрэг хүлээсэн байна гэж дүгнэх боломжгүй.

 

4.Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт Амаар хийх хэлцлийг дараахь тохиолдолд хийсэн гэж үзнэ, ...хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон, ...хэлцэл хийснийг нотолсон пайз, тасалбар зэрэг хэрэглэж заншсан зүйлийг олгосон, ...хууль буюу гэрээнд заасан бол хэлцэл хийх тухай саналд хариу өгөөгүй бөгөөд ийнхүү хариу өгөх тогтоосон хугацаа, эсхүл ердийн боломжит хугацаа өнгөрсөн... гэж заасан.

Гэтэл зохигчдын хооронд хэлцэл хийгдсэн эсэх байдал тогтоогдохгүй байна.

5.Мөн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 10*10 метр хэмжээтэй, 50 диаметртэй, хүйтэн, халуун усны 2 ширхэг трубаны үнийг нэхэмжлэгч нь хариуцагчаас ямар үндэслэлээр нэхэмжилж байгаа талаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлоогүй байна.

6. Нэхэмжлэгч П.Одончимэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй гэх хуульд заасан нотлох үүргээ биелүүлээгүй байна.

7. Иймд талуудын хооронд хууль болон гэрээнд зааснаар үүрэг үүсээгүй, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

8. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40, 44 дүгээр зүйлд зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.

9. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 133,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.3 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 43 дугаар зүйлд зааснаар П.Одончимэгийн нэхэмжлэлтэй, Б.Мөнх-Эрдэнэд холбогдох, 7,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511.1 дэх хэсэгт зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3 дах хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ДОЛГОРСҮРЭН