Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 197/ШШ2025/00736

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 197/ШШ2025/00736

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: У/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Уд холбогдох,

12,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Уянгаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.      Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

2.  Нэхэмжлэгч О.Батбаатар нь хариуцагч Евро трэйвел ХХК-иас аялал жуулчлалын гэрээний үүрэгт 12,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Зохигчид дараах үндэслэлээр, нэхэмжлэлийн үндэслэл, татгалзлаа тодорхойлсон. Үүнд:

2.1   Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...Миний бие нь 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Евро Трэйвел ХХК-тай 6 шөнө, 5 өдрийн Европын орон /Герман/Франкфурт- Франц/Парис/-уудаар аялуулах, 2 хүний зардалд 12,000,000 төгрөг төлөхөөр тохиролцож, төлбөрийг өөрөө шилжүүлсэн. Германы элчин сайдын яамны визний материал бүрдүүлж өгсний дараа БНХАУ-ын ажлын томилолтоор явах шаардлагатай болсон тул тус компанийн менежер Ү.Галмандахтай утсаар холбогдож, гадаад паспортоо авч болох эсэхийг тодруулан асуухад авч болно гэсэн учир Германы Элчин сайдын яаман дээр очиж, гадаад паспортоо буцаан авсан. Тиймээс виз гараагүй учир Евро трэйвел ХХК-ийн захирал Ц.Ганзоригтой уулзаж, аяллын гэрээний дагуу төлсөн 12,000,000 төгрөгийг буцаан авах тухай хүсэлтийг гаргасан боловч төлбөрийг 100 хувь буцаан олгохгүй, 50 хувийг буцаан олгоно гэсэн гэрээнд заагаагүй нөхцөл тавьж, мөнгийг буцаан олгохгүй өдийг хүрч байна. Иймд аяллын гэрээний дагуу төлсөн 12,000,000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулж өгнө үү... гэжээ.

2.2         Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...Манай компанийн зүгээс дээрхи 2 хүний визний материалыг асуудалгүй бүрдүүлэн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр визийг мэдүүлсэн. Гэвч энэ 2 хүн энэ хугацаанд хувийн шалтгаанаар хоёр ч удаа дур мэдэн гадаад паспортоо ХБНГУ-ын Элчин сайдын яамнаас өөрсдөө очиж авсан. Ийм хариуцлагагүй үйлдлээс болж, ХБНГУ-ын Элчин сайдын яам визийг түдгэлзүүлсэн. Манай компани 100 хувь төлбөр буцааж өгөхийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд виз мэдүүлэх үйл ажиллагаанд зарцуулсан цаг хугацаа, ажил үйлчилгээгээ үнэлж, мөн манай компанид удаа дараа төвөг учруулж байсны улмаас төлбөрт төлсөн 12,000,000 төгрөгийн 50 хувь болох 6,000,000 төгрөгийг буцаан өгөх хүсэлтэй байна... гэжээ.

2.3         Зохигчид гэрээ байгуулагдсан эсэх, гэрээ хүчин төгөлдөр эсэх, төлбөр төлсөн үнийн дүн, хариуцагч визийг мэдүүлсэн эсэх, нэхэмжлэгч виз мэдүүлсний дараа Элчин сайдын яамнаас гадаад паспортоо буцаан авсан зэрэг үйл баримтад маргаагүй.

2.4         Харин зохигчид хэний буруугаас шалтгаалж виз түдгэлзсэн, виз түдгэлзсэнээс шалтгаалж, нэхэмжлэгчид буцаан төлөх төлбөрийн дүн дээр маргаж байна.

 

3.  Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

 

3.1  Нэхэмжлэгч О.Батбаатар, Евро трэйвел ХХК нар нь 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Аяллын гэрээ гэх нэртэй гэрээг бичгээр байгуулж, талууд гэрээнд гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. /хх-ийн 4-8-р тал/

Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр аялал зохион байгуулагч Евро трэйвел ХХК нь аялал захиалагч О.Батбаатарт Европын 2 орон /Гярман, Франц/-ы 2 хот /Франкфурт, Парис/-оор 6 шөнө, 5 өдөр аялах хөтөлбөрийн дагуу жуулчлалын үйлчилгээ үзүүлэх үүргийг хүлээж, харин аялал захиалагч нь 1 аялагчийн аяллын хөлс 6,000,000 төгрөг, 2 аялагчийн нийт 12,000,000 төгрөгийн хөлсийг төлөхөөр тохиролцжээ. Гэрээний төлбөр 12,000,000 төгрөгийг нэхэмжлэгч О.Батбаатар нь өөрийн данснаас хариуцагчид төлсөн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн Хаан банкны дансны хуулгаар тус тус тогтоогдож байна. /хх-ийн 9-р тал/

Мөн хариуцагч Евро трэйвел ХХК нь ХБНГУ-ын Элчин сайдын яаманд аялал захиалагчийн визийг мэдүүлэх үүргээ биелүүлсэн боловч тус Элчин сайдын яаманд визийг мэдүүлсний дараа нэхэмжлэгч О.Батбаатар нь Хятад улс руу томилолтоор явах шалтгаанаар гадаад паспортоо буцаан авснаас шалтгаалж, виз түдгэлзсэн болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

3.2 Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээгээр аялал зохион байгуулагч Евро трэйвел ХХК нь аялал захиалагч О.Батбаатарт Европын 2 орон /Гярман, Франц/-ы 2 хот /Франкфурт, Парис/-оор 6 шөнө, 5 өдөр аялах хөтөлбөрийн дагуу жуулчлалын үйлчилгээ үзүүлэх үүргийг хүлээж, харин аялал захиалагч нь 1 аялагчийн аялалын хөлс 6,000,000 төгрөг, 2 аялагчийн нийт 12,000,000 төгрөгийн хөлсийг төлөхөөр тохиролцсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 370 дугаар зүйлийн 370.1 дэх хэсэгт заасан аялал жуулчлалын гэрээ байгуулагдсан байна.

Иргэний хуулийн 370 дугаар зүйлийн 370.1 дэх хэсэгт Аялал жуулчлалын гэрээгээр тур оператор, аяллын агент нь жуулчинд хэлэлцэн тохиролцсон үйлчилгээ үзүүлэх, жуулчин нь ийнхүү үйлчилгээ үзүүлсний төлөө хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

3.3 Гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр, Иргэний хуулийн 376 дугаар зүйлийн 376.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул нэхэмжлэгч нь аяллын гэрээний төлбөрөө хариуцагчаас шаардах эрхтэй.

3.4 Талуудын хооронд байгуулагдсан 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Аяллын гэрээ-ний 5.3-д Аялагч өөрөө хүндэтгэх шалтгааны улмаас аялж чадахгүй болсон тохиолдолд визэнд орохоос 15 хоногийн өмнө аялал зохион байгуулагчид мэдэгдэх ба өөрийн саналаар нэр сольж, эсвэл өөр хүнд шилжүүлэх, борлуулж болно гэж заасан байна. Гэтэл нэхэмжлэгч О.Батбаатар нь БНХАУ руу ажлын томилолтоор явах үндэслэлээр ХБНГУ-ын Элчин сайдын яамнаас өөрөө очиж гадаад паспортоо авснаас шалтгаалж, виз түдгэлзсэн гэх талуудын тайлбараас үзвэл нэхэмжлэгч нь дээрхи үүргээ биелүүлээгүй байна гэж үзэхээр байна.

Мөн гэрээний 6.10-д Аялагч нь гэрээнд заасан аялал эхлэхээс 1 сарын өмнө аяллаас татгалзвал тухайн төлсөн аяллын зардлын 50 хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг аялал зохион байгуулагчид төлж, үлдсэн төлбөрөө авах ба 15 хоногийн өмнө болон виз гарсны дараа аяллаас татгалзвал төлбөрийн буцаалт байхгүй болно гэж заасан байна.

Нэхэмжлэгч О.Батбаатар нь хариуцагчийг ХБНГУ-ын Элчин сайдын яаманд виз мэдүүлсний дараа өөрөө очиж, гадаад паспортоо буцаан авснаас виз түдгэлзсэн нь нэхэмжлэгчээс өөрөөс нь шалтгаалж, виз түдгэлзсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгч нь гэрээний 5.3-д заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэж үзэх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.4 дэх хэсэг, талуудын хооронд байгуулагдсан Аяллын гэрээ-ний 6.10-д зааснаар аяллын зардлын 50 хувьтай тэнцэх торгуулийг хариуцагчид төлж, үлдэх төлбөрөө шаардах эрхтэй юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 12,000,000 төгрөгийн 50 хувь болох 6,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас 6,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

4. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40, 44 дүгээр зүйлд зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 206,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 103,475 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.4, 370 дугаар зүйлийн 370.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Евро трэйвел ХХК-иас 6,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Батбаатарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 206,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 103,475 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Батбаатарт олгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511.1 дэх хэсэгт зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3 дах хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН