Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2023/ДШМ/734

 

 

 

 

    2023            7              19                                         2023/ДШМ/734

 

 Д.З, Ч.С нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Батзориг, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Гэрэлбаатар,

шүүгдэгч Д.З, түүний өмгөөлөгч Г.Ц,

шүүгдэгч Ч.С, түүний өмгөөлөгч Б.Э,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/471 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.С, түүний өмгөөлөгч Б.Э, шүүгдэгч Д.З нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Д.З, Ч.С нарт холбогдох 2309000000566 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

О овгийн Д.З, 19... оны 10 дугаар сарын 07-ны өдөр .... төрсөн, 4... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ...................... тоотод оршин суух, /РД: ..................../;  

Ховд аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж байсан.

Намчиг овгийн Чулуунтогтохын Ч.С, 1990 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд наран 14-426 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: РС90110610/.

Шүүгдэгч Д.З, Ч.С нар нь бүлэглэн 2023 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангайн 26-799 тоотод хөгжлийн бэрхшээлтэй иргэн З.Хыг гэрт нь оруулан хүч хэрэглэн боож ухаан алдуулан “Самсунг А53” загварыг гар утсыг нь авч 1.047.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Д.Зын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.2 дугаар зүйлийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Ч.Сийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.5 дугаар зүйлийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.З, Ч.С нарыг бүлэглэж бусдын эд  хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон буюу дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.2 дугаар зүйлүүдийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Зыг 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.5 дугаар зүйлүүдийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Сийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.З, Ч.С нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Зын цагдан хоригдсон 47 хоног, шүүгдэгч Ч.Сийн цагдан хоригдсон 31 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Төрийн сангийн 100900005406 дансанд байршуулсан 1.047.000 төгрөгийг хохирогч З.Хт олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ч.Сид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ч.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Хавтаст хэргийн 45-47 дугаар талд хохирогч Б.Х-ын хохирогчоор өгсөн мэдүүлэгт “хөгшин нь хоолой боож, гар утас авч явсан” гэж тодорхой мэдүүлсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Д.Зын хэргийн 15-16 дугаар талд авагдсан яллагдагчаар өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж ял халдаасан нь үндэслэлгүй байна. Учир нь шүүгдэгч Д.З өөрийгөө гэм буруутайг нотлох үүрэг хүлээхгүй байх боловч түүний өгсөн худал мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлгээр үгүйсгэгдэж байгаад анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Хохирогч нь намайг гэрийн үүдэнд буулгачихаад гэрт ороогүй, гар утас дээрэмдэхэд хамт байгаагүй, уг хэрэгт бие, хэл, үгээр дэмжиж оролцсон ямар нэгэн идэвхитэй үйлдлийн талаар мэдүүлээгүй байхад анхан шатны шүүх нь үйлдлээрээ нэгдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь ямар нотлох баримтаар үйлдлээрээ нэгдсэн болохыг шүүх шийтгэх тогтоолдоо заагаагүй эрүүгийн хуулийн зорилт, шударга ёсны зарчимтай нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, хохирогчийн мэдүүлгийг ямар нотлох баримт үгүйсгэх шүүгдэгч, хохирогч нарын 2 өөр зөрүүтэй нотлох баримт нь буюу мэдүүлэг нь нэг нь нөгөөгөө яаж үгүйсгэж байгааг шүүх тогтоолдоо заагаагүй. Энэ талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийхийг хүсэж байна. Иймд анхан шатны шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулж, надад холбогдох заалтыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.З давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би ээж Ц.Б-ыг харж Ховд аймгийн Манхан суманд амьдардаг. Миний ээж хүнд өвчний улмаас байнга эмчийн хяналтад байдаг хүн юм. Би 2022 оны 7 дугаар сард Улаанбаатар хотод ирж, ажил хийж, ахиухан мөнгө олж, ээжийнхээ эмчилгээнд тус нэмэр болохоор барилга дээр ажиллаж байсан юм. Хэрэгт холбогдсон тэр өдөр амарч байсан учир урьд танил болох Ц.А-н гэрт архи ууж байхад Ч.С орж ирээд дахин 1 архи авахаар Ч.Стой хамт гадагш гарч энэ хэрэгт холбогдсон. Би энэ хэргийг согтууруулах ундаа их хэрэглэсэн үедээ үйлдсэн бөгөөд хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж, харамсаж байна. Мөн хийсэн хэрэгтээ гэмшиж хохирогч З.Х-ын хохирлын 1.047.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Иймд ар гэр болон хувийн байдлыг минь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлж өгөхийг хүсье. ...” гэв.

Шүүгдэгч Ч.Сийн өмгөөлөгч Б.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл зэргийг хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэж чадаагүй гэж үзэж байна. Тодруулбал, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч мэдүүлэхдээ “... залуу нь намайг түшээд явж байхад хөгшин нь явж чадахгүй юм байна, үүрүүлээд явчих гэж хэлээд залууд, улмаар залуу нь гэрийн үүдэнд буулгахад би мөлхөж орж ирсний дараа хөгшин эрэгтэй урдаас куртикны захаас боосон. “... хөгшин нь гэрт орж боогоод ямар муужирдаггүй юм бэ гээд байсан.” гэж мэдүүлсэн. Шүүгдэгч Ч.С мөрдөн шалгах ажиллагааны явцад “... таягтай согтуу эрэгтэй хүн унаад босож чадахгүй байхаар нь Зоригоо бид хоёр очоод гэр чинь хаана вэ, оруулаад өгөх үү гэсэн чинь тэг гэхээр нь би үүрээд явсан. Гэрт нь оруулсан чинь Зоригоо халаас руу нь гараа хийгээд байхаар нь болиоч, гаръя гэхэд гарахгүй болохоор нь би гараад явж байтал араас гарч ирэхгүй болохоор нь би буцаад тухайн айл руу явж байтал урдаас гач ирсэн. Тэгээд би яачихав гэж асуухад надтай юу ч дуугарахгүй цааш явсан.” гэж мэдүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад таньж олуулах ажиллагааг явуулсан. Тухайн тэмдэглэлд дурдснаар хохирогч З.Х нь шүүгдэгч Д.Зыг шууд таньсан ба харин таньж олуулах ажиллагааны зургийн №3-т байсан шүүгдэгч Ч.Сийг огт таниагүй.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Д.З нь “... Архитай хүн явж байхаар нь гэрт нь оруулж архийг нь авах гэж маргалдаад архийг нь авахдаа утас авсан. Тухайн үед Ч.С гэрт байгаагүй. Гэрийн гадаа байсан. Би түүнд утас авсан гэдгээ хэлээгүй байсан.” гэж мэдүүлсэн баримт хавтаст хэрэгт авагдсан байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ч.С нь хохирогчийг гэрт нь оруулж өгөөд гарсан ба харин шүүгдэгч Д.З нь түүнд хэлэлгүйгээр хохирогчид хүч хэрэглэж гар утсыг дээрэмдсэн үйлдэл гаргасан. Энэ талаар Ч.С нь гар утсыг бусдад 100.000 төгрөгөөр худалдан борлуулах үед мэдсэн талаар мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлсэн. Гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийг хамтран үйлдсэн буюу Д.Зыг гүйцэтгэгчээр, Ч.Сийн үйлдэл оролцоог хамжигчаар тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Тодруулбал, Ч.С нь тухайн гэмт хэрэгт хамжигчаар хэрхэн оролцож, идэвхитэй ямар үйлдэл гаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан ямар баримтаар нотлогдон тогтоогдсон эсэх дээр анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, тийм баримт хэрэгт байхгүй. Харин шүүгдэгч Д.Зын би Ч.Сид мэдэгдэлгүйгээр гар утсыг нь авчихсан гэж шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг зэрэгт хууль зүйн үүднээс бодит фактад тулгуурлан үнэн зөв эргэлзээгүй дүгнэлт хийж чадаагүй нь илэрхий байна. Бодит байдалд шүүгдэгч Ч.С нь гар утсыг бусдад худалдан борлуулах явцад гэмт хэргийн улмаас бий болсон эд хөрөнгө болохыг мэдсэн ба түүний хувьд хохирогчид ямар нэгэн байдлаар хүч хэрэглээгүй болохыг хохирогч болон шүүгдэгч Д.З нар мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл, Ч.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн идэвхитэй үйлдэл гаргаагүй, үйлдээгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил,захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол гэж мөнгө угаах гэмт хэргийг тодорхойлсон. Ч.С нь гэмт хэргий улмаас бий болсон эд хөрөнгө болохыг мэдсээр байж ашиглаж, захиран зарцуулсан түүний буруутай үйлдэл нь дээрх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна. Иймд гэмт хэргийн улмаас бий болсон хохирол болох 1.047.000 төгрөгийг төлж барагдуулсан бусдад төлөх төлбөргүй, өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгч Ч.Сид оногдуулсан зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хөнгөрүүлж түүнд оногдуулах ялыг тэнсэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.Зын өмгөөлөгч Г.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Ч.С, түүний өмгөөлөгч Б.Э нарын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгч Д.Зын гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа болон учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлуудыг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар түүнд оногдуулсан ялыг боломжит хэмжээгээр багасгаж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ц.Гэрэлбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хохирогч анхнаасаа бусдад дээрэмдүүлсэн талаараа тогтвортой мэдүүлсээр ирсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нарын үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байгаа учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзэж байна.  Мөн шүүгдэгч нар гэм буруугийн хувьд маргасаар ирсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Д.З нь 2023 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангайн 26-799 тоотод хөгжлийн бэрхшээлтэй иргэн З.Хыг гэрт нь оруулан хүч хэрэглэн боож ухаан алдуулан “Самсунг А53” загварыг гар утсыг нь авч 1.047.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч З.Хын “... гэрээсээ гараад Сансар худалдааны төв орж архи, ундаа аваад гараад гудамж руугаа орж яваад халтираад уначихсан. Тэгээд босох гээд чадахгүй байсан юм. Тэгсэн гудамжнаас хоёр эрэгтэй хүнийг дуудаад босгоод өгөөч, манай гэр хоёр хашааны цаана байгаа гэж хэлсэн чинь хөгшин эрэгтэй нь ирээд 2000 төгрөг өгчих гэхээр нь би бэлэн мөнгө алга, дансанд мөнгө байгаа, гэрт бэлэн мөнгө байгаа гэж хэлсэн чинь намайг босгоод залуу нь түшээд явж байхад хөгшин нь явж чадахгүй юм байна, үүрүүлээд явчих гэж хэлээд залууд нь үүрүүлсэн. Тэгж явж байгаад хөгшин нь гэрт чинь хүн байгаа юм уу гэж асуухаар нь эхнэр хүүхэд одоо ирнэ, хүн байхгүй гэж хэлээд гэрээ зааж өгөөд хашааруугаа орсон. Тэгээд нөгөө залуу нь гадна үүдэнд буулгахад би мөлхөж орж ирсний дараа хөгшин нь урдаас куртикны захаас боогоод байсан. Ямар ч байсан би зүүн гараараа сарвагнаж байсан. Нэг мэдсэн чинь би гэртээ ганцаараа гал тогооны тавиурын урд талын шалан дээр сэрсэн. Тэгээд босоод урд талын дэлгүүр орж цагдаа дуудах гэсэн чинь боломжгүй байна гээд яриулаагүй. Би хашаа түшиж явж байгаад такси бариад Дэнжийн 1000 руу эхнэрийн хаягаар очиж хэлээд такси дуудуулсан. Миний халаасанд байсан “Самсунг А53” загварын гар утсыг авсан байна. Хөгшин нь гэрт оруулаад боогоод ямар муужирдаггүй юм бэ гээд байсан. Миний хүзүү улайсан байна. ...” /хх 45-47/ гэсэн мэдүүлэг,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 21-24/, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /хх 39-42/, “Дамно” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хх 56-57/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Прокуророос шүүгдэгч Д.Зын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Д.Зыг бусдын эд  хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон буюу дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Зыг 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.

Харин прокуророос шүүгдэгч Ч.Сийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.5 дугаар зүйлийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн, анхан шатны шүүх түүнийг Д.Зтой бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон буюу дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Шүүгдэгч Ч.Сийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 Учир нь, шүүгдэгч Ч.С нь дээрэмдэх гэмт хэрэгт оролцоогүй болох нь:

 хохирогч З.Хын “...нөгөө залуу нь гадна үүдэнд буулгахад би мөлхөж орж ирсний дараа хөгшин нь урдаас куртикны захаас боогоод байсан. Ямар ч байсан би зүүн гараараа сарвагнаж байсан. Нэг мэдсэн чинь би гэртээ ганцаараа гал тогооны тавиурын урд талын шалан дээр сэрсэн...” /хх 45/,

шүүгдэгч Ч.Сийн яллагдагчаар өгсөн “... тэгээд гэрт нь оруулсан чинь Зоригоо халаас руу нь гараа хийгээд байсан чинь тухайн залуу таягаараа цохихоор нь би Зоригоод хандаж “болиоч гаръя” гэтэл гарахгүй болохоор нь би гараад явж байтал араас гарч ирэхгүй болохоор нь буцаад тухайн айл руу явж байсан чинь урдаас гарч ирсэн. Чи яачихваа гэж асуухад дуугараагүй цааш дэлгүүр явсан. ... 2 сургуулийн хүүхэд гарч ирээд Зоригоо нэг гар утас үзүүлээд зарах гэсэн юм гээд гэрт нь очиж 100.000 төгрөгөөр зараад такси барьж Зоригоо замд дэлгүүр орж 2 шил архи аваад хувааж уугаад би хархорины цаад талд 32-ын буудал дээр таксинаас буусан. ...” /хх 7/,

шүүгдэгч Д.Зын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... гарахдаа утсыг нь авсан. Тухайн үед Ч.С гэрт байгаагүй. Би утас авсан гэдгээ Ч.Сид хэлээгүй. Тэгээд гарч яваад утсаа зарчихаад хамт такси барьж, архи уусан. ...” /хх 155/,

шүүгдэгч Ч.Сийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... тэр хүнийг гудамжнаас түшиж гэрт нь оруулж өгчихөөд гартал Д.З араас гарч ирэхгүй байсан. Тэгээд буцаж орох гэтэл өөдөөс гарч ирээд хамт явсан. Замдаа 2 хүүхдэд утас үзүүлээд зарсан. ... утсаа зараад такси бариад 2 шил архи авч уусан. ...” /хх 157/ гэсэн мэдүүлгүүд, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэв.

Харин Д.Зыг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсний дараа гар утсыг нь зарж, мөнгийг нь хэрэглэсэн үйл баримт тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан” гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ч.Сийг Д.Зтой бүлэглэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн З.Хыг гэрт нь оруулан хүч хэрэглэн боож ухаан алдуулан “Самсунг А53” загварыг гар утсыг нь авч 1.047.600 төгрөгийн хохирол учруулсан дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэх хангалттай нотлох баримт хэрэгт авагдаагүй байх ба тухайн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч Ч.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан тул түүнд ашигтайгаар шийдвэрлэх зарчимыг баримтлан давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч Ч.Сид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч Ч.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Зоос “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь шүүхээс заавал хэрэглэх, үүрэг болгосон зохицуулалт биш бөгөөд шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан үзээд тухайн заалтыг хэрэглэх эсэхийг шийдвэрлэдэг учиртай.

Нөгөөтэйгүүр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах санкцитай бөгөөд шүүгдэгч Д.Зын үйлдэлд тухайн зүйл, хэсэгт заасан буюу хамгийн бага буюу 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй ба оногдуулсан ялыг хүнд биш, тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/471 дүгээр шийтгэх тогтоолд дээрх өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Б.Д.Зын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ч.С, түүний өмгөөлөгч Б.Э нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээж авах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Д.З, Ч.С нарын 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл нийт 76 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/471 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

1 дэх заалтад “Шүүгдэгч Д.З, Ч.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж бусдын эд  хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон буюу дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэснийг “Шүүгдэгч Д.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд  хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон буюу дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ч.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэж,

2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.2 дугаар зүйлүүдийг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Зыг 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.5 дугаар зүйлүүдийг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Сийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Зыг 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Сийг 10 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.гэж,

3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.З, Ч.С нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Зод оногдуулсан 2 жилийн хорих ялыг, шүүгдэгч Ч.Сид оногдуулсан 10 сарын хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.” гэсэн өөрчлөлт тус тус  оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.З, Ч.С нарын тус тус цагдан хоригдсон 76 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ц.ОЧ   

                                              ШҮҮГЧ                                     Б.БАТЗОРИГ

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ