| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбосүрэнгийн Буяннэмэх |
| Хэргийн индекс | 186/2017/0552/Э |
| Дугаар | 605 |
| Огноо | 2017-12-13 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Т.Эрдэнэбат |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 605
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,
Улсын яллагч Т.Эрдэнэбат,
Шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж,
Хохирогч Б.Бямбасүрэн нарыг оролцуулан,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдсон С.Бд холбогдох эрүүгийн 201725030903 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн 1990 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Увс аймгийн Хяргас суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, ам бүл 1, Хан-Уул дүүргийн шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 244 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 331 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2, 145 дугаар зүйлийн 145.4, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар нийт 10 жил 01 сарын хорих ялаар шийтгүүлсэн, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Зэд овогт Сийн Б (РД: 00000000000),
Яллах дүгнэлтэд тэмдэглэснээр С.Б нь
1.2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 1-42 тоотод оршин суух иргэн Д.Мягмарсүрэнгийн гэрээс эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч 2.411.000 төгрөгийн хохирол учруулсан,
2.2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 17-362в тоотод оршин суух иргэн Б.Дэмбэрэлнямын гэрээс эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч 460.000 төгрөгийн хохирол, Г.Гэрэлт-Одын гэрээс гэрээс нууцаар, хууль бусаар авч 680.000 төгрөгийн хохирол учруулсан,
3.2017 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Чингэлтэйн 14-474 тоотод оршин суух иргэн Д.Амарсайханы байшингаас эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч 270.000 төгрөгийн хохирол учруулсан,
4.2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хайлаастын 24-574 тоотод оршин суух иргэн Ж.Энхбатын байшингаас эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч 575.000 төгрөгийн хохирол учруулсан,
5.2017 оны 4 сарын 30 ны өдөр Чингэлтэй дүүргийн 11-р хороо Нуурын 9-119 тоотод оршин суух иргэн Г.Баттөрийн байшингаас эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан,
6. 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашаантын 16-747 тоотод оршин суух иргэн Б.Бямбасүрэнгийн гэрээс эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч 3.745.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед яллах, цагаатгах болон бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгчээс шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би Мягмарсүрэн, Дэмбэрэлням, Амарсайхан, Баттөр нарын эд зүйлийг авснаа хүлээн зөвшөөрнө. Харин Гэрэлт-Одын 300.000 төгрөгийн ДДШ аваагүй. Энхбатынхаас даралтны аппарат, мөнгөн аяга, зурагт авсан. Бусдыг аваагүй. Бямбасүрэнгийнд ороогүй. Энэ айлыг ухсан Мөнхзаяа гэгч нь ялаа аваад явсан. Эднийхийг Шинэбаяр байцаагч зааж өгөөд надаар байцаалт авахуулсан. Би Самбуу-Ёндонд Гэрэлт-Од, Дэмбэрэлнямынхаас авсан 2 зурагтыг 45.000 төгрөгөөр өгсөн. Амарсайханы зурагтыг Гүнжидмаа гэх хүнд зарсан. Буруугаа хүлээн зөвшөөрч байна. 2.380.000 төгрөгийн хохирол төлж барагдуулна. Харин Бямбасүрэнгийн хохирлыг төлөхгүй. 5.050.000 төгрөгийн эд зүйл буцаан өгсөн байгаа. Хохирлоо барагдуулна гэв.
Шүүх хуралдаанд оролцсон хохирогч Б.Бямбасүрэнгээс мэдүүлэхдээ: -Манайх Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 15-747 тоотод байдаг. 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хөдөө явсан хойгуур манайд хулгай ороод 2 ширхэг халтар манан хөөрөг, утаат болор хөөрөг, 1 ширхэг гаанс, бэлэн мөнгө, тамхи алдагдсан. Эд зүйлийн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо барагдуулж авмаар байна гэв.
Хохирогч Б.Бямбасүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:-“...2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр манай хашаанд манайхтай хамт байдаг хөрш Оюунчимэг эгч над руу залгаад танай гэрийн хаалга цоожийг чинь хөшөөд эвдэлчихсэн, танай гэрт хулгай орсон юм шиг байна гэсэн. Тэгэхээр нь би ах Нямбат руу залгаад манай гэрт очоод үзээд эд зүйлс алдагдсан бол цагдаагийн байгууллагад дуудлага өгчих гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа манай ах над руу залгаад юу юу алдагдсан талаар сайн мэдэхгүй байна ямар ч байсан мөнгө хадгалдаг гахайг чинь хагалсан байна гэхээр нь би хөөрөг байна уу гэсэн чинь байхгүй байна гэсэн...” гэжээ.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч нараас мэдүүлэхдээ:
1.Д.Мягмарсүрэнгээс:-15 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрийн үүдний амбаарын цонхыг хагалж хулгай орсон байсан. Хулгайч манай өөрсдийн амьдардаг зүүн талын үүдний амбаарын цонхыг хагалж орсон байсан, харин баруун талын хүүгийн өрөө рүү вакум цонхыг нь түлхэж орсон байсан. Манай өөрсдийн сууж байсан зүүн талын өрөөнөөс 41 инчийн Самсунг брэндийн ЛСД зурагт 1 ширхэг, Ленова брэндийн 4 гегаВ рамтай 500 гегаВ хардтай, 14 инчийн лед дэлгэцтэй, ай5 үзүүлэлттэй зөөврийн комьпютер 1 ширхэг, 32 инчийн ЛЖ брэндийн ЛСД зурагт 1 ширхэг, 14 инчийн дэлгэцтэй, үзүүлэлт тодорхойгүй ЛЖ брэндийн зөөврийн компьютер 1 ширхэг, саарал өнгийн даавуун чемодан, чемодан дотор манай бэр Батзаяагийн гадаад паспорт, БНСУ-д оршин суух үнэмлэх зэрэг бичиг баримт, нөхөр бид хоёрын богино загварын бор өнгийн савхин хүрэм, түрийтэй эмэгтэй 40 размерийн гутал, Улс нэтийн модем, Соёрхол нэртэй 1.75 л архи 1 ширхэг, Хар чингис нэртэй 0.5 л архи 1 ширхэг зэрэг зүйл алдагдсан байна гэжээ.
2.Г.Гэрэлт-Одоос:-...Ажил дээрээ байж байхад 17 цагийн орчимд манай хашаанд байдаг хажуу айлын Дэмбэрэлням миний утас руу залгаад манай гэрт хулгай орчихож, танай гэрт бас хулгай орчихож гэж хэлсэн. Гэртээ орж үзэхэд манай гэрийн хойморт мөлхөө тавилга дээр байсан зурагт, уг зурагтад залгаатай байсан ДДИШ кабелийн хүлээн авагч, холбогч залгуурууд нь алдагдсан байсан. Мөн манай гэрийн зүүн талын модон шүүгээний дээд талын шүүгээнд хувцасны дотор хийсэн байсан 300.000 төгрөг зэрэг алдагдсан байсан гэжээ.
3.Б.Дэмбэрэлнямаас:-...Манай байшингийн төмөр хаалгыг эвдсэн байдалтай байсан. Тэгээд манай гэрээс 32 инчийн Эл си ди зурагт, Делл маркийн суурин иж бүрдэл компьютер алга болсон байсан гэжээ.
4.Д.Амарсайханаас:-...Гэр рүүгээ очтол вакум цонх онгойлгосон байдалтай байхаар нь хаалгаа түлхүүрээр нь онгойлгоод ортол 32 инчийн Шарп маркийн ЛСД зурагт алдагдсан байсан гэжээ.
5.Ж.Энхбатаас:-...18 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд хашааны хаалга онгорхой савж байхаар нь хашаан дотроо ороод харахад гэрийн гадна талын төмөр хаалга эвдэрсэн байдалтай онгорхой, салхинд савж байхаар нь хулгай орсон байна гэдгийг мэдээд цагдаагийн 102 дугаарын утсанд дуудлага өгөөд цагдаа ирэхээр нь гэртээ ороод үзэхэд тавиур дээр байсан 32 инчийн Шарп брэндийн зурагт, бурханы тахилын урд талд байсан миний хэрэглэдэг байсан бага гарын хуучин цагийн үндсэн тагштай мөнгөн аяга, ширээн дээр байсан эмийн хайрцаган дотор байсан миний өөрийн зүүдэг байсан хуучин цагийн хийцтэй эрэгтэй, эмэгтэй 2 ширхэг цалин цагаан мөнгөн бөгж, ширээн доор байсан Омно загварын даралтын аппарат, хувцасны шүүгээнд байсан эрэгтэй загвар тодорхойгүй шинэ бугуйн цаг, үнэртэй ус, ролекс брэндийн эрэгтэй бугуйн цаг, буйдангийн том бүтээлэг, хөгшиний зүүж хэрэглэдэг байсан оюу шигтээтэй мөнгөн ээмэг, бөгж, гинжний хослол зэрэг эд зүйл алдагдсан байсан гэжээ.
6.Г.Баттөрөөс:...Агуулахын дотор гадна цоожнууд бүгд эвдэрч гэмтсэн байсан тэгээд байшин руу орж үзэхэд хураалгаастай байсан обуднууд болон бусад эд зүйлсээс хамгийн наад талд байсан хураалгаастай байсан Ланд-200, 80, 100-ийн болон суудлын жижиг тэрэг нийлсэн 12 ширхэг обуд алдагдсан байсан гэжээ.
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчүүдээс мэдүүлэхдээ:
1.Г.Гүнжидмаагаас: -Би 2017 оны 4 дүгээр сарын 09-ны өдөр Хүчит Шонхор захаас гэртээ харих гээд явж байхад үл таних архи уусан согтуу залуу таараад гартаа хар өнгийн хавтгай дэлгэцтэй Эл си ди зурагт барьсан, надад хандаад эгчээ хямдхан зурагт авах уу миний төрсөн өдөр болоод гэрийнхээ зурагтыг аваад явж байна та 20.000 төгрөгөөр авчих гэхээр нь би манай гэр эндээс хол байдаг юм, би наадахыг чинь авч явж чадахгүй гэж хэлэхэд нөгөө залуу би танай гэрт хүргээд өгье гэж хэлэхээр нь за за тэг гэж хэлээд дагуулж яваад манай гэрт ирээд хэлэхдээ надад гэрт чинь хүргэж өгсөн юм чинь 25.000 төгрөгөөр зарна гэж хэлээд надаас 25.000 төгрөг аваад зурагтаа үлдээгээд яваад өгсөн. Надтай таарахдаа согтуу байсан. Тэр залуу ганцаараа явж байсан гэжээ.
2.Ж.Насантогтохоос:-2017 оны 04 дүгээр сарын дундуур орой ажлаа хийгээд сууж байхад 25-30 орчим насны намхан нуруутай, жижиг биетэй, эрүүл ухаантай залуу орж ирээд бага гарын аяганы арай том нь 3,4-н тагшныхаа ёроолтойгоо салсак эвдрэлтэй мөнгөн аяга барьсан байдалтай авах уу гээд орж ирэхээр нь би уг аягыг нь үзээд тагшнаас нь салгаад мөнгийг нь жин дээр үзэхэд 25 гр болж байсан, тэгээд би гр-ыг нь 800 төгрөгөөр авна гэж хэлээд 20.000 төгрөг болоод мөнгийг нь өгөөд явсан гэжээ.
3.Т.Төгөлдөрөөс:...Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх худалдааны төвийн ертөнцийн зүгээр хойд буланд байрлах авто засварын хашаанд сэжиг бүхий жижиг оврын ачааны машин байсан. Тэгэхээр нь машин дээр яваад очтол машины хажууд 12 ширхэг төмөр обуд байсан. Би энэ хэний обуд вэ, та хоёрт бичиг баримт байна уу гэж асуухад нэг нь надад бичиг баримт байхгүй гэсэн. Харин нөгөөх машины жолооч бололтой ах надад бичиг баримтаа шалгуулсан. Тэгээд албаны машин дээр очоод үнэн зөв овог, нэрээ хэлсэн эсэх, хулгайн эд зүйл авч яваа эсэхийг шалгах гээд дагуулаад явж байтал бичиг баримт байхгүй гэсэн залуу нь зугатаагаад алга болсон. Харин нөгөө машины жолооч гэх 55-60 орчим насны ах үлдсэн. Тэгээд энэ юун обуд юм вэ? хэний юу гэж асуухад жолооч гэх Дашбазар нь энэ обудуудыг сая зугатаасан залуу намайг хөлслөөд энд явч ирсэн юм. Тэр залууг танихгүй сая танилцаад обудуудыг ачиж ирлээ гэж байсан. Тэгээд зугтсан залуугийн овог, нэр, регистрийн дугаарыг нь цагдаагийн нэгдсэн сангаар шүүж үзтэл олдоогүй, тэгээд С овогтой Б гэж бичүүлсэн нэр нь зөв байсан гэжээ.
Иргэний нэхэмжлэгч нараас мэдүүлэхдээ:
1.Д.Аззаяагаас:-2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн орой 16-17 цагийн орчимд намайг Нарантуул-2 захын худалдаа үйлчилгээний төвийнхөө 22 дугаарын павилон дээр ажлаа хийгээд зогсож байхад үл таних 25-30 орчим насны эрэгтэй 165 см орчим өндөртэй бор царайтай согтуу залуу гартаа том саарал өнгийн цүнх барьсан ирээд намайг 2 ширхэг савхин куртик байна авах уу гэж хэлэхээр нь үзэж хараад авья гэж хэлээд савхийг нэгийг нь 5 000 төгрөгөөр ав гээд компьютерийг нь 20 000 төгрөгөөр ав гээд байхаар нь за за тэгье гэж хэлж аваад тухайн үедээ тэр залуу эхнэрээсээ салаад явж байна, өнөөдөр миний төрсөн өдөр болж байгаа юм ганц нэг шил архи уух гэсэн юм гээд хэлэхээр нь би архиныхаа халуунд л ингэж байна гэж бодоод буцаж ирээд компьютерийг авна гэж бодоод авч үлдээд, нөгөө залуу цаашаа яваад чингэлэгнүүдийн урд талд гартаа барьж явсан саарал өнгийн цүнхийг орхиод яваад өгөхөөр нь энэ согтуудаа хамаг юмаа хаяад яваад өглөө маргааш нь ирээд хайгаад унах байх гэж бодоод, аваад павилон дотроо оруулаад цүнхийг нь онгойлгоод дотор нь байгаа эд зүйлийг үзээгүй. Тэгээд худалдаж авсан савхин куртик болон зөөврийн компьютерийг хийгээд хадгалж байсан чинь 2 хоногийн дараа энгийн хувцастай 2 цагдаа ирээд энд саарал цүнх үлдээсэн үү гэж асуугаад өөрсдийгөө танилцуулаад хулгайн эд зүйл байгаа юм гэж хэлээд аваад явсан гэжээ.
2.Б.Доржбадамаас:-Хашааны үүдэнд усны тэргэн дээр үл таних 2 ширхэг зурагтыг аваад түрээд худалдаж авах уу? гээд явж байхаар нь араас нь гараад очсон чинь Нарантуул-2 захын урд хаалгаар явж орж байгаа харагдсан. Тэгээд араас нь очоод наад зурагтаа зарах гэж байгаа юм уу хэд гэж байгаа юм гэж асуусан чинь надад тэр залуу зарах гэж байна 100 000 төгрөгөөр ав гэхээр нь би наадах чинь хулгайн юм биш биз дээ гэж хэлсэн. Тэгээд гэрийнхээ хажуу талын Дөрвөдийн гэж нэрлэдэг улаан тоосгон дэлгүүр рүү орж зурагтыг нь шалгаж үзээд нэг нь асаж байхаар нь эргэж гараад хашаа руугаа ороод бэлнээр 100 000 төгрөг өгөөд худалдаж авсан чинь нөгөө залуу зурагт аваад явж байсан усныхаа тэргээ наадах чинь надад хэрэггүй гээд хаяад яваад өгсөн. Тэгээд тэр залуу найзынхаа төрсөн өдрөөр надад мөнгө өглөө гээд бариад явж байсан саарал өнгийн цүнхнээсээ нэг саарал өнгийн ЛЖ загварын зөөврийн компьютерийг гаргаж өгөөд тэргээ орхиод яваад өгсөн гэжээ.
3.Т.Самбуу-Ёндонгоос:-Хүчит шонхор зах дээр тэргээ түрээд байж байхад 15 цаг өнгөрч байхад үл таних согтуурсан байдалтай эрэгтэй миний үеийн насны бор царайтай, 165 см өндөртэй залуу усны тэрэг дээр хар өнгийн иж бүрэн компьютер, надад зарсан зурагт хоёрыг түрээд явж байхаар нь наад зурагт чинь ямар үнэтэй юм гэж асуухад 45.000 төгрөгнөөс яриад өгнө гэж хэлсэн. Мөнгөний хэрэг гарчихлаа яаралтай зарчихмаар байна гэсэн тэгээд уг залуугаас 45 000 төгрөгөөр тооцоод тэр залуу одоо 20.000 төгрөгийг нь аваад маргааш өглөө ирээд үлдсэн мөнгийг нь авья гэж хэлээд явсан гэжээ.
Шүүх дээрх баримтуудыг дүгнэвэл шүүгдэгч С.Б нь 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс мөн оны 4 дүгээр сарын 30-ны хооронд Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдийн нутаг дэвсгэрт орших нэр бүхий иргэдийн амьдран суух хашаа, гэр, байшингийн хаалга, цонхыг эвдэн нэвтрэн орж, зурагт радио, зөөврийн компьютер, хөөрөг, хувцас, бусад эдлэл, бэлэн мөнгө, эд зүйл хулгайлан авснаас Д.Мягмарсүрэнд 2.411.000 төгрөгийн, Б.Дэмбэрэлнямд 460.000 төгрөгийн, Г.Гэрэлт-Одод 680.000 төгрөгийн, Д.Амарсайханд 270.000 төгрөгийн, Ж.Энхбатад 575.000 төгрөгийн, Г.Баттөрд 2.200.000 төгрөгийн, Б.Бямбасүрэнд 3.745.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь шүүх хуралдаанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, хэрэг учралын газруудад үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017.05.19-ны өдрийн №2985 тоот шинжээчийн дүгнэлт, эд зүйлийн үнэлгээнүүд, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хураан авах тогтоол, тэмдэглэлүүд, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.
Иймд шүүгдэгч Зэд овогт Сийн Бг бусдын эд хөрөнгийг хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь 2009 онд шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2, 145 дугаар зүйлийн 145.4, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан хүнд, онц хүнд гэмт хэрэгт нийт 10 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсаны дараа ялтай байхдаа 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө дахин бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч, давтан үйлдсэн нь хуучин (2002 оны) Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжтэй боловч шинэ (2015 оны) Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхээр заасан тул шүүгдэгч С.Бд шинэ Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ял оногдуулахаар шийдвэрлэсэн болно.
Түүнчлэн шүүгдэгч нь шинэ Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон боловч хуучин Эрүүгийн хуульд уг шинжийг гэмт хэргийн бүрэлдэхүүний хүндрүүлэх шинжид тооцоогүй байсан тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэлгүй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Шүүгдэгч нь бусдад нийт 10.341.000 төгрөг буюу үлэмж хэмжээний хэмжээний хохирол учруулсан ба үүнээс Д.Мягмарсүрэнгийн 2.411.000 төгрөг, Г.Гэрэлт-Одын 300.000 төгрөг, Ж.Энхбатын 200.000 төгрөг, Г.Баттөрийн 2.200.00 төгрөг, нийт 5.111.000 төгрөгийн эд зүйл хохирогч нарт буцаан олгогдсон тул үлдэх 5.230.000 (10.341.000 – 5.111.000) төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэв. Мөн үүн дээр хохирогч Ж.Энхбатын гэрийн хаалга эвдсэнээс гарсан зардал 400.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Т.Самбуу-Ёндонд өгвөл зохих 20.000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан шууд бус хохиролд тооцож, шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч нь 2017 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс хойш цагдан хоригдсон тул Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлд зааснаар уг хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.
Шүүгдэгч нь “Бямбасүрэнгийнд ороогүй, энэ айлыг ухсан Мөнхзаяа гэгч нь ялаа аваад явсан. Эднийхийг Шинэбаяр байцаагч зааж өгөөд надаар байцаалт авахуулсан” хэмээн мэдүүлж байгаа боловч уг мэдүүлгийг өөр бусад баримтаар нотолж чадаагүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Зэд овогт Сийн Бг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч С.Бг 3 (гурав) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 3 жил 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 188 (нэг зуун наян найм) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн бичлэг бүхий 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч С.Бгөөс 5.650.000 (таван сая зургаан зуун тавин мянга) төгрөг гаргуулж хохирогч Д.Дэмбэрэлням (РД:НО88090479)-д 460.000 төгрөг, Г.Гэрэлт-Од (РД:ШУ88120510)-д 380.000 төгрөг, Д.Амарсайхан (РД:ЦА63090964)-д 270.000 төгрөг, Ж.Энхбат (РД:ХЗ58010414)-д 775.000 төгрөг, Б.Бямбасүрэн (РД:УК91060813)-д 3.745.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Т.Самбуу-Ёндон (РД:ЙУ88111619)-д 20.000 төгрөг тус тус олгосугай.
7.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БУЯННЭМЭХ