Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 20 өдөр

Дугаар  2023/ДШМ/738

 

 

 

 

       2023           7            20                                       2023/ДШМ/738

 

А.Ат холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Д.Очмандах, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Энхбуян,

шүүгдэгч А.А,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/506 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Аын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2209028320412 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

М овгийн  А.А, 19... оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, компьютерийн засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, .............. тоотод оршин суух, /РД: ................/;

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 235 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэг, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар 1 хоногийн хорих ял,

Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 142 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 10 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, үлдэгдэл 5 жил 8 сар 26 хоногийг хуулийн тэгшитгэлээр суллагдсан,

Дархан-Уул аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 382 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан.

Шүүгдэгч А.А нь 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Си Ю дэлгүүрийн ширээн дээр байсан хохирогч Б.Бын 705.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Айфоне икс Эс макс” загварын, шаргал өнгөтэй гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: А.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А.Аыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ат оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 31 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ааас 705.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Бад олгох, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь  хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Энэ хэрэгт холбогдохоосоо өмнө “Бетел” христийн сүмд сайн дураар хамрагдаж, өөр хоорондоо туслаж, цалин тэтгэвэргүй ажиллаж амьдарч байсан. Энэ хугацаанд хүнийг хайрлаж, хайрлуулах, хүндлэх зэрэгт суралцаж байсан.

Зүүн хөлний дунд чөмөг ясанд деструкци өөрчлөлттэй, эпифиз хэсэгт хуучин хугарлын шинжтэй, зүүн хөлийн дунд чөмөг ясны үе болон сүүж ясны хоорондын зай нарийссан, ялтас хатуурсан ясны сийрэгжилттэй гэсэн оноштой амьдардаг.

Би Б.Бад учруулсан 705.000 төгрөгийн хохирлоо ажил хийж барагдуулахыг хүсэж байна. Их гэмшиж байгаа.

Урьд өмнө 3 удаа ял шийтгүүлж байхдаа биеэр эдэлж байсан ял эдэлж байх хугацаандаа алба хаагчдын өгсөн үүрэг даалгаврыг биечлэн биелүүлж зөрчил дутагдал гаргаж байгаагүйг минь харгалзан үзэж 1 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. Үүнд дүүргээс гарахгүй зорчих эрх хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх гэх мэт ялыг оногдуулж өгөхийг хүсэж байна. ...” гэв.

Прокурор Н.Энхбуян тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч А.А нь өмнө нь 3 удаа ял шийтгүүлж байсан. Хохирол төлбөрөө барагдуулаагүй. Анхан шатны шүүх эдгээр байдлуудыг харгалзаад үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон ял шийтгэл оногдуулсан байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч А.А нь 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Си Ю дэлгүүрийн ширээн дээр байсан хохирогч Б.Бын 705.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Айфоне икс Эс макс” загварын, шаргал өнгөтэй гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Бын “... Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Си Ю дэлгүүрт 2022 оны 10 дугаар сарын 01-ний өглөө 07 цаг 30 минутын үед орж сууж байгаад сэрэхэд миний ширээн дээр тавьсан гар утас алга болсон байсан. Хяналтын камерын бичлэг шүүж үзэхэд доголж алхдаг нэг эрэгтэй миний гар утсыг аваад гарч байгаа бичлэг байсан. ...” /хх 14/,

А.Аын яллагдагчаар өгсөн “... 2022 оны 10 дугаар сарын 01-ний өглөө 07 цагийн үед Виставка худалдааны төвийн ойролцоо “CU” дэлгүүрт ганцаараа орсон. Ортол сандал дээр нэг гар утас байсан. Эзэн нь цаана худалдан авалт хийгээд зогсож байсан санагдаж байна. Тэгээд би тухайн гар утсыг хэнд ч мэдэгдэхгүйгээр аваад гарсан. “Айфоне” загварын гар утас байсан. Би утсыг явуулын хүнд 50.000 төгрөгөөр зараад мөнгөөр нь архи уусан. ...” /хх 65/ гэсэн мэдүүлгүүд,

“Дамно” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хх 18-19/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 11/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 9-10/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Прокуророос шүүгдэгч А.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

  Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч А.Аыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.

Шүүгдэгч А.А нь “... надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх ялын төрөл, хугацаатай ба анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хорих ялыг сонгож оногдуулсан нь үндэслэлтэй ба эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоосон нь тохирсон, хүнд биш гэж үзэв.

Түүнчлэн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг нууцаар,  хууль бусаар авах идэвхитэй үйлдлээр илрэх ба амар хялбар аргаар мөнгө олох гэсэн шунахай сэдлээр бусдын өмчлөлд халдаж байгаа нийгмийн хор аюул ихтэй гэмт хэрэг ба шүүгдэгч А.Аын хувьд урьд энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж, 3 удаа ял шийтгүүлж байсан атлаа засарч хүмүүжихгүй дахин уг гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/506 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Аын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч А.Аын 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл нийт 65 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/506 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Аын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аын цагдан хоригдсон 65 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

     ШҮҮГЧ                                          Д.ОЧМАНДАХ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ