Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 606

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Ж.Ганзориг,

            Улсын яллагч Д.Дэлгэрмаа,

            Өсвөр насны шүүгдэгч Н.Д, түүний хууль ёсны төлөөлөгч М.Нямсүрэн, тэдгээрийн өмгөөлөгч Ж.Баасанжав нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдсон Н.Д-д холбогдох 201725031122 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хаалттай хянан хэлэлцэв.

Өсвөр насны шүүгдэгч Монгол Улсын иргэн, Н.Д,

нь 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 15 дугаар гудамжны 318 тоотод оршин суух Ц.Чинбатын байшингийн хаалгыг хөшин орж, зөөврийн компьютер, шинэ цагийн хөөрөг, гар утас зэрэг эд хөрөнгийг хулгайлж, 820.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 15-318 тоотод ошин суух Ц.Чинбатын байшингийн цонхыг түлхэн орж, ваарыг хулгайлж, 20.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 15 дугаар гудамжны 318 тоотод оршин суух Ц.Чинбатын байшингийн хаалгыг хөшиж онгойлгон нэвтэрч “Найке” гэх бичигтэй пүүзийг хулгайлж, 144.000 төгрөгийн хохирол учруулж, нийт 3 удаагийн үйлдлээр Ц.Чинбатад 974.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт

 

 

 холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлэхдээ: “2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр тухайн айлын цонхыг хөшин орж айлын хүний “пиджак”-ны хармаанаас хөөрөг болон “нөтбүүк” компьютерийг авсан. 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хаалгыг хөшиж орж ваарыг нь авсан. 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хаалгыг нь хөшин орж гутлын тавиар дээрх пүүзийг авсан. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэмшиж байна.” гэв.

            Н.Д мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны яллагдагчаар мэдүүлэхдээ: “…2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 12-13 цагийн үед Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 15-318 тоотод оршин суух иргэн Ц.Чинбатын өвлийн сууцны цонхоор нь ороод тэдний гэрийн том өрөөний зурагтны дэргэд байх нэг шрхэг ваар байсныг хулгайлж аваад орж ирсэн цонхоороо буцаад гарсан юм. Тэгээд уг ваарыг аваад тэдний гэрээс гарч яваад гудамжинд бүдэрч унаад хагалсан юм. …Би иргэн Ц.Чинбатад анхны хэрэг дээр нийт хохирол 900.000 төгрөг төлсөн болохоор одоо ямар нэгэн асуудал байхгүй. ” гэжээ.

            Өсвөр насны шүүгдэгч Н.Д-ын хууль ёсны төлөөлөгч М.Нямсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Бидний хүүхдэдээ тавих анхаарал тийм сул байгаагүй. Хичээлээ тасалдаггүй, хааяа нэг, хоёр цаг писи тоглоом тоглож байгаад ирлээ гэдэг байсан. Би хүүгийнхээ ангийн багштай байнгын холбоотой байдаг. Хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан. Одоо хүүхдэдээ сайн анхаарал тавина. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.

Хохирогч Ц.Чинбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Би 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн орой 17 цагийн үед гэрээсээ гарсан. Тэгээд шөнө нь гэртээ эхнэртэйгээ хамт ирээд ороход байшингийн хаалга хөшөөд орчихсон байсан. Хамрын тамхи гэрийн үүдний хэсгийн байшингийн дунд өрөө хүртэл тэр чигт нь цацчихсан байсан ба ул мөрөө баллах гэж тэгсэн юм шиг байна. Гэрээс 16 инчийн зөөврийн компьютер, хөөрөг алдагдсан байсан. 2017 оын 6 дугаар сарын сүүлээр гадуур явж байгаад гэртээ ирэхэд байшингийн хаалга бүрэн бүтэн байсан ба байшингийн голын цонхыг түлхэн хулгайч орж, зурагтны хажууд байсан жижиг вааран дотор байсан зүйлийг нь асгаад аваад явсан байсан. …2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр гэрийнхээ хаалгыг цоожлоод явсан. Тэгээд 8-наас 9-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад гэртээ ирээд унтсан. Маргааш нь хаалгаа харсан чинь цоожны гол хэсэг хөшигдсөн байдалтай байхаар нь эд зүйлээ шалгахад гайгүй байсан. 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр манай эхнэр чиний пүүз байна уу гэж асуухаар нь пүүзээ үзэхэд байхгүй байсан ба Тэгээд пүүзээ алдсанаа мэдсэн.” гэжээ.

Насанд хүрээгүй гэрчүүдээс мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

1.Т.Ганцоож: “…2017 оны 5 дугаар сарын эхээр намайг гэртээ байхад Д 6 буудлын ойролцоо байдаг интернэт тоглоомын газар дуудсан юм. Тэгээд би 6 буудлын ойролцоо оройны 21 цаг өнгөрч байхад Д, Батгэрэл, Памбага гэх хоёр хүүхэдтэй уулзсан. Д цагаан өнгийн зөөврийн компьютер, хөөрөг зэрэг эд зүйл барьчихсан байсан. Д тухайн үед тэр юмнуудаа барьцаалан зээлдүүлэх газарт тавина гээд байсан. Батгэрэл, Д, Памбага бид нар 6 буудлаас авахуулаад 100 айл хүртэл барьцаалан зээлдүүлэх газар хайж явсан. Тэгээд 10 дугаар хороолол руу явсан. Барьцаалан зээлдүүлэх газар олдохгүй болохоор нь бид нар буцаад гэртээ ирцгээсэн. Зөөврийн компьютер болон хөөргийг Батгэрэлийн гэрт үлдээсэн. Тэгээд бид нар харьцгаасан. Маргааш нь Д Батгэрэлийн гэрт үлдээсэн цүнхээ авах гээд очсон, яг юу авсан гэдгээ хэлээгүй. Нөгөөдөхөө авчихсан шүү гэж надад хэлсэн. Миний хар өнгийн хичээлдээ үүрдэг үүргэвчинд зөөврийн компьютер, хөөрөг зэрэг эд зүйлийг дотор нь хийгээд Батгэрэлийн гэрт үлдээсэн юм. Бат Батгэрэлийн гэрт очоод цүнхээ шууд аваад хичээлдээ яваад өгсөн. Намайг цүнхээ авахад дотор нь хөөрөг байгаагүй.” гэжээ.

2.Э.Батгэрэл: “…2017 оны 5 дугаар сарын дундуур Энхтөгс, Батдэлгэр, Д нартай би зургаан буудлын ойролцоо уулзсан юм. Тэгээд бид нар байж байсан чинь Д зөөврийн компьютер бас 1 хөөрөг зэрэг эд зүйл авч ирсэн. Хөөргөө зөөвийн компьютерийнхээ цүнхэнд хийчихсэн байсан. Д хэлэхдээ энэ эд зүйл манай амбаарт байсан юм. Манай эмээ өвөөгийн эд зүйл байж магадгүй гэж хэлж байсан. 3, 4 хорооллын ойролцоо бид нар очоод гадуур тоглоом тоглож байгаад буцаад гэртээ харьсан. Энхтөгсийн цүнхэнд хөөргөө Д хийгээд явуулсан. Зөөврийн компьютерээ надад өгч явуулсан. Энхтөгсийн цүнхэнд их юм байсан болохоор надад өгсөн юм. Энхтөгсийн цүнх хүнд болоод байсан байсан юм. Манай гэрийн зөөврийн компьютер, хөөрөг нилээн хэдэн жилийн өмнө алга болсон. Эд нарыг авах хүн байвал зарна гэж надад хэлж байсан.” гэжээ.

Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзвэл, өсвөр насны шүүгдэгч Н.Д нь Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 15 дугаар гудамжны 318 тоотод оршин суух Ц.Чинбатын байшингийн цонх болон хаалгыг хөшиж онгойлгон хууль бусаар гэрт нэвтрэн орж, 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдөр зөөврийн компьютер, шинэ цагийн хөөрөг, гар утас зэрэг 820.000 төгрөгийн эд зүйл, мөн оны 7 дугаар сарын 20-ны өдөр 20.000 төгрөгийн үнэтэй ваар, мөн оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө 144.000 төгрөгийн үнэтэй пүүз тус тус хулгайлан авч, нийт 974.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчээс үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ц.Чинбатын “…Би 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн шөнө гэртээ ороход байшингийн хаалга хөшөөд орчихсон байсан. Гэрээс 16 инчийн зөөврийн компьютер, хөөрөг алдагдсан байсан. 2017 оын 6 дугаар сарын сүүлээр байшингийн голын цонхыг түлхэн хулгайч орж, зурагтны хажууд байсан жижиг вааран дотор байсан зүйлийг нь асгаад аваад явсан байсан. 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр гэрийнхээ хаалгыг цоожлоод явсан. Маргааш нь хаалгаа харсан чинь цоожны гол хэсэг хөшигдсөн байдалтай ... пүүзээ алдсанаа мэдсэн” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Т.Ганцоожийн “…Д цагаан өнгийн зөөврийн компьютер, хөөрөг зэрэг эд зүйл барьчихсан байсан…” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Э.Батгэрэлийн “…Тэгээд бид нар байж байсан чинь Д зөөврийн компьютер бас 1 хөөрөг зэрэг эд зүйл авч ирсэн. Хөөргөө зөөвийн компьютерийнхээ цүнхэнд хийчихсэн байсан. Д хэлэхдээ энэ эд зүйл манай амбаарт байсан юм. Манай эмээ өвөөгийн эд зүйл байж магадгүй гэж хэлж байсан” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаар гомдол, хүсэлтийг хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрыг хамгаалсан тэмдэглэл, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлийн үнэлгээ, хохирлын мөнгө хүлээлцсэн тухай тэмдэглэл, бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Н.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар хулгайлж авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.  

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгчөөс түүний үйлдсэн гэмт хэрэгт 2002 оны хуучин Эрүүгийн хуульд заасан хариуцлага тооцож өгнө үү хэмээн маргаж байгаа боловч шүүгдэгчийн үйлдэл 2017 оны 5 дугаар сард эхэлж, 8 дугаар сард төгссөн нь шинэ Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт үйлдэл тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулахаар тооцсон тул өмгөөлөгчийн саналыг хүлээн авах үндэслэлгүй байна.  

Хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул өсвөр насны шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Н.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хоёроос найман жилийн хугацаатай хорих ял шийтгэж болох хүнд гэмт хэрэг үйлдсэн боловч тэрээр гэмт хэрэг үйлдэх үедээ 14 нас 9 сартай байсан, одоо бүрэн дунд боловсролын сургуульд суралцаж байгаа тул түүнд Эрүүгийн хуулийн наймдугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу ял оногдуулах боломжтой гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн 8.3 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар заахдаа гэмт хэргийн хүнд, хөнгөн ангиллыг тусгайлан заагаагүй тул шүүгдэгчийн нас биед тохирсон, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах боловсрол эзэмшүүлэх зорилгоор гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хорьж хүмүүжүүлэх шаардлагагүй гэж үзэж, өсвөр насны шүүгдэгч Н.Дд 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв. Ингэхдээ уг ял дээр нэмж хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгчид 2 жил хорих ял оногдуулах санал гаргасан боловч дээр дурдсан шалтгаанаар уг саналыг шүүх хүлээн аваагүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1, 18.2, 18.3, 18.7, 18.10, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Өсвөр насны шүүгдэгч Н.Д-ыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар хулгайлж авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйл, 8.2 дугаар зүйлийн 1.1, 8.3 дугаар зүйл, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Н.Дыг 120 (нэг зуун хорь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, түүнийг оршин суух газар, сургуулиа өөрчлөх бол хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг нэмж хүлээлгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийвэл шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай

4.Өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

5.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Н.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өсвөр насны  шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ