| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 2304000050036 |
| Дугаар | 2023/ДШМ/739 |
| Огноо | 2023-07-20 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Э.Хэрлэн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 2023/ДШМ/739
2023 7 20 2023/ДШМ/739
С.Дт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Д.Очмандах, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Хэрлэн,
шүүгдэгч С.Д, түүний өмгөөлөгч С.С,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/54 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Дийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2304000050036 дугаартай хэргийг 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Г овгийн Д, 19.. оны 5 дугаар сарын 16-ны өдөр .... төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “...” ХХК-д хамгаалалтын ажилтан ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт ..... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ...../;
Шүүгдэгч С.Д нь 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 13 цаг 34 минутаас 15 цаг 37 минутын үед Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуусын 8 дугаар гудамжны 01 тоотод Г.Б, Ч.Сүхбаатар нартай согтууруулах ундааны зүйл хувааж хэрэглэх үедээ Г.Бын худалдан авалт хийлгүүлэхээр өгч явуулсан түүний “Хаан” банкны виза картыг ашиглан Багануур дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хар хорин” гэх хүнсний дэлгүүр дотор байрлах “Хаан” банкны бэлэн мөнгөний машинаас үргэлжилсэн үйлдлээр бага хэмжээнээс дээш буюу нийт 800.000 төгрөг авч бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.
Багануур дүүргийн прокурорын газраас: С.Дийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С.Дийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Дт 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Дт шүүхээс оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр байнга оршин суух Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуусын 8 дугаар гудамжны 01 тоотод оршин суугаа газраа өөрчлөх мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс зорчих үүрэгтэйг С.Дт тус тус мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар С.Д нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг С.Дт мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Даас гэмт хэргийн улмаас бусдад учруулсан эд хөрөнгийн хохиролд 500.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Бд олгох, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч С.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэрэг гарсан өдөр Г.Б нь надад Хаан банкныхаа картыг өгөөд архи аваад ир гэж явуулсан ба би 4 удаагийн үйлдлээр 800.000 төгрөгийг нь авч завшсан үйлдэлдээ үнэхээр их гэмшиж, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд гэм буруугаа зөвшөөрч хохирогч Г.Бд 300.000 төгрөгийг хохиролд төлсөн ба цаашид үлдэх 500.000 төгрөгийг цалингаа буухаар бүрэн төлөхөө илэрхийлсэн. Би хөгшин настай аав, ээжтэйгээ амьдарч тэднийг асарч тойглох, тэжээн тэтгэх үүргийг давхар тээж өнөөдрийг хүрсэн. Би цаашид Г.Бд учирсан хохирлыг нөхөн төлөх, эцэг эхээ асрахын тулд ажил хөдөлмөр эрхлэх хэрэгцээ шаардлагатай байна. Гэтэл Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор надад 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан нь ажил хөдөлмөр эрхэлж, эцэг эхээ асран хамгаалахад саад болж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ялын сонгох санкцитай бөгөөд надад 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялаар сольж өгнө үү. Би “...” ХХК-д хамгаалалтын ажил эрхэлж сарын 600.000 төгрөгийн цалин авдаг бөгөөд зээл хийгээд ч хамаагүй хохирол болон торгуулийн мөнгөө төлөхөө үүгээр илэрхийлж байна. ...” гэв.
Шүүгдэгч С.Дийн өмгөөлөгч С.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч С.Д мөрдөн шалгах ажиллагаанаас эхлээд өмгөөлөгчгүй оролцсон. Тухайн үед байцаагч нь “300.000 төгрөг хохирогчдоо өгчих юм бол хохирогчоос гомдолгүй болно гэж байна” гэхээр нь тухайн үед хохирогчид 300.000 төгрөгийг өгсөн байдаг. Хохирогч шүүх хуралдаанд оролцоогүй. Дараа нь хохирлоо авна гэсэн байдаг. Энэ талаар анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлээгүй байсан. Шүүгдэгч С.Д нь хамгаалалтын албанд ажилладаг бөгөөд нэг газраа ажилдаггүй өөр өөр газар ээлжээр ажилладаг юм. Тэгэхээр зорчих эрх хязгаарлах ял нь биелэгдэх боломжгүй болоод байдаг. Мөн эцэг нь бие муутай эцгийгээ асардаг. Торгуулийн ялыг төлөх боломжтой тул зорчих эрх хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэв.
Прокурор Э.Хэрлэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн. Шүүгдэгч С.Д нь эрхэлсэн тодорхой ажилгүй. Өнөөдрийг хүртэл хохирлоо нөхөн төлөөгүй, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн байхад торгуулийн ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
Шүүгдэгч С.Д нь 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 13 цаг 34 минутаас 15 цаг 37 минутын үед Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуусын 8 дугаар гудамжны 01 тоотод Г.Б, Ч.Сүхбаатар нартай согтууруулах ундааны зүйл хувааж хэрэглэх үедээ Г.Бын худалдан авалт хийлгүүлэхээр өгч явуулсан түүний “Хаан” банкны виза картыг ашиглан Багануур дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хар хорин” гэх хүнсний дэлгүүр дотор байрлах “Хаан” банкны бэлэн мөнгөний машинаас үргэлжилсэн үйлдлээр бага хэмжээнээс дээш буюу нийт 800.000 төгрөг авч бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Г.Бын “... 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Багануур дүүргийн 5 дугаар хороо, Найман наран дэлгүүрээс 1 шил архи аваад Дийн гэрт очиж архи ууж байгаад дуусахаар нь Дт архи аваад ир гээд гар утсныхаа хавтсанд байсан Хаан банкны картаа өгсөн. Миний Хаан банкны картанд байсан 800.000 төгрөг алга болсон байсан. Миний энэ хохирлыг барагдуулж өгнө үү. ...” /хх 14/,
гэрч Ч.С-ын “... 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Багануур дүүргийн 5 дугаар хороонд байрлах Найман наран дэлгүүрийн гадаа хамт ажиллаж байсан Г.Б ахтай таараад баяр болж байна гээд Г.Б ах архи аваад бид хоёр Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуус 8-1 тоотод амьдрах С.Дийн гэрт орж архиа уусан. Архи дууссан чинь Г.Б ах картаа гаргаж ирээд С.Дийг 2 удаа архинд явуулсан. Тэгээд архи дуусаад би Г.Б ахыг Хархорин худалдааны төв рүү хүргэж өгөөд С.Дийн гэр лүү ороход С.Д надад “Г.Б ахын чинь карт энэ байна, энийг ав” гээд надад өгөхөөр нь би гараад Г.Б ахын араас очоод картыг нь өгсөн. ... Г.Б ах С.Дийг архинд явуулахдаа картныхаа кодыг хэлээд архинд явуулаад байсан. Сүүлд Д, Г.Б нартай цагдаагийн гадаа уулзахад архинд явж байхдаа АТМ-с мөнгийг нь авсан гэж Д хэлсэн. ...” /хх 18-19/,
С.Дийн яллагдагчаар өгсөн “... 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гэртээ байхад миний зүс таних Ч.Сүхбаатар нь Г.Б гэх хүний хамт 1 шил архитай ирсэн. Бид нар архиа хувааж ууж дуусгаад Г.Б бид хоёр дахин архи авахаар дэлгүүр орж архиа аваад Г.Б картаа уншуулж тооцоо хийсэн. Тэгтэл Г.Б надад мөнгө байгаа гээд агсраад байхаар нь би картыг нь аваад тус дэлгүүр дотор байсан АТМ-ээс эхлээд 200.000 төгрөгөөр 2 удаа, 100.000 төгрөгөөр 1 удаа нийт 500.000 төгрөг авсан. Тэгээд манайд очиж үргэлжлүүлж ууж байгаад би сүүлд дахин картыг нь авч яваад 300.000 төгрөг авсан. ...” /хх 54/ гэсэн мэдүүлгүүд,
Г.Бын Хаан банкны дансны хуулга /хх 30/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 37-38/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Прокуророос шүүгдэгч С.Дийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч С.Дийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Түүнчлэн шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Дт 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.
Шүүгдэгч С.Д нь “... зорчих эрх хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэсэн хуулийн заалттай ба анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Дт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож оногдуулсан нь үндэслэлтэй ба тухайн зүйл, хэсэгт заасан хамгийн багаар буюу 6 сарын хугацаагаар хязгаарласан нь үндэслэлтэй ба ял тохирсон байна.
Мөн хохирол төлбөр төлөгдөөгүй, шүүгдэгч С.Д нь эрхэлсэн тодорхой ажилгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул торгох ял биелэгдэх боломжгүй гэж үзэж, түүнд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.
Иймд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/54 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Дийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/54 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Дийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ