| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 101/2024/10100/И |
| Дугаар | 197/ШШ2025/00765 |
| Огноо | 2025-02-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 197/ШШ2025/00765
2025 02 06 197/ШШ2025/00765
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би,
Нэхэмжлэгч: У-ийн нэхэмжлэлтэй,Хариуцагч: У холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 4,901,965 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 03-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Хасбанк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Б.Лхагварэнчин, Г.Баатархүү нараас зээлийн гэрээний үүрэгт төгрөгийг 4,901,965 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
2.Хариуцагч Г.Баатархүү шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...энэхүү зээлийн үлдэгдэл болох 4,901,965 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч, 3 дугаар сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл, сар бүр 544,662.8 төгрөгөөр төлж барагдуулна гэжээ.
3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Хасбанк ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Лхагварэнчин, Г.Баатархүү нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч Г.Баатархүү нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,901,965 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлөхөө илэрхийлсэн тул хариуцагч Б.Лхагварэнчингээс татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банк ХК нь хариуцагч Б.Лхагварэнчин, Г.Баатархүү нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,901,965 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч Б.Лхагварэнчингээс татгалзаж, хариуцагч Г.Баатархүү нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,901,965 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл, сар бүр 544,662.8 төгрөгөөр төлж барагдуулна гэсэн тайлбарыг ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хас банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Лхагварэнчин, Г.Баатархүү нарт холбогдох, иргэний хэрэгт хариуцагч Г.Баатархүү нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,901,965 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, сар бүр 544,662.8 төгрөгөөр төлж барагдуулна гэх тайлбарыг ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Лхагварэнчингээс татгалзсан болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 93,381 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын төсвөөс 46,690.5 төгрөгийг, хариуцагч Г.Баатархүүгээс 46,690.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Хас банк ХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН