| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбосүрэнгийн Буяннэмэх |
| Хэргийн индекс | 186/2017/0644/Э |
| Дугаар | 607 |
| Огноо | 2017-12-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Уранчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 607
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ганзориг ,
Улсын яллагч Б.Уранчимэг,
Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Боржигон овогт Нгийн Бт холбогдох 1711002750259 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1998 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэгэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Нгийн Б (РД:00000000000),
нь 2017 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүрэг 12 дугаар хороо Булгийн 2 дугаар гудамжны 191 тоотод Г.Номинг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт
|
|
|
|
холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Н.Б нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлэхдээ: “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож байна” гэв.
Насанд хүрээгүй хохирогч Г.Номин мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Би 2017 оны 7 дугаар сарын 13-ны өглөө 09 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 2-191 тоот гэртээ өвөө Сундуйдагвын хамт байж байсан чинь манай найз залуу Б нь хүрч ирсэн. Б бид хоёр манай гэрт юм яриад сууж байсан чинь Б намайг мах чанаад өгчих гэж хэлсэн. Би тэгэхээр нь дуугарахгүй чимээгүй сууж байсан чинь Б гутлын сойз аваад над руу шидсэн чинь намайг оноогүй. Би тэгэхээр нь Быг битгий давраад байгаарай гэж хэлээд, гэрээ цэвэрлэх гээд гал тогооны өрөө рүүгээ явсан. Б намайг янхан, гийчий гээд хэл амаар доромжлоод байсан. Би Бийн хэлсэн үгийг тоохгүй, чимээгүй, гэрээ цэвэрлээд байсан чинь Б миний хажуугаар гарахдаа намайг мөрлөөд, тэгээд хажууд зогсоод тохойгоороо гар руу цохиод байсан. Би тэгэхээр нь зүгээр байгаач мэдрэл муутай юм уу гэж хэлсэн чинь, миний хоолойг гараараа боосон. Би зөрүүлээд Бийн хоолойг гараараа боосон. Б миний гарыг тавиулахаар нь гал тогооны шургуулганд байсан заазуурыг аваад Б руу далайсан, Б миний заазуур барьсан гарыг бариад намайг хавсарч унагаагаад газарт унагаж байгаад миний баруун талын нүд рүү гараараа нэг удаа цохисон. Би босоод гар утсаараа аав, ээж рүүгээ залгасан чинь гар утас нь холбогдохгүй байсан. Тэгэхээр нь би ах Азболдыг дуудсан, ах манай гэрт хүрч ирээд Бийг нэг цохиод цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Хэсэг хугацааны дараа цагдаагийн байгууллагын хүмүүс ирээд аав, ээжийгээ ирэхээр цагдаагийн байгууллагад өргөдлөө гаргаарай гэж хэлсэн. Тухайн үед ийм асуудал болсон гэжээ.
Хохирогч Г.Номингийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.07.19-ний өдрийн ¹9130 тоот шинжээчийн дүгнэлтэд:
1.Г.Номингийн биед зүүн зовхи, алимны салстанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамраана.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үссэн байх боломжтой байна гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч Н.Б нь 2017 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүрэг 12 дугаар хороо Булгийн 2 дугаар гудамжны 191 тоотод Г.Номинг мах чанаж өгсөнгүй гэх шалтгаанаар маргалдан, зодсоноос хохирогчийн биед зүүн зовхи, алимны салстанд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь
|
|
|
|
шүүгдэгийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Г.Номингийн “…Б... миний хоолойг гараараа боосон. Би зөрүүлээд Бийн хоолойг гараараа боосон. ... заазуурыг аваад Б руу далайсан, Б миний заазуур барьсан гарыг бариад намайг хавсарч унагаагаад газарт унагаж байгаад миний баруун талын нүд рүү гараараа нэг удаа цохисон” гэх мэдүүлэг, хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.07.19-ний өдрийн ¹9130 тоот шинжээчийн дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн шүүгдэгчтэй сайн дурын үндсэн дээр эвлэрсэн гэх хүсэлт, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.
Иймд шүүгдэгч Боржигон овогт Нгийн Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх үедээ 19 настай байсан, Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн наймдугаар бүлэгт заасан өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх журмыг баримтлан, мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой гэж шүүх үзлээ. Ингэхдээ мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан нэг жилийн хугацаанд буруу зан үйлээ засахыг үүрэг болгож шийдвэрлэлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, сайн дурын үндсэн дээр эвлэрсэн гэх хүсэлтийг бичгээр гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Боржигон овогт Нгийн Бийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйл, 8.1 дүгээр зүйлийн 3, 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Н.Бт ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаанд буруу зан үйлээ засах үүрэг хүлээлгэсүгэй.
3.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БУЯННЭМЭХ