Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2023/ДШМ/740

 

 

 

 

      2023           7            20                                       2023/ДШМ/740

 

Д.Эт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Д.Очмандах, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энхбаяр,

шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Ж.Д, Э.Г,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбаабаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/683 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Ж.Д, Э.Г нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Эт холбогдох эрүүгийн 2308008570601 дугаартай хэргийг 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ш овгийн  Д.Э, 2002 оны 7 дугаар сарын 07-ны өдөр .... аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхийн хамт ...... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ......./;

Шүүгдэгч Д.Э нь учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг хэрэглэж, машин механизм ашиглан үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 01 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр, 50 дугаар байрны урд зогсоолд байрлуулсан байсан хохирогч Т.Бын эзэмшлийн 14-00 УАУ улсын дугаартай, Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 450.000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 02 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 9 дүгээр байрны гадна байрлуулсан хохирогч Ё.Бийн эзэмшлийн 76-52 УАХ улсын дугаартай, Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг обудтай дугуйг авч, 500.000 төгрөгиийн хохирол учруулсан,

2023 оны 01 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 61 дүгээр байрны гадна байрлуулсан хохирогч Г.Дгийн эзэмшлийн 47-21 УБА улсын дугаартай, Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуйг авч, 500.000 төгрөгийн хохирол учруулсан,  

2023 оны 01 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 79а байрны ертөнцийн зүгээр баруун талд байрлах авто зогсоолд байрлуулсан хохирогч Б.Гийн эзэмшлийн 81-15 УНГ улсын дугаартай, цайвар цэнхэр өнгийн Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн “G stock” загварын 17-той обудтай 2 ширхэг дугуйг авч, 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 02 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны 38 дугаар байрны гадаа байрлуулсан хохирогч Б.Жийн эзэмшлийн 68-64 УБГ улсын дугаартай, Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуйг авч, 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Эыг үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг хэрэглэн, машин механизм ашиглан үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Эт хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасныг баримтлан шүүгдэгч Д.Эын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Тоёота Приус-30” маркийн 83-83 ГАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг үнэлгээгээр тогтоосон хорин сая төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлж, Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Э нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, шүүгдэгч Д.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би хийсэн хэрэгтээ гүнээ харамсаж, гэмшиж байна. Сургуулиасаа хасагдсны дараа ажил хийж, англи хэл болон бялдаржуулах клубт элсэж, 2 сар гаруй хугацаа өнгөрсөн. Одоо буцаж гараад дахин хөдөлмөрлөж намар өөр их сургуульд элсэн сурах сонирхолтой байна. Би эхийн хамт амьдардаг ба миний эх Я.Энхжаргал нь 2020 оноос бие нь өвдөж, элэгний хорт хавдрын оноштой, Элэгний төвд эмнэлгийн хяналтад эмчилгээ хийлгэдэг. Нэр дээрх 83-83 ГАО тээврийн хэрэгслийг бусдад зарж борлуулж, мөнгийг гэмт хэргийн хохирол, өмгөөлөгчийн төлбөр болон өөрийн эмчилгээ, эм тарианд зарцуулсан юм. Тэрээр эрхэлсэн тодорхой ажилгүй юм. Өмгөөлөгч нар гэм буруутай маргаагүй, зүйлчлэл дээр өөр байр суурьтай оролцсон. Миний хувьд гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг барагдуулсан. Хохирогч нар ямар нэгэн гомдол байхгүй. Би шүүхээс оногдуулсан ял шийтгэл, гэмт хэргийн зүйлчлэл дээр гомдолтой байна. Иймд хэргийг дахин хянаж, үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.Эын өмгөөлөгч Ж.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргий Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 683 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүгдэгчийг хулгайлах гэмт хэрэг үйлдэх үедээ тээврийн хэрэгслийг яг ямар байдлаар, хэрхэн ашигласан болохыг нотлох гэрч нарын мэдүүлэг, дүрс бичлэг зэрэг бусад нотлох баримт хэрэгт байхгүй. Харин шүүгдэгч нь шүүх хуралдаанд “хулгайлах гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн унаж явсан 83-83 ГАО улсын дугаартай автомашиныг камерын бичлэгт оруулахгүй, хүнд харагдуулахгүйн тулд гэмт хэрэг үйлдсэн газраас хол тавьж, дугуй өргөх домакрат барьж очоод хулгайлах дугуйгаа машинаас нь салган авч, улмаар хулгайлж авсан дугуйгаа 2 гартаа өргөн явсаар өөрийн унаж яваа машиндаа хүргэж, машины тээшинд ачиж явдаг байсан” гэж гэмт хэрэг үйлдсэн аргаа мэдүүлдэг. Тэгвэл хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд ашиг олох гэсэн шунахай сэдэлт, зорилгоор бусдын өмч хөрөнгийг  нууцаар өмчлөгч болон бусдад мэдэгдэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдэл байдаг бөгөөд тухайн эд хөрөнгийг авч, захиран зарцуулах бодит боломж бололцоог бий болгосон үеэс энэ гэмт хэрэг төгсдөг. Харин хулгайлах гэмт хэрэг төгссөний дараа хулгайн эд зүйлийг тээвэрлэх, хэргийн газраас зайлуулсан үйлдэлд тээврийн хэрэгсэл ашигласан бол “машин мехинизм ашиглаж үйлдсэн” гэж хүндрүүлэх шинжид хамааруулан үздэггүй.

Түүнчлэн, дорцов домакрат зэрэг нь өөрийн гэсэн онцлог зориулалтын дагуу үйлдвэрлэгддэг бөгөөд тэдгээрийг гэмт хэрэг үйлдэхээр зориудаар тусгайлан хийж, бэлтгэссэн, эсвэл хэлбэрт оруулж засаж тохируулсан мөн зориулалтаас нь өөрөөр ашигласан нөхцөл байдал тогтоогдоогүй бол дорцов, домакрат нь тусгайлан бэлтгэсэн зэвсэг, зэвсгийн чанартай зүйл гэх ойлголтод хамаарахгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэдэг. Мөн Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага нь тухайн хүний гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх учиртай.

Тиймээс хулгайлах гэмт хэрэг төгссөний дараа хулгайн эд зүйлийг тээвэрлэх, хэргийн газраас зайлуулсан үйлдэлд тээврийн хэрэгсэл ашигласан бол уг гэмт хэргийг “хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг хэрэглэн, машин механизм ашиглан үйлдсэн” гэж хүндрүүлэн зүйлчлэх үндэслэлгүй тул Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү.

2. Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт “гэмт хэрэг үйлдсэн арга барил, гэм буруу, хэргийн зүйлчлэл” дээр маргаж, мэтгэлцэж оролцсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан үндсэн шалгуурыг хангаагүй” гэжээ.

Гэтэл шүүгдэч Д.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар болон гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлсөн. Харин шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс зөвхөн гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргасан. Үүнийг шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн арга барил, гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаж, мэтгэлцсэн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь шүүгдэгчийн илэрхийлж буй байр сууриас түүний өмгөөлөгчийн илэрхийлж буй байр суурь өөр байх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд оршдог. Мөн шүүхийн шийдвэр нь гэмт хэрэг үйлдсэн хүний санаа зорилго, үйлдсэн арга хэлбэр, нийгэмд учруулсан хор хохиролтой хамааралтай байж, хүнлэг энэрэнгүй байх зарчимтай. Иймд давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өвчтэй эхтэйгээ хоёулаа амьдардаг хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Д.Эт итгэл үзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорихоос өөр төрлийн ялаар солихоор шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.Эын өмгөөлөгч Э.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “... шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн арга барил, гэм буруу, хэргийн зүйлчлэл” дээр маргаж, мэтгэлцэж оролцсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан үндсэн шалгуурыг хангаагүй тул хорих ялыг хөнгөрүүлэхээс татгалзаж өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн аваагүй болно.” гэжээ. Гэтэл шүүгдэгч Д.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар болон гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлснөөс гадна анх удаа гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.7 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн хангасан байх атал өмгөөлөгч нарын хэргийн зүйлчлэл болон гэмт хэрэг үйлдсэн аргын талаар мэтгэлцсэнд шүүх шүүгдэгчийг маргасан мэтээр дүгнэлт өгч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзэж байна. Учир нь өмгөөлөгч нар гэм буруугийн талаар огт маргаагүй ба шүүгдэгчийн илэрхийлж буй байр сууриас өмгөөлөгч нарын илэрхийлж буй байр суурь өөр байх нь шүүгдэгчийн эрх байдлыг хөнгөрүүлэхгүй байх үндэслэл болохгүй юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлж, түүнийг нийгэмшүүлэхэд оршдог ба шүүгдэгч нь тус хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч бусдад учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлсөн бөгөөд шийдвэр нь гэмт хэрэг үйлдсэн хүний санаа зорилго, үйлдсэн арга хэлбэр, нийгэмд учруулсан хохиролтой хамааралтай байж, хүнлэг энэрэнгүй байх зарчимтай. Иймд давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, 6.7 дугаар зүйлд зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хорт хавдраар өвдсөн эхтэйгээ хамт амьдардаг зэрэг хувийн байдлыг харгалзан Д.Эт оногдуулсан 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хөнгөрүүлж, 1 жилийн хорих ял оногдуулан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Энхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Э нь нийт 5 удаагийн үйлдлээр машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлогдон тогтоогдсон. Хулгайлах гэмт хэрэг төгссөний дараа тээврийн хэрэгсэл ашигласан гэж маргаж байна. Анхан шатны шүүх хуралдаанд энэ талаар мөн маргаж оролцсон. Гэвч хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг үйлдэх үедээ эхийнхээ нэр дээр байдаг “Тоёота приус 30” маркийн тээврийн хэрэгслийг унаж яваад хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон. Харин гэмт хэрэг төгссөний дараа буюу хулгайлах гэмт хэргийн улмаас олсон эд хөрөнгөө тээвэрлэх зорилгоор машин механизм ашигласан гэх байдал тогтоогдоогүй. Зориудаар тээврийн хэрэгслийг ашиглаж өөрийнхөө үйлдлийг хөнгөвчлөх, хэргийн газраас түргэн хугацаанд зугтах, бусдад мэдэгдэхгүйгээр зөөж тээвэрлэх санаа зорилго анхнаасаа агуулж тээврийн хэрэгслийг унаж яваад нэг машинаас хоёр ширхэг дугуйг аваад машиндаа хийгээд зөөвөрлөсөн нь тогтоогдсон. Гэтэл машинаа тухайн хэргийн газраас зайтай байрлуулж, дараа нь дугуйгаа аваачиж зөөдөг байсан гэх тайлбараар үйлдлийг хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар учрах саадыг арилгах зорилгоор зориудаар урьдчилан бэлтгэсэн байхыг шаарддаг. Мөн тухайн гэмт хэргийг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл хэрэглэх шаардлагатай байсан эсэх, эсхүл эд зүйлийн овор хэмжээ, жин, эзлэхүүн зэргээс шалтгаалан машин механизм ашиглахгүйгээр гэмт хэрэг үйлдэх боломжтой байсан эсэхийг анхаарах ёстой гэх онолын хувьд авч үзэхэд шүүгдэгч нь нэг машинаас хоёр ширхэг дугуйг авсан. Цаашаа машин механизм ашиглахгүйгээр тээвэрлэх боломжгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн тусгайлан бэлтгэсэн зэвсэг ашиглаагүй гэж маргаж байна. Гэтэл шүүгдэгч нь машиндаа байсан дорцов, данхраад зэрэг машинаас дугуйг салгах боломжтой хэрэгслийг ашигласан гэж үзэж байгаа тул урьдчилан зэвсэг бэлтгэсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Д.Э нь учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг хэрэглэж, машин механизм ашиглан үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 01 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр, 50 дугаар байрны урд зогсоолд байрлуулсан байсан хохирогч Т.Бын эзэмшлийн 14-00 УАУ улсын дугаартай, Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 450.000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 02 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 9 дүгээр байрны гадна байрлуулсан хохирогч Ё.Бийн эзэмшлийн 76-52 УАХ улсын дугаартай, Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг обудтай дугуйг авч, 500.000 төгрөгиийн хохирол учруулсан,

2023 оны 01 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 61 дүгээр байрны гадна байрлуулсан хохирогч Г.Дгийн эзэмшлийн 47-21 УБА улсын дугаартай, Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуйг авч, 500.000 төгрөгийн хохирол учруулсан, 

2023 оны 01 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 79а байрны ертөнцийн зүгээр баруун талд байрлах авто зогсоолд байрлуулсан хохирогч Б.Гийн эзэмшлийн 81-15 УНГ улсын дугаартай, цайвар цэнхэр өнгийн Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн “G stock” загварын 17-той обудтай 2 ширхэг дугуйг авч, 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 02 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны 38 дугаар байрны гадаа байрлуулсан хохирогч Б.Жийн эзэмшлийн 68-64 УБГ улсын дугаартай, Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуйг авч, 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Т.Бын “... 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 21 цагийн үед өөрийн эзэмшлийн 14-00 УАУ улсын дугаартай, үзмэн ягаан өнгийн “Тоёота Приус 30” загварын тээврийн хэрэгслээ Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны 50 дугаар байрны зүүн хойд талд байрлах таван давхар байрны зогсоол дээр байрлуулаад гэртээ амрах гээд орсон. 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өглөө ажилдаа явах гээд 08 цаг 50 минутад гарах гэтэл цагдаа нар ирчихсэн миний машины жолооч талын хойд, урд хоёр дугуйг обудтай нь хамт хулгайлаад аваад явчихсан байсан...” /1хх 6/,

хохирогч Ё.Бийн “... 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Цэргийн хотхоны автобусны буудлын эмийн сан орчхоод 22 цагийн үед 9 дүгээр байрны гадна өөрийн эзэмшлийн улаан өнгийн “Тоёота Приус 30” загварын автомашинаа байрлуулсан. Тэгээд 2023 оны 02 дугаар сарын 11-ний өглөө гэрээсээ 08 цаг 30 минутын үед гараад машин дээрээ очиход миний автомашины жолоочийн талын урд, хойд 215/60/17 хэмжээтэй “Жи сток” загварын обудтай хоёр ширхэг дугуй алдагдсан байсан. “Жи сток” загварын обудыг нэг ширхгийг 180.000 төгрөг, дугуйг нэг ширхгийг нь 70.000 төгрөгөөр Улаанбаатар хотоос 2022 онд худалдаж авч байсан. Фейсбүүк дээр 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Shine Shine нэртэй фейсбүүк хаягаас миний алдсан дугуйтай ижилхэн дугуй зарна гэж зар байршуулсан байсан. ...” /1хх 128/,

хохирогч Г.Дгийн “... 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 61 дүгээр байрны баруун талд байх зогсоол дээр өөрийн эзэмшлийн хар өнгийн 47-21 УБЛ улсын дугаартай “Тоёота Приус 30” маркийн тээврийн хэрэгслээ байрлуулаад гэртээ орж амарсан. 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 13 цагийн үед гэртээ байхад манай дүү Б над руу утсаар “гэртээ байна уу, машины чинь 2 дугуй чинь хагарчихсан юм уу, 2 дугуйг чинь данхраадаад аваад явчихсан байна” гэхээр нь 13 цагийн үед гэрээсээ гараад машинаа үзэхэд жолооч талын 2 ширхэг дугуй алдагдсан байсан. ...” /1хх 210-211/,

хохирогч Д.Г-ийн ”... 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр 79а байрны ертөнцийн зүгээр баруун талд байрлах авто зогсоолын урд хэсэгт шөнийн 23 цагийн үед 81-15 УНГ улсын дугаартай цайвар цэнхэр өнгөтэй “Тоёота Приус-30” загварын автомашинаа байрлуулсан. Тухайн байранд манай эгчийнх байдаг бөгөөд гэрт нь хоносон. 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өглөөний 09 цагийн үед эгчийнхээ гэрээс гарч ирээд машиндаа суух гэтэл машины жолоочийн эсрэг талын урд, хойд талын “Жи сток” загварын 17-той обудтай хоёр ширхэг дугуй байхгүй болчихсон байсан. ...” /2хх 5-6/,

хохирогч Б.Жийн “... 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 21 цагийн үед ажпаа тараад Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны гадна өөрийн 68-64 УБГ улсын дугаартай “Тоёота Приус-30” маркийн саарал өнгөтэй тээврийн хэрэгслийг байршуулаад 38 дугаар байрны 22 тоот гэртээ орж амарсан. 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 11 цагийн үед гэрээсээ гарч ирээд машин дээрээ очиход машины жолоочийн талын урд, хойд талын “Жи сток” загварын 17-той хэмжээтэй хоёр ширхэг дугуй хулгайд алдагдсан байсан. ..." /2хх 64/,

гэрч Г.Ө-ын “... Д.Э нь намайг фейсбүүк дээр “Тоёота Приус-30” загварын автомашины хоёр ширхэг дугуй зарна гэж зар байршуулаад өгөөч гэж гуйсан юм. “Өсөх Баяр” гэх нэртэй өөрийн фейсбүүк хаягаас “Автомашины дугуй худалдаж авна, зарна” гэх группт “Тоёота Приус-30” загварын автомашины 17-той “Жи сток” нэршилтэй хоёр ширхэг дугуй зарна” гэсэн зар байршуулж коммент хэсэгт өөрийн 85155076 дугаарыг бичсэн. Тэгсэн 88851582 гэх дугаараас залгаж дугуй худалдаж авъя гэж асуусан. Миний гар утсаар Д.Э нь тухайн хүнтэй ярьж Хан-Уул дүүрэг, Ханбогд хотхоны байр хороолол дунд үл таних хүнтэй уулзаж хоёр ширхэг “Тоёота Приус 30” загварын машины дугуйг 250.000 төгрөгөөр зарж борлуулсан. Тэгээд намайг гэрт буулгаж өгчихөөд өөрөө яваад өгсөн. Би Д.Эаас ямар учиртай машины дугуй болох талаар асуусан чинь өчигдөр орой гэрээсээ гарч явж байгаад хулгайлсан талаараа хэлсэн. ..." /1хх 140-141/,

иргэний нэхэмжлэгч Э.Т-ын “...“Shine shine” гэх нэртэй өөрийн фейсбүүк хаягаас “Obud Dugui-Обуд дугуйн хамгийн том групп” гэх нэртэй фейсбүүк групп дээр “bakrishgtaigaa 2 dugui bn zarna” гэх зарын дагуу “Өсөх Баяр” нэртэй фейсбүүк хэрэглэгчтэй холбогдсон. Фейсбүүк дээр оруулсан постын доор коммент хэсэгт 85155076 гэх дугаар үлдээсэн байсан. Тэгэхээр нь би өөрийн 88851582 гэх дугаараас холбогдсон. Тэгээд зарах гэж байсан 215/60/17 хэмжээтэй “Жи сток” загварын обудтай 2 ширхэг дугуйг өөрийн гэр буюу Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Ханбогд хороолол 305 дугаар байрны гадна үзэж хараад 250.000 төгрөгөөр худалдан авсан. Өөрийн Хаан банкны данснаас тухайн хүний Хаан банкны 5336116576 дугаарын данс руу шилжүүлсэн. Тэгээд 2023 оны 02-р сарын 12-ны өдөр өөрийн фейсбүүк хаягаасаа худалдан авсан хоёр дугуйгаа 350.000 төгрөгт зарна гэж зар оруулсан. ...” /1хх 131-132/ гэсэн мэдүүлгүүд,

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 2978 дугаартай “... “Тоёота Приус-30” маркын машины хоёр ширхэг обуд дугуй 450.000 төгрөг”, /1хх 20-22/,

Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2788 дугаартай “...215/60/17 хэмжээтэй G stock нэршилтэй обудтай дугуй хоёр ширхэг 500.000 төгрөг” /1хх 143-144/,

“Тэнцвэр эстимэйт” ХХК”ийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2775 дугаартай “... “Тоёота Приус 30” загварын машины G stock обудтай дугуй хоёр ширхэг 500.000 төгрөг" /1хх 223-224/,

“Тэнцвэр-Эстимэйт” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2692 дугаартай “...”Тоёота Приус 30” загварын машины 2 ширхэг обуд дугуй /G stock нэртэй 17-той 600.000 төгрөг” /2хх 8-9/,

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 3093 дугаартай “...”Тоёота Приус 30” загварын автомашины G stock нэртэй 17-той обуд дугуй 2 ширхэг 500.000 төгрөг” /2хх 71-72/ гэсэн эд хөрөнгийн үнэлгээний тайлангууд,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 121-123, 2хх 58-60/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 180-184/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Прокуророос шүүгдэгч Д.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Д.Эыг үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг хэрэглэн, машин механизм ашиглан үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Эт хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.

Шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Ж.Д, Э.Г нараас “... зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж хорихоос өөр төрлийн ял оногдуулах эсхүл оногдуулсан ялыг 1 жил болгон хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Машин механизм гэдэгт хүн, ачаа тээвэрлэх зориулалттай бүх төрлийн автомашин, мотоцикль, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх буулгах, ухах, малтах, түрэх, цоолох, зүсэх зориулалттай машин, механизмууд хамаардаг.

Шүүгдэгч Д.Эын хувьд анхнаасаа буюу зориудаар тээврийн хэрэгслийг ашиглаж өөрийнхөө үйлдлийг хөнгөвчлөх, хэргийн газраас түргэн хугацаанд зугтах, бусдад мэдэгдэхгүйгээр зөөж тээвэрлэх санаа зорилго агуулж тээврийн хэрэгслийг унаж яваад бусдад сэжиг авахуулахааргүй газарт байршуулж, дугуйг хулгайлан авч машинаараа зөөвөрлөсөн үйлдэл нь овор ихтэй хулгайн эд зүйлийг машин механизм ашиглаж хулгайлсан гэж үзэх хангалттай нөхцөл болжээ.

Харин машинаа хэргийн газраас зайтай байрлуулж, хулгайлах гэмт хэрэг төгссөний дараа нь дугуйгаа аваачиж зөөдөг байсан гэх тайлбар нь машин механизм ашгласан үйлдлийг үгүйсгэх, няцаах үндэслэл болохгүй юм.

Түүнчлэн хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд ашиг олох гэсэн шунахай сэдэлт, зорилгоор бусдын өмч хөрөнгийг нууцаар өмчлөгч болон бусдад мэдэгдэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдэл байдаг бөгөөд тухайн эд хөрөнгийг авч, машин ашиглан зөөвөрлөж, эцэст нь захиран зарцуулах бодит боломж бололцоог бий болгосон үеэс энэ гэмт хэрэг төгссөнд тооцогддог.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад “учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж ...” хулгайлах гэмт хэргийг үйлдсэн бол хүндрүүлэн үзэхээр хуульчилсан.

Эрүүгийн хуульд заасан тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэдгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт “... Энэ хуульд заасан ... “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно.” гэж тайлбарласан байх тул уг тайлбар нь хулгайлах гэмт хэргийн зүйлчлэлд иш татаж хэрэглэгдэнэ.

Хулгайлах гэмт хэрэгт тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн шинж нь учрах саадыг арилгах зорилгод үндэслэсэн байх ёстойг хуульд тодорхой заажээ. “Учрах саадыг арилгах зорилгоор” гэдгийг бусдын эд хөрөнгийг хулгайлахад тухайн багаж хэрэгслийг ашиглахгүйгээр үйлдэх боломжгүйгээс гадна, өмчлөгч болон бусад этгээдэд мэдэгдэхгүйгээр, нууцаар үйлдэхийн тулд гэмт үйлдлээ хөнгөвчлөх, түргэвчлэх зорилгоор ашигласан, үүнийг гэмт этгээд гэмт хэрэг үйлдэхээс өмнө урьдчилан бодож төлөвлөсөн, бэлтгэсэн нөхцөл байдлыг ойлгоно.

Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэдэгт хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд зориулан шинээр хийсэн, хийц загварыг өөрчилсөн багаж хэрэгсэл мөн тухайн эд хөрөнгийг авахад шаардлагатай зориулалтын багаж, хэрэгсэл, тоног төхөөрөмж хамаарна.

Гэтэл өмгөөлөгч нараас дугуйн дорцов, домакрат зэрэг нь тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу хэрэгсэл гэдэгт хамаарахгүй талаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын хэрэгсэл, техник тээврийн хэрэгсэл бусад уналга, харилцаа холбооны болон цахим хэрэгсэл, тоног төхөөрөмж болон орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл, эд зүйлийг ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж учруулах хохирлыг ихэсгэхээр барахгүй цаашид гэмт хэрэг үйлдэгдэх бодитой аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, цаашид гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх, мөн тийм байдлаар гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор тэдгээрийг хураан авч устгах, улсын орлого болгох, хохирол төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд заасан болно.

Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг үндэслэлтэй үнэлж дүгнэн шүүгдэгч Д.Эын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Тоёота Приус 30” загварын тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоосон хорин сая төгрөгийг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хорих ял шийтгэх ялын хугацаатай хүнд гэмт хэрэг бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Эын хийсэн үйлдэлдээ гэмшиж буй байдал, хохирлыг бүрэн төлж барагдуулсан, эхийнх нь эрүүл мэндийн байдал зэрэг хувийн байдлуудыг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан  хамгийн хөнгөн буюу 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь тохирсон байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/683 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Ж.Д, Э.Г нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Д.Эын 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл нийт 48 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/683 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Ж.Д, Э.Г нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эын цагдан хоригдсон 48 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                      ШҮҮГЧ                                          Д.ОЧМАНДАХ

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ