Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/00051

 

БФ ББСБ нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Б.Нармандах, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/02418 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч БФ ББСБ ХХК-ийн хариуцагч М.Б-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 88 904 138 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ананд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: М.Б нь 2018.08.14-ний өдөр БФ ББСБ ХХК-тай байгуулсан ЗГ-18/286 тоот зээлийн гэрээний дагуу 60 000 000 төгрөгийг, сарын 3,5 хувийн үндсэн хүү, жилийн 5 хувийн нэмэгдүүлсэн хүүтэйгээр 3 сарын хугацаатайгаар зээлсэн. Зээлийн гэрээний хугацааг дахин 3 сараар сунгаж 2019.2.14-ний өдрөөр дуусгавар болсон. Зээлдэгчид гэрээний зүйл болох мөнгийг бэлнээр хүлээлгэн өгсөн, зээлийг эгүүлэн төлөх үүргээ хариуцагч гүйцэтгээгүй. Иймд дээрх зээлийн гэрээний үүрэгт зээлд 60 000 000 төгрөг, хүүд 27 928 767 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 887 671 төгрөг нийт 88 816 438 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 2018.4.26-нд ХХБ захирал ажилтай н.Н, түүний эхнэр БФ ББСБ-н гүйцэтгэх захирал ажилтай Н.А нартай гадаад худалдааны бизнест хамтран ажиллахаар болж хоёр талаасаа нэг нэг хүн төлөөлүүлэн ТБХХК-ийг байгуулахаар болсон. Манай талаас Ж.Х, нөгөө талаас О.А нар тэнцүү хэмжээ буюу 50, 50 хувийн эзэмшилтэйгээр ТБХХК-ийг байгуулсан. ТБХХК-ийн нэр дээр импортоор ундаа оруулж ирэхээр эхний ээлжийн 60 000 000-ийн санхүүжилтийг нөгөө тал буюу Н.Амарбаясгалан гаргахаар болсон боловч санхүүжилтийг өөрсдөөсөө гаргалгүй хамтран байгуулсан ТБХХК-ийн нэр дээр ХХБ ХХК-аас зээл авсан. Ингэхдээ бид өөрсдийн хадгаламжаа барьцаа болгоод зээл авч байгаа тул эргүүлээд төлнө, тиймээс хамтран байгуулсан компани дээр зээл авлаа гээд танай талд дарамт болохгүй гэж байсан. 2018.6.19-нд ТБХХК-ийн нэр дээр ундаа орж ирж худалдааны үйл ажиллагаа явуулж байсан. Зээлийн хүүг зээл авснаар ТБХХК-наас төлж байсан. Сард сая сая төгрөг 3 сарын хугацаанд төлсөн. Гэтэл 2019.8.14-нд нөгөө тал буюу Н.А нар нь ХХБ хадгаламж барьцаалсан зээлийн хугацаа дууссан учир бид зээлээ төлж хаана, гэхдээ хамтарсан бизнес ашиг олох нь тодорхойгүй, эрсдэлтэй байгаа гул танай тал барьцаа гарга гэж хэлсний дагуу бид өөрсдийн эзэмшлийн 7 ш авто зогсоолын гэрчилгээг барьцаалан 60 000 000 төгрөгийн зээлийн гэрээг сарын 3,5 хувийн хүүтэйгээр Н.А гүйцэтгэх захирлаар нь ажилладаг БФББСБ-тай байгуулсан юм. Би зээлийн гэрээнүүдийг байгуулсан боловч гэрээний дагуу огт мөнгө хүлээн авч байгаагүй юм. Тийм ч учраас хуулийн дагуу зээлийн данс нээж зээлийг дансанд шилжүүлэлгүй зөвхөн бэлнээр авсан мэтээр зарлагын баримт үйлдсэн байна. Иймд зээлийн гэрээ байгуулагдаагүй тул зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар хариуцагч М.Б гаас зээлийн гэрээний үүрэгт нийт 88 816 438 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч БФ ББСБ ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 87 700 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч М.Б шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж тоот хаягт байршилтай 13,5 м.кв талбайтай авто зогсоол, Ү-2206056268 улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж тоот хаягт байршилтай 27 м.кв талбайтай авто зогсоол, улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж хаягт байршилтай 18 м.кв талбайтай авто зогсоолулсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж 13,5 м.кв талбайтай авто зогсоол, Ү-улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж хаягт байршилтай 6 м.кв талбайтай авто зогсоол, улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж хаягт байршилтай 18 м.кв талбайтай авто зогсоол, улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай авто зогсоолуудыг тус тус шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 602 050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 602 032 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хариуцагчаас төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн. Угтаа хөрөнгө оруулалт хамтарч хийсэн 60 000 000 төгрөгнөөс бидний хариуцах 50 хувь буюу 30 000 000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэх ёстой байтал шаардлагыг бүхэл нь хангаж байгаад гомдолтой байна. Өөрөөр хэлбэл шүүхийн хангаж шийдвэрлэсэн 88 816 438 төгрөгнөөс миний бие хамтарч байгуулж хөрөнгө оруулалт хийсэн өөрийн хариуцах 30 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.

Миний бие зээлийн гэрээнүүдийг байгуулсан боловч гэрээний дагуу мөнгө хүлээн авч байгаагүй юм. Тийм ч учраас хуулийн дагуу зээлийн данс нээж зээлийг дансанд шилжүүлэлгүй зөвхөн бэлнээр авсан мэтээр зарлагын баримт үйлдсэн. Өөрөөр хэлбэл Н.А нар нь өөрсдийн оруулах хөрөнгө оруулалтаа компанийн нэр дээр зээл авч зээлээр санхүүжүүлэн тэрхүү зээлийн эргэн төлөлтөө өөрсдөө төлсөн боловч хөрөнгө оруулалт эцсийн ашигаа өгч чадахгүй бол 60 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалтын эрсдлийг адил тэнцүү хүлээнэ гэсэн шаардлага тавьж бидэнд 60 000 000 төгрөгийн зээлийг олгосон мэтээр гэрээ байгуулсан юм. Гэтэл өөрсдийн эрсдлээ бидэнд үүрүүлж 60 000 000 төгрөгөө бүхэлд нь гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй. Харин шүүхийн шийдвэрт гаргуулахаар заасан төлбөрөес үлдэх хэсэг буюу 58 816 438 төгрөгийг /88 816 438-30 000 000/ хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн шүүх шинжээч томилохдоо Санхүүгийн зохицуулах хороог томилсон захирамжаар Монгол банк дүгнэлт гаргасан нь хууль зөрчсөн тул дахин шинжээч томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг арилгаж өгөхийг хүссэн ч хүсэлтийг хангаагүй. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 58 816 438 төгрөгний шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

                Нэхэмжлэгч БФ ББСБ ХХК нь хариуцагч М.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт зээл 60 000 000 төгрөг, хүүд 27 928 767 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 887 671 нийт 88 816 438 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд хариуцагчийг эрэн сурвалжилж шүүхэд хандсан улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, зардалд 15 700 төгрөг нэмж гаргуулна гэж амаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ. /хх 1-2,160/

 

Нэхэмжлэгч БФ ББСБ ХХК , хариуцагч М.Б нарын хооронд 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж 60 000 000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, жилийн 5 хувийн нэмэгдүүлсэн хүүтэйгээр 3 сарын хугацаатайгаар зээлдүүлэхээр тохиролцсон, зээлийн мөнгөн хөрөнгө болох 60 000 000 төгрөгийг хүлээн авсан зарлагын баримтад М.Б гарын үсэг зуржээ. / хх10-15,120/

 

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан шаардлагыг хангасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж анхан шатны шүүхээс зөв дүгнэжээ.

 

Талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлдэгчийн өмчлөлийн Ү-2206048752 улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж тоот хаягт байршилтай 13,5 м.кв талбайтай авто зогсоол, улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж тоот хаягт байршилтай 27 м.кв талбайтай авто зогсоол, улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай авто зогсоол, улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж тоот хаягт байршилтай 13,5 м.кв талбайтай авто зогсоол, улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж тоот хаягт байршилтай 6 м.кв талбайтай авто зогсоол, улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай авто зогсоол, улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай авто зогсоолыг тус тус барьцаалсан барьцааны гэрээг хуульд нийцүүлэн бичгээр үйлдэж нотариатч гэрчилсэн, улсын бүртгэлд бүртгүүлж, барьцаалбараар баталгаажуулсан, хэлцэл хүчин төгөлдөр байна. /хх 85-100/

 

Анхан шатны шүүх барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэнд хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргаагүй. Хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагын захирал Н.Амарбаясгалантай хамтарч бизнес хийсэн, бизнесийн эрсдэл, алдагдлыг хамтран хүлээх ёстой тул 60 000 000 төгрөгийн 50 хувь буюу 30 000 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө гэж маргаж байна.

 

Нэхэмжлэлийн шаардлагаас 87 700 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргаагүй. Анхан шатны шүүх зээлийн тооцооллыг анхаарч үзээгүй, алдаа гаргажээ.

 

Талууд зээлийн гэрээг 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 3 сарын хугацаатай байгуулж, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр дахин 3 сараар хугацааг сунгаж, гэрээний хугацаа 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдөр дуусгавар болжээ. Хариуцагч нь 2018 оны 11 дүгээр сарын 13-ний өдөр 6 853 150 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 17-ний өдөр 3 000 000 төгрөг нйт 9 853 150 төгрөг төлжээ. /хх 48,49/

 

Зээл 60 000 000 төгрөгийн сарын 3,5 хувийн хүү нь 2 100 000 төгрөг бөгөөд гэрээний 6 сарын хугацааны хүү нь 12 600 000 төгрөг болно. Гэрээний хугацааны хүү 12 600 000 төгрөгөөс төлсөн 6 853 150 төгрөгийг хасч тооцвол 5 746 850 төгрөг болно. Харин гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн 3 000 000 төгрөгийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан дарааллаар үндсэн зээл 60 000 000 төгрөгөөс хасч тооцвол зээл 57 000 000 төгрөгийн үлдэгдэл үүсч байна. Зээл 57 000 000 төгрөгийн 3,5 хувийн хүү нь сарын 1 995 000 төгрөг бөгөөд зээлийн гэрээний хугацаа дууссан 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 3-нд шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх 10 сар 4 хоногийн хүүд 20 216 000 төгрөг төлөх үүрэгтэй юм. Нэгтгэн дүгнэвэл зээл 57 000 000 төгрөг+хүү 5 746 850 +20 216 000+ нэмэгдүүлсэн хүүд 1 149 370 нийт 84 112 220 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлээс үлдэх 4 704 218 төгрөгт холбогдох хэсгийг болон сүүлд амаар нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болох 85 900 /улсын тэмдэгтийн хураамж 70 200+зардалд 15 700/ төгрөг нийт 4 790 118 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/02418 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...88 816 438 төгрөг гэснийг ...84 112 220 төгрөг гэж, нэхэмжлэлийн шаардлагаас ...87 700 төгрөг гэснийг ...4 790 118 төгрөг гэж өөрчилж, 3 дах заалтын ...602 032 төгрөг гэснийг ...578 511 гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 452 040 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Ш.ОЮУНХАНД