| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 2310000000119 |
| Дугаар | 2023/ДШМ/768 |
| Огноо | 2023-07-27 |
| Зүйл хэсэг | 12.1.1., |
| Улсын яллагч | Н.Сумъяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 2023/ДШМ/768
2023 7 27 2023/ДШМ/768
Ж.Гд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Сумъяа,
шүүгдэгч Ж.Г, түүний өмгөөлөгч Б.Ч, Л.Л, Ө.Б,
нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/357 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Г, түүний өмгөөлөгч Б.Ч, Л.Л нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ж.Гд холбогдох эрүүгийн 2310000000119 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
У овгийн Ж.Г, 19.. оны 6 дугаар сарын 27-ны өдөр .... төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлагын менежмент мэргэжилтэй, Улаанбаатар өртөөнд галт тэрэгний найруулагч ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт, ....... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:....../.
Шүүгдэгч Ж.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнийн 03-04 цагийн үед Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Эрэлийн 45 дугаар байрны 18 тоотод иргэн Б.Эг согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хохирогчийн хүсэл зоригоос гадуур, бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд нь халдаж, хурьцал үйлдэх зорилгоор хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ж.Ггийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэссэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ж.Гг хохирогчийг согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гд 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гд оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Э нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулахтай холбоотой баримт нотолгоог бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ягаан өнгийн дотоож 1 ширхэг, ногоон өнгийн дэвсгэр даавуу 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, энэ хэрэгт Ж.Г нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Ж.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгон өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ж.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Тухайн үед би хохирогч Этэй бэлгийн харьцаанд орж хүчингийн гэмт хэрэг үйлдсэн нь үнэн болно. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гүнээ харамсаж байна. Би урьд ямар нэгэн хэрэгт орж, ял шийтгэл эдэлж байгаагүй. Улаанбаатар төмөр замд тасралтгүй 6 дахь жилдээ ажиллаж байна. 2022 онд Улаанбаатар төмөр замын урлагийн их наадамд 2 дугаар байр, 2023 онд Төмөр замын цагдаагийн газраас зохион байгуулсан Дэвжээ тэмцээнд 3 дугаар байр гэх мэт олон тэмцээн уралдаанд байгууллагаа төлөөлөн оролцдог байсан. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь манай найз Б, Э, Н нар намайг дуудсанаас бүх асуудал болсон гэж хувь хүнийхээ хувьд ойлгож, хийсэн хэрэгтээ үнэхээр харамсаж байна. Хохирогчийн биед ямар нэгэн гэмтэл учраагүй, хохирогчид төлөх төлбөргүй. Иймд надад хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсэж байна. ...” гэв.
Шүүгдэгч Ж.Ггийн өмгөөлөгч Б.Ч давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний үйлчлүүлэгчийн хувьд урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй, хэрэг болсон газар Л.Бийн ятгалгаар очсон. Хэрвээ Л.Б тухайн өдөр дуудаагүй байсан бол ийм хэрэг болохгүй байсан. Өөрөөр хэлбэл миний үйлчлүүлэгчид холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.4-т заасан хохирогчийн зүй бус үйлдэл, 1.5-д өөрийгөө илчилсэн, нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн зэрэг хөнгөрүүлж үзэх нөхцөл байдлууд бий болсоор байтал шүүх 2 жилийн хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод үл нийцсэн байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасны дагуу Ж.Ггийн үйлдэлд дүгнэлт хийхэд гадны нөлөөтэй үйлдлүүд маш их бий. Мөн гэрч нарын үйлдэл нөлөөтэй байдаг. Иймд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж тус зүйлд заасан хорих ялын бага хэмжээгээр оногдуулах боломжтой байсан. Гэвч шүүх ямар нөхцөл байдлыг харгалзаж 2 жилийн хорих ялаар шийтгэсэн нь шийтгэх тогтоолд тодорхой бус байх тул шүүхийн шийтгэх тогтоолд заасан хорих ялыг багасгаж 1 жилийн хорих ялаар шийтгэх боломжтой.
Үйлчлүүлэгч маань эрүүгийн хариуцлагын болон гэм буруугийн хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өөрийн гэм буруу, гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч мэдүүлдэг бөгөөд шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрөх боломжтой, эрх нь ч нээлттэй байдаг. Энэ нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно.” гэж зааснаас үзвэл ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндсэн шаардлагыг үйлчлүүлэгч маань бүрэн хангасан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж тусгасны дагуу хуульд тусгайлан заасан шүүгдэгчийн эрхийг хангаж 3 хүртэлх хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэж шийдвэрлэж өгнө үү. Хохирогчийн сэтгэл зүйн байдал, хохирогчид хохирол төлбөр төлөх, цаашдын эмчилгээнд дэмжлэг үзүүлэх зэрэг маш их эерэг үр дагавар бий болох тул шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт хандаж буй байдлыг харгалзан шийдвэрлэснээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилго биелэгдэх бүрэн боломжтой. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/357 дугаар шийтгэх тогтоолыг дахин хянаж Ж.Гд оногдуулсан 2 жилийн хорих ялыг 3 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэхээр өөрчилж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ж.Ггийн өмгөөлөгч Л.Л давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны зарчимд нийцсэн шийдвэр гарсан бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Учир нь хүчиндэх гэмт хэрэг нь хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн байхыг шаарддаг. Анхан шатны шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад Ж.Г нь өөрийн бэлгийн дур хүслийг хангах зорилгоор, шууд санаатай үйлдлээрр, хохирогч Б.Эг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, биеэ хамгаалах эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан, бэлгийн эрх чөлөөнд халдаж хүчээр бэлгийн харьцаанд орсон хууль бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, согтуурсны улмаас биеэ хамгаалах эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Миний үйлчлүүлэгч дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хуульд заасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” нөхцөл байдал тогтоогдож байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэхээр байна. Нөгөөтээгүүр, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолтой гэж мэдүүлэх боловч Б.Эгээс уучлалт гуйж, шүүгдэгчийн ар гэрийн зүгээс түүнтэй холбогдож учирсан сэтгэл санаа болон бусад хохирлыг барагдуулах зорилгоор хавтаст хэрэгт тусгагдсан дугаарын утас руу удаа дараа залгахад утсаа авахгүй байсан нөхцөл байдал бий болсон. Иймд дээрх нөхцөл байдалтай холбоотойгоор цаашид Ж.Ггийн зүгээс учирсан хохиролтой холбоотой хохирол төлбөрийг барагдуулна гэдгээ илэрхийлж байгааг дурдаж байна. Мөн миний үйлчлүүлэгчийн хувийн байдалд хамаарах шүүхээр ял шийтгэгдэж байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эцэг, эхээ тэжээн тэтгэж, гэр бүлийнхээ санхүүг ганцаараа хариуцаж, ажил хөдөлмөр эрхэлдэг болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгааг харгалзан шүүхээс энэрэнгүй ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэх гэж заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэж өгнө үү гэж хүсэж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал бөгөөд заавал хэрэглэх хууль зүйн зохицуулалт биш боловч эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх зэргийг харгалзаж гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгод нийцүүлэн миний үйлчлүлэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ нэмж хэрэглэж, түүнд цаашид дахин гэмт хэрэгт холбогдохгүй байх, нийгэмшүүлэхэд тусалж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү. Тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ж.Ггийн өмгөөлөгч Ө.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний үйлчлүүлэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид 5.000.000 төгрөгийн хохирлыг төлж, уучлалт гуйсан нь хохирогч Б.Эгийн хүсэлтээс харагдана. Тухайн өдөр 0.5 литртэй архийг 4-лээ хувааж уусан гэж шүүгдэгч, хохирогч нар мэдүүлдэг. 0.5 литртэй архийг 4 хүн хувааж уухад хэнтэй бэлгийн харилцаанд орсноо мэдэхгүй болно гэж байхгүй. Үүнээс үзэхэд хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зөрүүтэй болох нь харагддаг. Түүнчлэн хэргийн 26 дугаар хуудаст авагдсан гэрч Нгийн мэдүүлэгт “Бид хоёр Ж.Гг яаж явуулна гэж бодож байтал Б.Эий гийнах чимээ гарсан” гэж мэдүүлдэг. Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын хувьд Б.Эий гийнах чимээгээр гаднаас гэрч Н орж ирдэг. Өмгөөлөгчийн зүгээс энэ гэмт хэргийг улмаас учирсан гэмт хэргийн хор уршиг бага гэж үзэж байна. Иймд миний үйлчлүүлэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид хохирлоо бүрэн төлж барагдуулсан байдал болон гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг бага зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар миний үйлчлүүлэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч өгнө үү. ...” гэв.
Прокурор Н.Сумъяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Гд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэр зэргийг нь харгалзаж хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч өгнө үү” гэсэн гомдлыг гаргаж байна. Мөн шүүгдэгч нь гэм буруугаа ойлгож ухаарлаа гэж байгаа боловч “Тухайн өдөр Б намайг дуудаагүй байсан бол би энэ гэмт хэрэгт оролцохгүй байсан” гэж мэдүүлж байгаагаас үзэхэд өөрийн гэм буруугаа бүрэн гүйцэд ухаараагүй гэж ойлгохоор байна. Прокурорын зүгээс шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан гаргах саналгүй. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;
Шүүгдэгч Ж.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнийн 03-04 цагийн үед Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Эрэлийн 45 дугаар байрны 18 тоотод иргэн Б.Эг согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хохирогчийн хүсэл зоригоос гадуур, бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд нь халдаж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн болох нь:
хохирогч Б.Эгийн “... “Би шинэ жилээ найзуудтайгаа хамт тэмдэглэх гээд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны 45-18 тоотод байх гэртээ найз Б, Н хоёрыг дагуулж ирсэн. Бид нар шампанск уучихаад сөжү ууж эхэлж байсан ба тухайн үед согтолтгүй байсан. Тэгтэл Б надад “миний харьцдаг залуу хамт он гаргая” гээд байна энд авч ирж болох уу гэхэд нь би зөвшөөрсөн. Тэр залуу Бт “хамт он гаргаж чадахгүй юм байна, он гаргачихаад очъё" гэж хэлээд 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнийн 01 цаг өнгөрч байхад ирсэн ба ирэхдээ эрүүл байсан. Өөрийгөө Г гэж танилцуулаад Бтэй юм яриад сууж байсан. Бид нарт коктейль хийж өгнө гээд байсан. Гг ирснээс хойш Брэндзен нэртэй 0.75 литрийн архины талыг иь Нгоос бусад нь ууж, талыг нь коктейль болгож ууцгаасан. Ерөнхийдөө бид гурав согтоцгоосон. Би нэлээн согтоод дээд давхрын өрөөндөө хүүхдээ аваад унтсан. Намайг унтаж байхад эмэгтэй хүн “болиоч, ямар аймаар юм” гэж орилох шиг болохоор нь нүдээ нээгээд хартал Г гэх залуу миний дээр байж байсан. Намайг сэрэхэд шууд босоод Нтой хамт доошоо буусан. Б надтай хамт үлдсэн. Тэгээд би доошоо харахад миний дотоож байхгүй, доогуураа нүцгэн, дэвсгэр даавуун дээр шингэн зүйл асгарсан байсан тул найздаа арай ч дээ гэж хэлж муудалцаад, бэлэг эрхтэнээ угаасан. Энэ үед Г гэх залуу явсан байхаар нь “цагдаа дуудна” гэж айлгаж байгаад буцааж ирүүлсэн. Гг би огт танихгүй, манай найз Бийн харьцдаг залуу гэсэн. 2022 оны 12 дугаар сарын 31-нээс 2023 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнө манайд хамт он гаргая гэж Б надаас асуухаар нь би зөвшөөрч манайд ирсэн юм. Миний биед ямар нэгэн өөрчлөлт зовуурь ажиглагдахгүй байна. Анх хүн орилох шиг болохоор нь нүдээ нээхэд миний дээрээс Г гэх залуу босоод явсан. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Хуулийн дагуу арга хэмжээ авч, мөн хувь хүний нэр төр, аюулгүй байдал, хувь хүний нууцлалыг сайтар хангаж хэргийг шалгаж өгнө үү.” /1хх 19/,
“... Шүүх эмнэлгийн дүгнэлтийг уншиж танилцсан, дүгнэлттэй санал нийлж байна. Ж.Г гэх залуу миний амьдарч буй Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Эрэлийн 45 дугаар байрны 18 тоотод ирснийг нь санаж байна. Ж.Гг манай гэрт ирэхээс өмнө би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Ж.Г манайд ирэхдээ 1 шил нэрийг нь мэдэхгүй архитай ирсэн. Бид нар тэр архиар нь коктейль хийж ууж, юм ярьж сууцгааж байгаад би нэлээн согтож, унтаж амрах гээд хүүгийнхээ хамт унтлагын өрөөнд ороод хэвтэх шиг болсон. Нэг мэдэхэд өрөөний хаалга дуугарах шиг болсон. Намайг өндийгөөд харахад Ж.Г гэх залуу миний дээр байж байгаад босоод өрөөнөөс гарсан. Би өөрийгөө харахад доогуураа ямар нэгэн хувцасгүй байхаар нь дотуур хувцсаа өмсөөд доош ариун цэврийн өрөө рүү орсон. Тэр үед Ж.Г гэх залуу гараад явсан юм шиг байсан. Би нэлээн согтуу байсан юм шиг байгаа юм. Хэрвээ би согтоогүй эрүүл байсан бол хэзээ ч ийм үйлдэл хийхгүй байсан. Н, Б хоёр харж байсан. Энэ хоёр хоёулаа жижиг өрөө рүү орж ирсэн тул ямархуу байдалтай байсныг харж байсан. Би согтуу, тасарсан байсан учраас надтай бэлгийн харьцаанд орж байгааг мэдээгүй. Би биеэ хянах чадваргүй байсан. Н архины харшилтай тул огт архи уугаагүй байсан. Б, Ж.Г хоёр яг ямар харилцаатайг мэдэхгүй байна. Тухайн өдөр Б надад хэлэхдээ “миний өмнө нь харьцаж байсан залуу байгаа юм, энэ залууг дуудчих уу, надтай уулзъя гээд байгаа” гэхээр нь би “тэг тэг, өөрөө мэд” гэж хэлсэн. Ж.Г ирээд Бтэй юм яриад сандал дээр суугаад байсан. Тухайн үед би огт юм яриагүй. Надад одоо ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Биеэ хянах чадваргүй байхад, миний 3 настай хүүхдийн хажууд бэлгийн харьцаанд орсонд нь маш их гомдолтой байна. ...” /1хх 22-24/,
гэрч П.Нгийн “... Би Б гэх үеэлийнхээ хамт түүний найз Эгийнд шинэ оноо гаргахаар Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 45-18 тоотод 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 16 цагийн үед очсон. Бид гурав баяраа тэмдэглээд байж байхад он гарч 01 цаг өнгөрч байхад Бийн таньдаг гэх залуу архи авч орж ирсэн. Тэд нар коктейль хийж, хольж уугаад байсан. Би уугаагүй. Э үүрээр 03-04 цагийн үед бөөлжөөд дээшээ гарч хүүхэдтэйгээ хамт унтсан. Б, Г бид гурав доор үлдэж, тэр хоёр юм ярьж суусан. Б хэсэг хугацааны дараа дээшээ гарсан. Би бас араас нь гарч бид хэд дээр гарч унтсан. Нөгөө залуу явахгүй байхаар нь хонох юм бол доороо унтаарай гэж хэлэхэд дээгүүр доогуур өрөөгөөр шагайгаад яваад байсан. Жоохон байж байгаад буцаж ирснээ би явлаа гаргаад өгчих гэж хэлсэн. Би түүнийг доош буулгаж өгөхөд Г UB Cab дуудсан. Эхнийх нь цуцлагдаад дахиж дуудаж байсан. Намайг нүүр гараа угаачихаад гарч ирэхэд байхгүй, 2 дугаар давхарт гарсан байсан. Би нөгөө хэдийн байсан өрөө рүү ороход Бийг тэврээд унтсан байхаар нь гарыг холдуулаад газарт буулгасан. Дуудсан такси нь ирчихээд байхад ядраад байна унтлаа гээд таксигаа хөөчихсөн. Би Бийг сэрээгээд бид хоёр өөр өрөөнд орж ярилцсан. Тэр үед Г газарт буугаад, Э хүүхэдтэйгээ орон дээр хамт үлдсэн. Бид хоёр яаж явуулахаа ярилцаад байж байхад Э гийнаж байгаа юм шиг дуугарахаар нь яваад очтол Э доошоои хараад доод хэсэг нь нүцгэн, Эг ухаангүй байхад бэлгийн харьцаанд ороод хөдлөөд байсан. Би очоод “яаж байгаа юм бэ" гээд түлхтэл намайг хараад боссон. Э миний орилох чимээнээр босоод юу ч санахгүй байна гээд байсан. Цагдаа нар ирэхэд ичихгүй өөр зүйл яриад харилцан бэлгийн харьцаанд орсон гэж байсан. Г Бийг өдөж хоргоогоод, бие хаанд нь дураараа хүрээд байсан ба явж өгөхгүй байсан. Би Бтэй өөр өрөөнд ороод яаж явуулахаа яриад байж байх зуур чимээ гарахаар нь очоод хартал Эгийн доогуур хувцсыг нь тайлчихаад өөрөө араас нь хөдлөөд бэлгийн харьцаанд ороод байсан. Эг Б бид хоёр хүүхэдтэй нь хамт оронд оруулж өгсөн. Намайг чимээ гарах үед очиход Э ухаангүй унтаа байдалтай байсан ба хариу үйлдэл үзүүлээгүй байсан” /1хх 27/,
гэрч Л.Бийн “... Би Ж.Гг танина. Бид хоёр одоогоос 4 жилийн өмнө буюу 2019 онд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байхдаа танилцаж байсан. Ж.Г тухайн үед төмөр замд ажилладаг байсан. Тэр үед бие биедээ таалагддаг байсан. Хэрэг гардаг өдөр уулзахгүй 4 жил болоод уулзъя гээд уулзаж байгаа юм. Хэрэг болохоос өмнө бид хоёр олон нийтийн цахим сүлжээ буюу инстаграмм хуудсаар дамжуулан хоорондоо харилцдаг байсан. Тэр үед Ж.Г “шинэ оноо хамт гаргах уу” гэж асуухаар нь “тухайн үед найз нараасаа асууж байгаад болъё" гэж би хэлсэн. Он солигдох үед Эгийн гэр болох Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрэлийн 45 дугаар байрны 18 тоотод найз Э нарын хамт байхад Ж.Гг хүрээд ирэх үү гэж хэлэхэд тэгье гэж хэлсэн. Тэр үед дуудахыг хүлээж байсан. Тухайн үед шөнө 00 цагт Э, Н бид гурав шинэ оноо гаргачихаад юм яриад сөжү, пиво уугаад сууж байсан. Тэр үед Н огт уугаагүй. Шөнийн 01 цагийн үед би Ж.Гг дуудахад Эгийн гэрт ирсэн. Эгийнд ирэхдээ нэрийг нь санахгүй байна, 1 литрийн 1 шил архитай орж ирээд тухайн архиараа бид нарт коктейль хийж өгсөн. Бид нар коктейль уугаад бага хэмжээний согтсон байсан. Би Эг 2 давхрын ариун цэврийн өрөөнд бөөлжүүлж байхад Э “би унтаж амарлаа” гээд унтлагын өрөө рүү орсон. Би доош бууж хүүхдийг нь гар утастай нь Эгийн өрөөнд оруулсан. Би буцаж 1 дүгээр давхар луу бууж Ж.Гтэй пиво уугаад сууж байгаад Н руу хараад “би унтаж амарлаа, наадхаа явуулаарай” гээд толгой дохичихоод Эгийн унтаж байсан өрөө рүү ороод Эгийн цаад талд нь унтсан. Намайг унтаж байхад нэг мэдэхэд миний хажууд Ж.Г хэвтэж байсан. Намайг хэвтэж байхад миний гар, хөл, гуянд хүрээд байхаар нь сэртэл Ж.Г байсан. Би “цаашаа бай” гээд түлхтэл Ж.Г орноос унасан. Ж.Г босохгүй хэвтээд байсан чинь түүний гар утас нь дуугараад байсан.
Н өрөөнд орж ирээд “босооч ээ, чиний дуудсан таксины жолооч ирсэн байна” гэж хэлсэн боловч огт сэрэхгүй байсан. Хэсэг босохгүй байж байснаа Ж.Г гар утсаа авснаа “би дуудлагаа цуцаллаа” гэж хэлсэн. Би тухайн өрөөнөөс гараад, өөдөөс харсан лүү ороод унтсан. Би өрөөнд ороод хэсэг унтаж байхад Н өрөөнд орж ирээд Ж.Г чинь ширлээд босохгүй байна, яаж явуулах юм бэ” гэж асуухад нь би орноосоо босож байтал гэнэт Нгийн байсан өрөөнд эрэгтэй, эмэгтэй хүний бэлгийн харьцаанд орж байгаа дуу чимээ гарсан.
Н түрүүлээд Эгийн байсан өрөөнд гүйгээд орсон. Би араас нь гүйгээд Ж.Г ямар нэгэн хувцас байхгүй нүцгэн, урдаа даавуу бариад зогсож байсан. Э доогуураа ямар нэгэн хувцас байхгүй нүцгэн, дээгүүрээ нэг цамцтай, юу болоод байгааг мэдэхгүй, ойлгохгүй “яасан юу болсон бэ” гээд байсан. Н Ж.Гг зайл гээд хөөж гаргахад Ж.Г би яасан юм бэ гээд хувцсаа өмсөөд гарсан. Ж.Г тухайн үед бага хэмжээний согтуу байсан. Болсон үйл явдлыг мэдэж байсан. Э, Ж.Г хоёр урьд өмнө уулзаж байгаагүй. Тэр үед анх удаа уулзсан. Намайг Эгийн өрөөнд ороход Э “юу болоод байгаа юм бэ” гээд орон дээр хөлөө нуГд сууж байсан. Нг түрүүлээд ороход “Э доошоо харсан байдалтай хэвтэж байсан, дээр нь Ж.Г гараад бэлэг эрхтэнээ хийсэн байдалтай хөдлөөд байсан” гэж Н хэлж байсан. Намайг харсан атлаа үйл явдлаа болихгүй байсан гэж хэлсэн. Э биеэ хянах чадваргүй согтуу байсан. Би урьд өмнө Ж.Гтэй бэлгийн харьцаанд орж байгаагүй. Хэд хэдэн удаа уулзаж байсан. Бусдаар бол бэлгийн харьцаанд орох хэмжээнд байгаагүй. Ж.Г хөөгдөж гараад хэсэг хугацааны дараа би Ж.Г рүү залгаж “ороод ирээ, цагдаа ирж байгаа, хэрвээ чи ирэхгүй бол асуудал хүндэрнэ” гэж хэлэхэд Ж.Г орж ирсэн. Би хажуугийн өрөө рүү ороод 5 минут болсон уу үгүй юу бэлгийн харьцаанд орж байгаа дуу чимээ гарсан. Тухайн үед Эгийнд өөр эрэгтэй хүн байгаагүй. ...” /1хх 31-33/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 322 дугаар “Шинжилгээнд ирүүлсэн хохирогчийн өмсөж явсан гэх цайвар ягаан өнгийн торон дотоож, хар ногоон өнгийн дэвсгэр даавуу нь шинжилгээнд тэнцэж байна. Хохирогчийн өмсөж явсан гэх цайвар ягаан өнгийн торон дотоож, хар ногоон өнгийн дэвсгэр даавуун дээр эр бэлгийн эс илэрсэн. ...” /1хх 35-38/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 218 дугаар “...Шинжилгээнд ирүүлсэн ягаан өнгийн дотоож, ногоон өнгийн дэвсгэр даавуу тгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн ягаан өнгийн дотоож, ногоон өнгийн дэвсгэр даавуу гэмтэлгүй байна.” /1хх 39-42/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 905 дугаар “... Б.Эгийн биед гэмтэл тогтоогдсонгүй. Б.Эгийн үтрээний арчдас, наалдацад эр бэлгийн эс илэрсэн байна. Б.Эд бэлгийн замын тэмбүү, дох, заг хүйтэн, трихомониазын халдвар илрээгүй байна. Б.Эгийн охин хальс үлдэц төдий хуучин урагдалтай байна. Б.Эгийн цус нь О /I/ бүлэг байна.” /1хх 43-46/ гэсэн дүгнэлтүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Прокуророос шүүгдэгч Ж.Ггийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Ж.Гг хохирогчийг согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Түүнчлэн шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гд хуульд заасан төрөл хэмжээний дотор 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан байна.
Шүүгдэгч Ж.Г “... оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...”, түүний өмгөөлөгч нараас “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү, эсхүл мөн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж заасан.
Шүүгдэгч Ж.Ггийн хохирогчийн бэлгийн халдашгүй байдлыг зөрчиж, түүнийг согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн үйлдэлд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Харин шүүгдэгч Ж.Ггийн хохирогч Б.Эд хохиролд бодож 5.000.000 төгрөгийг давж заалдах шатны шүүх дээр төлсөн, хохирогчийн зүгээс “Ж.Г нь уучлалт гуйж, хохирол төлбөрийг барагдуулсан тул цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү.” гэсэн хүсэлт гаргасан зэргийг харгалзан түүнд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлэхээр шийдвэрлэв.
Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгчийн гаргасан оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн гомдлыг хүлээж авах нь зүйтэй давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Ж.Ггийн 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл нийт 69 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/357 дугаар шийтгэх тогтоолын хэсгийн:
2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гд 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гд 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэж,
3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гд оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гд оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.” гэсэн өөрчлөлт тус тус оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ггийн цагдан хоригдсон 69 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Шүүгдэгч Ж.Г нь давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад 5.000.000 төгрөгийг хохирогч Б.Эд төлсөн болохыг дурдсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ