Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 609

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

            Улсын яллагч Т.Э,

            Шүүгдэгч, хохирогч М.Ж,

Шүүгдэгч, хохирогч Н.Э нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Боржигон овогт Мы Ж, Мандуул овогт Нын Э нарт холбогдох 1711012560287 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, 1995 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Мы Ж (РД:000000000000),

2.Монгол улсын иргэн, 1997 оны 5 дугаар хороо 15-ны  өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Мандуул овогт Нын Э (РД:00000000000000),

нар нь 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 6 дугаар байрны гадаа харилцан зодолдож бие биедээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт

 

 

 холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүгдэгч М.Ж, Н.Э нар нь өөрсдийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хоорондоо эвлэрсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Ж мэдүүлэхдээ: “…Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож байна” гэв.

            М.Ж хохирогчоор мэдүүлэхдээ:-Би 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр манай найз Энхтөрийн төрсөн өдөр болж байна гэж Отгон-Эрдэнэ манай гэрт ирээд Замын цагдаагийн хажууд байрлах Жемс таун караокед ороход Бат-Эрдэнэ, Батбаатар, Чинсанаа, Анхбаяр, Э, Энхтөр нар байсан ба бид нар 2 шил архи аваад хувааж уугаад сууж байсан чинь тус караокены цаг 23  цагийн үед дуусаад бид гарсан. Гаднаас 2 шил архи аваад Чингэлтэй дүүрэг 4 дүгээр хороонд байрлах Эын гэрт очиж 2 шил архи хувааж уугаад сууж байгаад Эыг би архи их уугаад дэмий байх аа хө гэсэн чинь чи надад заагаад байгаа юм уу, чамаар заалгахгүй гээд цохих гээд босоод ирэхээр нь урдаас нь босоод цээж рүү нь түлхчихээд нүүр рүү нь 1-2 удаа цохисон ба намайг адилхан цохиж авсан. Тэгээд манай найзууд салгаад нөгөө хэд гараад явсан ба Э, Бат-Эрдэнэ бид нар үлдээд би уучлалт  гуйсан чинь уурлаад байхаар нь гараад явсан чинь Э араас гарч ирээд намайг ална гээд заамдаж аваад цохихоор нь би зөрүүлээд хавсарч унагаагаад нүүр рүү нь 4-5 удаа цохисон  ба намайг зөрүүлж цохиод харилцан зодоон болсон. Дуусаад байж байсан чинь миний хөмсөг сэтэрсэн байсан гэжээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Э мэдүүлэхдээ: “…Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож байна.” гэжээ.

            Н.Э хохирогчоор мэдүүлэхдээ: “…Би 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр манай найз Энхтөрийн төрсөн өдөр болж 17 цагийн орчим найзууд болох Ням-Очир, Энхтөр, Батбаатар, Чинсанаа, Отгон-Эрдэнэ, Ж нартай  бөөнөөрөө архи ууж дуулж сууж байгаад 23 цаг 30 минутын үед караокены цаг дуусаад бид нар гараад хажууд байрлах дэлгүүрээс 2 шил сархад нэртэй архи аваад Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны 6 дугаар байрны манай гэрт ирцгээсэн. Тэгээд бид нар 2 шил архиаа уугаад сууж байсан чинь Ж намайг чи одоо болно дахиж нэмж битгий уу гээд байхаар нь чамд ямар хамаатай юм бэ гэсэн чинь за зүгээр байгаарай чи давраад байгаарай гэж хэлээд миний нүүрэн тус газар руу 2 удаа цохиход миний хөмсөг задарсан чинь хажууд байсан найзууд салгаад би хөмсөгнийхөө цусыг угаагаад иргэж гарч ирээд чи яаж байгаа юм бэ гэсэн чинь одоо больё гэхээр нь  чи яагаад ингэж байга юм бэ гэж хэлээд гарцгаасан гадаа гараад Ж бид хоёр дахин муудалцаж намайг газар хавсарч унагаагаад дээрээс дахин цохихоор нь би босож ирээд Жы нүүр рүү цохисон чинь манай найзууд салгасан. Тэгээд манай найз Анхбаяр намайг гэрт оруулж өгсөн, нөгөө хэд гэр гэр рүүгээ явцгаасан. Би шнө 03 цагийн үед сэрээд толинд харсан чинь нүүр хавдсан байхаар найз Амартүвшинг дуудаж эмнэлэг явсан гэжээ.

Гэрчүүдээс мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

1.М.Бат-Эрдэнээс: “…Гэрт нь ороод нэг шил архиа талд нь оруулаад уугаад сууж байтал Э, Ж хоёр том өрөөнд муудалцаад хэрэлдээд зогсож байсан. Тэгсэн Ж Эыг нүүр рүү нь хоёр удаа цохисон. Тэгээд бид нар тэр хоёрыг салгацгаагаад 20 минут орчмын дараа бүгдээрээ харьцгаахаар болоод гарцгаасан. Би гараад Анхбаярын машин дотор ороод сууж байтал Э байрныхаа урд талд цусаа гоожуулчихсан нүүр, үс нь цус болчихсон байхаар нь би очоод цамцаараа нүүрийг нь арчиж өгөөд Анхбаяр Эыг гэр рүү нь оруулж өгсөн санагдаж байна. Намайг Эын гэрт ариун цэврийн өрөөнөөс том өрөөнд ороход Ж, Э хоёр маргалдаад зогсож байсан бөгөөд Ж Эын нүүр рүү 2 удаа цохисон.” гэжээ.

2.И.Батбаатараас: “…Би тухайн үед Отгон-Эрдэнэтэй хамт гараад гадаа тамхи татчихаад ороод ирэхэд Э, Ж хоёр зодолдоод Бат-Эрдэнэ, Энхтөр хоёр салгачихсан зогсож байсан. Э, Ж хоёр зодолдоод эхэлсэн. Тэр хоёр барьцалдаад Ж дээд талд нь гарчихсан, Э доор нь орчихсон цохилцоод байсан. Тэгээд тэр хоёрыг салгахад Жы хөмсөг нь сэтэрчихсэн, нүүр нь цус болчихсон, Эын нүүр нь цус болчихсон байсан. Хаана нь яг хэдэн удаа цохисоныг мэдэхгүй байна ямар ч байсан хоёулангийнх нь нүүр нь цус болчихсон байсан. … Э, Ж хоёр зодолдоод эхэлсэн. Тэгээд тэр хоёрыг салгахад Жы хөмсөг нь сэтэрчихсэн, нүүр нь цус болчихсон байсан. Ойролцоогоор бие биенээ 3-4 удаа харилцан цохилцсон” гэжээ.

3.С.Отгон-Эрдэнээс: “…Би Батбаатартай хамт тамхи татах гэж гараад тамхиа татчихаад ортол Э, Ж хоёр заамдалцаад муудалцаад байж байсан. Байшингийн гадаа гартал Э Ж дээр очоод хоёулаа ийшлээдхэе гээд бид нараас 5 алхамын зайд очоод хоорондоо цохилцоод байсан. Тэгсэн Э, Ж хоёрын хоёулангийх нь нүүрнээс цус гарчихсан, нүүр нь цус болцгоочихсон байсан” гэжээ.

Хохирогч Н.Эын биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.11.14-ний өдрийн ¹14103 тоот шинжээчийн дүгнэлтэд:

1.Н.Эын биед хамар ясны хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлийн эдийн няцрал, баруун нүдний алимны салст, хамрын цус хуралт, зүүн хөмсгөнд шарх гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох  журмын 2.4.1-д зааснаар  эрүүл  мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн  хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги  алдалтанд нөлөөлөхгүй гэжээ.

Хохирогч М.Жы биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.11.16-ны өдрийн ¹14290 тоот шинжээчийн дүгнэлтэд:

1.2.М.Жы бие духанд шарх, зүүн нүдний зовхинд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

3.Дээрх  гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ.

            Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч М.Ж, Н.Э нар нь 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр найз Энхтөрийн төрсөн өдрийг тэмдэглэх үедээ Ням-Очир, Батбаатар, Чинсанаа, Отгон-Эрдэнэ нартай архи ууж согтуурсан үедээ хоорондоо маргалдан, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр  хороо 6 дугаар байрны 8 тоот Н.Эын гэр дотор болон байрны гадна талд харилцан зодолдсоноос Н.Эын биед хамар ясны хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлийн эдийн няцрал, баруун нүдний алимны салст, хамрын цус хуралт, зүүн хөмсгөнд шарх гэмтэл, М.Жы биед духанд шарх, зүүн нүдний зовхинд зулгаралт, цус хуралт гэмтэл тус тус учирсан болох нь

 

 

шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

 

            М.Ж хохирогчоор мэдүүлсэн “Эыг би архи их уугаад дэмий байх аа хө гэсэн чинь чи надад заагаад байгаа юм уу, чамаар заалгахгүй гээд цохих гээд босоод ирэхээр нь урдаас нь босоод цээж рүү нь түлхчихээд нүүр рүү нь 1-2 удаа цохисон ба намайг адилхан цохиж авсан. Тэгээд манай найзууд салгаад нөгөө хэд гараад явсан ба Э, Бат-Эрдэнэ бид нар үлдээд би уучлалт  гуйсан чинь уурлаад байхаар нь гараад явсан чинь Э араас гарч ирээд намайг ална гээд заамдаж аваад цохихоор нь би зөрүүлээд хавсарч унагаагаад нүүр рүү нь 4-5 удаа цохисон  ба намайг зөрүүлж цохиод харилцан зодоон болсон” гэх мэдүүлэг,

            Н.Э хохирогчоор мэдүүлсэн “Ж намайг чи одоо болно дахиж нэмж битгий уу гээд байхаар нь чамд ямар хамаатай юм бэ гэсэн чинь за зүгээр байгаарай чи давраад байгаарай гэж хэлээд миний нүүрэн тус газар руу 2 удаа цохиход миний хөмсөг задарсан чинь хажууд байсан найзууд салгаад би хөмсөгнийхөө цусыг угаагаад иргэж гарч ирээд ... гадаа гараад Ж бид хоёр дахин муудалцаж намайг газар хавсарч унагаагаад дээрээс дахин цохихоор нь би босож ирээд Жы нүүр рүү цохисон чинь манай найзууд салгасан” гэх мэдүүлэг,

гэрч М.Бат-Эрдэнийн “Намайг Эын гэрт ариун цэврийн өрөөнөөс том өрөөнд ороход Ж, Э хоёр маргалдаад зогсож байсан бөгөөд Ж Эын нүүр рүү 2 удаа цохисон.” гэжээ.

гэрч И.Батбаатарын “Э, Ж хоёр зодолдоод эхэлсэн. Тэр хоёр барьцалдаад Ж дээд талд нь гарчихсан, Э доор нь орчихсон цохилцоод байсан. Тэгээд тэр хоёрыг салгахад Жы хөмсөг нь сэтэрчихсэн, нүүр нь цус болчихсон, Эын нүүр нь цус болчихсон байсан” гэх мэдүүлэг,

гэрч С.Отгон-Эрдэнийн “Э, Ж хоёр заамдалцаад муудалцаад байж байсан. Байшингийн гадаа гартал Э Ж дээр очоод хоёулаа ийшлээдхэе гээд бид нараас 5 алхамын зайд очоод хоорондоо цохилцоод байсан. Тэгсэн Э, Ж хоёрын хоёулангийх нь нүүрнээс цус гарчихсан, нүүр нь цус болцгоочихсон байсан” гэх мэдүүлэг, хохирогч Н.Эын биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.11.14-ний өдрийн ¹14103 тоот шинжээчийн дүгнэлт, хохирогч М.Жы биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.11.16-ны өдрийн ¹14290 тоот шинжээчийн дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчид хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Боржигон овогт Мы Ж, Мандуул овогт Нын Э нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нараас тус тус хохирол төлсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч М.Ж, Н.Э нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Шүүх шүүгдэгч М.Жд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан торгох ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн саналыг тус тус харгалзав. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүгдэгч М.Жы торгох ялыг 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Харин шүүгдэгч Н.Э нь 21 нас хүрээгүй тул Эрүүгийн хуулийн наймдугаар бүлэгт заасны дагуу өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх журмын дагуу Эрүүгийн хуулийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахдаа уг ялаас доогуур ял оногдуулахаар шийдвэрлэсэн ба ингэхдээ шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн саналыг тус тус харгалзсан болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Боржигон овогт Мы Жыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн буруутайд,  

Шүүгдэгч Мандуул овогт Нын Эыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Жыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн 8.1, 8.2, 8.3-т заасныг журамлан мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эыг 120 (нэг зуун хорь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Жы торгох ялыг 2018 оны 3 дугаар сарын 15-ны дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ж нь энэ тогтоолын 3-т заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялыг хорих ялаар,

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг тус тус сануулсугай

5.Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ж, Н.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Г.БУЯННЭМЭХ