| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбосүрэнгийн Буяннэмэх |
| Хэргийн индекс | 186/2017/0650/Э |
| Дугаар | 611 |
| Огноо | 2017-12-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Нямсүрэн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 611
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,
Улсын яллагч Д.Нямсүрэн,
Шүүгдэгч Ж.Э,
Хохиргч Я.Энхчимэг нарыг оролцуулан,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Хар нүдэн овогт Жын Эт холбогдох 1711006690272 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1976 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн Баянбулаг суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Хар нүдэн овогт Жын Э (РД:000000000000),
нь 2017 оны 9 дүгээр сарын 01-нээс 02 нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 11 дүгээр байрны 34 тоотод эхнэр Я.Энхчимэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт
|
|
|
|
холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Ж.Э нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Э мэдүүлэхдээ: “…Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож байна” гэв.
Хохирогч Я.Энхчимэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…9 дүгээр сарын 01-ний шөнө унтаж байхад хөнжил татаад сэрсэн чинь Батхишиг бид хоёрыг зодсон. Үсдэж унагаасан. Тэгсэн толгой хавдсан. 9 дүгээр сарын 09-ны өдөр надад таталт өгөөд би тэр зодуулснаас болсон гэж үзэж байна. Гомдолтой байна. Миний зургийг ажлын газрын хүнд үзүүлсэн байсан. Манай дарга намайг ажлаас халсан. Үүнээс хойш ажилгүй болсон тул ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилнэ. Нэр төрөө сэргээлгэмээр байна.” гэв.
Я.Энхчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Би Жадамба овогтой Эрдэнэбилэг гэдэг залуутай 2002 онд гэр бүл болж 2016 он хүртэл хамт амьдарсан. Бид дундаасаа 11-15 насны 2 хүүхэдтэй. Албан ёсоор гэр бүлээ цуцлаагүй байгаа. Нөхөр маань 2016 оноос хойш намайг үе үе зодож цохидог болсон бөгөөд бид хоорондоо таарч тохирохоо больсон учир би 2 хүүхдээ аваад 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 11 дүгээр байрны 34 тоот байрыг түрээслэн амьдрах болсон юм. Зундуйсүрэн овогтой Батхишиг гэх залуутай 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр танилцсан ба бид 4 дугээр сараас нь дотно харьцаатай байх болсон. Нөхөр Эрдэнэбилэгээс салж Батхишигтэй суухаар болсон байсан юм. 2017 оны 9 дүгээр сарын 01-ний орой би Батхишигийн хамт гадуур явж байгаад 22 цагийн үед турээсэлдэг байрандаа ирсэн. Тухайн үед би 2 хүүхдээ дүүгийнхээ гэр рүү явуулсан байсан. Ингээд тэр шөнө бид хоёрыг унтаж байхад байрны балконоор Эрдэнэбилэг ороод ирсэн. Би унтаж байсан учраас Эрдэнэбилэгийг орж ирснийг мэдээгүй. Хартал Эрдэнэбилэг өөрийн төрсөн дүү Эрдэнэмөнх, Эрдэнэчимэг, Амаржаргал, Эрдэнэбаяр, хүргэн Эрдэнэбат, бэр Чимидцэеэ нарын хамт гэрт ороод ирсэн байсан. Тэд нар орилолдоод “эд нарыг хар даа, одоохон зургийг нь авч бичлэг хийгээд фэйсбүүк интернэтэд тавь” гэх мэтээр шуугилдаж Эрдэнэбилэг намайг шууд үсдэж толгойн дээрээс цохиод бас газар чирсэн, түүнээс болж толгой өвдсөн, зүүн өвдөг, баруун шилбэ, 2 бугалга шилбэнд гэмтэл учруулсан. Эрдэнэбаяр Амаржаргал 2 намайг алгадсан. Гэвч тэдний цохилтоос надад гэмтэл учраагүй.” гэжээ.
Гэрчүүдээс мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
1.З.Батхишиг: “...2017 оны 9 дүгээр сарын 01-ний шөнө 02 цагийн орчимд нэг хүн намайг орноос татаж унагаагаад 4 эрэгтэй хүн дээрээс толгой, тархи, цээж, нуруу гуя руу өшиглөөд зодоод байсан би нүүрээ дараад доошоо хараад хэвтээд зодуулсан. Тэгээд би та нар юун хүмүүс яагаад хүрээд ирэв ээ гээд гайхаад асуусан чинь битгий хуцаад байгаарай чи айлын авгай оролдож явчихаад гээд зодоод байсан, яг тэгж зодуулж байхад нэг хүүхэн бичлэг хийгээд интернэтэд тавинаа гээд байсан. Манай эхнэр Энхчимэгийг нэг нь үсдээд дарчихсан байсан. Тэгээд нэлээн удаан зодож байгаад миний хувцсыг цонхоор гаргаж шидээд намайг нүцгэн хөөгөөд гаргачихсан юм.” гэжээ.
2.Ж.Эрдэнэбаяр: “...Эрдэнэбилэг ах эхнэр Энхчимэгтэйгээ 10 гаран жил гэр бүл болж амьдарч байгаа бөгөөд энэ оны хавраас ах бид нарт “бэр эгч чинь өөр хүнтэй явалдаад байх шиг байна” гэж яриад байдаг байсан боловч бид нар итгээгүй юм. Ингээд тэр шөнө ахын гэр рүү орох гэтэл хаалгаа дотроосоо түгжсэн учир орж чадаагүй тул тагтаар дамжиж цонхыг нь хагалаад ах дотогшоо ороод гэрийнхээ хаалгыг дотроос нь нээж бид нар орсон. Бид нарыг гэрт ороход ахын эхнэр Энхчимэг орон дээрээ танихгүй эрэгтэй хамт унтаж байсан ба тэднийг ах хөнжлийг нь татаж сэрээсэн. Бэр эгчийгээ тийм байдалтай байхыг хараад уур маш их хүрсэн. Бид нар ч Энхчимэг рүү тал талаас нь дайрч хэрэлдэж үг хэлээр доромжилсон. Энхчимэг нөгөө залуу 2 нь архи уусан бололтой согтуу, чармай шалдан байцгаасан. Би нөгөө залууг нүүр рүү нь гараараа нэг удаа цохьсон, манай хэд ч гэсэн түүнийг бас цохиж зодсон байх. Яг хэн нь хэдэн удаа цохисныг анзаарч хараагүй. Ах нэлээн уурласан байсан учир бэр эгч Энхчимэгийг үсдэж дараад орноос унагасан. Би Энхчимэгийг бас нүүр рүү нь нэг удаа алгадсан. Өөр цохиж зодсон асуудал болоогүй.” гэжээ.
3.Ж.Эрдэнэчимэг: “…Гэтэл Энхчимэг өөрөө “Жадамбынхан бөөнөөрөө ирчихсэн байх шив дээ, та нар ер нь юутай байсан юм, юу харах гэж бүгдээрээ ирсэн юм, та нарыг хэн дуудсан юм бэ” гээд хашгичаад байхаар нь дүү Эрдэнэбаярын уур нь хүрсэн бололтой очоод Энхчимэгийг ороо түшээд сууж байхад нь 2 удаа нүүр рүү нь алгадсан. Түүний хойноос дүү Амаржаргал бас нүүр рүү нь 2 удаа алгадсан. Ах Эрдэнэбилэг эхнэрийгээ үсдээд 2 тийш нь савчаад байсан” гэжээ.
4.Б.Чимэдцэеэ: “…Гэрт нь ороход Энхчимэг эгч нэг танихгүй эрэгтэй хүнтэй хамт нүцгэн, хувцасгүй орон дээрээ байсан. Эрдэнэбилэг ах уурлаад эхнэрээ үсдэж аваад орноос нь татахад Энхчимэг газар өвдөглөөд унасан. Тэгснээ нөгөө хамт байсан залууг нь 2-3 удаа нүүр рүү нь цохьсон. Эрдэнэбаяр ч гэсэн ахын хажуунаас орж ирээд Энхчимэгийг нүүр рүү 1-2 удаа алгадаж байгаа харагдсан. Нөгөө залууг нь ахтай нийлээд цохиж зодоод байсан. Энхчимэгтэй хамт байсан залуу “би юу ч мэдээгүй ш дээ” гээд байсан. Энхчимэг болохоор Эрдэнэбилэг ахтай хэрэлдээд л байсан. Юу гэж байсныг нь би сайн санахгүй байна “чи юутай байсан юм, гуйлгачин түүлгэчин” л гээд байх шиг сонсогдсон.” гэжээ.
5.Ж.Амаржаргал: “…Энхчимэгийг хамгийн анх Эрдэнэбилэг ах үснээс нь зулгааж орноос газар унагаахаад Энхчимэг босч ирээд орон дээр буцаад суусан. Тэр үед нь дүү Эрдэнэбаяр нүүр рүү нь 2 удаа алгадсан. Нас барсан аавын маань нэрийг хэлээд хашгичаад байхаар нь миний уур хүрээд нүүр рүү нь 2 удаа алгадсан. Эрдэнэбаяр бид 2 Энхчимэгийг алгадсанаас өөрөөр цохиж зодсон зүйлгүй. Эрдэнэбилэг ах л уурласан байсан учир эхнэрээ үсдээд гар хөлнөөс нь бариад зууралдаад байсан.” гэжээ.
6.Б.Эрдэнэбат: “…Эрдэнэбилэг тэр хоёрын хөнжлийг нь татаж сэрээгээд “чи ямар юмтайгаа заваараад байж байгаа юм, энэ хэн юм бэ” гэснээ “өө энэ чинь цэцэрлэгийнх нь манаач байна ш дээ, ажлаа хийгээд явж байна гэсэн чинь ингээд явж байдаг юм байна та нар хар даа гэсэн. Энхчимэг босч ирснээ учиргүй уурлаад бид нар руу хашгичаад Жадамбынхан та нар юу юм бэ, намайг юугаар гийгүүлсэн юм бэ” гээд байсан. Гэтэл Эрдэнэбилэг эхнэрийгээ үсдэж орноос чирч буулгасан. Эрдэнэбилэг эхнэрийгээ зодох гээд дайраад байхаар нь би урдуур нь ороод түүнийг “зодож цохиод хэрэггүй ээ” гээд байж байх үед миний ардаас Эрдэнэбаярын гар нь орж ирээд Энхчимэгийг 2 удаа цохиод авсан. Яг хаана нь онож цохисныг бол анзаарч хараагүй. Мөн манай эхнэр Амаржаргал Энхчимэгийг “чи ямар ичдэггүй юм бэ” гэж хэлээд нүүр рүү нь 2 удаа алгадсан” гэжээ.
Хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.9.12-ны өдрийн ¹11433 тоот шинжээчийн дүгнэлтэд:
1.Я.Энхчимэгийн биед тархи доргилт, хоёр бугалга, зүүн өвдөгт цус хуралт, баруун шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна.
3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч Ж.Э нь 2017 оны 9 дүгээр сарын 01-нээс 02 нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 11 дүгээр байрны 34 тоот түрээсийн байранд эхнэр Я.Энхчимэгийг бусадтай унтаж байхад нь хардаж зодсоноос хохирогчийн биед тархи доргилт, хоёр бугалга, зүүн өвдөгт цус хуралт, баруун шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь
|
|
|
|
шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
хохирогч Я.Энхчимэгийн “…2017 оны 9 дүгээр сарын 01-ний орой би Батхишигийн хамт гадуур явж байгаад 22 цагийн үед турээсэлдэг байрандаа ирсэн. Ингээд тэр шөнө бид хоёрыг унтаж байхад Эрдэнэбилэг өөрийн төрсөн дүү нарын хамт гэрт ороод ирсэн байсан. Эрдэнэбилэг намайг шууд үсдэж толгойн дээрээс цохиод бас газар чирсэн, түүнээс болж толгой өвдсөн, зүүн өвдөг, баруун шилбэ, 2 бугалга шилбэнд гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг,
гэрч Ж.Эрдэнэбаярын “...Эрдэнэбилэг ах эхнэр Энхчимэгтэйгээ 10 гаран жил гэр бүл болж амьдарч байгаа бөгөөд энэ оны хавраас ах бид нарт “бэр эгч чинь өөр хүнтэй явалдаад байх шиг байна” гэж яриад байдаг байсан боловч бид нар итгээгүй юм. Бид нарыг гэрт ороход ахын эхнэр Энхчимэг орон дээрээ танихгүй эрэгтэй хамт унтаж байсан ... Ах нэлээн уурласан байсан учир бэр эгч Энхчимэгийг үсдэж дараад орноос унагасан” гэх мэдүүлэг, гэрч Ж.Эрдэнэчимэгийн “…Ах Эрдэнэбилэг эхнэрийгээ үсдээд 2 тийш нь савчаад байсан” гэх мэдүүлэг, гэрч Б.Чимэдцэеэгийн “…Гэрт нь ороход Энхчимэг эгч нэг танихгүй эрэгтэй хүнтэй хамт нүцгэн, хувцасгүй орон дээрээ байсан. Эрдэнэбилэг ах уурлаад эхнэрээ үсдэж аваад орноос нь татахад Энхчимэг газар өвдөглөөд унасан. Энхчимэгтэй хамт байсан залуу “би юу ч мэдээгүй ш дээ” гээд байсан. Энхчимэг болохоор Эрдэнэбилэг ахтай хэрэлдээд л байсан” гэх мэдүүлэг, гэрч Ж.Амаржаргалын “…Энхчимэгийг хамгийн анх Эрдэнэбилэг ах үснээс нь зулгааж орноос газар унагаахаад Энхчимэг босч ирээд орон дээр буцаад суусан. Эрдэнэбилэг ах л уурласан байсан учир эхнэрээ үсдээд гар хөлнөөс нь бариад зууралдаад байсан” гэх мэдүүлэг, гэрч Б.Эрдэнэбатын “…Эрдэнэбилэг тэр хоёрын хөнжлийг нь татаж сэрээгээд “чи ямар юмтайгаа заваараад байж байгаа юм, энэ хэн юм бэ” гэснээ “өө энэ чинь цэцэрлэгийнх нь манаач байна ш дээ, ажлаа хийгээд явж байна гэсэн чинь ингээд явж байдаг юм байна та нар хар даа гэсэн. Энхчимэг босч ирснээ учиргүй уурлаад бид нар руу хашгичаад Жадамбынхан та нар юу юм бэ, намайг юугаар гийгүүлсэн юм бэ” гээд байсан. Гэтэл Эрдэнэбилэг эхнэрийгээ үсдэж орноос чирч буулгасан” гэх мэдүүлэг, хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.9.12-ны өдрийн ¹11433 тоот шинжээчийн дүгнэлт, хохирогчийн мөрдөн шалгах ажиллаанд өгсөн шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх бичгээр гаргасан хүсэлт, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.
Иймд шүүгдэгч Хар нүдэн овогт Жын Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь гэр бүлийн хүний эсрэг гэмт хэрэг үйлдсэн боловч түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх боломжгүй байна. Учир нь хохирогч болох түүний эхнэр Я.Энхчимэг нь нөхөр Ж.Эрдэнэбилэгээс хуульд заасан журмаар албан ёсоор гэрлэлтээ цуцлуулаагүй, өмнөх амьдралын маргаантай гэх асуудлаа шүүхээр шийдвэрлүүлээгүй атлаа өөрийн гэртээ гэр бүлээс гадуур өөр эрэгтэй хүнтэй унтаж байхад нь түүний хууль ёсны нөхөр Ж.Эрдэнэбилэг хардсанаас буюу хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг гарчээ.
Түүнчлэн хохирогч Я.Энхчимэгээс “Нөхөр маань 2016 оноос хойш намайг үе үе зодож цохидог болсон” гэж мэдүүлж байгаа боловч тэрээр мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй, уг мэдүүлэг нь мөрдөн шалгах ажиллагаанд шалгагдаж нотлогдоогүй тул шүүгдэгчийн үйлдэлд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж тогтоогдохгүй байна. Нөгөөтэйгүүр шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлтийг бичгээр гаргасан байх тул шүүгдэгч Ж.Эийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Ж.Эт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн саналыг тус тус харгалзав. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүгдэгч Ж.Эийн торгох ялыг 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Хохирогч шүүх хуралдаанд “Нэр төрөө сэргээлгэнэ. Ажлаас халагдсан тул ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилнэ” хэмээн маргаж байгаа боловч уг маргаан нь шүүгдэгч Ж.Эрдэнэбилэгийн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэлд шууд хамааралгүй тул хохирогчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Хар нүдэн овогт Жын Эийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эийн торгох ялыг 2018 оны 3 дугаар сарын 15-ны дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э нь энэ тогтоолын 3-т заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БУЯННЭМЭХ