Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2023/ДШМ/719

 

 

 

 

  2023             7              18                                        2023/ДШМ/719          

 

 Д.Д-д холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Мөнх-Амгалан,

шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг,

иргэний хариуцагч Х.М-ын өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр,

хохирогч Б.М, түүний өмгөөлөгч Б.Энхбат,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/686 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний хариуцагч Х.М-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Д.Д-д холбогдох эрүүгийн 2106 04024 0721  дугаар хэргийг 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Хаад Боржигон овгийн Дамбаасүрэнгийн Д, 1990 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 31 дүгээр байрны 74 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: УХ90010876/.

Шүүгдэгч Д.Д нь 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 29 дүгээр байрны дэргэд Б.М-тай цахим орчинд байршуулсан автомашин түрээслэх талаар нийтэлсэн зарын дагуу харилцаа үүсгэж, улмаар түүний эзэмшилд байсан тээврийн хэрэгслийг түрээслэх талаар харилцан тохиролцож, автомашин түрээслэх гэрээг бичгээр байгуулан гэрээгээр халхавчлан зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, буцаан өгөх санаа зорилгогүйгээр Б.М-ын эзэмшилд байсан ..-.. УБҮ улсын дугаартай Инфинити Кью Икс-56 /Infiniti QX-56/ маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлэн авч 42.350.383 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Д-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Д-д 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-д Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, уг үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, ялтан Д.Д-д хяналт тавих үүргийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Д-ийн цагдан хоригдсон 71 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Д.Д-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжпэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Х.М-аас 39.350.383 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.М-т олгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Иргэний хариуцагч М.М гаргасан давж заалдах гомдолдоо: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/686 дугаар шийтгэх тогтоолын иргэний хариуцагчид холбогдох хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Ялтан Д.Д нь хохирогчийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг “түрээслэх гэрээ”-гээр эзэмшилдээ түр авмагцаа манай ломбард дээр ирээд “ээж өвдөөд балраад явж байна, надад мөнгө хэрэгтэй байгаа учир өөрийн дүүгийн машиныг зарна гэж дүүтэйгээ тохирсон юм, та авчихаач” гэсэн, тэгэхээр нь өмнө нь хоёр ч удаа хэлсэн хугацаандаа авч өгч байсан учир итгэл үнэмшил төрсөн. Тэгээд би, за яахав хэд юм бэ гэтэл 8.000.000 төгрөгөөр өгмөөр байна гэхээр нь тийм их мөнгө байхгүй, авахгүй гэсэн. Тэгээд гуйгаад байхаар нь 6.500.000 төгрөгөөр авахаар болж, 3.000.000 төгрөгийг нь дансаар шилжүүлээд, тухайн өдөр бэлэн байсан 2.000.000 төгрөгийг бэлнээр өгч, 3-5 хоногийн дотор уг машины нэрийг шилжүүлж өгөөд үлдэгдэл 1.500.000 төгрөгийг өгөхөөр тохиролцоод явсан. Түүнээс хойш энэ Д.Д гэгч утсаа авахаа больж, олдохгүй олон сараар алга болсон. Тухайн үед миний ажиллуулдаг байсан “Тэгш” ломбардад өмнө нь гурван ч удаа машин барьцаалаад гэрээнийхээ хугацаанд мөнгийг буцаан төлж, машинаа авч байсан учир би итгээд авчирсан машиныг нь худалдаад авсан юм.

Анхан шатны шүүхээс Д.Д-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас ...эд хөрөнгөнд ...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж зааснаас үзвэл шууд учирсан хохирлын дүн нь шинжээчийн тогтоосон үнэлгээнд заасан 42.350.383 төгрөгийг Д.Д-гээс гаргуулж, хохирогч Б.М-т олгохоор тогтоолд заах учиртай байсан.

Мөн Д.Д надаас машины үнэд 5.000.000 төгрөг авснаас 2.000.000 төгрөг бэлнээр авсныг нь тухайн үед машиныг хүлээн авсан гэрч Б.Б шүүхэд гэрчлэх байсан учир түүнийг шүүх хуралдаанд оролцуулахаар хүсэлт гаргасан, өөрөө ч очсон байсан. Гэтэл анхан шатны шүүх хүсэлтийг хүлээн авалгүйгээр хэргийг шийдвэрлэж, намайг 2.000.000 төгрөгөөр хохироосонд гомдолтой байна.

Хохирогч 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр түрээсийн гэрээ байгуулаад ялтанд машинаа өгснөөс хойш түүнийг хэн ч олж хараагүй, олдохгүй байсан машиныг Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгч Б.Эрдэнэбат гэх мөрдөгч шинжээч томилсон тогтоол дээрээ машиныг, 2 хувь тогтоолын хамт шинжилгээнд хүргүүлсэн мэтээр бичиж, 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр ийм дүгнэлт гаргуулсан байгаа. Энэ шинжээчийн дүгнэлт хууль ёсны байх боломжгүй. Учир нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “шинжилгээний объектыг тогтоол, захирамжийн хамт шинжээчид хүргүүлнэ.”, 10.4.2 дахь хэсэгт “объект нь эх хувь буюу биет байдлаараа байна” гэж заасан байдаг ба ижил төстэй машинаар орлуулж дүгнэлт гаргуулах, холбогдох хүмүүсийг нь байлцуулалгүйгээр машинд өөр дээр нь үзлэг хийлгүйгээр үнэлгээг тогтоох нь хуульд нийцэхгүй билээ.

Гэтэл шийтгэх тогтоолын 9 дүгээр талд “...мөрдөгч Б.Эрдэнэбат шинжээч томилсон тогтоол дээрээ машиныг, 2 хувь тогтоолын хамт шинжилгээнд хүргүүллээ гээд хуурамч зүйл бичсэн байгаа...” гэх талаар мэтгэлцэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт иргэний хариуцагч шинжээчийн дүгнэлттэй танилцах эрхтэй талаар заагаагүй, харин баримт сэлт, хүсэлт гаргах эрхээ эдэлж тээврийн хэрэгслийн хаана, хэнд байгаа талаар болон бусад байдлын талаарх баримт сэлт гаргаагүй байна.

Мөрдөгч нь хэргийн 42 дугаар талд “машиныг, тогтоолын хамт хүргүүлэв” гэсэн алдаатай зүйл бичсэн хэдий ч хэргийн 43 хуудасны арын хуудсанд шинжээч дүгнэлтдээ “...уг автомашиныг биечлэн үзлэг хийх боломжгүй тул ... ижил үзүүлэлт бүхий чанар байдлын хувьд ойролцоо тээврийн хэрэгслийг зах зээлийн дундаж үнэлгээгээр тогтоов...” гэж тээврийн хэрэгслийг зах зээлийн дундаж үнэлгээгээр тогтоосон нь үндэслэлтэй байна. Иргэний харицагч нь хохирогч Б.М-ын эзэмшлийн тээврийн хэрэгслийг бусдад худалсан гэх боловч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “... худалдагч нь эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх...” гэж заасан бөгөөд тээврийн хэрэгслийн эзэмшигч нь шүүгдэгч Д биш байхад эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр барьцаанд авч, цааш борлуулсан гэх нь хууль бус байх бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг хууль ёсоор хариуцахаар байна.” гэж заасан нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснийг харуулж байна.

Д.Д-д холбогдох энэ хэргийн хохирлын асуудлыг хуульд нийцүүлэн тогтоогоогүй, маргаантай төдийгүй, машинтай холбоотой өөр хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст миний гаргасан өргөдөл гомдлын дагуу Д.Д-д холбогдуулан шалгаж байгаа ба уг машиныг олоод битүүмжилсэн байгаа.

Мөн тогтоолд “...шинжээчийн дүгнэлттэй танилцуулаагүй...” гэх талаар мэтгэлцэв гэж дурдаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “иргэний хариуцагч шинжээчийн дүгнэлттэй танилцах эрхтэй талаар заагаагүй байна” гэж дүгнэсэн нь миний эрхийг хязгаарлаж, хохироосон шийдвэр гаргахад хүргэсэн. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.13 дахь заалтад иргэний хариуцагч бол хэргийн оролцогч гэж заасан байх ба мөн хуулийн 27.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шинжээчийн дүгнэлт ...-ийг холбогдох оролцогчид танилцуулна гэж заасан байдаг. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр иргэний хариуцагчид үүрэг ногдуулсан хохирлын хэмжээг тогтоолгочихоод түүнийгээ үүрэг хүлээсэн этгээдэд нь танилцуулалгүй, хулээн зөвшөөрөх, эс зөвшөөрч гомдол гаргах эрхийг нь хязгаарлаж байгаа шүүхийн шийдвэр хуульд нийцэх учиргүй юм.

Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг үндэслэн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлан хуулийг буруу хэрэглэн шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/686 дугаар шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгож, иргэний шүүхээр жич тогтоолгохоор зааж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэжээ.

Иргэний хариуцагч Х.М-ын өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэний хариуцагч Х.М-ын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Шүүхийн шийтгэх тогтоолд заасан хохирлын талаарх дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Шүүгдэгч Д.Д нь 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 4 хоногийн хугацаагаар түрээслэх гэрээгээр хохирогчийн машиныг авч яваад Х.М-д машиныг худалдсан уу, эсхүл барьцаанд тавьсан уу гэдэг талаар анхан шатны шүүх огт дүгнэлт хийгээгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд учирсан үр дагаварыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж заасан. Үүнээс үзэхэд, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын холбогдох хэсгийг Д.Д хариуцахаар байдаг. Гэтэл Д.Д огт хариуцлага хүлээхгүй сууж байна. Гэмт хэргийн замаар олсон машин гэдгийг Х.М мэдээгүй, 6 сар хүлээгээд ирэхгүй болохоор нь 8.000.000 төгрөгт тооцоод цааш нь машинаар сольсон. Тэгэхээр Х.М нь машиныг санаатайгаар өөртөө авсан зүйл байхгүй байх тул 8.000.000 төгрөгийнхөө хэмжээгээр л хохирлыг барагдуулах ёстой. Бусад 34.350.383 төгрөгийг шүүгдэгч Д.Д хариуцаж төлөх ёстой. Шүүгдэгч Д.Д өөртөө ашигтайгаар мэдүүлэг өгөх эрхтэй этгээд, тэрний дагуу машиныг барьцаанд тавьсан гэж мэдүүлдэг. Үүнийг нь нотолсон баримт байхгүй. Хэрвээ барьцаанд тавьсан юм бол “миний барьцаанд тавьсан машиныг цааш нь зарсан байна” гээд цагдаад гомдол гаргах ётсой байсан. Гэтэл хохирогч Б.М гомдол гаргасан. Шүүгдэгч Д.Д нь хоёр жилийн хугацаанд сураггүй алга болоод эрэн сурвалжлагдаад баригдсан байдаг. Барьцаалсан гэж байгаа нь баримтаар нотлогдох юм бол Х.М хохирлыг бүрэн хэмжээгээр хариуцана. Шүүгдэгч Д.Д өмнө нь Х.М-д 3 удаа машин барьцаалж мөнгөө яг хугацаанд нь хүүтэй нь төлж итгэлийг нь олж байсан байдаг. Тэгээд 4 дэх дээр нь залилсан. Эцэст нь гэмгүй мөрөөрөө хөдөлмөрлөж байсан Б.М гэх хүн хохирсон. Машиныг Х.М-д худалдсан гэдгийг хоёр гэрч гэрчилж мэдүүлсэн. Худалдсан гэх баримт тодорхой байсаар байтал анхан шатын шүүх үнэлээгүй, энэ талаар анхаарч өгнө үү. Хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоох хуулийн шаардлага хангагдаагүй. Тухайлбал, Д.Д нь Б.М-ыг залилаад, дахиад Х.М-ыг залилсан байдаг. Гэтэл уг үйлдлийг нь шалгаагүй. Тусдаа гарсан асуудал учраас гомдлоо тусдаа гаргаад шалгуулж болно гэдэг байдлаар хаясан байна лээ. Гэтэл үүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар шалгаад хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмаар шийдвэрлэж болно. Гэтэл хохирол нь нэг, нэг машины асуудал байдаг. Тэгэхээр үргэлжилсэн үйлдлийг тусад нь шалгаад шийдвэрлэсэн болох нь харагдаж байна. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр шалгагдаж байгаа хэргийг шийдвэрлэх гэхээр энэ хэргийн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болчихвол яах юм бэ. Тэгэхээр хохиролтой холбоотой асуудлыг яаж шийдвэрлэх юм бэ. Иргэний журмаар шүүхэд хандлаа гэхэд урьд өмнө хохирлын талаар шийдвэрлэсэн шийдвэр байна гээд хөдлөхгүй. Хохирлыг дутуу шалгаж шийдвэрлэсэн байна. Хэргийг гүйцэт шалгасан бол М, М хоёр хохирогчоор тогтоогдоод машиныг хууль бусаар эзэмшиж байгаа Ерөө гэх хүн иргэний хариуцагчаар тогтоогдоод явах байсан. Шийтгэх тогтоолд “иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгож” гэж бичсэн байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг хэрэгсэхгүй болгочих юм бол хэн аль нь иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхгүй болно. Шүүхийн шинжилгээний тухай хуульд шинжээч үнэлгээ хийхдээ тухайн обьектийг заавал биетээр байлгаж байж үнэлнэ гэж заасан. Гэтэл ойролцоо төрлийн тээврийн хэрэгслийн жишиг үнээр үнэлсэн байгаа нь хууль бус болсон. ...” гэв.

Хохирогч Б.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би машинаа түрээслүүлж байсан. Гэтэл Д.Д нь мөрийтэй тоглоомд донтсон хүн байж таарсан. Ийм хэрэг маш их гарч байгаа юм байна лээ. Хүний нэр дээрх машиныг түрээслэх замаар авч яваад кинон дээр гардаг шиг мөнгө хүүлэгч дээр аваачаад барьцаалчихдаг. Иргэний хариуцагч Х.М гэх хүн хүний нэр дээрх машиныг аваад зээл өгсөн байдаг. Энэ үйлдэл нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл биш юм уу. Д.Д-ийн эзэмшлийн машин биш болохыг мэдсээр байж барьцаалж аваад зээл өгөөд байгаа нь гэмт хэрэг. Би 3 жил хохирсон, анхан шатны шүүх хуралдаан маш их хойшилж байсан. Тодорхой хэрэг байхад шийдвэрлэж чаддаггүй. Х.М, Д.Д нарт аль алинд нь зохих хариуцлагыг нь оногдуулж өгнө үү. ...” гэв. 

Хохирогч Б.М-ын өмгөөлөгч Б.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэний хариуцагч гэдгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тодорхой зааж  өгсөн. Үүнийг нарийвчлан зохицуулсан хууль нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг байдаг. Энэ зохицуулалтынхаа хүрээнд шинжээчийн дүгнэлтээ үндэслээд иргэний хариуцагч тодорхой үнийн дүнгийн хэмжээгээр хариуцлага оногдуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна. Гомдолтой холбоотой тайлбар хэлэхэд, шинжээчийн дүгнэлтийг иргэний хариуцагчид танилцуулаагүй гэж байна. Иргэний хариуцагч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тодорхой эрх эдэлж, үүрэг хүлээдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.13 дахь заалтад заасан эрхийг эдэлнэ гэсэн зохицуулалт байхгүй. Тэгэхээр иргэний хариуцагчид шинжээчийн дүгнэлтийг танилцуулах гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Иймд иргэний хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Д.Д-ийн нэр дээр биш өөр хүний нэр дээр байгаа машин гэдгийг мэдсээр байж худалдаж авч байгаа үйлдэл нь Иргэний хуульд зааснаар эрхийн доголдолтой байдаг. Энэ нь илэрхий байхад худалдаж аваад цааш нь өөр хүнд худалдан борлуулж байгаа үйлдэл нь гэмт хэрэг юм. Гэтэл өнөөдөр хариуцах этгээд биш гэж ярьж байгаа нь үндэслэлгүй. Иймд иргэний хариуцагчаас гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.Д-ийн өмгөөлөгч С.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Учир нь, 1 дүгээр хавтаст хэргийн 249 дүгээр талд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ байдаг. Уг гэрчилгээн дээр гадаад худалдаа эрхэлдэг аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан компани гэсэн байдаг. 250 дугаар талд авагдсан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын батламж гэх баримт дээр 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр нэг жилийн хугацаатай машины засвар үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авсан байдаг. Гэтэл өөрийнхөө эрхэлж байгаа үйл ажиллагааныхаа чиглэлийг өөрчилж, амар хялбар аргаар мөнгө олох буюу гэмт хэргийн дараах нөхцөлийг бүрдүүлж өөртөө хууль бусаар орлого олоод байсан гэдэг нь тогтоогдсон. Фэйсбүүк дээр “машин барьцаалж зээл олгоно” гэж зар тавьж зөвшөөрөлгүй байж, барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулсан. 1 дүгээр хавтаст хэргийн 34 дүгээр талд анх иргэний хариуцагчаар өгсөн мэдүүлэгтээ “Д.Д-г огт танихгүй. Үл таних залуугаас авсан” гэсэн байдаг. Гэтэл давж заалдах гомдолдоо “6.500.000 төгрөгөнд авахаар болоод 3.000.000 төгрөгийг өгсөн. Урьд нь хоёр гурван удаа уулзаж байсан” гэсэн байдаг. Машиныг барьцаалж авахдаа ямар ч гэрээ хэлцэл хийгээгүй. Машин хэний нэр дээр байгаа, захиран зарцуулах итгэмжлэл байна уу гэдэг байдлыг асуугаагүй шууд л авсан. Барьцаанд тавиад удаагүй байхад нь машиныг зарсан байдаг. Зарах эрх байхгүй байхад зарж гэмт хэрэг үйлдсэн. Тэгснээ шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “нөгөө машин байгаа” гэж ярьсан. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст өргөдөл өгсөн гэдэг. Би цагдаагийн хэлтэс дээр очиж шүүлгүүлэхэд ямар ч гомдол гаргаагүй байсан. Гомдол гаргасан бол эрүүгийн хэрэг үүсэх хугацаа болсон байхад эрүүгийн хэрэг үүсээгүй байдаг. Ерөө гэх хүнийг зохиож ярьдаг. Машиныг хэдэн төгрөгөөр авахаар тохирсон болохоо санахгүй байна гэж мэдүүлж байсан атлаа гомдолдоо 6.500.000 төгрөгөөр борлуулахаар болсон гэдэг. Д.Д-д 3.000.000 төгрөгийг л өгсөн. Иргэний хариуцагч Х.М нь худлаа ярьдаг. Энэ гэмт хэргээс ашиг олсон хүн нь иргэний хариуцагч Х.М, Х.М нь Д.Д-д 2.000.000 төгрөг өгсөн гэх боловч баримтаар нотолж чадаагүй. Шүүгдэгч Д.Д-ийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял шийтгэл оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

Прокурор Т.Мөнх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Д-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилүүлсэн. Шүүгдэгч Д.Д-г 42.350.383 төгрөгийн үнэлгээ бүхий автомашиныг залилсан гэм буруутайд тооцсон атлаа уг хохирлын мөнгийг түүнээс гаргуулж шийдвэрлээгүй нь үндэслэлгүй болсон байна. Машиныг Д.Д авч цааш нь Х.М-д шилжүүлсэн. Х.М, Д.Д хоёрын асуудал нь Иргэний хуульд заасан гэрээтэй холбоотой асуудал бөгөөд уг гэрээ нь хүчин төгөлдөр бус байсан талаар шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Өөрийн болоод барьцаанд тавьсан этгээдийн эд хөрөнгө биш гэдгийг мэдсээр байсан атлаа бусдад худалдан борлуулсан нь хүчин төгөлдөр бус хууль зөрчсөн үйлдэл болсон гэж прокурорын зүгээс үзэж байна. Анхан шатны шүүх уг хохирлыг шүүгдэгч Д.Д-гээс гаргуулахгүйгээр шийдвэрлэсэн нь буруу болсон. Шүүгдэгч Д.Д-гээс хохирлыг гаргуулаад, шүүгдэгч Д.Д-г иргэний нэхэмжлэгчээр тогтоож Х.М-аас шүүгдэгч Д.Д-д олгох мөнгийг гаргуулах нь зүйтэй байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ иргэний хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос Д.Д-г 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 29 дүгээр байрны дэргэд Б.М-тай цахим орчинд байршуулсан автомашин түрээслэх талаар нийтэлсэн зарын дагуу харилцаа үүсгэж, улмаар түүний эзэмшилд байсан тээврийн хэрэгслийг түрээслэх талаар харилцан тохиролцож, автомашин түрээслэх гэрээг бичгээр байгуулан гэрээгээр халхавчлан зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, буцаан өгөх санаа зорилгогүйгээр Б.М-ын эзэмшилд байсан ..-.. УБҮ улсын дугаартай Инфинити Кью Икс-56 /Infiniti QX-56/ маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлэн авч 42.350.383 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэж, шийтгэх тогтоол гаргахдаа шийтгэх тогтоолын ТОДОРХОЙЛОХ хэсэгт “шүүгдэгч  Д.Д-г залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Д.Д, иргэний хариуцагч Х.М нар нь хохирогч Б.М-т гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Шүүгдэгч Д.Д-г шүүхийн шатанд хохирогч Б.М-т 3.000.000 төгрөгийн хохирол төлсөн, иргэний хариуцагч Х.М нь “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар 42.350.383 төгрөгөөр үнэлэгдсэн хохирогч Б.М-ын эзэмшлийн тээврийн хэрэгслийг шүүгдэгч Д.Д-гээс авч бусдад худалдсан гэх талаар шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаааны үед мэдүүлсэн байх тул 39.350.383 төгрөгийг гаргуулж хохирогч Б.М-т олгох нь зүйтэй.”, ТОГТООХ нь хэсгийн 8 дахь заалтад  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Х.М-аас 39.350.383 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.М-т олгосугай” гэж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хохирогч Б.М-т учирсан хохирлоос шүүгдэгч Д.Д 3.000.000 төгрөгийг нөхөн төлсөнөөр төлбөр барагдсан гэж үзэж, иргэний хариуцагч Х.М-аас үлдэх 39.350.383 төгрөгийг гаргуулж хохирогч Б.М-т олгосон нь буруу болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад “Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын явцад тогтооно.” гэж хуульчилсан бөгөөд иргэн Б.М-ын эзэмшилд байсан 42.350.383 төгрөгийн үнэ бүхий ..-.. УБҮ улсын дугаартай Инфинити Кью Икс-56 /Infiniti QX-56/ маркийн тээврийн хэрэгслийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож, үнийг гаргахдаа гэмт хэрэг үйлдсэн этгээд хариуцах ёстой атал хуулийг буруу хэрэглэжээ.

Мөн иргэний хариуцагч Х.М нь бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслэлийг зохих зөвшөөрөлгүйгээр бусдад худалдсан, шилжүүлсэн эсэхийг хуульд заасны дагуу шалгаж тогтоолгүйгээр зөвхөн иргэний хариуцагчаар тогтоосон нь үндэслэлгүй бөгөөд түүний дээрх тээврийн хэрэгслэлийг зохих зөвшөөрөлгүйгээр худалдсан, шилжүүлсэн нь эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй эсэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй нь буруу болсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулаагүй, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийг зөв тогтоогоогүй, Өршөөл үзүүлэх тухай хууль хэрэглэх эсэх талаар дүгнээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт дараахь зүйлийг тусгана.”, 3.5 дахь заалтад “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэрэгсэхгүй болгох, эсхүл хэлэлцэхгүй орхих тухай үндэслэл.” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 дахь заалтад “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн ханган тухай, эсхүл хэлэлцэхгүй орхих үндэслэл.” гэж тус тус заажээ.

Эдгээр үндэслэлүүд нь шүүхийн шийдвэрийн дүгнэлтэнд ноцтой нөлөөлж болох нөхцөл байдал гэж үзэх үндэслэлтэй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 1.2 дахь заалтад “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоно гэж тус тус заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” бол Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө гэж заасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах” гэж давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг тодорхойлсон учраас давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт эрүүгийн хариуцлагыг нэмэх байдлаар өөрчлөн зөвтгөх боломжгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/686 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул “...шүүгдэгч иргэний хариуцагч Х.М-ын “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/686 дугаар шийтгэх тоггоолын иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгож, иргэний шүүхээр жич тогтоолгохоор зааж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/686 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Д.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Б.ЗОРИГ

                                            ШҮҮГЧ                                                  Ц.ОЧ

                                            ШҮҮГЧ                                                 Т.ШИНЭБАЯР