Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 612

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

            Улсын яллагч Д.Нямсүрэн,

            Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ю.Тогмид нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Еншөөв овогт Дгийн Бод холбогдох 1711012310304 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн 1976 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Еншөөв овгийн Д Б, (РД:000000000),

нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 20-502а тоотод хамтран амьдрагч Н.Уянгыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Хохирогч Н.Уянга мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Би 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрээсээ гараад 7 буудалд байдаг нэг ахынд очиход гэртээ байгаагүй. Тэгэхээр нь нөхөр Батболд руу залгаад хаана байгааг асуухад над руу уурлаад “дахиад уусан юмуу” гээд байсан. Тэр үед би архи уусан байсан болохоор “тиймээ” гэсэн чинь намайг “алнаа” гээд утсаа тасалсан. Тэгэхээр нь би гэртээ очоод нэг шил 0.5 литрийн архи аваад талыг нь уугаад бусдыг нь үлдээсэн. Тэгээд нэг сэрсэн чинь Батболд ирсэн байсан. Би доошоо буугаад хаалгаа онгойлгоход Батболд намайг архи уусан гээд хацар руу нэг удаа алгадсан, 2 хөлнөөс барьж байгаад хашаанаас чирч гаргасан. Би гадаа хэсэг байж байгаад хаалгаа түлхээд онгойлгосон чинь Батболд дахиж хашаанаас гаргасан. Бид 2 хамт амьдраад 7 жил гаруй болж байна. Энэ хугацаанд бид 2 сайн харилцаатай байсан боловч миний байнгын архи уудгаас болоод хэрүүл маргаантай байгаа. Өмнө нь хэд хэдэн удаа архинаас болж маргалдаж байсан боловч ийм тохиолдол гарч байгаагүй. Нэг мэдэхэд л архины хамааралд орчихсон байна. Энэ байдлыг харгалзан үзэж Батболдод хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү. Бид 2 эвлэрсэн гэжээ.

Гэрч Х.Мөнхзаяа  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Намайг хэргийн газарт очих үед Уянга нь хашааныхаа гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Харин нөхөр гэгч Батболд нь гэрээсээ эрүүл гарч ирсэн. Эхнэр нь архи уугаад байгаа гэх тул маргаан болсон гэж тайлбарлаж байсан. Уянгын хувьд ямар нэг гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн зүйл байхгүй аюулын зэрэг бага /5/ байсан тул хамгаалах байранд очих шаардлага байгаагүй гэжээ.

Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.11.03-ны өдрийн ¹13738 тоот шинжээчийн дүгнэлтэд:

1.Н.Уянгын биед зүүн доод зовхи, баруун бугалга, шуу, баруун сарвуу, зүүн тохой, бугалга, зүүн гарын эрхий хурууны хумсан дор, ахар сүүлний дунд хэсэг, баруун хонго, зүүн гуя, шилбэ, баруун гуя, зүүн зулай хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломтой.  

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч Д.Б нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 20-502а тоотод хамтран амьдрагч Н.Уянгыг байнга архи уусан шалтгаанаар зодсоноос хохирогчийн биед зүүн доод зовхи, баруун бугалга, шуу, баруун сарвуу, зүүн тохой, бугалга, зүүн гарын эрхий хурууны хумсан дор, ахар сүүлний дунд хэсэг, баруун хонго, зүүн гуя, шилбэ, баруун гуя, зүүн зулай хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь

 

 

шүүгдэгчээс үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Н.Уянгын “...Тэгээд нэг сэрсэн бинь Батболд ирсэн байсан. Би доошоо буугаад хаалгаа онгойлгоход Батболд намайг архи уусан гээд хацар руу нэг удаа алгадсан, 2 хөлнөөс барьж байгаад хашаанаас чирч гаргасан. ... миний байнгын архи уудгаас болоод хэрүүл маргаантай байгаа. Бид хоёр эвлэрсэн” гэх мэдүүлэг, хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.11.03-ны өдрийн ¹13738 тоот шинжээчийн дүгнэлт, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

 

Иймд шүүгдэгч Еншөөв овогт Дгийн Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан торгох ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг тус тус харгалзав. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүгдэгч Д.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь байнга архи уудаг болсон зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар түүнд оногдуулсан ялаас чөлөөлөх боломжтой гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Еншөөв овогт Дгийн Быг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бод оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

4.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

5.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ