Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2023/ДШМ/718

 

 

 

 

 

 

   2023            7              18                                         2023/ДШМ/718

 

 

Г.Ё-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Сумъяа,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/373 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Ё-ийн өмгөөлөгч О.Анхбаярын гаргасан давж заалдах гомдол, прокурор М.Сумъяагийн бичсэн 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 19 дүгээр эсэргүүцлийг үндэслэн Г.Ё-д холбогдох 2210016180318 дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

.......... овгийн ..-ын Ё, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр ... төрсөн, .. настай, эрэгтэй, ... боловсролтой, ...... ажилтай, ам бүл 1, .... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ... тоотод оршин суух, /РД: ...../.

Шүүгдэгч Г.Ё нь 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн эрүүгийн мөрдөгч нарын албан өрөөнд хохирогч М.Э-ыг хулгайн гэмт хэрэгт сэрдэж, хэрэг хүлээлгэх зорилгоор “машин чинь хаана байна, машиндаа үзлэг хийлгэчихээд яв” гэж эрүү шүүлт тулгаж биед халдаж цохиж зодон эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Г.Ё-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.12 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу эрүүдэн шүүж үйлдэж гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Ё-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Г.Ё-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн, төрийн албан хаагч тайлбар, мэдүүлэг, хэрэг хүлээлгэх зорилгоор Эрүүдэн шүүлт тулгах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн 6.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.500.000  төгрөгөөр торгох ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.Ё нь торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 1 жилийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдэж, шүүгдэгч Г.Ё-д оногдуулсан 6.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.500.000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар ирүүлсэн 3 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргах, Орро загварын цагаан өнгийн гар утсыг М.Э-т буцаан олгож, шүүгдэгч Г.Ё-д урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Ё-ийн өмгөөлөгч О.Анхбаяр гаргасан давж заалдах гомдолдоо: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/373 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар:

Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралд Г.Ё-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэх гэм буруу дээр маргасан болно. Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5 болон 6 дугаар нүүрт шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлтэд зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх болсон тухай хууль зүйн дүгнэлт бичигдсэн болохоос, өмгөөлөгчийн гэм буруугүй гэх хууль зүйн дүгнэлтийг хэрхэн няцаан үгүйсгэсэн талаарх үндэслэл, тайлбарыг огт бичээгүй байна. Уг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх тогтоолынхоо тодорхойлох хэсэгт өмгөөлөх талын байр суурийг хүлээж аваагүй бол няцаан үгүйсгэсэн үндэслэлийг заавал бичихээр хуульчилсан байдаг.

Шүүгдэгч Г.Ё нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлд заасан Эрүү шүүлт тулгах гэмт хэргийг үйлдээгүй болно. Үндэслэл нь:

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлд заасан Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн субьектив талын хамгийн гол шинж бол гэмт этгээдийн зорилго юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлд төрийн албан хаагч нь тайлбар мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх, ял шийтгэх оногдуулах, ялгаварлах зорилгоор хэмээн заасан байдаг. Эндээс харвал гэмт этгээд 4 төрлийн зорилгоор энэхүү гэмт хэргийг үйлдэхээр байна. Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч Г.Ё-ийн мэдүүлэг болон хохирогч М.Э-ын удаа дараагийн мэдүүлэгт дурдагдсанаар “автомашин хаана байгаа вэ, автомашинд чинь үзлэг хиймээр байна” гэх зорилгоор маргаан үүссэн болох нь нотлогдон тогтоогддог. Энэ нь Эрүүдэн шүүх гэмт хэргийн субьектив талын үндсэн шинжийг хангахгүй байна.

2. Автомашинд үзлэг хийх гэдэг нь мөрдөн шалгах ажиллагааны нэгэн төрөл бөгөөд энэ ажиллагаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлд заасан обьектив талын шинж дотор байхгүй. Хууль тогтоогчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагаануудаас ганцхан “тайлбар, мэдүүлэг авах” гэдэг шинжийг л эрүүдэн шүүх гэмт хэрэг дотор оруулсан байдаг. Хэрэв Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлд “мөрдөн шалгах ажиллагаа явуулах зорилгоор” хэмээн бичсэн байсан бол мэдүүлэг авахаас гадна бусад үзлэг, нэгжлэг хийх, хураан авах гэх мэт бүх төрлийн мөрдөн шалгах ажиллагаанууд энэ гэмт хэргийн ойлголтод багтах байлаа. Гэтэл хуульд Эрүүдэн шүүх гэмт хэргийн хүрээ хязгаарыг хумиж, зөвхөн 4 төрлийн зорилгыг хуульчилж, төрийн алба хаагч нь энэхүү 4 төрлийн зорилгоор бусдыг эрүүдэн шүүвэл гэмт хэрэгт тооцогдохоор байна. Эндээс дүгнэвэл мөрдөгч Г.Ё нь иргэн М.Э-ын биеэс гарсан автомашины түлхүүрийг хараад түүний автомашин хаана байгааг асууж, улмаар автомашиндаа үзлэг хийлгүүлээд яв хэмээн шаардсан нь Эрүүдэн шүүх гэмт хэргийн обьектив талын шинжид хамаарахгүй байна.

3. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад, шүүгдэгчийн зүгээс хохирогч М.Э-оос мэдүүлэг өг хэмээн шаардаагүй байдаг. Мөн нотлох баримтаас харахад шүүгдэгч, хохирогч хоёрын хооронд эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэрэг бүртгэлтийн хэргийг хүлээлгэх талаар ямар ч харилцан яриа явагдаагүй байдаг. Хохирогч М.Э-ыг анх саатуулж, цагдаагийн хэлтэс дээр хүргэсэн цагдаа гэрч Б.С-ийн мэдүүлэгт “Уг настай хүний хажууд нь М.Э гэгч нь зогсож байгаад уг настай эгчийн цүнхтэй тал руу нь гар яваад юм авах шиг болсон чинь автобус зогсож тухай настай эгч автобуснаас буухаар нь би М.Э дээр очиж өөрийгөө танилцуулж биед байгаа эд зүйлээ шалгуулаарай гэх үед М.Э шаардлага эсэргүүцэж би юм аваагүй чамд шалгуулах шаардлагагүй гэж хэлэхээр нь хэлтэс дээр авч очиж...” хэмээн мэдүүлсэн. Дээрх мэдүүлгээс харахад, М.Э бусдын эд зүйлийг хулгайлахаар сэжигтэй үйлдэл хийж, улмаар шаардлага эсэргүүцсний төлөө саатуулагдсан болохоос уг настай эмэгтэй нь эд зүйл хулгайд алдлаа хэмээн цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй байна. Мэдүүлэгт дурдагдсан настай эмэгтэй нь цүнхнээс эд зүйл хулгайлсан гэх эрүүгийн хэргийг хүлээлгэх талаар шүүгдэгч Г.Ё нь ямарч ажиллагаа хийгээгүй. Шүүгдэгчийн зүгээс М.Э-ыг автобусанд болсон хэргийг хүлээлгэхээр эрүүдсэн талаар ямарч баримт байдаггүй бөгөөд хохирогч М.Э нь олон удаагийн мэдүүлэгтээ энэ талаар юу ч яриагүй байдаг, бас Г.Ё нь мөрдөгч бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд зааснаар мөрдөгч нь бусдад ял шийтгэл оноодог эрх бүхий субьект биш юм.

4. Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхийг хориглодог. Эрүүгийн хууль түүн дотроо тодорхой төрлийн гэмт хэргийн шинж нь тухайн гэмт этгээдийн гэмт үйлдэлтэй яв цав тохирч байх ёстой. Түүнээс тухайн гэмт үйлдэл Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт тусгагдаагүй байвал заавал аль нэг обьектив талын шинж дотор багтааж, хамаатуулан тайлбарлаж огт болохгүй юм.

Дээрх бүгдээс дүгнэхэд анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж шүүгдэгч Г.Ё-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлд зааснаар гэм буруутайд тооцож, түүнийг хэлмэгдүүлсэн болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар:

1. Шүүгдэгч Б.Ё-ийг прокуророос яллаж буй баримтууд болох шинжээч эмчийн гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлт бол нотлох баримтыг шаардлага хангахгүй юм. Учир нь шинжээч эмч О.Нансалмаад Эрүүгийн хуулийн 21.4 дүгээр зүйлд заасан худал дүгнэлт гаргах хэмээх зүйл ангийг сануулахдаа хуучин хүчингүй болчихсон хуулийг сануулж, дүгнэлт гаргуулсан байдаг. Иймээс энэхүү дүгнэлт нотолгооны чадвараа алдсан хэмээн дүгнэж байна.

2. Хохирогч М.Э-оос гаргаж өгсөн гар утасны ярианы бичлэгүүд бол гэмт хэргийн замаар олж авсан баримтууд бөгөөд үүнийг нотлох баримтаар огт үнэлж болохгүй. Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлд зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд бусдыг мөрдөн мөшгисөн бол гэмт хэрэг хэмээн заасан. Гэтэл хохирогч нь шүүгдэгчид өөрт нь огт хэлэлгүйгээр түүнтэй ярилцах үедээ яриаг нь бичлэг хийн авч байсан үйлдэл бол дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа юм. Ийм нөхцөл байдалд бэхжүүлсэн баримтыг шүүхээс яавч нотлох баримтаар үнэлж болохгүй.

3. Дуу хоолойг шинжилсэн шинжээч Д.Мөнхбаатарын 1110 дугаар дүгнэлт нь Шинжилгээний тухай хуульд заасныг зөрчсөн дүгнэлт юм. Учир нь, Шүүх шинжилгээний тухай хуулийн 17.1, 18.1.7-д тус тус зааснаар шинжээч нь шинжилгээ хийсэн явцыг дүгнэлтэд заавал тусгах ёстой. Гэтэл шинжээч нь зөвхөн хохирогчоос ирүүлсэн шинжилгээний обьект болох гар утас, түүний санах ойны ярианы бичлэгийг шинжилсэн бөгөөд харин Г.Ё-ийн дуу хоолойг харьцуулахдаа Г.Ё-оос дуу хоолойг хаанаас яаж олж авсан талаар дүгнэлтэд дурдсан зүйл огт алга байна. Г.Ё-оос түүний дуу хоолойг харьцуулахаар хэрхэн дээж авсан талаар дүгнэлтэд огт байхгүй байдаг. Өөрөөр хэлбэл, хохирогчоос өгсөн шинжилгээний обьект байхаас гадна мөн шүүгдэгч Г.Ё-ийн дуу хоолойны дээж буюу хоёр обьектыг хооронд нь харьцуулах ёстой атал зөвхөн нэг талын гарган өгсөн баримтыг шинжилсэн байна. Мөн мөрдөгчөөс Г.Ё-ийн дуу хоолойг шинжилгээнд зориулан дээж, хэв хэлбэр авсан тухай ямарч тэмдэглэл байдаггүй. Иймд энэхүү дүгнэлт нь хууль зөрчсөн, нотлох баримтын шаардлага хангахгүй юм. Бас нэгэн үндэслэл бол бусдыг мөрдөн мөшгиж олж авсан гэмт хэргийн шинжтэй баримтыг шинжилж байгаа шинжээчийн дүгнэлт бол хууль бус баримтаас улбаалан үүсэж байгаа баримт буюу дагаад хууль бус нотлох баримт болох юм. Хортой модноос ургасан жимс ч гэсэн мөн адил хортой гэдэг.

4. Хавтаст хэргийн 31 дүгээр талд хохирогч М.Э нь өөрийн биед учирсан гэмтлийг гэмтлийн эмнэлгийн эмчид тэмдэглүүлэхдээ гудамжинд хэмээн бөглүүлсэн байдаг. Гэтэл хохирогч цагдаагийн хэлтэс дотор зодуулсан гэж мэдүүлдэг атлаа эмнэлэгт хэлэхдээ гадаа гудамжинд гэж хэлж байжээ. Энэ бол түүнийг худал ярьж байгааг илтгэх бөгөөд тэрээр шүүгдэгч Г.Ё-той уулзахаасаа өмнө хамар гэмтсэн байсныгаа зориуд Г.Ё гэмтээсэн болгож гүтгэж байх өндөр магадлалтай юм. Түүнд бусдыг гүтгэх хангалттай сэдэл, шалтгаан, зорилго байгаа учир нь, тэрээр Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэс, тэр дундаа мөрдөгч Г.Ё дээр хулгайлах гэмт хэргээр байнга шалгагддаг этгээд юм.

Дээрх үндэслэлүүдээс нэгтгэн дүгнэвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад “шүүх шийдвэр гаргахдаа энэ хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, 16.11, 16.12 дугаар зүйлд заасан нотлох баримтыг ашигласан” хэмээн заасан бөгөөд мөн хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуульд заасан үндэслэл журмыг зөрчин цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэж байгаа эсэхийг харгалзан бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нь, тодорхой мөрдөн шалгах ажиллагаагаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын заримыг нотлох баримтаар тооцохгүй байх тухай прокурорын санал, оролцогчийн хүсэлтийг шүүх хянан хэлэлцэж, дараах шийдвэр гаргана.” гэж заажээ.

Эндээс дүгнэхэд, хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж цуглуулсан баримтыг нотлох баримтаар тооцохгүй бөгөөд ийм баримтыг шүүх нь хэрэг шийдвэрлэхдээ ашигласан тохиолдолд ноцтой зөрчилд тооцогдохоор байна. Шүүгдэгч Г.Ё нь хохирогчийн биед хөнгөн хохирол учруулсан гэх баримтууд нь хууль бус, нотлох баримтын шаардлага хангахгүй юм. Иймээс шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэдгийг дээрх баримтуудаар нотлохгүй. Хохирогчийн зүгээс урд өмнө удаа дараа хулгайн гэмт хэргээр мөрдөгч Г.Ё дээр шалгагдаж байсан тул түүнд өш санаж зориуд санаатайгаар гэмт хэрэгт гүтгэсэн хэмээн дүгнэхээр байна. Миний үйлчлүүлэгч Г.Ё нь хохирогч гэх М.Э-ын биед хөнгөн хохирол санаатай учруулаагүй бөгөөд түүнийг буруутгаж буй баримтууд бүгд нотолгооны чадвараа алдсан байх тул цагаатгаж өгнө үү.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэжээ.

Прокурор М.Сумъяа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлд заасан “Эрүү шүүлт тулгах” гэмт хэргийн диспозиц шинжийг “Төрийн албан хаагч тайлбар, мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх, ял шийтгэл оногдуулах, ялгаварлах зорилгоор өөрөө, эсхүл бусад этгээдийг хатгаж, зөвшөөрөл олгож, эсхүл бусад байдлаар тухайн үйлдлийг хийхийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон” гэж хуульчилснаас гадна Монгол улсын нэгдэн орсон “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц”-д “Эрүүдэн шүүх гэж хэн нэгэн хүн буюу гурав дахь этгээдээс мэдээ сэлт, мэдүүлэг авах, тухайн хүн буюу гурав дахь этгээдийн үйлдсэн буюу сэрдэгдсэн хэрэгт шийтгэх, айлган сүрдүүлэх, шахалт үзүүлэх, аливаа байдлаар алагчлах зорилгоор төрийн албан тушаалтан, албан үүрэг гүйцэтгэж буй бусад хүний өдөөн хатгалт, ил, далд зөвшөөрлөөр тухайн хүн буюу гурав дахь этгээдийн бие махбод, сэтгэл санааг хүчтэй шаналган зовоох аливаа санаатай үйлдлийг хэлнэ” гэж тус тус тодорхойлсон бөгөөд шүүгдэгч Г.Ё нь хэрэг хүлээлгэх зорилгоор хохирогч М.Э-ыг зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүү шүүлт тулгах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Түүнчлэн шүүгдэгч Г.Ё нь дээрх гэмт хэргийг үйлдэх явцад хохирогч М.Э-ын эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон.

Тодруулбал, шүүгдэгч Г.Ё нь Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр тус цагдаагийн хэлтсийн эрүүгийн мөрдөгч нарын өрөөнд хохирогч М.Э-ыг халаасны хулгайн гэмт хэрэгт сэрдэж 09 цагаас 14 цаг хүртэл шалтгаангүйгээр буюу ямар нэгэн холбогдох ажиллагаа явуулахгүй эрхшээлдээ байлгасан. Мөн Г.Ё нь хохирогч М.Э-ын биед үзлэгээр хохирогчийн халааснаас гарч ирсэн автомашины түлхүүрийг хараад “автомашинаа байршлыг зааж өг, автомашинд чинь үзлэг хийнэ” гэж шаардаж, автомашинаа зааж өгөөгүй гэх шалтгааны улмаас хохирогч М.Э-ын биед халдаж цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно гэж заасан ба гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлд заасан “Эрүү шүүлт тулгах” гэмт хэргийн субъект нь зөвхөн төрийн албан хаагч байхыг шаарддаг, хэрэг хянан шийдвэрлэх журам, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр өөрөө, эсхүл бусад этгээдийг хатгах, зөвшөөрөл олгох, эсхүл бусад байдлаар тухайн үйлдлийг хийхийг зөвшөөрч байгаагаа илэрхийлэх аргаар халдсан үйлдэл хийснээр төгсдөг, нийгэмд аюултай, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэж үндсэн шинжийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэж хүндрүүлэн зүйлчлэхээр тус тус тодорхойлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.12 дахь заалтад “Эрүүдэн шүүж” гэж хүндрүүлэн хуульчилжээ.

Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн улмаас хүний амь нас болон эрүүл мэнд хохирсон тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.12 дахь заалтад зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр байна.

Шүүгдэгч Г.Ё-ийн бусдад эрүү шүүлт тулгасан үйлдлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, харин бусдад эрүү шүүлт тулгах явцдаа хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчилж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн зөв хэрэглэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн дэх “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шүдаргаар ял оногдүулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэх зорилт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэх шударга ёсны зарчимд нийцэх юм.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/373 дугаар шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэх үндэслэлээр хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Г.Ё-ийг 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн эрүүгийн мөрдөгч нарын албан өрөөнд хохирогч М.Э-ыг хулгайн гэмт хэрэгт сэрдэж, хэрэг хүлээлгэх зорилгоор “машин чинь хаана байна, машиндаа үзлэг хийлгэчихээд яв” гэж эрүү шүүлт тулгаж биед халдаж цохиж зодон эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт буруутгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Г.Ё-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн, төрийн албан хаагч тайлбар, мэдүүлэг, хэрэг хүлээлгэх зорилгоор Эрүүдэн шүүлт тулгах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ. 

Ийнхүү шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Тодруулбал, анхан шатны шүүх “...Шүүгдэгч Г.Ё нь Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн эрүүгийн мөрдөгч нарын албан өрөөнд иргэн М.Э-ыг хулгайн гэмт хэрэгт сэрдэж, биед нь халдаж буй идэвхтэй үйлдэл хийснээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж хангагдсан байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.12 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу эрүүдэн шүүж үйлдэж үйлдсэн гэж Эрүүгийн хулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давхар хүндрүүлэн зүйлчлэх үндэслэлгүй.” гэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Энэ шийдвэрийг эс зөвшөөрч, “шийтгэх тогтоолыг хүчингүй болгох” тухай прокурорын эсэргүүцэл бичсэний дагуу хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцээд прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 1.2 дахь заалтад “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоно гэж тус тус заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” бол Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө гэж заасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах” гэж давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг тодорхойлсон учраас давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт эрүүгийн хариуцлагыг нэмэх байдлаар өөрчлөн зөвтгөх боломжгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй.

Иймд прокурор М.Сумъяагийн бичсэн 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 19 дүгээр эсэргүүцлийг хүлээн авч, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/373 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул “...шүүгдэгч Г.Ё-ийн өмгөөлөгч О.Анхбаярын “...шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй дурдаж, шүүгдэгч Г.Ё-д урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлэхээр шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/373 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор М.Сумъяагийн бичсэн 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 19 дүгээр эсэргүүцлийг хүлээн авсугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

                                 ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Б.ЗОРИГ

                                            ШҮҮГЧ                                          Ц.ОЧ

                                ШҮҮГЧ                                          Т.ШИНЭБАЯР