Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2021/00072

 

 

 

 

 

“ЦК” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 183/ШШ2020/0 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч “ЦК” ХХК-ийн хариуцагч А.Э-дхолбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 162 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаа, хариуцагчийн өмгөөлөгч М.Шаравнямбуу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Манай компани А.Э-тай 2019.11.11-ний өдөр №ОСГ/1912 тоот  сууц худалдах худалдан авах гэрээ байгуулж, гэрээгээр Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Арцат апартмент тоотод байршилтай, 102 мкв талбай бүхий орон сууцыг 255 000 000 төгрөгөөр худалдсан. Хариуцагч нь гэрээний дагуу 147 000 000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 108 000 000 төлбөрийг төлж барагдуулах талаар удаа дараа шаардсан боловч төлөөгүй. Төлбөрийн үлдэгдэл 108 000 000 төгрөг, алданги 54 000 000 төгрөг, нийт 162 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. 2020.04.14-ний өдөр “ЦК” ХХК-д хариуцагч А.Э-н нөхөр А.А нь үлдэгдэл төлбөрийг 3 хувааж буюу 2020.6.14-ний өдрийн дотор төлөхөөр тохиролцож, энэ тухайгаа бичгээр баталгаажуулж манайд өгсөн гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 2019.11.11-ний өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээг талууд байгуулсан. Уг гэрээ нь хуульд заасан бүх нөхцлийг хангаагүй. Гэрээ нь хэт нэг талыг барьсан. Гэрээний 4, 5, 6, 7 дахь заалтуудад гэрчилгээ гэсэн зүйл дурдагдаад байна. Орон сууц худалдах, худалдан авах гэрээний 4-т үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөх үүрэг нь “ЦК” ХХК-ийн үүрэг гэж заасан байдаг. Мөн уг гэрээний 5-д гэрчилгээг худалдан авагчийн нэр дээр гаргаж өгөөгүй тохиолдолд худалдагч тал буюу “ЦК” ХХК нь хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 алданги төлнө гэж заасан бөгөөд харилцан хариуцлагын асуудал яригдаж байна.

Гэрээгээ цуцлах талаар санал тавина гэдгээ хэлсэн бөгөөд энэ хуулийн дагуу нээлттэй байгаа. Нэхэмжлэгч талд бид шүүхийн шийдвэр гарахаас өмнө татгалзахын аргагүй саналыг тавьж байна. Дэлхий дахинд цар тахал гарч давагдашгүй хүчин зүйл үүссэн нөхцөлд хариуцагч тал төлбөрөө 3 хувааж төлөхөө илэрхийлсэн байдаг. Хариуцагчийн нөхөр А.А нь төлбөр төлөх хугацааг дахин тохиролцсон бөгөөд дээрх гэрээний дагуу 2020.4.14-нд 10 000 000 төгрөг, 2020.6.5-нд 18 000 000 төгрөг, 2020.6.12-нд 4 000 000 төгрөг, 2020.6.25-нд 15 000 000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөр 108 000 000 төгрөг үлдсэн, үүнийгээ л бид 3 хувааж төлье гээд байгаа юм гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Э-с 115 560 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ЦК” ХХК-д олгож, илүү нэхэмжилсэн 46 440 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “ЦК” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 967 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч А.Э-с улсын тэмдэгтийн хураамжинд 735 750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ЦК” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчаас давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагчаас төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлэх боломжгүй байсныг дурдах нь зүйтэй. Сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг л гаргаад өгчихвөл түүнийг банкны барьцаанд бариулж үлдэх төлбөрийг барагдуулах тухай олон удаа илэрхийлсэн боловч нэхэмжлэгч тал нь гэрчилгээ чухам хэний нэр дээр байгааг тодорхой нотолж чадаагүйн дээр үнэхээр нэхэмжлэгчийн өмчлөлийн зүйл гэдэгт эргэлзээтэй байна.

Худалдаж буй зүйл нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, бусдад худалдагдаагүй, битүүмжлэгдээгүй, барьцаалагдаагүй түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжихэд бэлэн байх шаардлага тавигджээ. Гэтэл уг орон сууцны юу нь болох нь тодорхойгүй Т.Б гэх иргэн ийнхүү уг орон сууцны ойр хавийн орон сууцнуудыг гүйцэтгэн барьж байгаа нэрээр нэг орон сууцыг гурван иргэнд худалдан борлуулж бусдыг хохироосон тухай хэрэг оршин суугч дунд хурцаар яригдаж байна.

Үүний улмаас манай гэр бүл ч гэсэн орон оронгүй болох вий гэсэн маш их айдас дунд амьдарч байна. Ийнхүү нөхцөл байдлыг дүгнэж нэхэмжлэгч талд бидний зүгээс 3 удаа албан бичгээр хандаж түүндээ “орон сууцны гэрчилгээг хариуцагч А.Энхтуяа миний нэр дээр гаргаад өгвөл бидний зүгээс даруй банкны зээл гаргуулж төлбөр төлөх боломжтой байна. Та бүхэн өөрийн нэр дээр гаргачих, үнэхээр өөрийн өмчийн орон сууц мөн эсэхээ нотлоодох” гэхэд нэхэмжлэгч тал хариу өгөөгүйн дээр өөрийн худалдаж буй орон сууц нь эрхийн зөрчилгүй хөрөнгө, холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжихэд бэлэн бус өөрөөр хэлбэл бусдад худалдагдаагүй, битүүмжлэгдээгүй, барьцаалагдаагүй гэдгийг нотолж чадаагүй билээ. Алданги болох 7 560 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэг маргааныг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч тал уг орон сууцыг эрхийн доголдолгүй болохыг нотолж орон сууцны гэрчилгээг гаргуулбал хариуцагчийн зүгээс санхүүгийн байгууллагаас зээл авч төлбөрийг бүрэн төлөх боломжтойг дурдаж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

          Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “ЦК” ХХК нь хариуцагч А.Э-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 162 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр №ОСГ/1912 тоот  сууц худалдах худалдан авах гэрээ байгуулж, гэрээгээр Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Арцат апартмент тоотод байршилтай, 102 мкв талбай бүхий орон сууцыг 255 000 000 төгрөгөөр худалдсан, хариуцагч нь гэрээний дагуу 147 000 000 төгрөг төлж үлдэгдэл 108 000 000 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулаагүй үйл баримт тогтоогджээ. /хх 37/

 

Анхан шатны шүүхээс гэрээний үүрэгт 108 000 000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн асуудлаар хариуцагч  хүлээн зөвшөөрсөн , нэхэмжлэлийн шаардлагаас  алдангийн зөрүү гэх 46 440 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон асуудлаар нэхэмжлэгч нар мөн хүлээн зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаагүй.

 

Нэхэмжлэгчийн “Хариуцагч төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн тул гэрээний дагуу анз төлөх ёстой” гэсэн байр суурийн эсрэг хариуцагч “анз гэх 7 560 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргаж, улмаар давж заалдах журмаар гомдол гаргажээ.

 

 

 

Мөн хариуцагч нь “Нэхэмжлэгч гэрчилгээ гаргаж өгөхгүй байна. Зээл аваад сууцны үнийг төлөх гэсэн боловч худалдагч буюу нэхэмжлэгч боломжоор хангасангүй. Өөрийнхөө хөрөнгийг худалдсан эсэх нь тодорхойгүй, мэдэгдэхгүй, айдастай байна” гэж тайлбарлажээ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг  худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх нь худалдагчийн үүрэг юм. Хэдийгээр гэрээнд  үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон агуулга байгаа боловч худалдах-худалдан авах гэрээний талууд харилцан үүрэг хүлээсэн байдаг тул талууд гэрээ хэрэгжих явцад үүссэн асуудлаар харилцан шаардлага гаргах эрхтэй.

 

Сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаад өгчихвөл түүнийг банкны барьцаанд бариулж үлдэх төлбөрийг барагдуулах тухай хариуцагч хүсэл зориг илэрхийлж байсныг нэхэмжлэгч хүлээж аваагүй байна. Худалдагч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2 дах хэсэгт заасан худалдаж байгаа эд хөрөнгөтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэг, үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл  хийх зэрэг үүргээ биелүүлээгүй. Гэрээний агуулгаас үзэхэд уг хөрөнгө гуравдагч этгээдийн өмчлөлд байна.

 

 Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дах хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран түүнд мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор анз авах эрхээ алдах  үр дагавар үүсэх тул анз 7 560 000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж , хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 183/ШШ2020/02724 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 224 дүгээр зүйлийн 224.2.3-т  заасныг тус тус баримтлан хариуцагч А.Э.-аас 108 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ЦК” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 54 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, 2 дах заалтын  “...735 750 төгрөг” гэснийг “...698 950 төгрөг” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 400 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

             

                     ШҮҮГЧИД                                Д.БАЙГАЛМАА

             

            Ш.ОЮУНХАНД