Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 611

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны дөрөвдүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Лувсандоржийн Норжинсүрэн,

Нэхэмжлэгч: Батсайханы Золбаяр, 

Нэхэмжлэгч:   Батсайханы Золзаяа,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 57, Баянзүрх дүүргийн Засаг дарга,

Гуравдагч этгээд:   Дорждагвын Ондон

Гуравдагч этгээд:  Ендонгийн Дулам, 

Гуравдагч этгээд:  Баттулгын Цогзолцэрмаа, 

Гуравдагч этгээд:  Т.Өлзийсайхан, 

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Газар эзэмших эрх шинээр олгох тухай” А/104 дүгээр захирамжийн Ё.Дулам, Б.Цогзолцэрмаа, Д.Одцэцэг, Б.Батхишиг нарт, тус дүүргийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/172 дугаар захирамжийн Т.Өлзийсайханд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулж, нэхэмжлэгч нарт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 26 дугаар гудамж, 668, 668а, 668б, 668в тоот хаяг бүхий газруудыг хуульд заасан хэмжээгээр хуваан эзэмшүүлэх тухай шийдвэр гаргахыг даалгуулах” тухай 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Норжинсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Нэхэмжлэгч бид 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр /өмнөх нэхэмжлэлд өргөдөл өгсөн огноогоо нарийн санахгүй байсан. БЗД, НЗД-ын өргөдлийг хүлээн авсан бүртгэл дээр 2015.08.24 гэсэн байгаа/ Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “Газар эзэмших эрх шинээр олгох тухай” А/104 дүгээр захирамжийн иргэн Ё.Дулам, Б.Цогзолцэрмаа, Д.Одцэцэг, Б.Батхишиг нарт бидний хүсэлт гаргаж байсан газрыг эзэмшүүлсэн болохыг мэдэж, энэ нь хууль бусаар олгогдож бидний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндсөн шийдвэр гаргасан талаар гомдол гаргаж, хүчингүй болгож өгөхийг хүссэн өргөдлийг 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг даргад хандаж гаргасан бөгөөд Баянзүрх дүүргийн Засаг даргад гаргасан өргөдлийн хариуг 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авсан бөгөөд энэ хугацаанаас хойш 30 хоногоо тоолон 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан.

Баянзүрх дүүргийн Засаг даргад гаргасан өргөдлийн хариуг тус дүүргийн Өмч, газрын харилцааны албаны газар зохион байгуулагч Б.Оюунчимэгээс өгсөн бөгөөд Нийслэлийн Засаг даргад гаргасан бидний өргөдөл мөн шат шатандаа цохогдож явсаар Б.Оюунчимэгт хуваарилагдсан байсан тул дүүргийн болон Нийслэлийн Засаг даргад гаргасан өргөдлийн хариу нэг л гарч байна гэж ойлгосон.

Гэтэл Нийслэлийн Засаг даргад хандаж гаргасан бидний өргөдлийн хариу 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр гарсныг би 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр авсан.

Бидэнд өгсөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын архивын хуулбар гэсэн тэмдэг бүхий баримтаар 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр өргөдлийн хариуг өгсөн нь тогтоогдох ба бид нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлэлгүйгээр нэхэмжлэл гаргасан болно.

Миний бие өөрийн гэр бүл, хүүхдүүд болох Б.З нарын хамт 1991 онд Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт амьдран суух зориулалтаар 4 тал хашаа, байшин барьж Жанжины 26 дугаар гудамж, 668 тоот хэмээн хаяглуулан гэр бүлийн хамт амьдран суух болсон. Ингээд 2000 онд хорооны Засаг даргад 2005, 2006 онуудад тус дүүргийн газрын албанд хандаж өөрийн байшин, хашаа барьж эзэмшиж, ашиглаж байсан газраа Газрын тухай хуульд заасны дагуу өөрийн нэр дээр болон хүүхдүүдийнхээ нэр дээр хуульд заасан хэмжээгээр эзэмших талаар хүсэлт гаргасан боловч эхний удаад удахгүй газар өмчлүүлж, эзэмшүүлнэ та түр хүлээж бай гэх үндэслэлээр, 2 дахь удаад төмөр замын хамгаалалтын бүсэд гэдэг үндэслэлээр татгалзсан хариуг тус тус өгсөн.

Ийм хариу өгөхөөр нь бид Төмөр замын хамгаалалтын бүсээс тухайн газрыг чөлөөлөх хүртэл эзэмших боломжгүй юм байна гэж ойлгосон. Тэгээд 2015 онд манай тэр хавийн газрыг иргэдэд газар олголт хийгдэж байгааг сонсоод газар эзэмших тухай хүсэлтээ гаргахаар материалаа бүрдүүлэх явцад манай газар өөр хүмүүст олгогдсон болохыг олж мэдсэн бөгөөд бидний амьдарч арчлан хамгаалж байсан газрыг танил хүндээ тус болж, амьдрах газаргүй гэж зовлонтой байх үед нь манай барьсан байшинд бидний газрыг хараад амьдрах газартай болтлоо байж бай гэсэн сайхан сэтгэлийг минь хөсөрдүүлж өөрсдөө тэр байшин, хашааг барьсан мэтээр ярьж зовлонтой байх үедээ гуйж тохиролцсон байдлаасаа өөр зүйл ярьж өөрсдийн нэр дээрээ газар эзэмших эрх авсан байна.

Миний нөхөр лам Батсайханы шавь н.Бадам, түүний эхнэр Ё.Дулам нарыг 2010 оны 7 дугаар сард Баянхонгор аймгаас нүүж ирэхэд нь хашаа байшиндаа амьдруулж ирсэн тэр хүмүүсийн үгэнд орж бидний хөрөнгө хүч хөдөлмөрөө гарган байж барьсан байшин, хашааг өөр иргэдийн эзэмшилд олгохоор шийдвэрлэсэн нь хариуцагчийн хуульд нийцээгүй буруутай үйлдэл бөгөөд бидний хуулиар хамгаалсан эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн шийдвэрийг гаргасан байна. 

Хэрэв хариуцагч түүний харьяа алба хэлтэс дээрх шийдвэрийг гаргахдаа эдгээр байдлуудыг тодруулж, бидэнд энэ тухай мэдэгдэж бидний эрх ашгийг хамгаалах талаар арга хэмжээ авсан бол энэ асуудлыг ингэж хүндэрүүлэхгүй байх байсан.

Бид энэ хууль бус асуудлыг шийдвэрлүүлэхээр хариуцагчид иргэн тус бүрээр өргөдөл гаргаж хандсан боловч Л.Норжинсүрэн миний өргөдлийн хариуд өмнө нь буюу 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн захирамжаар иргэн Б.Батхишигт олгосон 387 м.кв газрын хэмжээг дурдсан, хаяг дээрээ иргэн Б.Цогзолцэрмаад эзэмшүүлсэн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 26 дугаар гудамж, 668а тоот хаягаар газар эзэмшүүлэх шийдвэр гаргаж, иргэн Б.Золзаяа, Б.Золбаяр нарын өргөдлийн хариуд тус дүүргийн 12 дугаар хороонд амьдардаггүй, өрхийн дэвтэрт бүртгэл байхгүй, манай албанд хэзээ хандаж ямар хариу авч байсан нь тодорхой биш гэх үндэслэлээр хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэх хариуг өгч байгаа нь хариуцагч дээрх иргэдэд газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа ямар нэг судалгаа, эзэмших эрхтэй эсэх, тухайн хашаа, байшин зэргийг барьсан эсэх зэргийг нарийн тогтоолгүйгээр гаргасан болох нь нотлогдож байгаа ба өөрийн буруутай үйлдэлээ Л.Норжинсүрэнд газар эзэмшүүлсэнээрээ залруулж байгаа үйлдэл нь хууль бус гэж үзэхээр байна.

Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “Газар эзэмших эрх шинээр олгох тухай” А/104 дүгээр захирамжийн иргэн Ё.Дулам, Б.Цогзолцэрмаа, Д.Одцэцэг, Б.Батхишиг нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, нэхэмжлэгч нарт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 26 дугаар гудамж, 668, 668а, 668б, 668в тоот хаяг бүхий газруудыг хуульд заасан хэмжээгээр хуваан эзэмшүүлэх тухай шийдвэр гаргахыг хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даалгаж өгнө үү.

Мөн маргаан бүхий Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “Газар эзэмших эрх шинээр олгох тухай” А/104 дүгээр захирамжийн Ё.Дулам, Б.Цогзолцэрмаа, Д.Одцэцэг, Б.Батхишиг нарт холбогдох хэсгийн биелэлтийг шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлж өгнө үү” гэжээ.

Хариуцагч  Баянзүрх дүүргийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Тус дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 26-668 тоотод иргэний ахуйн зориулалтаар 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатай 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдөр гаргасан Ёндонгийн Дулам, Жанжины 26-668а тоотод иргэний ахуйн зориулалтаар 500 м.кв газрыг 15 жилийн хугацаатай 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр гаргасан Баттулгын Цогзолцэрмаа, Жанжины 26-668б тоотод иргэний ахуйн зориулалтаар 500 м.кв газрыг 15 жилийн хугацаатай 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр гаргасан Дорждагвын Одцэцэг, Жанжины 26-668в тоотод иргэний ахуйн зориулалтаар 387 м.кв газрыг 15 жилийн хугацаатай 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр гаргасан Баттулгын Батхишигийн хүсэлтээр дүүргийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/104 дүгээр захирамжаар тус тус олгосон байна.

Гэтэл иргэн Л.Норжинсүрэн нь дүүргийн газрын албанд 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 1996 оноос хойш амьдарч байсан газарт бусдад газар эзэмшүүлсэн байх тул 2015 оны А/104 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, гэрчилгээг түүний нэр дээр гаргуулах тухай өргөдөл гаргасан байна. Уг өргөдлийн дагуу судлаад дүүргийн 12 дугаар хороо Жанжины 26-668а тоотод гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 387 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхийг Лувсандоржийн Норжинсүрэнд 2015 оны 9 сарын дүгээр 25-ны өдрийн А/438 дугаар захирамжаар олгосон байна.

2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/442 дугаар “Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжаар иргэн Баттулгын Батхишигт олгосон 12 дугаар хороо Жанжины 26-668а тоотод гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 387 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхийг хүчингүй болгосон байна. Эндээс үзэхэд нэхэмжлэгч Л.Норжинсүрэнгийн хууль ёсны эрх  зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэл гаргах эрхгүй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Б.Золбаяр, БЗолзаяа нарын хувьд мөн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Учир нь иргэн Газрын тухай хуульд заасны дагуу хүсэлтээ гаргасан тул тус хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасны дагуу дүүргийн Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Гуравдагч этгээд Ё.Дулам 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Жанжины 26 дугаар гудамжны 668 тоотод амьдардаг Ё.Дулам би өөрийн гэр бүл, хоёр хүүхдийн хамт 2009 оноос хойш хашаа бариагүй, эзгүй энэ газарт амьдрах хугацаандаа хашаа блокоор барьж, хороондоо хаягтаа 7 жил амьдарч байна. 

Хашааны газар эзэмших Монгол Улсын иргэнийхээ хувиар өөрийн Засаг захиргаандаа удаа дараа өргөдөл өгсөний буянд 2015 оны 3 сард өөрийн эзэмших газартай болсон билээ.

Намайг анх энд ирсэнээс хойш нэг ч хүн энд миний газар гэж ирж байгаагүй, гэтэл газар төлөвлөлтөнд орохоор н.Батсайхан гэдэг хүний салсан хуучин авгай нь гэсэн хүн ирж загнаж байсан, урьд нь би үзээ ч үгүй хүн байсан. Манай эндхийн хүн биш байсан. Бид Монгол Улсын иргэнийхээ хувьд газраа авсан, би энэ хүний амьдарч байсан газарт нь халдаагүй. Хэрэв энэ газар дээрээ хаягтай амьдарч байсан бас бол би маргахгүй, амьдарч байгаагүй атлаа гэнэт гарч ирдэг нь шунасан сэтгэлээр өргөдөл өгч нэхэмжилсэн байна гэж үзэж байна” гэжээ. 

Гуравдагч этгээд Д.Одцэцэг 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа “...Тус шүүхэд хандан иргэн Л.Норжинсүрэн, Б.Золбаяр, Б.Золзаяа нар нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “Газар эзэмших эрх шинээр олгох тухай” А/104 дүгээр захирамжийн иргэн Ё.Дулам, Б.Цогзолцэрмаа, Д.Одцэцэг нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 26 дугаар гудамж, 668, 668а, 668б, 668в тоот хаяг бүхий газруудыг хуульд заасан хэмжээгээр хуваан эзэмшүүлэх тухай шийдвэр гаргахыг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлага нь дараах үндэслэлээр хууль зүйн үндэслэлгүй байна. Нэгдүгээрт: Д.Одцэцэг миний бие 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр холбогдох материалыг бүрдүүлэн Баянзүрх дүүргийн Өмч, Газрын харилцааны албанд хандан газар эзэмшүүлэх хүсэлтийг гаргасан. Улмаар хүсэлтийн дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын А/104 дүгээр захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар газар эзэмших эрх олгон шийдвэрлэсэн билээ. Өөрөөр хэлбэл Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 26 дугаар гудамж, 26-668 тоот газар эзэмших эрхийг хуулийн дагуу олж авсан болно.

Хоёрдугаарт: Нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол маргаан бүхий захиргааны актын улмаас хөндөгдсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Энэ талаар нэхэмжлэгч тус бүрээр авч үзвэл.

Нэхэмжлэгч Л.Норжинсүрэнгийн тухайд: Нэхэмжлэгч Л.Норжинсүрэн нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 26-668в тоотод Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар газар эзэмших эрх олгон шийдвэрлэжээ. Үүнээс үзвэл иргэн Л.Норжинсүрэн нь Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших эрхийг олж авсан байна. Түүний газар эзэмших эрх нь Баянзүрх дүүргийн Засаг даргын А/104 дүгээр захирамжаар Д.Одцэцэгт газар эзэмших эрх олгосноор хөндөгдсөн гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй байна. 

Түүнчлэн нэхэмжлэгч Л.Норжинсүрэн нь нэхэмжлэлдээ 1991 оноос хойш уг газарт амьдарч байсан, 2010 оноос хашаа, байшиндаа Ё.Дулам нарын хүмүүсийг амьдруулж байсан нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасан “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэсний дагуу тухайн газрыг эзэмших хууль ёсны ашиг сонирхол хөндөгдлөө гэж үзэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Л.Норжинсүрэн нь тухайн газрыг эзэмшиж ашиглаж байсан эсэх нь тодорхойгүй, өмнө нь амьдарч байсан гэлээ ч Газрын тухай хуульд зааснаар 700 м.кв хүртэлх газрыг үнэ төлбөргүй эзэмших хүсэлт гаргах боломжтой буюу маргаан бүхий газрыг бүхэлд нь эзэмших хууль зүйн үндэслэл байхгүй юм. 

Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “Газар эзэмших эрх шинээр олгох тухай” А/104 дүгээр захирамжийн иргэн Ё.Дулам, Б.Цогзолцэрмаа, Д.Одцэцэг нарт газар эзэмших эрх олгосноор нэхэмжлэгч Л.Норжинсүрэнгийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байх тул энэ талаар нэхэмжлэл гаргах хууль зүйн үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч Б.Золбаяр, Б.Золзаяа нарын хувьд: Нэхэмжлэгч Б.Золбаяр, Б.Золзаяа нар нь нэхэмжлэлдээ тухайн газарт 1996 оноос хойш амьдарч байгаа, 2005, 2006 онд дүүргийн газрын албанд хандан газар эзэмших хүсэлт гаргаж байсан боловч Төмөр замын хамгаалалтын бүс гэдэг үндэслэлээр татгалзсан хариу өгч байсан гэжээ. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, мөн хуулийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь ... дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэнд ... эзэмшүүлж болохоор заагдсан байна” гэж тус тус заасан. 

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч Б.Золбаяр, Б.Золзаяа нарын 2005 онд гаргасан хүсэлт нь Газрын тухай хуулийн дээрх шаардлагыг хангаагүй, хүсэлтийг  хүлээн авч шийдвэрлэх  хууль зүйн үндэслэл байхгүй байсан байжээ. Улмаар хүсэлт гаргасаар байхад газар эзэмших эрхийг өөр хүнд олгосон гэж нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Мөн нэхэмжлэгч Б.Золбаяр, Б.Золзаяа нар нь маргаан бүхий газрыг эзэмшиж, ашиглаж байсан талаар холбогдох баримт байдаггүй, энэ нь 2015 онд тэдний гаргасан хүсэлтийг нь тухайн шалтгаанаар буюу тус хороонд оршин суудаггүй, өрхийн бүртгэлийн дэвтэрт бүртгэл байхгүй зэрэг үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан байна. 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нар өмнө нь уг газрыг эзэмшиж, ашиглаж байсан гэж үзэх боломжгүй байна. Иймд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар тэдний хууль ёсны ашиг сонирхол түрүүлж бүрдсэн байсан гэж үзэх боломжгүй юм. Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “Газар эзэмших эрх шинээр олгох тухай” А/104 дүгээр захирамжаар иргэн Д.Одцэцэгт газар эзэмших эрх олгон шийдвэрлэснээр нэхэмжлэгч Л.Норжинсүрэн, Б.Золбаяр, Б.Золзаяа нарын газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөгдөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Б.Цогзолцэрмаа 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа: “...Баттулгын Цогзолцэрмаа би 2009 оноос хойш Улаанбаатар хотод суурин амьдардаг болсноос хойш Монгол Улсын иргэний хувьд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших тухай хүсэлт, өргөдлийг удаа дараа Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд гаргаж байсны дагуу 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн А/104 дүгээр шийдвэрийг үндэслэн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны жанжины 26 гудамж 668а тоот 500 м.кв газрыг иргэний ахуйн зориулалтаар өгсөн болно. Уг газрын эзэмших эрхийг миний бие Ихцэнгэл гэдэг хүнд шилжүүлэн өгсөн тул эзэмших эрх нь надад байхгүй болно” гэжээ. 

Гуравдагч этгээд Б.Батхишиг 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа: “Баттулга овогтой Батхишиг миний бие Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд Жанжины гудамжинд хашааны газартай болохоор газар эзэмших хүсэлт гаргасан. Мэдээллийн санд зураггүй, газар эзэмшигч нь тодорхой бус байсан тул 300 м.кв газрыг эзэмшүүлэн, гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон боловч газар дээрээ хашаагүй, дээрх газарт оршин сууж байгаагүй гэх шалтгаанаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. 

Цахим газар өмчлөлөөр бүртгүүлж, газар эзэмших эрх чинь нээлттэй байгаа гэсэн хариу өгсөн. Дээрх газар эзэмших эрхийг цуцалсанд ямар нэгэн гомдол санал байхгүй болно. Мөн шүүх хуралдааны ямар нэгэн шатанд оролцох боломжгүй тул хүсэлтийг хүлээн авна уу” гэжээ. 

Нэхэмжлэгч Л.Норжинсүрэн, Б.Золбаяр, Б.Золзаяа нар нэхэмжлэлийн шааардлагаа нэмэгдүүлэхдээ: “...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны А/172 дугаар захирамжийн Т.Өлзийсайханд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Номин-Эрдэнэ нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотой тайлбартаа: “...Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа иргэн Л.Норжинсүрэн нарын нэхэмжлэлтэй хэрэгт дүүргийн Засаг даргын 2015 оны А/172 дугаар захирамжийн Т.Өлзийсайханд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад дараах тайлбарыг гаргаж байна. 

Иргэн Б.Цогзолцэрмаад дүүргийн Засаг даргын 2015 оны А/104 дүгээр захирамжаар 12 дугаар хороо, Жанжины 26-668а тоот 500 м.кв газрыг эзэмших эрх олгосон байдаг. Иргэн Б.Цогзолцэрмаа нь хүсэлт гаргасны дагуу дүүргийн Засаг даргын 2015 оны А/172 дугаар захирамжаар тус газрыг Т.Өлзийсайханд шилжүүлсэн байна. Ийнхүү шилжүүлсэн нь Газрын тухай хууль тогтоомж зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Гуравдагч этгээд Т.Өлзийсайхан шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 20 дугаар гудамж 523 тоотод амьдарч байсан. Уул оршин сууж байсан газар 2013 онд газар төлөвлөлтөнд орж газраа чөлөөлж өгөх болсон. Ингээд өөрийн хамаатан Б.Цогзолцэрмаагийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 26 дугаар гудамж 668А тоот хашаанд ирж буусан. Улмаар Б.Цогзолцэрмаагаас уул газрыг авахаар болж дүүргийн газрын албанд хандаж, Үндсэн хуульд заасан эрхийн дагуу, зохих хууль журмаар нь шилжүүлэн авсан юм. 

Уг газрыг анх авахад орчин тойрны айлуудын хогийн цэг болчихсон, өвс шарилж ихээр ургасан хүн амьдрах боломжгүй газар байсан. Ингээд газрыг ковшоор түрүүлж, хогийн том машинаар 5 удаа, портероор 1 удаа ачуулсан ба ковш болон ачааны машины зардалд 1 сая 200 мянган төгрөг өгч байсан. Бичиг баримттай ийм л газрыг Б.Цогзолцэрмаагаас авсан. Нэхэмжлэгч Л.Норжинсүрэн гэх хүнийг би байтугай энэ хавийн айлууд ч мэдэхгүй, тус хороонд амьдарч байгаагүй. 2000 оноос хойш 16 жилийн хугацаанд өмчөө эзэмшээгүй, хаана юу хийж явсан нь сонин байна. Орон сууц баригдах сураг сонсоод Л.Норжинсүрэнгийн шунал нь хөдөлж уг газрыг авах гэж байгаа нь ойлгомжтой байна. Газраа ашиглаагүй 5-6 жил хаясан тохиолдолд газрын тухай хуульд уул газрыг улсын орлого болгох буюу дуудлагаар худалдах, дараагийн хүнд нь эзэмшүүлэх журамтай байдаг. Уг газрыг би зохих журам, хуулийн дагуу авсан гэдгээ дахин хэлье. Шүүх хуралдаанд оролцохгүйгээр асуудлыг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Норжинсүрэн, Б.Золбаяр, Б.Золзаяа нар нь шүүхэд: 

- Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “Газар эзэмших эрх шинээр олгох тухай” А/104 дүгээр захирамжийн иргэн Ё.Дулам, Б.Цогзолцэрмаа, Д.Одцэцэг, Б.Батхишиг нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,  

- Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн  А/172 дугаар захирамжийн Т.Өлзийсайханд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 

- Нэхэмжлэгч нарт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжины 26 дугаар гудамж, 668, 668а, 668б, 668в тоот хаяг бүхий газруудыг хуульд заасан хэмжээгээр хуваан эзэмшүүлэх тухай шийдвэр гаргахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргажээ. 

1. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/442 дугаар “Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжаар иргэн Баттулгын Батхишигт олгосон тус дүүргийн 12 дугаар хороо Жанжины 26-668а тоотод гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 387 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхийг хүчингүй болгож, Лувсандоржийн Норжинсүрэнд 1996 оноос хойш амьдарч байсан, газар хүссэн өргөдлийг удаа дараа гаргаж байсан гэж үзээд 2015 оны 9 сарын дүгээр 25-ны өдрийн А/438 дугаар захирамжаар уг газрыг эзэмшүүлсэн байна. 

Иймд нэхэмжлэгч Л.Норжинсүрэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-д заасан эрхийн хүрээнд “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “Газар эзэмших эрх шинээр олгох тухай” А/104 дүгээр захирамжийн иргэн Б.Батхишигт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсаныг батлах нь зүйтэй байна.  

2. Гуравдагч этгээд Ё.Дулам нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжины 26 дугаар гудамжны 668 тоотод нэхэмжлэгчийн тайлбараар орон нутгаас шилжин ирээд хашаа байшингүй байсан учир хашаагаа харуулах зорилгоор хашаандаа буулгасан гэх боловч тухайн газарт 2010 оноос хойш амьдарч байгаа нь хорооны засаг даргын тодорхойлолт, хүн амын өрхийн бүртгэл зэргээр нотлогдож, цаашид тогтвор суурьшилтай амьдрах үүднээс 2012 онд өөрсдийн амьдарч байгаа байшинг томсгон тохижуулсан, хашааны хойд хэсгийн төмөр сараалжин хашааг буулган блокоор барьсныг нэхэмжлэгч Л.Норжинсүрэн үгүйсгээгүй байна. 

Баянзүрх дүүргийн өмч, газрын харилцааны албанд өөрийн амьдарч байгаа газрыг эзэмших зорилгоор хандаж байсан боловч зөвшөөрөл өгөх боломжгүй гэдэг хариуг авч байжээ. 

Нэхэмжлэгч Л.Норжинсүрэн болон түүний нөхөр Батсайхан нар хашаагаа харуулж байсан гэх боловч ямар нэгэн хөлс өгсөн эсэхийг нотлоогүй бөгөөд гуравдагч этгээд Ё.Дуламын “Батсайхан багш тухайн үед манай хашааны газрын зөвшөөрөл гараагүй байгаа намайг өөрт ногдох хэсгийг хөөцөлдөөд өөрийн болгоод ав гэх зөвшөөрлийг өгч байсан” гэх тайлбарыг үгүйсгэх боломжгүй байна. 

Ийнхүү Ё.Дулам нь Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд газар хүссэн өргөдөл, кадастрын зураг, холбогдох баримт бичгийг бүрдүүлэн өгч, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “Газар эзэмших эрх шинээр олгох тухай” А/104 дүгээр захирамжаар түүнд тус дүүргийн 12 дугаар хороо Жанжины 26 дугаар гудамжны 688 тоотод 700м.кв талбай бүхий газрыг иргэний ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д “гэр бүлийн хамтын хэрэгцээний”, 29 дүгээр зүйлийн 29.1-д “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны  хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ О,О7 га-гаас илүүгүй байна”, 31 дүгээр зүйлд “газар эзэмших өргөдөл гаргагч нь Монгол Улсын иргэн байна, уг газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцалгүй байна”, 32 дугаар зүйлийн 32.2-д заасан шаардлагуудыг хангажээ. 

Иймд нэхэмжлэгч Л.Норжинсүрэн, Б.Золзаяа, Б.Золбаяр нарын “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “Газар эзэмших эрх шинээр олгох тухай” А/104 дүгээр захирамжийн Ё.Дуламд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

3. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/104 дүгээр захирамжаар тус дүүргийн 12 дугаар хороо Жанжины 26 дугаар гудамжны 668б тоот хаягт орших 500 м.кв газрыг иргэн Д.Одцэцэгт, мөн 668а тоот хаягт орших 500 м.кв газрыг иргэн Б.Цогзолцэрмаад тус тус олгосон нь Газрын тухай хуульд заасан тухайн газартаа олон жил тогтвор суурьшилтай амьдарсан байх, эзэмшиж, ашиглаж байсан байх, хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх, Кадастрын тухай хуульд заасан нэгж талбарын хил хязгаарыг тодорхойлсон эргэлтийн цэгийг тэмдэглээгүй, кадастрын зургийг албан ёсоор хийлгээгүй, өөрийн эзэмшлийн хашааг бариагүй зэрэг нь холбогдох хуульд заасан шаардлагуудыг хангаагүй байхад тэдэнд газар эзэмшүүлэх захирамж гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. 

Өөрөөр хэлбэл дүүргийн газрын алба газар хүсэх өргөдөлд хавсаргаж өгсөн баримт бичгийг үнэн зөв эсэхийг хянаагүйгээс тус дүүргийн 20 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, дээрх иргэдийн оршин суугаа хаягийн тодорхойлолт зөрүүтэй, иргэн Ё.Дуламын барьсан хашааны дотор талд газрыг эзэмшүүлсэн нь гэрч, гуравдагч этгээдүүдийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул тухайн газар амьдарч байгаагүй этгээдийг олон жил амьдарч байсан гэх үндэслэлээр, хууль бусаар газар ашиглаж байгаа этгээдийг тухайн газраас чөлөөлөх арга хэмжээ авалгүйгээр давхцуулан иргэн Д.Одцэцэг, Б.Цогзолцэрмаа нарт газар эзэмшүүлэх зөвшөөрөл олгосон нь хууль бус үйлдэл болжээ. 

Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/104 дүгээр захирамжаар иргэн Д.Одцэцэг, Б.Цогзолцэрмаа нарт газар эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

4. Иргэн Т.Өлзийсайхан нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 26 дугаар гудамж 668А тоот хаягт орших 500м.кв газрыг иргэн Б.Цогзолцэрмаагаас Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны А/172 дугаар захирамжаар шилжүүлэн авсан нь Газрын тухай хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан, хууль ёсны үйлдэл хэмээн гуравдагч этгээд Т.Өлзийсайхан тайлбарлаж байгаа ч уг захирамжийн үндэслэл болсон захирамжийг шүүхээс хүчингүй болгосон тохиолдолд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3.2-т “шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр байх” шаардлага хангагдахгүй тул уг захирамжийн “Т.Өлзийсайханд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна. 

5. Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 26 дугаар гудамжны 668 тоот Ё.Дуламд эзэмшүүлсэн 700м.кв, Т.Өлзийсайханд эзэмшүүлсэн 500м.кв, Д.Одцэцэгт эзэмшүүлсэн 500 м.кв, нийт 1700м.кв талбай бүхий газрыг нэхэмжлэгч Л.Норжинсүрэн, Б.Золбаяр, Б.Золзаяа нарт хуульд заасан хэмжээгээр хуваан эзэмшүүлэх тухай шийдвэр гаргахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Учир нь нэхэмжлэгч Б.Золбаярын иргэний үнэмлэхийн оршин суух хаяг тухайн хаягт бүртгэлтэй боловч өөр тийшээ нүүсэн, Л.Норжинсүрэн, Б.Золбаяр, Б.Золзаяа нар 2003 оноос хойш тухайн газар амьдарч, уг газрыг эзэмшиж, ашиглаж байгаагүй нь гуравдагч этгээд, гэрч нарын тайлбараар нотлогдож байгаа, мөн газар хүсэх өргөдлийг удаа дараа өгч байсан гэх боловч албан ёсоор Баянзүрх дүүргийн Өмч газрын харилцааны бичиг хэргийн бүртгэлд бүртгэгдээгүй, тухайн үедээ татгалзсан хариу авч байсан байна. 

Харин Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-д “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах эрхтэй” 23 дугаар зүйлийн 23.4.2-д “Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж  ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох”-оор газрын албаны эрхийг тус тус ялгамжтай тодорхойлсоны  дагуу Дүүргийн засаг дарга бүрэн эрхийн хүрээнд бусдын эзэмшил, ашиглалтын газартай давцхаагүй тохиолдолд бусад этгээдийн газар хүсэх өргөдөл нь хуульд заасан шаардлагыг хангасан эсэхийг харгалзан үзэж асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна. Үүнд шүүхээс нэхэмжлэгч нарт заавал тухайн газрыг нарт эзэмшүүлэх ёстой гэж даалгах нь хуульд нийцэхгүй болно. 

Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон тайлбаруудад хэргийн оролцогч нарын маргалдаж буй газрын хаягийг Жанжины 26 буюу 27 дугаар гудамж гэж зөрүүтэй тодорхойлсон нь хаягжилтийг шинэчлэн хийснээс үүдэлтэй ба уг газрын одоогийн албан ёсны хаяг нь тус дүүргийн 12 дугаар хороо Жанжины 26 дугаар гудамж мөн болохыг талууд хүлээн зөвшөөрч байгаа болохыг дурьдах нь зүйтэй байна. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

 

1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.2.2, 32.5, Кадастрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.12-д тус тус заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/104 дүгээр захирамжийн иргэн Д.Одцэцэг, Б.Цогзолцэрмаа нарт, 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/172 дугаар захирамжийн Т.Өлзийсайханд холбогдох хэсгүүдийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай. 

2. Газрын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 31 дүгээр зүйл, 32 дугаар зүйлийн 32.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Норжинсүрэн, Б.Золзаяа, Б.Золбаяр нарын “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “Газар эзэмших эрх шинээр олгох тухай” А/104 дүгээр захирамжийн Ё.Дуламд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Норжинсүрэн “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “Газар эзэмших эрх шинээр олгох тухай” А/104 дүгээр захирамжийн иргэн Б.Батхишигт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсаныг баталсугай. 

4. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 23 дугаар зүйлийн 23.4.2-д тус тус заасныг баримтлан Л.Норжинсүрэн, Б.Золбаяр, Б.Золзаяа нарт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжины 27 дугаар гудамж, 668, 668а, 668б тоот хаяг бүхий газруудыг хуульд заасан хэмжээгээр хуваан эзэмшүүлэх тухай шийдвэр гаргахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

6. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

                 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.ОЮУМАА