Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2017/0761

 

2017 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2017/0761

Улаанбаатар хот

 

 

Д.Д-ны нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

                                

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ү нарыг оролцуулан хийж, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 115/ШШ2017/0018 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.Д-ны нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 115/ШШ2017/0018 дугаар шийдвэрээр: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, 26.9 дүгээр зүйлд заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорноговь аймгийн Засаг даргын “Ажлаас халах тухай” 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/43 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Д-ыг түүний өмнө эрхэлж байсан ажил, тушаал болох Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Д-ны хууль бусаар ажилгүй байсан 10 сар 4 хоногийн хугацаанд түүний урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор нийт 12673686 төгрөг /арван хоёр сая зургаан зуун далан гурван мянга зургаан зуун наян зургаа/-ийг гаргуулж, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “Дорноговь  аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 115/ШШ2017/0018 дугаар шийдвэрийг хариуцагч тал 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гардан аваад уг шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх уг хэргийг тал бүрээс бодитой дүгнэж үзээгүй Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйл 26.1.3 дахь заалтаар сахилгын шийтгэл ногдуулсан. Захиргааны хэргийн анхан шатны шүүх нотлох баримтыг өөрөө цуглуулах үүргийг хангалтгүй биелүүлсэн гомдолтой байна. Д.Д-ыг сумын Засаг даргын Б/43 тоот захирамжаар ажлаас халсан шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн дээр тухайн ажлын байрыг Төрийн албаны тухай хуулийн шаардлагыг зөрчсөн байна. Энэ дагуу Төрийн албаны салбар зөвлөлөөс тухайн ажлын байр нийтэд зарлагдаж тухайн ажлын байранд тэнцсэн тухай 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 88 тоот захирамжаар Б.Б-ыг томилсон. Эдгээр шийдвэр нь Монгол Улсын Төрийн албаны тухай хууль үндэслэл бүхий шийдвэр болохыг нотолж захиргааны хэргийн анхан шатны шүүхэд баримтыг гаргаж өгсөн. Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн бодитой үнэлж дүгнээгүй хуулийн үндэслэл шаардлагыг хангаж чадахгүй байгаа тул Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 115/ШШ2017/0018 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч Д.Д анх “Дорноговь аймгийн Замын-үүд сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/43 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Дорноговь аймгийн Замын-үүд сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Ажлаас халах тухай”  Б/43 дугаар хууль бус актыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх” гэж өөрчилжээ. Анхан шатны шүүх уг шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Хариуцагч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч “...анхан шатны шүүх нотлох баримтыг өөрөө цуглуулах үүргийг хангалтгүй биелүүлсэн, нотлох баримтыг бүрэн бодитой үнэлж дүгнээгүй, хуулийн үндэслэл шаардлагыг хангаж чадаагүй” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгчийг ажлаас халахдаа Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг хэрхэн зөрчсөн болон зөрчил тус бүрийн зөрчлийн шинж байдал, аль зөрчлийг анх гаргасан эсхүл давтан гаргасан эсэхийг шалгаж тогтоогоогүй байна.

Маргаан бүхий захиргааны акт болох Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын  2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/43 дугаар тушаалаар нэхэмжлэгч Д.Д-ыг “Ажил, албан үүрэгтээ хариуцлагагүй хандаж тамга, тэмдгийн эзэмшил хадгалалтын журмыг зөрчсөн, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулан ажилтан, албан хаагчдын хөдөлмөрийн сахилга батыг сулруулж, энэхүү нөхцөл байдлыг зориудаар хөхүүлэн дэмжсэн, төсөв санхүүгийн эрх мэдлийг хэтрүүлэн төсвийг үр дүнгүй удирдан зохион байгуулсан, төрийн албан хаагчийг холбогдох хууль журмыг зөрчин томилсон” гэсэн үндэслэлээр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажлаас төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халсан байна. Ингэхдээ ямар нэгэн шалгах, мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулаагүй болох нь Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Даваа гаригийн хурлын тэмдэглэл[1]-ээр тогтоогдож байна.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”, 26.1.3-д “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах”, 26.9-д “Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журмыг Засгийн газар тогтооно” гэж тус тус заасан.

Өөрөөр хэлбэл, сахилгын шийтгэл ногдуулахдаа хүлээлгэх хариуцлага нь түүний гаргасан зөрчлийн шинж байдал, гэм бурууд тохирсон байх, түүнчлэн гаргасан зөрчил нь тогтоогдсон байхыг хуульчилжээ.

Хариуцагч зөрчилд хамаарах баримт материалыг хангалттай цуглуулж, шалтгаан нөхцөлийг тодруулалгүй нэхэмжлэгчид сахилгын шийтгэлийн хамгийн хүнд хэлбэр болох төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халсан нь Төрийн албаны тухай хуулийн дээрх заалтуудад нийцээгүй байх бөгөөд  энэ талаар анхан шатны шүүх “Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам” болон Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн талаар үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх хариуцагчаас сүүлд ирүүлсэн нотлох баримтуудын талаар болон сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Иймд хариуцагчийн гомдолд дурдсан “нотлох баримтыг өөрөө цуглуулах үүргийг хангалтгүй биелүүлсэн, нотлох баримтыг бүрэн бодитой үнэлж дүгнээгүй, хуулийн үндэслэл шаардлагыг хангаж чадаагүй” гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох боломжгүй.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...нэхэмжлэл гаргасан этгээд өөрөө эрх бүхий этгээд биш. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.3 дахь заалтад заасан нэхэмжлэлийн шаардлага хангагдахгүй байна. Мөн хуулийн 54 дүгээр 54.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан. Итгэмжлэл өөрөө Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсэг зааснаар олгогдсон” гэсэн бөгөөд Д.Д-аас 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Ж.Ч-т олгосон итгэмжлэлд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2, 28.2.1, 28.2.4, 28.2.5, 28.2.6, 28.2.8-д заасан эрхүүдээс гадна нэхэмжлэл гаргах, бүх шатны шүүх хуралдаанд оролцох, тайлбар хүсэлт гаргах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох эрхүүдийг тусгайлан олгосон байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэх гомдол үндэслэлгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/43 дугаар тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлийн Дорноговь аймаг дахь салбар зөвлөлд гомдол гаргасан байх бөгөөд тус гомдлын дагуу Маргаан хянан шалгах комиссын 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаартай дүгнэлт гарсан байна. Уг дүгнэлтийг үндэслэн Төрийн албаны зөвлөлийн Дорноговь аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Иргэний өргөдөл шалгасан тухай” 17 дугаар тогтоол гарчээ.  Уг тогтоолыг 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэгчид шуудангаар хүргүүлжээ. Нэхэмжлэгч уг тогтоолыг гардаж авснаас хойш хуульд заасан хугацаанд буюу 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 115/ШЗ2017/0044 дүгээр захирамжаар бүрдүүлбэр хангуулахаар 14 хоногийн хугацаа тогтоосон тул нэхэмжлэгч  захирамжид дурдсан бүрдүүлбэрийг ханган 2017 оны 05 дугаар сарын 08-нд нэхэмжлэлээ шүүхэд гаргасан байна. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

Дээрхээс дүгнэхэд хариуцагч Дорноговь аймгийн Зам-Үүд сумын Засаг дарга хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн эдлэх нэмэгдэл баталгааг хангах үүргийг төрийн байгууллага, албан тушаалтан төрийн албан хаагчийн өмнө хариуцах үүрэгтэй байхад хариуцагч энэхүү үүргээ биелүүлэлгүй, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх төрийн албаны үндсэн зарчим болон 4.2.5-д заасан төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг зөрчсөн байна.

Нөгөөтээгүүр, шүүхээс Д.Д-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн томилсон тул ажилгүй байсан хугацааны урьд авч цалин хөлсний дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 115/ШШ2017/0018 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                          С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                          О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                          Э.ЗОРИГТБААТАР