Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 128/2018/0643/З |
Дугаар | 81 |
Огноо | 2019-03-20 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 81
Ж.Эын нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн
даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Б.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Ч.Тунгалаг
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нэхэмжлэлийн шаардлага: “Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Б/201 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан сайдын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг тус тус хариуцагчид даалгуулах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0749 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 221/МА2019/0030 дугаар магадлал,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, Д.Х нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0749 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.1.1-д заасныг тус тус баримтлан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Б/201 дүгээр тушаалыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, нэхэмжлэгч Ж.Эыг урьд эрхэлж байсан сайдын багцын тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд 2,959,431 (хоёр сая есөн зуун тавин есөн мянга дөрвөн зуун гучин нэг) төгрөг олгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгасан.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 221/МА2019/0030 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0749 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, Д.Х нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан “шүүх ... хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ...” гэсэн үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0749 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 221/МА2019/0030 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхээс Төрийн албаны тухай хууль /2002 оны/-ийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж заасны дагуу төрийн албанаас халсан нь үндэслэлгүй. Мөн магадлалын Хянавал хэсэгт “... санхүүгийн тайлангийн аудитын явцад илэрсэн зөрчилд нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа шууд хамаарсан гэх үндэслэлийг тогтоогоогүй байхад төрийн албанаас халах үндэслэл болгосон нь буруу байна” гэж дүгнэсэн.
5. Үндэсний аудитын газрын 2017 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн тайлангийн аудитын хугацаанд Ж.Э нь анхан шатны баримтыг бүрэн бүрдүүлж бэлтгээгүй мөн шаардлагатай материал мэдээг өгөөгүй зэргээр санхүүгийн тайлангийн аудитыг гүйцэтгэхэд удаа дараа хүндрэл учруулсан буюу албан үүргээ 2 удаа хангалтгүй биелүүлсэн зөрчил гаргасан гэж үзсэн тул Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Б/201 дүгээр тушаалаар Ж.Эыг үүрэгт ажлаас нь халсан.
6. Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Төрийн аудитын байгууллага, түүний ажилтнууд бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардагдах аливаа мэдээллийг бүрэн хэмжээгээр, чөлөөтэй, шуурхай авах эрхтэй. Энэ хуулийн 15.1-д заасан байгууллага, албан тушаалтан төрийн аудитын байгууллагаас шаардсан мэдээллийг хугацаанд нь саадгүй гаргаж өгөх үүрэгтэй” гэж заасан үүргийг Ж.Э нь хоёр удаа зөрчсөн. Энэ талаар Үндэсний Аудитын Газрын “Хариуцлага тооцох тухай” 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 02/195 дугаар САГ-2018/ЗО/СТА-ТЕЗ албан шаардлагад тодорхой дурдсан.
7. Зөрчлийн талаар мэргэжлийн хяналт, шалгалтын байгууллагын албан шаардлагад тодорхой дурдсан. Гэтэл магадлалын Хянавал хэсэгт “... санхүүгийн тайлангийн аудитын явцад илэрсэн зөрчилд нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа шууд хамаарсан гэх үндэслэлийг тогтоогоогүй ...” гэж дүгнэсэн тул уг шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж байна.
8. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
9. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
10. Нэхэмжлэгч Ж.Эыг ажлын байрны тодорхойлолтод заагдсан үндсэн чиг үүрэг болох 2017 оны санхүүгийн тайланг зөрүүтэй тайлагнасан, анхан шатны баримтыг бүрэн бүрдүүлээгүй, шаардлагатай баримт мэдээг Үндэсний аудитын газар өгөөгүйгээс санхүүгийн тайлангийн аудитыг гүйцэтгэхэд удаа дараа хүндрэл учруулсан гэх үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1.“Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас нь халсан маргаан бүхий акт хууль бус байна.
11. Тодруулбал, Үндэсний аудитын газраас ирүүлсэн албан шаардлагаар сайдын багцын нягтлан бодогч /нэхэмжлэгч/ ажлаа бүрэн гүйцэтгээгүйгээс тайлан зөрүүтэй тайлагнагдсан, анхан шатны баримтыг бүрэн бүрдүүлж бэлтгээгүй, шаардлагатай материал мэдээг өгөөгүй зэргээр удаа дараа хүндрэл учруулж байсан нь санхүүгийн тайлангийн “Эрх ба үүрэг” гэсэн батламж мэдэгдлийг хангаагүй бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4.... гэснийг тус тус зөрчсөн тул хариуцлага тооцохыг Эрүүл мэндийн сайд, тус яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нарт даалгасан байх бөгөөд нэхэмжлэгч энэхүү аудитын албан шаардлагатай маргаагүй, мөн хариуцагчийн зүгээс ч “нэхэмжлэгч нь зөрчил гаргасан учир хариуцлага тооцсон” гэсэн утгатай тайлбар, гомдол гаргасан байна /Тодорхойлох хэсгийн 5-7/.
12. Үүнээс үзвэл, нэхэмжлэгч Ж.Э нь тодорхой хэмжээний сахилгын зөрчил гаргасан байх бөгөөд энэ тохиолдолд хариуцагч зүй нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийн дагуу тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд заасан сахилгын шийтгэлийн аль тохирохыг нь ногдуулах байсан. Гэтэл тэрээр Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсгээр нэхэмжлэгчид “хариуцлага тооцсон” нь буруу юм. Учир нь, хуулийн уг зүйл, хэсэг нь сахилгын зөрчилд хүлээлгэх шийтгэл биш, харин захиргааны санаачлагаар төрийн албанаас халах үндэслэл юм.
13. Хэрэв хариуцагч нэхэмжлэгчийн уг үйлдлийг “албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж үзэн Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-ийг хэрэглэсэн гэж байгаа бол хуульд заасан “... удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэх урьдчилсан нөхцөл бодит байдалд бүрдээгүй байхад маргаан бүхий актыг гаргасан нь хууль бус юм. Учир нь, нэг удаагийн санхүүгийн шалгалтын үеэр “ажлаа бүрэн гүйцэтгээгүй, анхан шатны баримтыг бүрэн бүрдүүлж бэлтгээгүй, шаардлагатай материал мэдээг өгөөгүй” нь нэхэмжлэгч “удаа дараа албан үүргээ биелүүлээгүй” гэсэн үндэслэл болохгүйн зэрэгцээ энэ нь төрийн албанаас халах хэмжээний үндэслэл болохгүй талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
14. Харин анхан шатны шүүх “нэхэмжлэгч нь албан үүргээ гүйцэтгэх хугацаанд 2 ба түүнээс дээш удаа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх алдаа зөрчил гаргасан талаар хангалттай нотлогдоогүй байхад түүнийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасантай нийцэхгүй, маргаан бүхий тушаал зөрчлийн шинж байдалд тохироогүй учир хууль бус ...” гэж хуулийн уг зүйл, заалтыг сахилгын шийтгэлд хүлээлгэх хариуцлага мэтээр, давж заалдах шатны шүүх “... санхүүгийн тайлангийн аудитын явцад илэрсэн зөрчилд нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа шууд хамаарсан гэх үндэслэлийг тогтоогоогүй байхад төрийн албанаас халах үндэслэл болгосон нь буруу” гэж зөрчлийг үгүйсгэх байдлаар дүгнэлт хийсэн нь буруу байна. Гэхдээ эдгээр дүгнэлт нь шүүхийн шийдвэр, магадлалын шийдэлд нөлөөлөхгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.
15. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0749 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 221/МА2019/0030 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ