Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 26

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

Улсын яллагч Б.Батнасан

Хохирогч Г.С

Шүүгдэгч С.Э түүний өмгөөлөгч Б.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х овогт ***- ийн Э-д холбогдох 17160008200039 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Х овогт С-ийн Э  гэв.

Шүүгдэгч С.Э нь 2017 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвөөс ертөнцийн зүгээр зүүн хойд зүгт 30 орчим километрт зам ангийн буудалласан газарт иргэн Г.С-ын нүүрэн тус газарт 2 удаа цохиж, Г.С-ын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч С.Э-ийн  2017 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр *** аймгийн *** сумын төвөөс ертөнцийн зүгээр зүүн хойд зүгт 30 орчим километрт зам ангийн буудалласан газарт иргэн Г.С-ын нүүрэн тус газарт 2 удаа цохиж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь хүний хуулиар хамгаалагдсан халдашгүй байх эрхэд халдсан, мөн эрүүл мэндэд нь хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч С.Э гэм буруутай болох нь:

Шүүгдэгч С.Э-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Гэмт хэрэг хийсэндээ харамсаж байна. Гэмт хэрэг хийснээ хүлээн зөвшөөрч байна. Бид хэд бригадаар явж байсан. Тухайн өдөр миний төрсөн өдөр болоод бид хэд хоол идэж байгаад нэг шил архи уусан. Маргалдсан зүйл байхгүй, гэнэт гараа атгаж байгаад хоёр удаа цохисон. Хохирогч С нь юм харахгүй байна гэж хэлсэн тэгээд аймаг явуулсан ... ” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,  

Хохирогч Г.С-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Тухайн өдөр С.Э-ийн төрсөн өдөр гээд хоолоо идчихээд нэг шил архи уусан. Цалин мөнгөнөөс болоод муудалцаад миний нүд рүү цохисон. Тэгээд яаж байгаа юм бэ? гэхэд дахиад нэг цохисон. Тэгээд машинд ороод толинд харахад цус гарч байсан. Тэгэхээр нь нойлын цаасаар дараад буцаж орж ирээд би юм харахгүй байна гэж хэлэхэд аймаг явъя тэгэхгүй бол болохгүй гэж хэлээд аймаг явсан. Өөр маргалдсан зүйл байхгүй... Эмчилгээнд гарсан зардал нөхөн төлөгдсөн байгаа...” гэсэн мэдүүлэг,

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Б.Б-ын “...Э С нар хоорондоо цалин хөлс яриад маргалдаад байсан. Э, С-ын хажууд сууж байсан. Баруун гараа саваад эхлээд нэг цохисон. С-ын нүүрэн тушаа нэг цохисон. С нүүрээ дараад тонгойсон. Э нөгөө гараараа дахиад нэг удаа Сын нүүр лүү цохиод авсан. Тэгээд бид салгасан... С цохиулсны дараа нүдээ дараад гараад явсан. Эргэж орж ирээд миний нүд юм харахгүй байна гээд нүдээ цагаан юмаар дарсан. Дарсан юм нь цус болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ25-26/

Гэрч Ц.Н-ийн “...Э, С нар хоорондоо цалин мөнгөний асуудлаас болоод түр тар хийгээд маргалдсан. Э суусан чигээрээ баруун гараараа С-ын нүүрэн хэсэгт нэг цохисон. С яаж байнаа чи гээд босоод ирэхэд Э дахин нэг гараараа цохиод авсан. С эргэж орж ирээд нүд юм харахгүй байна нүднээс цус гараад байна гээд цаасаар дарсан. Цаас нь цус болсон байсан. Эд цохиулснаас өөрөөр нүд гэмтэх зүйл болоогүй...” гэх мэдүүлэг /ХХ28-29/

Гэрч Ж.Н-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Э С-ыг баруун гараараа саваад цохисон. С өндийх гэхэд 2 дахь гараараа 2 дахь цохилтоо нүүрэнд нь хийсэн. С ч юм хэлэлгүй нүдээ дараад л гараад явсан. С ах нүдээ дарсан чигээрээ орж ирээд нүд юм харахаа байчихлаа гээд цаасаар дарсан байдалтай орж ирсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ31-32/

Гэрч Ц.Э-ын “...Э, С-ыг цохиод авсан. Э, С нар зэрэгцэж сууж байгаад Э хоёр гараараа 2 удаа С-ыг цохиод авсан... С эргэж орж ирээд нүд юм харахгүй байна. Нэг л эвгүй болчихлоо гээд нойлын цаасаар дарсан. Цаас нь цус болсон байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ33-34/

Гэрч Ш.Л-ийн “...2017 оны 09 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө 01 цаг болж байхад гэртээ жолооч Э-аар хүргүүлж ирсэн. Гэртээ ирэхэд баруун талын нүд нь хүнд цохиулсан байдалтай, цус гарсан, аньж хавдсан байдалтай ирсэн. Юу болсон талаар асуухад Э намайг цохичихлоо гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ38-39/

Шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 294 дугаартай “...1. Иргэн С-ын биед гэмтэл учирсан байна.

2. Г.С-ын биед баруун нүдний хараагүйдэл, баруун нүдний алимны салстын цус харвалт, урагдал, зүүн нүдний алимны салстын цус харвалт, өмнөд камерын цусан бүлэн, дух, хамар, зүүн хөмсгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.4-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг их хэмжээгээр алдагдуулах гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хүснэгтийн 31.1.1-д зааснаар 65% алдагдуулна...” гэсэн дүгнэлт /ХХ49-50/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 139 дугаартай “...1. 2. Г.С-ын биед баруун нүдний алимны хүнд зэргийн доргилт, нэвт гэмтэл, алимны цус харвалт, солонгон бүрхүүлийн хавчигдал гэмтлийн улмаас баруун нүдний хараагүйтэл үүссэн байна.

3. 5. Нэг нүд хараагүйдсэн тохиолдолд нөгөө нүдэнд нөлөөлж болох ба хэдий хугацааны дараа нөгөө нүдэнд нөлөөлөхийг тогтоох боломжгүй. Иймд нүдний нарийн мэргэжлийн эмчийн байнгын хяналтанд байх шаардлагатай.

4. Нүдний хараагүйдэл болон харааны чадлыг нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, багажийн шинжилгээний тусламжтайгаар тогтоох боломжтой.

6. С-ын биед учирсан дээрх гэмтэл нь мохой зүйлийн үйлчлэлээр тухайлбал гараар цохих, нүдний тус газраар юм мөргөх зэргийн аль ч үйлчлэлээр үүсгэгдэж болно.

7. Өрөөсөн нүдэнд хараагүйдэл үүссэн тохиолдолд нарийн мэргэжлийн үйл ажиллагааг тодорхой хэмжээгээр хийх боломжтой...” гэсэн дүгнэлт /ХХ210-212/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ6-8/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Э-ийн үйлдлийг  хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй  байх тул түүнийг дээрх зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүгдэгч С.Э-ийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хорих ялыг хөнгөрүүлж 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болормаагийн “..шүүгдэгч С.Э-д эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргах зүйлгүй шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн, шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, түүний хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэн харгалзаж өгөхийг хүссэн” дүгнэлтийг хангах үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хүнд гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт  хохирогч Г.С-ын “...Би С.Э-өөс эмчилгээний зардалд 2017 оны 09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 06-ны өдрийн хооронд 1.452.120 / нэг сая дөрвөн зуун тавин хоёр мянга нэг зуун хорин/ төгрөг,  2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 300.000 /гурван зуун мянган/ төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 1.500.000 / нэг сая таван зуун мянган/ төгрөг тус тус авсан.  Одоо цаашид нүдээ эмчлүүлэх эмчилгээний зардалд 4.200.000 / дөрвөн сая хоёр зуун мянган/ төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 24-ний дотор хэсэгчлэн төлөхөөр тохиролцлоо. Цаашид надад С.Э-д гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх наториатаар гэрчлүүлсэн хүсэлтийг өгсөн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт гомдол саналгүй гэж мэдүүлж  байх тул шүүгдэгч С.Э-ийг гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн байна гэж үзэх үндэслэл болж байна.

Шүүхээс шүүгдэгч С.Э-ийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв.

Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно гэж заажээ.

 Шүүгдэгч С.Э хүний биед хүнд хохирол учруулсан боловч хохирогч гомдолгүй гэж байгаа, шүүгдэгч хохирогчид эмчилгээний зардал бусад хохирлыг бүрэн төлсөн, гэм буруугаа зөвшөөрч байгаа зэрэг хувийн байдлыг нь харгалзан хуульд зааснаар оногдуулж байгаа хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч С.Э нь уг хэргийг согтуугаар үйлдсэн ба Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хэрэгт талуудын хэлэлцүүлсэн нотлох баримтуудын жагсаалт хавсаргагдсан болон битүүмжилсэн 00-00 ГАҮ улсын дугаартай Пронтер маркын автомашинийг битүүмжлэлээс чөлөөлж, шүүгдэгч С.Э нь хохиролд 3.252.000 /гурван сая хоёр зуун тавин хоёр мянган/ төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч Г.С нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.Э цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус  дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт С-ийн Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийнерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийнтусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-ийг 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-д оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар 00-00 ГАҮ улсын дугаартай Пронтер маркын автомашинийг битүүмжлэлээс чөлөөлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчид 3.252.000 /гурван сая хоёр зуун тавин хоёр мянган/ төгрөг төлсөн,  хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч С.Э-ийг цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Д.САРАНТУЯА