Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 116/ШШ2024/0034

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Амаржаргал би, Дорнод аймгийн Прокурорын газрын Хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Т.Батжаргалын дүгнэлттэй, Дорнод аймгийн Хэрлэн сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Саранд холбогдуулан гаргасан “Зөрчилд шийтгэл оногдуулсан 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 0218700 дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлөхийг даалгах тухай” зөрчлийн хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

 

Нэхэмжлэгч аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Т.Батжаргал шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ... Монгол улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Хэрлэн сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Сарангийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөрНИК ХК-ийн Дорнод аймаг дахь Нефть хангамжийн салбарт шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсгийн 1 дэх заалтад ...торгох ...гэснийг 200,000 төгрөгөөр торгох гэж өөрчлөхийг эрх бүхий албан тушаалтанд даалгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Дорнод аймгийн Хэрлэн сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Саран шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие НИК ХХК-д 200000 төгрөгийн торгох шийтгэл ноогдуулахдаа мөнгөн дүнг бичээгүй алдаа гаргасан тул шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын Хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Т.Батжаргал нь ...НИК ХК-ийн Дорнод аймаг дахь Нефть хангамжийн салбар нь улсын байцаагчийн өгсөн албан шаардлагыг үл биелүүлж нүхэн жорлонг татан буулгахгүй ашигласан зөрчил үйлдсэн болох нь зөрчлийн материалд авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх ба Дорнод аймгийн Хэрлэн сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Саран уг зөрчилд 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр шийтгэл оногдуулахдаа шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсгийн 1 дэх заалтад ...шийтгэлийн төрөл, хэмжээг бичнэ гэж ...заасныг тус тус зөрчин шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсгийн 1 дэх заалтад ... шийтгэлийн төрөл, хэмжээг бичнэ гэж ... заасныг тус тус зөрчин шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсгийн 1 дэх заалтад ... торгох шийтгэл оногдуулсугай ... гэж зөвхөн шийтгэлийн төрлийг бичээд шийтгэлийн хэмжээ буюу хэдэн төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж байгаа мөнгөн дүнг тодорхой тусгалгүй орхигдуулсан байх тул шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулахыг даалгах дүгнэлтийг шүүхэд ирүүлжээ.       

Хэрэг хянан шалгах ажиллагааны явцад Дорнод аймгийн Хэрлэн сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Саран нь “Зөрчилд шийтгэл оногдуулсан 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 0218700 дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлөхийг даалгах тухай” прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч буйгаа бичгээр илэрхийлсэн нь ...бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8-д  заасныг баримтлан, “Зөрчилд шийтгэл оногдуулсан 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 0218700 дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлөхийг даалгах”-ыг хүссэн хяналтын прокурор Т.Батжаргалын дүгнэлтийг, хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Саран хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д  заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогчид энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           П.АМАРЖАРГАЛ