Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2021/00073

 

 

 

 

 

 

 

 

А.Б-ийннэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 102/ШШ2020/02467 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч А.Б-ийн хариуцагч “Ж” ХХК, “ӨМ” ХХК-д холбогдуулан Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч “Ж” ХХК-ийн өмгөөлөгч Д.Батсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл,тайлбартаа А.Бнь “ӨМ” ХХК-тай 2011 оны 12 дугаар сард үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар барих гэрээ байгуулсан. 2012 оны 1 дүгээр сараас эхлэн тус сууцад 10 жилийн хугацаанд амьдарч байна. Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар барих гэрээний төлбөрийн 30 хувь болох 20 050 000 төгрөгийг бэлнээр “ӨМ” ХХК-д төлсөн. Орон сууцны санхүүжилтийн корпорацтай орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 40 000 000 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг “ӨМ” ХХК-д төлснөөр төлбөрийг 100 хувь төлж гэрээнд заасны дагуу сууцыг хүлээж авсан.

Гэтэл “ӨМ” ХХК нь тус орон сууцны гэрчилгээг олгоогүй. А.Б2011 онд маргаан бүхий орон сууцны өмчлөгч болсон байхад 2015 онд “Ж” ХХК өөрийн нэр дээр тус орон сууцны гэрчилгээг авсан. Иймд “Ж” ХХК-ийн нэр дээр байгаа орон сууцны гэрчилгээг хүчингүй болгуулах, А.Бг Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, , 2 өрөө 48.04 м.кв орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ”Ж” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа:  Манай компани 110 айлын орон сууцыг өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулсан. 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 95 хувийн гүйцэтгэлтэй улсын комисст, 2012 оны 11 дүгээр сард техникийн комисст тус тус хүлээлгэж өгсөн. Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар барих гэрээний дагуу захиалагч нарыг орон сууцад оруулсан. Улсын комисст хүлээлгэж өгөхдөө 110 айлын орон сууцыг тоот бүрийн өмчлөгч нарын нэрсийн жагсаалтыг гаргасан. Уг 110 айлын орон сууцнаас 6 орон сууцыг “ӨМ” ХХК, мөн 6 орон сууцыг “Ж” ХХК, үлдсэн орон сууц нь Үл хөдлөх эд хөрөнгө захиалан бариулах гэрээ байгуулж урьдчилгаа төлбөрөө төлсөн захиалагч нарын орон сууцнууд байсан.

“ӨМ” ХХК тус 110 айлын орон сууцыг барихад 1,400 м.кв газраараа хөрөнгө оруулж, төлбөрт 6 орон сууц, 2 үйлчилгээний зориулалттай талбай, 1 автомашины зогсоол нийт 640 м.кв ашигтай талбай авахаар тохирсон. Улсын комисст барилга хүлээлгэж өгөхдөө “ӨМ” ХХК-д 6 орон сууц, үйлчилгээний А, Б заал, 1 автомашины зогсоол зэргийг хүлээлгэж өгсөн. Маргаан бүхий 8 тоот орон сууцны тухайд хөрөнгө оруулагч нар БНХАУ руу жилийн хугацаанд явсан байх үеэр үл хөдлөх хөрөнгө захиалан бариулах гэрээ байгуулах эрхгүй “ӨМ” ХХК-тай гэрээ байгуулсан байх. Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу “ӨМ” ХХК нь орон сууцны борлуулалт болон “Ж” ХХК-ийн дотоод ажилд оролцох эрхгүй гэсэн гэрээтэй. А.Батайн байгуулсан гэрээний тухайд гэрээ хууль бус гэрээ гэж үзэж байна. “Ж” ХХК-ийн өмч болох нь хэргийн материалд авагдсан баримтаар нотлогдоно. Нэхэмжлэлийг  зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч “ӨМ” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа талаарх тайлбараа шүүхэд бичгээр өгсөн.  А.Б 2011 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 8 дугаартай  гэрээг “ӨМ” ХХК-тай байгуулсан. 2012.1.3-ны өдөр гэрээний төлбөрийн 30 хувь болон 20 050 000 төгрөг, 2012.1.26-ны өдөр үлдэгдэл 70 хувь 40 000 000 төгрөг, нийт 60 050 000 төгрөгийн төлбөрийг төлсөн. Орон сууц ашиглалтад орсноор захиалагчид орон сууцыг хүлээлгэж өгсөн.

2014, 2015 онуудад үл хөдлөх эд хөрөнгө захиалан бариулах тухай гэрээний талуудын хэн аль нь орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах талаарх хүсэлтээ өгөх боломжтой байсан. Үүний дагуу Б.Мырзабек улсын бүртгэлийн байгууллагад хандсан боловч тодорхой хариу өгөөгүйгээс шалтгаалж хугацаа алдсан. 110 айлын орон сууцны барилгын ажил эхлэхэд “ӨМ” ХХК нь “Ф” ХХК-тай хамтран ажиллах гэрээг байгуулсан “ӨМ” ХХК-ийн захирал А.Э нь өөрийн эзэмших эрхтэй 1 400 м.кв талбай бүхий газраараа хөрөнгө оруулж БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Ф” ХХК-тай 110 айлын орон сууцыг бариулах Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээг байгуулсан. Тус гэрээний дагуу “ӨМ” ХХК нь 630 м.кв ашигтай талбай авахаар болсон. Харин 6 орон сууц авна гэсэн тохиролцоо байхгүй.

Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу 110 айлын орон сууцны барилгыг 2011 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулна гэж тохирсон боловч “Ф” ХХК-ийн үйл ажиллагаа удааширч 2012.12.7-ны өдөр улсын комисст хүлээлгэж өгсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Гэрээнд заасан хугацаанд улсын комисст хүлээлгэж өгөөгүй тохиолдолд тухайн орон сууцыг барьж байсан “Ф” ХХК болон орон сууцыг барьж ашиглалт оруулсан “Ж” ХХК нь хугацаа хожимдож улсын комисст хүлээлгэж өгсөн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд алданги тооцож “ӨМ” ХХК-д төлөхөөр тохирсон. Иймд хугацаа хэтэрсэн алдангийн төлбөрт “ӨМ” ХХК-ийн өмчлөлд “Ж” ХХК ньнэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан маргаан бүхий  тоотын орон сууц болон бусад 3 нийт 4 орон сууцыг харилцан тохиролцож шилжүүлэхээр болсон.

Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу олгогдох 6 орон сууц болон алдангид өгөхөөр тохирсон 4 орон сууцны талаар тохиролцсон бичгийн баримт байхгүй. Тухайн үед 4 орон сууцыг алдангидаа өгч байгаа талаар амаар тохирсон. Үүний дагуу А.Б Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар барих гэрээг байгуулсан. 8 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтооход татгалзах зүйлгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч “ӨМ” ХХК, “Ж” ХХК-д холбогдох Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 2 өрөө 48,04 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч А.Б-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.Б-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Алдангийн төлбөрт “ӨМ" ХХК- ийн өмчлөлд “Ж” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагад дурьдагсан маргаан бүхий 8 тоот 48.04 мк.в талбай бүхий 2 өрөө орон сууцыг шилжүүлэхээр тохиролцсон. Тухайн үед 4 орон сууцыг алдангид тооцон өгөхөөр амаар харилцан тохиролцож өгсөн тул нэхэмжлэгчтэй “Үл хөдлөх эд хөрөнгө захиралгаар барих гэрээг байгуулсан. Нэхэмжлэгчийн хувьд өнөөдрийг хүртэл ипотекийн зээлийг сар сард төлж барагдуулж байгаа бөгөөд дээрхи Орон сууцны корпорацийн “ӨМ” ХХК-аас ирүүлсэн албан бичиг, үл хөдөлөх эд хөрөнгө захиалан бариулах гэрээ зэргийг үндэслэн өгсөн, Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т зааснаар А.Б-д өмчлөх шилжих ёстой. Нэхэмжлэгч А.Б-н хувьд 2011 онд хуульд заасан үндэслэл, журмын дагуу “Үл хөдлөх эд хөрөнгө захилан бариулах гэрээгг “ӨМ” ХХК-тай өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-р дамжуулан байгуулсан.  “ӨМ” ХХК-аас Орон сууц санхүүжилтийн корпорацид ирүүлсэн хүсэлтийн дагуу 2012.2.17-ны өдөр Орон сууцны санхүүжилтийн корпораци нь шалгаж дүгнэсний үндсэн дээр “Зээл олгох шийдвэр гаргаж” “ӨМ” XXК-ийн гүйцэтгэх захирал А.Э-т шилжүүлэн өгсөн баримтаар хэрэгт авагдсаар байтал шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, шийдвэр гаргасан. Шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч “Ж” ХХК, “ӨМ” ХХК-нд тус тус  холбогдуулан Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханц хутагт Дамдинбазарын гудамжны  тоот 48,04 м.кв талбайтай 2 өрөө сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардсаныг хариуцагч “ӨМ” ХХК хүлээн зөвшөөрч, “Ж” ХХК эс зөвшөөрч маргажээ. /хх 1-3,29-30, 122/

 

Хэрэгт А.Бнь “ӨМ” ХХК-тай 2011 оны 12 дугаар сарын  24-ний өдөр 8 тоот гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханц хутагт Дамдинбазарын гудамжны тоот хаягт байрлах 48,04 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан авахаар захиалга өгсөн үйл баримт тогтоогдсон.

 

Талууд гэрээндээ сууцны 1 м.кв талбайг 1 250 000 төгрөгөөр тооцож нийт 48,04 мк.в талбай бүхий 2 өрөө сууцыг 60 050 000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар харилцан тохиролцсонд маргаангүй. Мөн сууцны үнэ 60 500 000 төгрөгийг нэхэмжлэгч нь “ӨМ” ХХК-нд төлж дууссан, уг сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ 2015 онд “Ж” ХХК-ийн нэр дээр гарсан үйл баримт тогтоогдсон.

 

Хэрэгт “ӨМ” ХХК, “Ж” ХХК нарын хоорондын гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд авагджээ. Уг шүүхийн шийдвэрүүдийн агуулгаас үзэхэд 8 тоот сууцыг “ӨМ” ХХК нь “Ж” ХХК-аас төлбөртөө авсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна. /хх 132-137/

 

Энэ хэргийн нэхэмжлэгч А.Бнь Б.М-р төлөөлүүлэн “ӨМ” ХХК-тай 8 тоот сууцыг худалдах-худалдан авах гэрээг байгуулсан, үнийг бүрэн төлсөн тул өмчлөгч болох ёстой гэж тайлбарласан бол, хариуцагч “ӨМ” ХХК нь дээрх сууцыг “Ж” ХХК-иас анзын өрөнд авсан гэж тайлбарласан ч тайлбараа баримтаар нотлоогүй байна. /хх 224-229/

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар  бусдын өмчлөлийн буюу эрхийн зөрчилтэй хөрөнгийг худалдсан тул уг хэлцлээр өмчлөгчөөр тогтоолгох боломжгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Гэвч анхан шатны шүүхээс хэлцлийг бүхэлд нь хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний хувьд буруу болсныг залруулан дүгнэх нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй юм.

 

Нотлох үүргийн хуваарилалтаар гэрээний зүйл болох 8 тоотыг эрхийн зөрчилгүй шилжүүлсэн гэдгээ хариуцагч “ӨМ” ХХК нотлох юм.

 

“ӨМ” ХХК маргааны зүйл болох 8 тоот сууцыг анзын өрөндөө авахаар амаар тохиролцсон, өөрөөр хэлвэл 41 400 000 төгрөгийн  өрөнд 60 500 000 төгрөгийн сууц авсан гэж тайлбарласан ч “Ж” ХХК няцааж маргасан.

 

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дах хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж, өөрөөр хэлвэл 41 400 000 төгрөгийн өрөндөө өгч авалцаж байгаа тухай тодорхой зааж, нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргах юм. Нэгэн хэрэгт анзын өрөнд  тоот сууцыг авсан гэх баримтгүй, “Ж” ХХК, “ӨМ” ХХК нарын өр авлага шүүхээр шийдвэрлэгдсэн тохиолдолд нэхэмжлэгчийг 8 тоот сууцны өмчлөгчөөр тогтоох боломжгүй байна.  

 

Хэргийн баримтаар Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1 дэх хэсэгт зааснаар “ӨМ” ХХК -ийн худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахаар байгаа бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчид эрхийн доголдолтой хөрөнгө буюу бусдын өмчлөлийн зүйлийг худалджээ. Худалдах-худалдан авах гэрээний зүйл нь бусдын өмчлөлд байх тул 8 тоот сууцны хувьд гэрээний үүргийг биелүүлэх бодит боломжтой биш байна. Гэхдээ “ӨМ” ХХК, А.Б нарын хийсэн дээрх гэрээг анхан шатны шүүхээс бүхэлд нь хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус гэсэн агуулгаар дүгнэсэн нь буруу.

 

Талуудын тохиролцооны зүйл болсон 8 тоот орон сууцыг шилжүүлэн өгөх боломжгүй байдал нь 1 м.кв талбайг 1 250 000 төгрөгөөр тооцож нийт 48,04 мк талбай бүхий 2 өрөө сууцыг 60 050 000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээг хууль бус, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэл биш юм. Анхан шатны шүүх хэлцлийг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж дүгнэснээрээ нэхэмжлэгчийн Иргэний хуулийн 254 дүгээр зүйлд заасан эд хөрөнгийн доголдлын талаархи худалдан авагчийн шаардлага гаргах эрхийг зөрчигдөх нөхцөл байдал үүсгэжээ.

 

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дах хэсэгт зааснаар худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй.

 

“ӨМ” ХХК, А.Б нар хэлцлээсээ татгалзаагүй байгаа тохиолдолд 8 тоот сууцыг өөр адил чанарын сууцаар солиулах зэрэг  шаардах эрх нь талуудад нээлттэй байгааг тайлбарлах нь зүйтэй. Мөн Иргэний хуулийн 256 дугаар зүйлд зааснаар эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан гэрээг цуцлах шаардлагыг цаашдаа гаргах эрхийг анхан шатны шүүхээс хязгаарласан тайлбар хийснийг залруулах нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн ч гаргах эрхтэй. Тухайн үедээ хэн ч 8 тоот сууцны эрхийн доголдлыг илрүүлэх боломжтой, магадлах боломжтой байсан тул орон сууцны хувьд нэхэмжлэгч аливаа шаардлага гаргах эрхгүй. Учир нь Иргэний хуулийн 114 дүгээр зүйлд зааснаар А.Б-г өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж дүгнэх боломжгүй юм. Мөн Иргэний хуулийн 112 дугаар зүйлд заасан үнийг бүрэн төлсөн гэх ганц нөхцөл хангагдсанаар эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох боломжгүй.

 

Дээрх эрх зүйн дүгнэлтийг залруулан дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг агуулгын хувьд хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 102/ШШ2020/02467 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ

             

                     ШҮҮГЧИД                                Д.БАЙГАЛМАА

             

           Ш.ОЮУНХАНД