Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2023/ДШМ/15

 

 

Р.С, Л.Х нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.О даргалж, шүүгч Ж.Б, Ш.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Х.Г,

Шүүгдэгч Р.С,

Шүүгдэгч Л.Х, түүний өмгөөлөгч Ж.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Х нарыг оролцуулан

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/46 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч Л.Х-ийн өмгөөлөгч Ц.Э эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоор Р.С, Л.Х нарт холбогдох эрүүгийн 2216002180001 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Б-ын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ж овогт Р.С нь Монгол Улсын иргэн, халх, 19 ... оны ... дугаар сарын ... -ны өдөр Говь-Алтай аймгийн ............. сумд төрсөн, .... настай, эрэгтэй, ..... боловсролтой, ............... мэргэжилтэй, “.................”-нд ................ ажилтай, ам бүл ..., эхнэр, ... хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн ............ сум .......... хороолол ... гудамж, ... дугаар байрны ... тоотод оршин суух, урьд Говь-Алтай аймгийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 36 дугаартай магадлалаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 5 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ................. регистрийн дугаартай,

 

Х овогт Л.Х нь Монгол Улсын иргэн, халх, 19... оны ... дугаар сарын ... -ны өдөр Говь-Алтай аймгийн .............. сумд төрсөн, ... настай, эрэгтэй, ..... боловсролтой, .............. мэргэжилтэй, тус аймгийн .................. ажилтай, ам бүл ..., эхнэр, ... хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн .............. сумын ........ багийн ............ ... - ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй ................ регистрийн дугаартай,

 

2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 19-20 цагийн үед Говь-Алтай аймгийн ................... сумын төвд үйл ажиллагаа явуулдаг .............. төвийн .... тоот павильон дотор шүүгдэгч Р.С нь төвийн групп чатан дээр халаалттай холбоотой бичсэн зүйлсээс болж шүүгдэгч Л.Х-ийн эхнэр Ш.Х-тай маргалдан, шүүгдэгч Р.С, Л.Х нар нь хэн хэндээ хүч хэрэглэн халдаж шүүгдэгч Р.С-ын биед тархи доргилт, шүүгдэгч Л.Х-ийн биед зүүн шанаанд шарх буюу хөнгөн зэргийн гэмтлүүд учирсан үйл баримтыг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх:

 

Шүүгдэгч Ж овогт Р.С, Х овогт Л.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.С-т 750 (долоон зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 (долоон зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Л.Х-д 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Р.С, Л.Х нарт сануулж... шийдвэрлэжээ.

 

 Шүүгдэгч Л.Х-ийн өмгөөлөгч Ц.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан: Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн 4-т гэмтлийн эмчийн онош /1-р хавтаст хэргийн 37 хуудас/-ийг дурджээ. Энэхүү оношийг үндэслэж шинжээч эмч дүгнэлт гаргасан байдаг. Гэтэл тэрхүү үндэслэл болгосон баримт нь хавтаст хэрэгт байхгүй байна.

 

Шинжээч эмч чухам юуг үндэслэж, ямар баримтыг үндэслэж дүгнэлт гаргачихваа. Хавтаст хэргийн 37-38 хуудсанд эмнэлгийн баримт бичиг гэх канондож хуулбарласан 2 хуудас баримт бий. Тухайн баримт яг хэн гэдэг өвчтөнийг үзсэн баримт нь мэдэгдэхгүй, эрх бүхий албан тушаалтан эсэх нь тодорхойгүй.

 

2. Шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ шинжээч эмчийн гаргасан хоёр дүгнэлт, мэдүүлэг, гэрч С.Х, Ш.Х, Б.Б, Н.Б, Р.Н, Л.Х-ий шүүх хуралдаанд өгсөн, Р.С-ын яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдийг тус тус дурдаж шийдвэрийн үндэслэл болгосон байдаг. Дээрх нотлох баримтуудаас Л.Х нь Р.С-ын биед гэмтэл учруулсаныг харсан, түүнийгээ харсан гэж шууд мэдүүлсэн нотлох баримт байхгүй. Хохирогч Р.С л мэдүүлдэг. Шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд харилцан үгүйсгэгдэнэ.

 

2.1. Р.С хавтаст хэргийн 12, 15 болон 59 дүгээр хуудсуудад авагдсан мэдүүлгүүд зөрүүтэй байдаг. Өөрөөр хэлбэл эхэлж мэдүүлэхдээ “шанаан тус газар гараараа 1 удаа цохиод газарт унах үед хөл рүү нэг удаа өшиглөсөн, боож алах гэж байсан” гэж дараа нь “Шанаа руу гараараа 1 удаа, толгой руу 2 удаа цохиод намайг газарт унах үед хөл рүү 1 удаа өшиглөөд” гэж мөн “толгойн тус газарт 2 удаа цохиж боолтонд оруулсан, одоог хүртэл хөлийн шарх, толгойдоо авсан хөхрөлт эдгээгүй байна” гэж тус тус зөрүүтэй мэдүүлдэг. Шүүх дээрх 3 зөрүүтэй мэдүүлгийн нэгийг үнэлэхдээ чухам яагаад үнэлсэн нь тодорхойгүйн дээр бусад мэдүүлгийн талаар дурдаагүй нь ойлгомжгүй.

 

2.2. Хэрэг учрал болсон гэх газарт очсон цагдаагийн ажилтан Б.Б мэдүүлэхдээ: “Р.С-ын биед ил харагдах шарх сорви байгаагүй.” гэж мэдүүлдэг, шинжээч эмчийн № 303 дугаартай дүгнэлтэд “биед ил харагдах шарх, цус хуралт, зулгаралт гэмтэлгүй” гэж дүгнэлтдээ дурдсан байдаг. Үнэхээр шанаан тус газраа 1 удаа, толгойруугаа 2 удаа нийт 3 удаа цохиулаад, боож алуулах гэж байгаа хүний толгойд ил харагдах шарх, зулгаралт байгаагүй нь гайхалтай. Энэ нь Р.С-ын биед Л.Х хөнгөн гэмтэл учруулсан гэхэд эргэлзээ төрүүлэх бөгөөд, шинжээч эмчийн дүгнэлт болон Б.Б-д нарын мэдүүлгээр Р.С-ын мэдүүлэг үгүйсгэгдэж байна. Учир нь тухайн цаг хугацаанд хамгийн түрүүнд очсон хүн бол Б.Б юм. Гэтэл шүүх Б.Б-ийн мэдүүлэг өгсөн хэсгээс “Р.С-ын биед ил харагдах шарх сорви байгаагүй.” гэх мэдүүлгийг яагаад дурдсангүй вэ.

 

2.3. Р.С-ын эхнэр С.Х мэдүүлэхдээ “Гэртээ ирэхэд нүд улайсан, өвдөг нь шалбарсан байсан” гэж мэдүүлдэг. Хэдийгээр эхнэр нь ингэж мэдүүлсэн ч үүнийг харсан өөр хүн байхгүй нь хэрэгт харагдаж байгаа бөгөөд харин ч ил харагдах шарх, сорви байгаагүй нь шинжээч эмчийн дүгнэлт болон Б.Б нарын мэдүүлгээр нотлогдож байгаа тул гэрч С.Х-ын мэдүүлэг мөн адил үгүйсгэгдэж байна.

 

2.4. Гэрч Р.Н мэдүүлэхдээ: “тэгтэл үйлчлэгч Н.Б, Р.С нь дэлгүүрийн хүнтэй зодолдоод байна гэж ярихаар нь би ............. төвийн дэлгүүр дээр ирсэн” гэж мэдүүлдэг боловч гэрч Н.Б мэдүүлэхдээ “Р.С, Л.Х нарыг зодолдож байхыг хараагүй гэж мэдүүлдэг бөгөөд Р.Н-ын мэдүүлгийн эх сурвалж болох Н.Б шүүгдэгч нар зодолдож байхыг хараагүй гэж анхдагч байдлаар мэдүүлдэг бөгөөд энэ байдлаар гэрч Р.Н-ын мэдүүлэг мөн адил үгүйсгэгдэнэ.

 

2.5. Гэрч Ш.Х мэдүүлэхдээ: “Манай нөхөр чи хүнтэй яаж харьцаад байгаа юм гээд нэгнийгээ заамдалцаад авсан. Тэгэхээр нь би нөхрийгөө хойш нь түлхээд зүгээр байцгаа гэхэд жаахан зай гарахад Р.С манай нөхрийн зүүн шанаан тус газарт нь цохисон. Барилцаж авсан заамдалцсан. Тохойгоороо нудралцаад байсан. Цохисон зүйл бол байхгүй. Р.С-т гэмтэл учруулахаар зүйл болоогүй. Нэгэнт миний бие харсаар байж 100% гэрчилнэ." гэжээ. Хэдийгээр энэ гэрч Л.Х-ий эхнэр буюу шүүгдэгчтэй ашиг сонирхол бүхий этгээд ч гэсэн энэ нь мэдүүлгийн үнэн зөвийг бүрэн үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл нотлох баримтаар үнэлэхгүй байх үндэслэл байхгүй. Гэтэл шүүх Л.Х, Ш.Х нар эхнэр нөхрүүд тул үүгээр хэргийн үйл баримтыг үгүйсгэх боломжгүй гэжээ. Энэ хэрэгт авагдсан мэдүүлгэн нотлох баримтууд Л.Х, Б.Б нараас бусад нь бүгд Р.С-ын хамаарал бүхий гэрч нар шүү дээ. Үүнд шүүх ямар дүгнэлт өгч нотлох баримтаар үнэлсэн бэ гэдэг нь шийтгэх тогтоолд тусгагдаагүй байна. Өмгөөлөгчийн хувьд хэргийн жинхэнэ нөхцөл байдлыг нотлох баримтын хүрээнд бүрэн гүйцэт, тэгш бус харгалзан үзэж Л.Х-ийн хуульд заасан суурь эрхийг зөрчсөн шийдвэр гарсан учир гомдлыг гаргаж байгаа болно. Л.Х-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Р.С тайлбарлахдаа: Тархи доргисон явдал Л.Х-ий үйлдлээс бус, өмнөх өдөр нь сагс, волейбол тоглох явцад доргилт авсан байж болзошгүй гэж үзэж байгаа гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар зөвхөн давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 19-20 цагийн үед Говь-Алтай аймгийн ............... сум, ............. төвийн .... тоотод  шүүгдэгч Р.С нь уг төвийн групп чатан дээр халаалттай холбоотой бичсэн зүйлсээс болж шүүгдэгч Р.С нь Л.Х эхнэр Ш.Х-тай маргалдаж шүүгдэгч Р.С, Л.Х нар нь хэн хэндээ хүч хэрэглэн шүүгдэгч Р.С-ын биед тархи доргилт, шүүгдэгч Л.Х биед зүүн шанаанд шарх буюу хөнгөн зэргийн гэмтлүүд учирсан үйлдэлд анхан шатны шүүх  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцжээ.

 

Үйл баримтын тухайд:

 

Л.Х зүүн шанаанд шарх, хүзүүнд цус хуралт гэмтэл буюу хөнгөн зэргийн гэмтлийг шүүгдэгч Р.С учруулсан талаар хэрэгт маргаангүй байна. Уг байдал:

 

 1. Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч эмч, цагдаагийн ахмад Т.А-ын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 304 дугаартай “...1. Л.Х биед зүүн шанаанд шарх, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой...” гэх дүгнэлт. /1-р хавтаст хэргийн 85-86 дугаар тал/

 

2.  Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2022 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 19 цаг 14 минутад ............. төвд хэрүүл маргаан, зодоон болоод байна гэх дуудлагын дагуу очиход Р.С, Л.Х, түүний эхнэр 3 цуг байсан. Л.Х нь толгойгоо дарчихсан, толгойноос нь цус гарсан, хувцас хунар болон шалан дээр цус болсон байсан. Р.С нь би цохисон гэж байсан... Р.С, Л.Х, түүний эхнэр 3 хоорондоо хэрэлдээд байж байсан. Л.Х нь Р.С-ыг машины түлхүүрээр цохиж цус гаргасан гэж хэлж байсан. Машины түлхүүрийн үзүүр цус болсон байсан...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 68 дугаар тал/ шүүгдэгч Р.С, Л.Х, бусад гэрч нарын мэдүүлэг, хэрэг дэхь нотлох баримтаар тогтоогджээ.

 

Шүүгдэгч Л.Х өмгөөлөгчийн Р.С хавтаст хэргийн 12, 15 болон 59 дүгээр хуудсуудад өгсөн мэдүүлгүүд нь зөрүүтэй байдаг. Эхэлж мэдүүлэхдээ “шанаан тус газар гараараа 1 удаа цохиод газарт унах үед хөл рүү нэг удаа өшиглөсөн, боож алах гэж байсан” гэж дараа нь “Шанаа руу гараараа 1 удаа, толгой руу 2 удаа цохиод намайг газарт унах үед хөл рүү 1 удаа өшиглөөд” гэж мөн “толгойн тус газарт 2 удаа цохиж боолтонд оруулсан, одоог хүртэл хөлийн шарх, толгойдоо авсан хөхрөлт эдгээгүй байна” гэж тус тус зөрүүтэй мэдүүлдэг. Шүүх харилцан зөрүүтэй үйл баримтын талаарх мэдүүлгийг үнэлэхдээ үгүйсгэж буй нотлох баримтад үнэлэлт өгөөгүй гэх гомдол үндэслэлтэй байна.  

 

Р.С-ын биед учирсан тархи доргисон, хөнгөн зэргийн гэмтлийг шүүгдэгч Л.Х үйлдлээс үүссэн гэх нөхцөл байдал нь  шүүгдэгч Р.С-ын шүүх хуралд мэдүүлсэн өмнө өдөр нь сагсан бөмбөг, гар бөмбөг тоглож байгаад ч тархиа би доргиосон байж магадгүй гэх мэдүүлэг, тэрээр болсон үйл явдлын талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад зөрүүтэй байдлаар мэдүүлсэн байдал, Л.Х эхнэр Ш.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Манай нөхөр чи хүнтэй яаж харьцаад байгаа юм гээд босож, Р.С манай нөхөр 2 нэгнийгээ заамдаж авсан. Тэгэхээр нь би жаахан юмнаас болж зодолдоно гэж юу байдаг юм гээд нөхрөө хойш түлхэж, зүгээр байцгаа гээд жоохон зай гарахад Р.С манай нөхрийн зүүн шанаа руу нь цохиход манай нөхрийн шанаанаас цус гараад хувцас хунар нь цус болсон ... Гар нь бол заамдалцаад тохойгоороо нудралцаад байсан. Жаахан зай гарахад Р.С манай нөхрийн зүүн шанаанд нь цохиод манай нөхрийн шанаанаас нь цус гарсан...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 65-66 дугаар тал/, гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар бүрэн тогтоогдоогүй эргэлзээтэй байна.

 

Шүүгдэгч Л.Х Р.С-ын тархийг доргиож, хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэм буруутай эсэхэд эргэлзээ үүсч байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар үнэлж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, цагаатгах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Р.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай үйлдэлд нь ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.С-т тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450 мянган төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/46 дугаар шийтгэх тогтоолын 1 дэх заалтыг “Шүүгдэгч Ж овогт Р.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Х овогт Л.Х-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасугай гэж,

 

2 дахь заалтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.С-т 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай гэж өөрчилж,

 

3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Р.С, Л.Х нарт сануулсугай” гэснээс “Л.Х” гэснийг хасч шийтгэх тогтоолын бусад зүйл заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

 2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ц.О

            ШҮҮГЧИД                                  Ж.Б

                                                               Ш.Б