Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2018/ШЦТ/13

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

Улсын яллагч: Н.Батмөнх,

Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Ү овогтой Ц.Б-д  холбогдох эрүүгийн 1727000780038 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 13-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

             Монгол улсын иргэн, 1961 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймаг оршин суудаг, гавъяа шагналгүй, ял шийтгэл Хархорин дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар 05 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай Ү овогтой Ц.Б  

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Ц.Б нь 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын 2 дугаар багийн нутаг “Ар уужим” гэх газраас 53 ширхэг шинэс мод зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэн, 324 000 төгрөгийн хохирол учруулж, хууль бусаар мод бэлтгэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б мэдүүлэхдээ:

            Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн. Шүүх хуралдаанд ярихгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Хохирогч Ч.С-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Би Хужирт сумын байгаль хамгаалагчаар ажилдаг. 2017 оны 05 дугаар сарын сүүлээр манай байгаль орчны хяналтын улсын байцаагч З.Цэцэгмаа, байгаль хамгаалагч О.Алтанчимэг, Хужирт сумын цагдаагийн тасгийн дарга цагдаагийн хошууч З.Мягмарсүрэн нар Хужирт сумын 2 дугаар багийн нутгаар эргүүл шалгалт хийгээд явж байхад Хужирт сумын 2 дугаар багийн иргэн Ц.Б гэж хүн тус багийн нутаг “Ар-Уужим” гэх газар зөвшөөрлийн бичиггүй, хууль бусаар мод бэлтгэж байсан гэсэн... Ц.Б нь хохирол мөнгөө төлсөн учир надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр хуудас/,

Гэрч О.Алтанчимэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Хужирт сумын 2 дугаар багийн иргэн Ц.Б мод бэлтгэж байсан. Тэнд нийт 53 ширхэг мод бэлтгэсэн байсан. Үнэлгээ гаргуулахад 324 000 төгрөг болсон. Тухайн мод нь хуурай шинэс нэртэй мод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар хуудас/,

Гэрч З.Цэцэгмаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Хужирт сумын 2 дугаар багийн иргэн Ц.Б гэж хүн тус багийн нутаг “Ар-Уужим” гэх газар зөвшөөрлийн бичиггүй, хууль бусаар мод бэлтгэж байсан. Тухайн үед би Ц.Боос мод бэлтгэх зөвшөөрөл байна уу гэхэд байхгүй гэсэн. Тухайн үед хар өнгөтэй хятад мотоцикльтой байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 53 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/, 

Эд хөрөнгө бүтүүмжлэх тухай тогтоол, гэрэл зургын үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 5-15, 18-40, 38 дугаар хуудас/,

Экологи эдийн засгийн үнэлгээ /хх-ийн 62 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

Шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын 2 дугаар багийн нутаг “Ар уужим” гэх газраас 53 ширхэг шинэс мод зөвшөөрөлгүйгээр бэлтгэн, 324 000 төгрөгийн хохирол учруулж, хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн болох нь

Хохирогч Ч.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, Экологи эдийн засгийн үнэлгээ /хх-ийн 62 дугаар хуудас/ гэрч О.Алтанчимэг, З.Цэцэгмаа нарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлгүүд /хх-ийн 51-52, 53 дугаар хуудсууд/, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ц.Б-ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөвшөөрөлгүйгээр ойд хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

            Хохирогч Ч.С нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

            Шүүгдэгч Ц.Б нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хөрөө, 1 ширхэг сүх, 53 ширхэг шинэс модыг, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан мотоциклийн үнэ 300 000 төгрөгийг Ц.Б-оос гаргуулж тус тус улсын орлого болгож, Ц.Б-ын эзэмшлийн 1 200 000 төгрөгийн үнэлгээ бүхий хөөрөг битүүмжилсэн прокурорын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн тогтоол, Ц.Б-ын эзэмшлийн Jagar нэртэй мотоциклийн рам битүүмжилсэн прокурорын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн тогтоолуудыг тус тус  хүчингүй болгохыг дурдаж байгаа болно.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж, шүүгдэгч Ц.Б-ын цагдан хоригдсон 4 хоногийн 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 000 төгрөгөөр тооцож түүний төлөх торгуулийн ялаас нийт 60 000 төгрөгийг хасч тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ү овогтой Ц.Б-ыг зөвшөөрөлгүйгээр ойд хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Б-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ц.Б нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож,  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Ц.Б нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэхь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шинэс мод 53 ширхэг, сүх 1 ширхэг, хөрөө 1 ширхэг, Ц.Б-ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан мотоциклийн үнэ 300 000 төгрөгийг Ц.Б-оос гаргуулж  тус тус улсын орлого болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар Ц.Б-ын эзэмшлийн 1 200 000 төгрөгийн үнэлгээ бүхий хөөрөг  битүүмжилсэн прокурорын 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн, Ц.Б-ын эзэмшлийн Jagar нэртэй мотоциклийн рам битүүмжилсэн прокурорын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай. 

7. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шидвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар Ц.Б-ын цагдан хоригдсон 4 хоногийн 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх буюу 15 000 төгрөгөөр тооцож түүний төлөх торгуулийн ялаас 60 000 төгрөгийг хасч түүний төлөх торгуулийн ялыг 440 000 /дөрвөн зуун дөчин мянга/ төгрөгөөр тогтоосугай.

8. Ц.Б-од авагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн өөрчилж, түүнийг нэн даруй суллан, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахыг шүүгчийн туслах Т.Лхагвасүрэнд даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ц.Б-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                          Б.САРАНТУЯА