| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Ням |
| Хэргийн индекс | 170/2018/0007/Э |
| Дугаар | 09 |
| Огноо | 2018-01-19 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Одонтуяа |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 09
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ням даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Б.******* Яллагдагч Э.Б- Хохирогч Г.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б-ид холбогдох 1723000820053 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, ******* боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын ******* багийн 21-р зуун хороолол, ******* тоотод оршин суух хаягтай, урьд нь 2012 онд сум дундын шүүхээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял оногдуулж, хорих ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тэнсэж байсан, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт Э-ын Б, РД:/ИЦ********/ Яллагдагч Э.Б- нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч 2017 оны 11 дүгээр сарын 04-ны шөнө Завхан аймгийн Улиастай сумын ******* багийн 21-р зуун хороолол, **-** тоотод байх өөрийн гэртээ эхнэр Г.М-ийгээ зодож түүний биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Г.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 11 дүгээр сарын 04-ний өглөө манай нөхөр Тосонцэнгэл сумаас ирэхэд нь би 06 цаг 30 минутын үед автобуснаас тосож авсан. Манай гэрт манай ах дүү нар хотоос ирсэн байсан учраас нөхрийгөө дуудаж ирүүлсэн юм. Тэгээд ирсэн хүмүүсээ дайлж 16 цагийн үед явуулах гээд би хоёр хүүхдээ аваад гарсан манай нөхрийг кранаар нь хүн юм хийлгэнэ гээд аваад явсан. Тэгээд би гэртээ ирээд гэрийн ажлаа хийгээд байж байсан чинь манай найз над руу залгаад Б ирсэн үү хэдүүлээ өнөө орой караокед орж дуулах уу гэж асуусан тэгэхээр нь би *******тай ярьчхаад эргээд ярья гэж хэлсн.Тэгээд би Б руу залгаад *******, караокед орж дуулах уу гэж байна гэж хэлсэн чинь манай нөхөр дуугараагүй тэгэхээр нь би чамайг ирэхэд хоолоо хийчхээд байж байя эртхэн ороод эртхэн таръя гэж хэлсэн чиний ажил юу болж байна гэж хэлсэн удахгүй дуусна гэж хэлсэн. Тэгээд удаагүй байсан чинь манай нөхөр хүрээд ирсэн. Ороод ирэхээр нь хоол ундаа ид гэж хэлсэн чинь хоол унд идчихсэн гэж хэлэхээр нь би хоёр хүүхдээ хувцаслаад би өөрөө хувцсаа өмссөн. Манай нөхөр чимээгүй байхаар нь би нөгөө хоёр чинь залгаад байна хоёулаа явуул санаа нийлээд явъя явахгүй бол бол өмсөөч гэхээр нь би дээшээ гараад хувцсаа өмсөөд нөхрийнхөө хувцсыг аваад буугаад ирсэн чинь өмсөх хувцас алга гээд байхаар нь надад ч гэсэн өмсөх хувцас алга, байгаа юмнаасаа өмсөөд гарчий гээд гар нүүрээ угаа гэж угаалгачхаад хувцсаа соль гэж хэлсэн солихгүй байсан. Тэгэхээр нь олон нийтийн газраар явах гэж байж хувцсаа сольсонгүй гээд дандаа надаар гуйлгаж байдаг юм гэж хэлсэн чинь би явахгүй ядраад байна гэхээр нь чи тэгвэл өөрөө ******* рүү залгаад явахгүй гэдгээ хэл гэсэн чинь за явъя гээд гарсан. Тэгээд *******гийнд очоод тэднийд хоёр хүүхдээ орхичхоод гараад караокед ороод манай нөхөр Анхаа хоёр нэг шил архи хувааж уусан. Тэгээд *******тэй үлдэгдэл тооцоогоо хийчхээд Анхаагийнд буцаад очиход манай нөхөр урдаас хүүхдээ аваад гараад ирж байсан. Тэгээд машиндаа суугаад гараад явж байсан манай нөхөр хажуугийн сандал дээр унтчихсан байсан. Тэгээд гэртээ очоод ор дэрээ засаж охиноо оруулж унтуулчхаад эргэж хүүтэйгээ гараад нөхрөө оруулах гээд гарсан чинь өөрөө сэрчихсэн тэгээд гэрт ороод хана түшээд зогсоод байхаар нь хань нь ороо засчихлаа ороод унтчих гэсэн чинь дуугарахгүй байсан. Тэгээд хувцсаа тайлж чадахгүй байгаа юм болов уу гэж бодоод гутлыг нь тайлах гэсэн чинь миний баруун мөр лүү тийрээд унагаасан тэгэхээр нь чи чинь одоо яаж байна аа одоо унтаач гэж хэлсэн чинь агсам тавиад орлиод би ядарч байна, зовж байна, чи яахаараа намайг ойлгодоггүй юм гээд миний нүүр лүү алгадаад унасан. Тэгэхээр нь би болиоч гэж хэлсэн чинь дахиад нүүр лүү цохиод авсан чинь миний хамраас цус гоожоод унасан, тэгсэн чи миний куртикийг цустдаг хэн бэ гэхээр нь би, чи өөрөө цохиод цус гоожуулчихлаа шдээ гэж хэлсэн чинь намайг хоёр, гурван удаа нүүр лүү цохисон. Тэгэхээр нь би нүүрээ дараад уйлаад суусан чинь манай нөхөр краны түлхүүр аваад гарах гэхээр нь би түлхүүрийг нь булаацалдсан чинь намайг үсдэж чирээд ширдэгний тэнд аваачиж байгаад зодоод байсан. Зодож байхдаа миний үснээс тавихгүй байсан. Тэгээд гутал авч ирээд толгой тархигүй цохиж зодоод орилж хашиграад байхаар нь би танайхан яахаараа намайг тэгдэг юм гэсэн чинь чам шиг юм манайхны нүдэнд дандаа өт хорхой шиг харагддаг юм чинь чамайг зодоход яадаг юм гээд л зодоод байсан. Тэгээд би толгойгоо бариад байсан. Тэгээд цус гоожоод байхаар нь би нөхрөөсөө гуйгаад миний цус гоожоод байна би үхлээ шдээ эмнэлэг дуудаач гэж хэлсэн чинь хохь чинь гээд дуудахгүй байсан. Тэгээд нөхөр тамхи татах гээд зуухны урд очихоор нь алчуур авч толгойгоо боогоод хажуу талынхаа айлд орсон. Тэгээд хажуу айлын хүн түргэн дуудсан, цагдаа дуудах уу гэж хэлэхээр нь эхлээд түргэн дуудчих гэж хэлсэн. Тэгээд түргэн ирэх хооронд тэр айлд толгойгоо угаасан. Түргэн ирээд цус тогтоох тариа хийгээд түргэн дээр ирээд тэр айлын нөхөр нь түргэнд хамт оруулж өгсөн. Түргэн явж байхдаа би эгч М-д болсон асуудлыг хэлсэн. Эхлээд бол гараараа нүүр лүү цохиод хөлөөрөө өшиглөөд байсан. Сүүлдээ гутлаар цохиод байсан. Сүүлд нь нэг хатуу зүйлээр цохиод байсан. Яг юугаар цохиод байсныг нь мэдэхгүй байна, модоор л цохиод байх шиг байсан. Миний толгойн орой дагзны баруун зүүн хэсэгт хоёр газар 5 оёдол тавьсан. Хоёр нүд гол хэсгээрээ болон тойроод хөхөрсөн. Зүүн гарын тохойн хэсэг хавдсан. Хамаг бие буларсан. Зүүн талын гуя гадна болон дотор хэсгээрээ хөхөрсөн. Хоёр гарын сарвууны ар хэсэг бүхэлдээ хөхөрч хавдсан” гэсэн мэдүүлэг, шүүх хуралдааны шатанд дээрх мэдүүлэгтэй агуулга адил мэдүүлэг өгч байгаа байдал мөн хэрэг гарсны дараах байдлын талаар гэрчүүдийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг болох гэрч Г.М-ын “...Би тухайн өдөр гэртээ унтаж байхад 01 цагийн үед над руу манай дүү ******* залгасан байсан. Тэгээд дахиад байж байсан чинь дахиад залгахаар нь би авсан чинь ******* намайг зодчихлоо би эмнэлэг дээр байна цус алдаад байна гэж байсан. Тэгээд би эмнэлэг дээр очсон чинь манай дүүгийн толгойноос их хэмжээний цус гарсан байсан. Өглөө 05 цагийн үед л цус нь тогтсон” гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Ж-гийн “...Манайд тухайн шөнө нилээн орой манай хаалгыг хүн нүдээд байхаар нь онгойлгоод өгсөн чинь манай хөршийн айлын эхнэр нь толгойгоо алчуураар ороочихсон орж ирсэн. Орж ирээд намайг манай нөхөр зодчихлоо гээд уйлаад орж ирсэн. Тэгээд харсан биеийн байдал сайнгүй цус их алдсан бололтой байсан. Толгой нь хоёр гурван газраа хагарсан байсан. Их л цус гараад байсан тэгээд түргэн тусламж дуудаад би эмнэлэг дээр хүргэж өгсөн. Хүүхний эгч нь нөхөртэйгөө ирсэн. Тэгээд би харих гээд явсан” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Б-гийн “...Би гэртээ байж байсан чинь манай хөршийн хүн толгойгоо нүүр гарын алчуураар боочихсон нүүр ам нь нилээн цус болсон байдалтай орж ирсэн. Тэгээд манай нөхөр намайг цохичихлоо гээд байсан. Тэгээд би түргэн дуудаж өгсөн. Түргэн ирэх хооронд цус их гоожоод байсан учир угаах гэж ус халаагаад угаасан чинь цус нь тогтохгүй байсан, тэгээд түргэн аваад явсан. Толгойн ар хэсгээс нь цус гараад байх шиг байсан. Нэлээн их цус гарч байсан. Өөр ил харагдах гэмтэл нь нэг их байгаагүй” гэсэн мэдүүлгээр нотлогдож байна. Шүүгдэгчийн дээрх үйлдлийн улмаас Г.М-ийн биед хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн 201720216 дугаартай дүгнэлтийн “...Хэсэг газрын үзлэгт: Толгойн дагзны хэсэгт 2см мэс заслын 2 ширхэг оёдол бүхий шархтай, мөн дагзны дээд хэсэгт 2.5см мэс заслын 3 ширхэг оёдол бүхий шархтай, зүүн гуяны гадна дунд хэсэгт 8х7см, зүүн өвдөгний үенд 5х4см, зүүн тохойн үеийн хэсэгт 12х8см улаан хүрэн цус хуралт хавдартай, баруун нүдний дээд доод зовхинд хөхөлбөр өнгийн цус хуралттай, баруун шанааны хэсэгт 2.5х0.2см өнгөц зулгаралттай, хамар ясанд эмзэглэл бага зэрэг хавдартай. Өөр нүдэнд ил харагдах гэмтэл шарх сорви үгүй байв” гэсэн хэсэг болон “...Иргэн Г.М-ийн биед толгойн дагзны хэсэгт, мөн дагзны дээд хэсэгт шарх, тархи доргилт, баруун шанааны хэсэгт зулгаралт, зүүн гуяны гадна дунд хэсэгт, зүүн өвдөгний үенд, зүүн тохойн үений хэсэгт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, хамар ясанд эмзэглэл хавдар гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 5-6 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтлүүд нь 2017-11-05-ны өдөр үүссэн байх боломжтой. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Уг гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт хэсгээр тогтоогдож байна. Хохирогч Г.М- болон гэрч Г.М, Ц.Ж, Д.Б нар мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан, тэдний мэдүүлгүүд болон бусад бичгийн нотлох баримтууд Э.Б-ийн үйлдэл, хэргийн нөхцөл байдлыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох шийдвэрийн үндэслэл болголоо. Иймд Э.Б-ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Г.М-ийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Хохирогч Г.М- мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс 190000 төгрөг нэхэмжилж нэхэмжлэлдээ холбогдуулан Гэмтэл согог судлалын үндэсний төвд үйлчлүүлэх дугаарын баримт, 70132 төгрөгийн эмийн бодис худалдан авсан нэмэгдсэн өртгийн албан татварын хөнгөлөлтийн баримт/ebarimt/ хэрэгт хавсаргуулсан бөгөөд шүүх хуралдааны үед компьютер томографийн шинжилгээ хийлгэхдээ 120000 төгрөг төлсөн, энэ баримтаа олохгүй байгаа, эмчийн бичиж өгсөн эмийг 70132 төгрөгөөр авч хэрэглэсэн гэж мэдүүлжээ. Мөн шүүх хуралдааны үед мэдүүлэхдээ цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж байна гэжээ. Гэвч 70132 төгрөгийн баримт нь Г.М-ийн нэрээр бичигдээгүй учир хохирогч хэрэглэсэн гэж үзэх боломжгүй, уг баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул 70132 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэсгүй гэж үзээд хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Хохирогч MED TRAUMA эмнэлэгт компьютер томографийн шинжилгээ хийлгэсэн болох нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шинжилгээний хариу бичгийн дүгнэлт, хальсаар нотлогдож байх тул 120000 төгрөгийн төлбөр төлсөн гэх баримт нь хэрэгт авагдаагүй байна. Мөн цаашид эмчлүүлэхэд хичнээн хэмжээний зардал нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, энэ талаар ямар нэгэн баримтгүй байна. Иймд 120000 төгрөгний болон цаашид хийлгэх эмчилгээний зардлаа хуульд заасан шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг нь дурдах нь зүйтэй. Шүүгдэгч Э.Б-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогтоогүй байна гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 1.5-1.9, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. овогт Э-ын Б-ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Г.М-ийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Э.Б-ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000/хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000/хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойшх 1/нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Э.Б- 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000/хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж/15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.
5.Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар хохирогч Г.М-ийн нэхэмжилсэн 70132 төгрөгийг хэрэгсэхгүй болгож 120000 төгрөгний нэхэмжлэл болон цаашид гарах эмчилгээний зардлыг хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Э.Б-ид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг биелэгдэж дуустал түүний эзэмшлийн хөрөнгө гэх 1.900.000 төгрөгөөр үнэлэгдсэн ханын тавилга, буйдангийн битүүмжлэлийг хэвээр үргэлжлүүлсүгэй. 8. Шүүгдэгч Э.Б- нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эмэгтэй хүний урт түрүүтэй цагаан өнгийн 1 хос гутал, толгойн компьютер томографийн шинжилгээний хальс болон бичгийн 1 хуудас дүгнэлтийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсны дараа хохирогч Г.М-т буцаан олгосугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 11. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.НЯМ