Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2023/ДШМ/16

 

 

О.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  шүүгч Ц.О даргалж, Завхан аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Б, Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ш.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Х.Г,

Шүүгдэгч О.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Х нарыг оролцуулан,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/53 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч О.А эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоор О.А холбогдох 2316000170037 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Б-ын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Н овогт О.А нь Монгол Улсын иргэн, халх, 19... оны ... дугаар сарын ... -ны өдөр Завхан аймгийн ............ сумд төрсөн, ... настай, эрэгтэй, .......... боловсролтой, ............. мэргэжилтэй гэх, ........, ам бүл ..., эхнэр, ... хүүхдийн хамт Завхан аймгийн ............... сумын ... -р багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ............... регистрийн дугаартай,

 

1. Шүүгдэгч О.А-ийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн .......... сумын ............ багийн нутаг дэвсгэр “...............” гэх газраас С.Б эзэмшлийн хээр зүсмийн босоо  ... тоо тамгатай 13 настай, сартай хонгор зүсмийн сэрээтэй хундага тамгатай 10 настай, нийт 2 тооны адууг өөрийн эзэмшлийн “Мустанг-150” загварын мотоциклыг ашиглан хулгайлж С.Б-т 2,000,000 (хоёр сая) төгрөгийн хохирол учруулсан, 2022 оны 10 дугаар сарын орчим Говь-Алтай аймгийн ......... сумын ......... багийн нутаг дэвсгэр ........ орчмоос Б.А эзэмшлийн хээр зүсмийн ................ тамгатай7 настай, зөв талын гуя дээрээ ................ тамгатай зээрд зүсмийн 12 настай, нийт 2 тооны адууг ............ улсын дугаартай Портер загварын машин ашиглан хулгайлж Б.А-д 2,200,000 (хоёр сая хоёр зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан, 2022 оны 10 дугаар сарын сүүлээр Говь-Алтай аймгийн ............. сумын ............ багийн нутаг дэвсгэр .......... орчмоос Ц.Г-ын эзэмшлийн хар зүсмийн монгол бичгийн  “...” үсгэн тамгатай охин даагыг хулгайлж Ц.Г 500,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлүүдийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсгүүдэд заасан “бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

 

2. Анхан шатны шүүх: Шүүгдэгч Н овогт О.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсгүүдэд заасан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч О.А-ийг 2 (хоёр) жил 3 (гурав) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А оногдуулсан 2 (хоёр) жил 3 (гурав) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж... шийдвэрлэжээ.

 

3. Шүүгдэгч О.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Завхан аймгийн .......... сумын харьяат О.А миний бие нь бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн. Би хийсэн гэм буруугаа хүлээж, өөрөө нотлож мэдүүлсэн. Бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж өөрийн биеэр уучлалт гуйсан. Би хууль, эрх зүйн мэдлэггүйгээс ийм хэрэг хийсэндээ маш их гэмшиж харамсаж байна. Дахин хэрэг, зөрчилд холбогдохгүй, хэрэг зөрчил хийхгүй гэдгээ өөрийн бие, оюун санаанд амлаж сууна. Би эхнэр, 0-2 насны 2 хүүхэдтэй бөгөөд өндөр настай эмээгээ асарч амьдардаг. Мөн миний бие нь зүрх өвддөг бөгөөд судас бөглөрөх оноштой эмчилгээ хийлгэдэг юм. Би сайн нөхөр, хоёр хөөрхөн охиныхоо аав, эмээ, аав, ээж, ах, дүүсийн сайн хүү, сайн найзын анд нөхөр байсан. Олон хүний надад итгэж байсан гэрлийг унтраасандаа өөрийгөө уучилж чадахгүй, маш их харамсаж байна. Хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч амьдралд алдсан алдаанаасаа суралцаж гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө үүрэг хариуцлагаа хүлээж сайхан амьдарна дахиж алдахгүй гэж бодож байна. Яг одоо амьдрал минь надаар дутаж хоёр жаахан үр минь хүлээж байхад очиж чадахгүй байгаадаа маш их харамсаж дахин хэзээ ч хулгайн хар мөрөөр гишгэхгүй гэдгээ өөртөө амлаж тангараглаж байна. Би дахин дахин уучлал хүсч гэмшиж буйгаа илэрхийлж байгааг минь хүлээн авч надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг хүсч гомдол гаргаж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар зөвхөн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

4. Хэргийн үйл баримтын талаар:

4.1. Шүүгдэгч О.А нь 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн ..........  сумын .......... багийн нутаг дэвсгэр “............” гэх газраас С.Б эзэмшлийн хээр зүсмийн босоо  ... тоо тамгатай 13 настай, сартай хонгор зүсмийн сэрээтэй хундага тамгатай 10 настай, нийт 2 тооны адууг өөрийн эзэмшлийн “Мустанг-150” загварын мотоцикль ашиглан хулгайлж С.Б-т 2 сая төгрөгийн хохирол учруулсан, 2022 оны 10 дугаар сарын орчим Говь-Алтай аймгийн ............ сумын ............ багийн нутаг дэвсгэр ............ орчмоос Б.А эзэмшлийн хээр зүсмийн ................ тамгатай7 настай, зөв талын гуя дээрээ ................ тамгатай зээрд зүсмийн 12 настай, нийт 2 тооны адууг ............ улсын дугаартай ......... загварын машин ашиглан хулгайлж Б.А-д 2,2 сая төгрөгийн хохирол учруулсан, 2022 оны 10 дугаар сарын сүүлээр Говь-Алтай аймгийн .......... сумын ............ багийн нутаг дэвсгэр ........ орчмоос Ц.Г-ын эзэмшлийн хар зүсмийн монгол бичгийн  “...” үсгэн тамгатай охин даагыг хулгайлж Ц.Г 500.000  төгрөгийн хохирол учруулжээ.

 

4.1.1 Энэ үйл баримт нь:

1. Шүүгдэгч О.А нь 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн .......... сумын ........... багийн нутаг дэвсгэр ............ гэх газраас хохирогч С.Б өмчлөлийн хээр зүсмийн босоо  ... тоо тамгатай  ... настай морь, сартай хонгор зүсмийн сэрээтэй хундага тамгатай 10 настай морь зэрэг 2 тооны адууг өөрийн эзэмшлийн “Мустанг-150” загварын мотоциклыг ашиглан хулгайлж, 2,000,000 (хоёр сая) төгрөгийн хохирол учруулсан болох нь:

1.1 Хохирогч С.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр би Говь-Алтай аймгийн төвөөс гэр лүүгээ буюу Завхан аймгийн Цагаанчулуут сумын Нарийн цахирын дөрвөлжин гэх газар луу явахаар 13 цаг 40 минутын үед хөдөлсөн. Тэгээд Тайшир сумын гүүр өнгөрөөд явж байтал баруун талын замаас 2 тооны адуу ачсан цэнхэр өнгийн портер маркын авто машин холуур зөрсөн. Тэгээд би Тайшир сумын Номгоны Дөрөлж гэх газарт очтол манай өөрийн адуу байж байсан... Очоод бүртгэж үзэхэд халтар зүсмийн зөв талын гуя дээрээ босоо  ... тоо тамгатай, хонгор зүсмийн зөв талын гуя дээрээ сэрээтэй хундага тамгатай 2 тооны адуу дутсан. Хашаан дотор манай адууг хашсан, мөн Портер машины мөр адуу ачсан байдалтай, цаанаас манай адууг мотоциклтой хүн тууж ирсэн байдалтай мөр үлдсэн байсан. Тэгээд би Говь-Алтай аймагт амьдардаг өөрийн баз О-той холбогдоод танай аймаг руу 2 адуу ачсан цэнхэр өнгийн Портер явчихлаа очоод шалгаад өгөөч гэж хэлчихээд Говь-Алтай аймаг руу гараад явж байтал манай нутгийн Г гэх залуу сартай хонгор морь, нэг бараан морь ачсан машин надтай зөрлөө гэсэн... Би шууд Говь-Алтай аймгийн цагдаагийн газрын гадаа ирээд машин дээр ачсан байсан 2 адууг үзтэл манай 2 адуу мөн байсан юм... Манай адууг Тайшир сумын нутаг Номгоны Дөрөлж гэх газарт авч ирэн 2 тооны адууг ачиж авч явсан байна билээ... Халтар морио би тамга зүсээр нь таньж байна миний өөрийн унаган адуу байгаа юм, одоо 12 нас хүрч байгаа. Зөв талын гуя дээрээ босоо  ... тооны тамгатай, манайх босоо  ... тоо тамгаар адуугаа тамгалдаг юм, удмаараа дарж ирсэн. Хонгор морь миний өөрийн унаган адуу хүүхдүүд унадаг номхон адуу байгаа юм. Хонгор морины зөв талын гуя дээр сэрээтэй хундага тамга байгаа, уг тамгыг миний төрсөн ах Б-ынх дардаг юм...” гэх мэдүүлэг. / 1-р хавтаст хэргийн 51-53 дугаар хуудас/

 

1.2. Гэрч Д.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Говь-Алтай аймгийн төв орж иртэл үл таних эмэгтэй Приус маркын машинтай ирээд та энэ 2 адууг хаанаас ачиж ирсэн бэ? гэж хэлсэн. Тэгэхээр нь би Завхан аймгийн Цагаанчулуут сумаас ачиж ирсэн гэтэл тамга нь ямар байна гэхээр нь би  ... тоо тамгатай гэж хэлтэл манай дүү  ... тоо тамгатай 2 морио Тайшир сумын Номгон уулнаас алдсан. Энэ 2 биш байгаадаа гэхээр нь  ... тоо тамгатай юм бол мөн байлгүй би Цагаанчулуут сумын А гэх хүнээс өрөндөө энэ 2 морийг авсан юм, авсан эзэнтэй юм чинь учиртай байлгүй цагдаа дээр очъё гэж хэлтэл тус эмэгтэйтээ хамт явж байсан үл таних залуу цагдаа сэргийлэх гэж яах юм бэ нэг нутгийн хүмүүс байна хоорондоо ярилцаад учрыг нь олъё ямар 2 адуу нь нядлагдсан биш амьд байгаа юм байна болох байх гэхээр нь би малын хулгайн гэмт хэрэг үйлдэгдсэн байна цагдаад заавал мэдэгдэх ёстой гэж хэлээд 7048102 дугаарын утас руу залгаж “А гэх хүн надад хулгайны адуу өгсөн байна” гэж гомдол гаргаад тус 2 адууг ачиж цагдаагийн газарт ирсэн... Намайг цагдаагийн газрын гадаа хүлээж байхад Завхан аймгийн Цагаанчулуут сумын иргэн Б гэх хүн ирж машин дээр ачсан 2 тооны адууг үзээд миний хулгайд алдсан адуу мөн байна, А нь манай адууг хамгийн сайн мэднэ, хэлэхгүй хулгайлсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 59-61 дүгээр хуудас/

 

1.3. 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ........... улсын дугаартай Бонго Жи-3 загварын автомашинд үзлэг хийж, ачиж явсан босоо ... тоо тамгатай хээр зүсмийн, сэрээтэй хундага тамгатай сартай хонгор зүсмийн 2 тооны адууг хураан авч, С.Б-т хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургууд. /1-р хавтаст хэргийн 22-27 дугаар хуудас/

1.4. 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн шүүгдэгч О.А-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх “Мустанг-150” загварын улсын дугааргүй, улаан хүрэн өнгийн мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /1-р хавтаст хэргийн 41-45 дугаар хуудас/

1.5. Гэрч Д.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би Э гэх залууд манай хүргэний хулгайд алдсан адуу мөн байна гэж хэлсэн. Д.Э нь тэгвэл би одоо очиж цагдаад бүртгүүлье гэж хэлсэн. Тэгээд Э нь тухайн үед адуу ачсан гэх хүн рүүгээ залгаад “...чи яагаад хүний адуу ачуулсан юм бэ...” гэхэд нөгөө хүн нь шууд утсыг нь тасалсан юм...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 63 дугаар хуудас/

1.6. “АБ” ХХК-ний 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ТХҮ-921/4320 дугаартай шинжээчийн “С.Б хулгайд алдсан гэх 2 тооны адууг 2,000,000 (хоёр сая) төгрөгөөр үнэлсэн” дүгнэлт. /1-р хавтаст хэргийн 72-74 дүгээр хуудас/

 

1.7. Хэрэг учрал болсон гэх Говь-Алтай аймгийн ......... сумын ......... багийн нутаг дэвсгэр ......... гэх газарт 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хийсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургууд. /1-р хавтаст хэргийн 7-13 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

 

2. Шүүгдэгч О.А нь 2022 оны 10 дугаар сарын орчим Говь-Алтай аймгийн .......... сумын ........... багийн нутаг дэвсгэр ........... орчмоос хохирогч Б.А өмчлөлийн хээр зүсмийн ................ тамгатай 7 настай морь, зөв талын гуя дээрээ ................ тамгатай зээрд зүсмийн 12 настай гүү зэрэг 2 тооны адууг .......... улсын дугаартай портер загварын автомашин ашиглан хулгайлж Б.А-д 2,200,000 (хоёр сая хоёр зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

2.1. Хохирогч Б.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2022 оны 10 дугаар сард болов уу хугацааг нь яг тодорхой хэлж мэдэхгүй байна. Манай том хүү Ч танай зээрд гүү алга байна гэж хэлсэн. Тухайн гүүг бага азарганд хураалгасан байсан болохоор алдсан юм болов уу гэж бодсон... Манай зээрд гүү 2011 оны унага одоо 12 настай нас бие гүйцсэн бүдүүн гүү, гэхдээ биеэр жижиг адуу. Миний зээрд гүү зөв талын гуя дээрээ ................ тамгатай байсан. Манай нутагт манайхаас өөр хундган тамга дардаг айл байхгүй мөн ................ тамгатай зээрд гүү манайхаас өөр айлд байхгүй...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 122 дугаар хуудас/

 

2.2. Хохирогч Б.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2022 оны 10 дугаар сарын эхээр хээр зүсмийн адуу манай адуунаас алга болсон. Би эхэндээ адуунаасаа салсан юм болов уу гэж бодоод хүмүүсээс сурагласан боловч олдоогүй. ...Манай хээр морь энэ жил нас нийлж байгаа 7 настай морь, жижгэвтэр биетэй, зөв талын гуя дээрээ ширээгүй дээрээ ................ тамгатай нар, сар, дөл 3 ойрхон шавж дарагдсан тамгатай адуу байсан. Гэдэсний олом татдаг хэсэгтэй цагаан олоортой адуу байсан. Тухайн дөлтэй нар, саран тамгыг манай хүү Ч-ийн тамга байгаа юм. ...Би өөрийн хээр морийг 1,500,000 төгрөгөөр үнэлж байна. ...Би өөрийн адуугаа сайн мэднэ, тамга тэмдэг цагаан олоор зэрэг нь яг мөн байна. Манай хүүгийн адуунд унага байхаасаа явдаг байсан болохоор дөлтэй нар сар тамгатай дарагдсан юм...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 164-165 дугаар хуудас/

 

2.3. Гэрч Д.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын үед Завхан аймгийн Цагаанчулуут сумын иргэн О.А гэгч нь Баяншанд багт байх манай хашаанд 3 тооны адуу авч ирж хашсан байсан. ................ тамгатай хүрэн зээрд байдас, хээр үрээ, хавтгай ташаан дээрээ дормон тамгатай эр хонгор даага байсан. Хонгор даага, хээр үрээг нь аймгийн төвийн зам ангид ажилладаг Б гэх залууд өрөндөө өгсөн. ................ тамгатай хүрэн зээрд байдсыг А нь аймгийн төвтэй ойрхон байдаг найздаа зарсан гэж байсан. ...А-оос энэ 3 адууг хаанаас авсан юм бэ? гэж асуухад хонгор даага нь минийх, хээр морь, хүрэн зээрд гүүг нь нагацаасаа авсан юм гэж хэлсэн. Тэгээд хүрэн зээрд байдсыг нь та 800,000 төгрөгөөр зараад өгөөч гэхээр нь би тухайн үед зургийг нь дараад фейсбүүк дээр зар оруулж байсан, одоо утсан дээр байж магадгүй ... О.А нь өөрийнхөө цагаан өнгийн портер маркын тээврийн хэрэгслээр авч ирж байсан...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 126-127 дугаар хуудас/

2.4. Гэрч С.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2021 онд Завхан аймгийн Цагаанчулуут сумд О.А-ийн гэрийн гадна өвс буулгаад зарсан тухайн үедээ О.А нь 15,000 төгрөгийн үнэтэй 250 боодол өвс авсан. Тухайн үедээ өвсний зарим мөнгийг өгөөд 1,200,000 төгрөг үлдсэн юм. Энэ мөнгийг надад өгөөгүй байж байгаад 2022 оны 10 дугаар сарын сүүлээр надад 750,000 төгрөгт бодож нэг адуу өгсөн. Одоо үлдэгдэл 450,000 төгрөгийн тооцоо бид хоёрын дунд байгаа ... О.А нь өөрийнхөө дугаараас над руу яриад аймагт цагдаа Э-ийн хашаанд адуу аваад ирсэн та ирээд ав гэж хэлсэн ... Тэгээд Э-ийн хашаанд ороход тэнд бага шиг хул хонгор адуу, хүрэн зээрд байдас 2 байсан. Хүрэн зээрд байдсыг би ганцаараа ачиж авч яваад түүнийг нядалж махыг нь тушаасан. Миний авч явсан хүрэн зээрд гүү нь ................ тамгатай байсан бөгөөд А нь надад зарахдаа соёолон настай адуу байгаа юм гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 129-130 дугаар хуудас/

 

2.5. Гэрч Д.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үе өгсөн “...Б.А гэдэг хүнийг танина. Адуун дээрээ “хундган” тамга дардаг. Тухайн хүн 2 тооны адуу алдсан байна билээ. Уг 2 адууг манай хүү А хулгайлсан талаар хүмүүсээс сонссон. Би тэгээд Б.А гэх хүнтэй уулзаад таны 2 адууг А хулгайлсан гэж байна, би хохирол мөнгийг нь төлье гэхэд за тэгээ төлж өгөөрэй гэж хэлсэн. Би тэгээд А-оос хулгайлсан үгүйг асуухад надад тиймээ хулгайлсан гэж хэлсэн, их гэмшиж байгаа...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 133-135 дугаар хуудас/

 

2.6. “АБ” ХХК-ны 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ТХҮ-921/4435 дугаартай “...хохирогч Б.А хулгайд алдсан гэх зөв талын гуян дээрээ хундага тамгатай зээрд зүсмийн гүүг 1,000,000 (нэг сая) төгрөгөөр үнэлсэн...” шинжээчийн дүгнэлт. /1-р хавтаст хэргийн 145-147 дугаар хуудас/

2.7. Шүүгдэгч О.А-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургууд. /1-р хавтаст хэргийн 156-160 дугаар хуудас/

 

2.8. Гэрч С.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны намар Говь-Алтай аймаг зорчсон. Тухайн үед хүнээс авах авлага байсан бөгөөд тэрнийхээ оронд адуу авахаар болсон юм. Тэгээд нэг тооны адууг Б гэх танил болон түүний эхнэрээс авсан... Тухайн адуу нь хээр зүсмийнх байсан бөгөөд тамга, тэмдэг зэргийг нь сайн хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 186-187 дугаар хуудас/

2.9. Гэрч С.Г-ээс хээр зүсмийн адууны гэрэл зургийг хүлээн авсан 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зураг. /1-р хавтаст хэргийн 188-190 дүгээр хуудас/

2.10. Хохирогч Б.А-аар хулгайд алдсан гэх хээр зүсмийн адууг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургууд. /1-р хавтаст хэргийн 191-201 дүгээр хуудас/

2.11. “АБ” ХХК-ний 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн ТХҮ-921/4440 дугаартай “хохирогч Б.А хулгайд алдсан гэх ................ тамгатай хүрэн адууг 1,200,000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгөөр үнэлсэн” шинжээчийн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 204-206 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

 

3. Шүүгдэгч О.А нь 2022 оны 10 дугаар сарын сүүлээр Говь-Алтай аймгийн .......... сумын ............ багийн нутаг дэвсгэр .......... орчмоос хохирогч Ц.Г-ын өмчлөлийн хар зүсмийн монгол бичгийн  “...” үсгэн тамгатай охин даагыг хулгайлж Ц.Г 500,000 (таван зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

3.1. Хохирогч Ц.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сард 17 тооны адуутай байсан. Манай адуу Завхан аймгийн Цагаанчулуут сумын Дэлгэр багийн нутаг Арцын хуудас гэх газарт байсан. 2022 оны 10 дугаар сарын эхээр адуугаа очиж эргэхэд манай адуу бүрэн байсан. Дараа нь 2022 оны 11 дүгээр сарын 15-ны үед “Арцын хуудас” гэх газарт очиж адуугаа эргэхэд монгол бичгийн  “...” үсгэн тамгатай хар зүсмийн охин даага байхгүй байсан ...Зүүн талын гуя дээрээ монгол  “...” тамгатай, уг тамгыг 9 сар гаргаад дарсан учир одоо бараг л эдгэж байгаа байх, мөн зөв талын чихийг үзүүрээс нь тайрсан хар зүсмийн охин даага... Энэ тамгыг манайхаас гадна, манай хадам аав Б дардаг юм. Манай 2 нэг тамгаар адуугаа тамгалдаг юм... Миний хар даага Говь-Алтай аймгийн төвд Б гэх хүний адуунд байна. Тамга тэмдэг, зүс зөв талын чихийг нь хайчилсан зэрэг шинж тэмдгээр нь би таньж байна...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 238-239 дүгээр хуудас/,

 

3.2. Иргэний нэхэмжлэгч П.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 05 дугаар сард машиныг маань ирж худалдаж авсан. Би өөрийнхөө машиныг 20,000,000 төгрөгөөр зарахаар тохиролцсон, нотариатаар баталгаажуулсан. А нь надад тухайн машины үнэ 20,000,000 төгрөгийг 9 сая төгрөгийг дансаар, 3 сая төгрөгийг дансаар, 3 сая төгрөгийг бэлнээр өгсөн. А нь үлдсэн үнээ мөнгөөр өгөөгүй учир оронд нь надад 4 тооны адуу өгсөн... Нийтдээ 15 сая төгрөг өгч үлдсэн мөнгөнд нь 7 сая төгрөгт буурал зүсмийн ширээтэй нар саран тамгатай шүдлэн үрээ, 400,000 төгрөгт “X” үсгэн тамгатай шарга зүсмийн сарваа, 400,000 төгрөгт хар зүсмийн монгол “...” тамгатай сарваа, 1,100,000 төгрөгт хээр үрээ өгсөн ямар тамгатай байсныг мэдэхгүй байна. ...А нь буурал зүсмийн ширээтэй нар саран тамгатай шүдлэн үрээг Э-аас авсан, 2021 онд Э-ийн хашаанд тэжээгдэж байсан, X үсгэн тамгатай шарга сарвааг өөрийн сарваа гэж хэлсэн, монгол “...” тамгатай хар сарвааг манай хүүхдэд хүн бэлгэнд өгсөн адуу гэж хэлсэн... А гэх хүнээс ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 242-244 дүгээр хуудас/

 

3.3. Гэрч М.И-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би О.А гэх хүнд адуу бэлэглэсэн. 2021 оны зун айл гэр болоход нь адуу амлаад 2022 оны хавар 1 тооны адуу бэлгэлсэн ... Эм зээрд зүсмийн бичмэл “...” гэсэн тамгатай сарваа байсан. Өөр ямар нэгэн онцлог шинж тэмдэг байхгүй ... Хар зүсмийн даага бэлэглэсэн зүйл байхгүй. Монгол “...” тамгыг Б, Г нар дардаг тэдний адуу цуг байдаг юм...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 247-248 дугаар тал/

 

3.4. Гэрч Д.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Ц.Г гэх хүнийг танина. Манай Дэлгэр багийн хүн байгаа юм садан төрлийн холбоо байхгүй. Адуун дээрээ монгол бичгийн “...” тамгыг хадмынхтайгаа хамт дардаг. Хар зүсмийн даагаа алдаад дараа нь зургаар таньж олж авсан байна билээ. Ц.Г нь Говь-Алтай аймгаас хар даагаа буцааж олж авсан. Тухайн даагыг А Говь-Алтайгаас ачиж авч ирээд Г-д буцааж өгсөн. Би аваад ирэхэд нь ямар учиртай даага болох талаар асуухад Ц.Г-ын даага байгаа юм. Тэгээд би чи хулгайлчихсан юм уу гэж асуухад тиймээ би авчихсан юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /2-р хавтаст хэргийн 1-2 дугаар хуудас/

 

3.5. Хулгайд алсан гэх хар зүсмийн дааганд үзлэг хийсэн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургууд. /2-р хавтаст хэргийн 9-13 дугаар хуудас/

 

3.6. Хохирогч Ц.Г-аар түүний хулгайд алдсан гэх хар зүсмийн даагыг таньж орлуулах ажиллагаа явуулсан 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /2-р хавтаст хэргийн 18-28 дугаар хуудас/

 

3.7. Хохирогч Ц.Г түүний хулгайд алдсан гэх хар зүсмийн монгол үсгийн  “...” тамгатай 1 тооны адууг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэн өгсөн тэмдэглэл. /2-р хавтаст хэргийн 8 дугаар хуудас/

 

3.8. “АБ” ХХК-н 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ТХҮ921/4429 дугаартай “хохирогч Ц.Г-ын хулгайд алдсан гэх хар зүсмийн эм даагыг 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр үнэлсэн” шинжээчийн дүгнэлт. /2-р хавтаст хэргийн 33-35 дугаар хуудас/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

5. Нотлох баримтын талаар.

5.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч О.А холбогдох хэргийг хянан хэлэлцэж хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

5.2. Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болгосон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

5.3. Хэргийн үйл баримтыг нотлож байгаа, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэнээс гадна эргэлзээгүй, хоорондоо зөрүүгүй, харилцан бие биенээ нөхсөн шинжтэй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд бүхэлдээ хангалттай байна.

 

6. Эрх зүйн дүгнэлт хууль хэрэглээний талаар.

6.1. Прокуророос шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсгүүдэд зааснаар зүйлчлэн шүүхэд шилжүүлж, анхан шатны шүүх шүүгдэгчийг эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

6.2. Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, эд мөрийн баримтын талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

7. Давж заалдах гомдлын талаар:

 

7.1. Шүүгдэгч нь анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялын хэмжээг багасгуулахаар давж заалдах гомдол гаргажээ.

7.2. Шүүгдэгч О.А нь хохирогч нарт учруулсан хохирлоо биет болон мөнгөн хэлбэрээр төлж барагдуулсан болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг болон бичгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулжээ.

 

7.3. Шүүгдэгч О.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ухамсарлаж, гэмт хэрэг үйлдсэндээ чин санаанаасаа гэмшиж, гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирлыг төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, дахин гэмт хэрэг үйлдэхгүй байхыг амлаж буй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан, шүүгдэгчид оногдуулсан 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/53 дугаар шийтгэх тогтоолын 2 дахь заалтын эхэнд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан” гэсэн нэмэлт оруулж, тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтад “2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих” гэснийг “1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад зүйл заалтын хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.А-ийн цагдан хоригдсон 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож нийт цагдан хоригдсон хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

 3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.О

            ШҮҮГЧИД                             Ж.Б

                                                           Ш.Б