| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Оюунханд |
| Хэргийн индекс | 183/2020/02876/И |
| Дугаар | 210/МА2021/00125 |
| Огноо | 2021-01-11 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 210/МА2021/00125
“ПК ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/02623 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “ПК ББСБ” ХХК-ийн хариуцагч Э.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 47 663 364 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Э.Бнь 2019.01.17-ны өдөр Тоёота Хариэр маркийн улсын дугаартай улаан өнгийн суудал зориулалттай автомашин, мөн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, тооот хаягт байршилтай, 41,3 мкв талбайтай орон сууцыг барьцаалж 40 000 000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн,баталгаат ипотек, фидуцийн гэрээг байгуулсан.
Гэвч зээлдэгч зээл авснаас хойш зээлийн эргэн төлөх хуваарийг байнга зөрчиж, 2020.01.17-ноос өнөөдрийг хүртэл ямар ч төлөлт хийгдээгүй. Иймд зээл 37 999 000 төгрөг, хүү 8 245 736 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 418 629 төгрөг, нийт 47 663 364 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: “ПК ББСБ” ХХК-аас 2019.01.17-ны өдөр 40 000 000 төгрөгийг бизнесийн зорилгоор зээлсэн. Түүнчлэн 2020.01.17-ны өдрийг хүртэл зээлийн шимтгэл 400 000 төгрөг, зээлийн хүүд, нэмэгдүүлсэн хүүд 16 611 340 төгрөг, зээлд 2 000 000 төгрөг төлсөн. Covid-19 цар тахал гарч Монгол улс онц байдал зарласан бөгөөд миний хувийн бизнес бүрэн зогсч, давагдашгүй хүчин зүйлийн үйлчлэлд өртсөн. Монгол улс хилээ хааснаас болж зээлээ төлөх боломжгүй болсон. Миний хувьд үндсэн зээлээ төлөх боломжтой бөгөөд хүү 8 245 736 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 418 629 төгрөг зэргийг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Б-аас зээлийн гэрээний үүрэгт 47 663 364 /дөчин долоон сая зургаан зуун жаран гурав гурван зуун жаран дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ПК ББСБ” ХХК-д олгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Б нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл Зээлийн барьцааны гэрээнд заасан Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, улсын бүртгэлийн дугаартай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 466 467 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э.Б-с улсын тэмдэгтийн хураамжинд 466 467 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ПК ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчаас давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Дэлхий нийтийн хэмжээнд гарсан цар тахалтай холбоотойгоор иргэн хуулийн этгээдийн үйл ажиллагаа зогсож орлого багассан. Миний хувьд зээлийн гэрээний сунгалтын нөхцөлийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд Ковидтэй холбоотойгоор шинэ гэрээ хийе гэж санал гаргаж байсан тул ямар нэгэн сунгалтын гэрээ байгуулаагүй. Шүүхээс гэрээ сунгаж байгуулсан мэтээр дүгнэснийг зөвшөөрөхгүй. Мөн шүүх нийтэд илэрхий үйл баримтыг маргаантай холбож авч үзээгүйгээс нэмэгдүүлсэн хүүгийн талаар хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд шүүхээс хэргийн бодит байдлыг хэрэгт авагдсан тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтын хүрээнд үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ биелүүлэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүү буюу 1 418 629 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан шатны шүүх нотлох баримтыг зөв харьцуулан дүгнээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч “ПК ББСБ” ХХК нь хариуцагч Э.Б-д холбогдуулан зээл 37 999 000 төгрөг, хүү 8 245 736 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 418 629 нийт 47 663 364 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсаныг хариуцагч хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг эс зөвшөөрч маргасан.
Зохигчийн хооронд 2019 оны 1 дүгээр сарын 17-нд Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны, фидуцийн гэрээнүүд бичгээр байгуулагдсан. /хх 8-11/
Гэрээгээр зээлдэгч 40 000 000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн. /хх 8-11 / Зээлдэгч нь 400 000 төгрөгийг шимтгэлд суутгуулан 39 600 000 төгрөг шилжүүлэн авсанд талууд маргаангүй. Э.Б нь зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 19 468 340 төгрөг төлсөн гэж анхан шатны шүүхээс дүгнэснийг нэхэмжлэгч үгүйсгээгүй байна. /хх19-20/
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. Мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дах хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийх юм. Талууд гэрээг бичгээр байгуулж, 2019 оны 1 дүгээр сарын 17-ноос 6 сарын хугацаа тохиролцсон боловч гэрээний хугацааг дахин сунгасан үйл баримт тогтоогджээ. /хх 5-6,17-18 /
Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар бичгээр хийх хэлцлийг талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсанаар хийсэнд тооцох юм. Хэргийн 17-18 дугаар талд зээлдэгчийн хүсэлтээр 2019 оны 7 дугаар сарын 17-ноос мөн оны 10 дугаар сарын 15 хүртэл 3 сараар гэрээний хугацааг бичгээр сунгасан. Хариуцагч буюу зээлдэгч нь нэмэгдүүлсэн хүү 1 418 629 төгрөг төлөхийг эс зөвшөөрсөн агуулгаар давж заалдах гомдол гаргасан бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрээр зээл 37 999 000 төгрөг, хүү 8 245 736 нийт 46 244 736 төгрөгийг төлүүлэхээр, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасныг хүлээн зөвшөөрчээ. /хх 18, 53 /
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. Талууд гэрээний 2.11-т нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцжээ./хх 8/
Зээлийн бодолтыг шалгаж үзвэл:
Хэргийн баримтаар зээлдэгч нь
2019 оны 2 дугаар 15-ны өдөр 1 354 000 төгрөг,
2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 1 320 000 төгрөг,
2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 1 447 000 төгрөг,
2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 1 400 000 төгрөг,
2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 1 480 000 төгрөг,
2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 1 532 000 төгрөг,
2019 оны 9 дугаар сарын 7-ны өдөр 1 485 000 төгрөг,
2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1 165 500 төгрөг нийт 11 183 500 төгрөгийг төлсөн /хх 30-40 / байх бөгөөд гэрээний хугацаа 2019 оны 10 дугаар сарын 15-нд дуусахаар байна.
Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан үүрэг гүйцэтгэх дарааллаар авч үзвэл үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжид шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ.
Зээлдэгч нийт 19 468 340 төгрөгийг төлсөнд талууд маргаагүй бөгөөд үүнээс гэрээний хугацаа дуусгавар болох үед буюу 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөр төлсөн нийт 11 183 500 төгрөгийг хүүд суутган тооцож энэ хугацаанаас хойш төлсөн 8 464 840 төгрөгийг үндсэн зээлээс хасах нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт нийцнэ. Зээлийн тооцооллоос үзвэл 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэхэд хариуцагч хүүд 12 600 000 төгрөг төлөх байснаас 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар нийт 11 183 500 төгрөг төлж, 1 416 500 төгрөгийн хүүгийн өртэй үлджээ.
Зээлдэгч:
2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 1 227 840 төгрөг,
2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 2 400 000 төгрөг нийт 3 627 840 төгрөг төлснийг зээл 40 000 000 төгрөгөөс хасахад зээл 36 372 160 төгрөг, хүүд 1416 500 төгрөг + 1 400 000 төгрөг + 1 357 025 төгрөг + 1 273 025 төгрөг үлдэх юм.
Нэхэмжлэгчийн “хариуцагч 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс өнөөдрийг хүртэл эргэн төлөлт хийгээгүй” гэх тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй. Нэхэмжлэгч нь шүүхэд 2020 оны 7 дугаар сарын 24-нд нэхэмжлэл гаргажээ. /хх 1/
Зээлдэгч нь 2019 оны 12 дугаар сарын 12-ноос 2020 оны 1 дүгээр сарын 17 хүртэл нийт 19 468 340 төгрөг төлснөөс 11 183 500 +1 416 500 + 1 400 000+ 1357 025 +1 273 025 +1 273 025 нийт 17 903 075 төгрөгийг хүүд, 1 565 265 төгрөгийг зээлээс хасч тооцох үндэслэлтэй. Дээрх 2020 оны 1 дүгээр сарын 17-ны байдлаар зээлдэгч нь зээлд 34 806 895 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээл 34 806 895 төгрөгийн 3,5 хувийн 7 сарын хүү /шүүхэд хандах хүртэл/ 8 527 689 төгрөг, нийт зээл хүү 43 334 584 төгрөг буюу нэхэмжлэлийн үнийн дүн болох 47 663 364 төгрөгөөс бага гарч байх тул нэмэгдүүлсэн хүү гэх 1 418 629 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.
Хариуцагч нь нийт 46 244 736 төгрөгийг төлөхийг, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар анхан шатны шүүхээс заасныг тус тус хүлээн зөвшөөрсөн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчимд нийцэх юм. /хх 49-50 /
Хариуцагч нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар үүргээ хугацаанд нь биелүүлээгүй байх тул хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.
Хариуцагч гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйд Force majeure /гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл/ нөлөөлсөн гэх боловч тухайн байдлаа баримтаар нотлоогүй. “Force majeure” гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл гэдэгт талуудын хараа хяналтаас гадуур болсон, урьдчилан таамаглах боломжгүй, урьдчилан сэргийлж, шинжлэх ухаан, техникийн ололтыг ашиглан даван гарах боломжгүй саад тотгор тохиолдсоны улмаас талууд гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүйд хүрэхийг ойлгох юм. Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлтэй тулгарсан, хүнд нөхцөлд орсныг гэрчилж, баталгаажуулсан гэрчилгээ, тодорхойлолтыг хариуцагч шүүхэд гаргаагүйг дурдах нь зүйтэй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/02623 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...47 663 364 төгрөг” гэснийг “...46 244 735 төгрөг” гэж гаргуулан нэхэмжлэгч “ПК ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 418 629 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж мөн хэсгийн 2 дах заалтын “...466 467 төгрөг” гэснийг “...459 373 төгрөг” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37 650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ
Ш.ОЮУНХАНД