| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзий-Отгон |
| Хэргийн индекс | 144/2018/0041/Э |
| Дугаар | 15 |
| Огноо | 2018-01-19 |
| Зүйл хэсэг | 19.14.2.1., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 15
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өлзий-Отгон даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг,
Улсын яллагч В.Төгсбаяр,
Шүүгдэгч Ч.Г, У.Б /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайжууд овогт Чимгээгийн Г, Егөс овогт Угтаабаярын Б нарт холбогдох 1729001100054 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1978 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Ховд аймгийн Ховд хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Эс Эм Эс Ти” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын 2-48 тоотод оршин суух урьд нь Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1230 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан Егөс овогт Угтаабаярын Б /РД:ПВ78090916/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч У.Б нь 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр жолоодож явсан 30-49 ӨМӨ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийн чиргүүлийн багажны хайрцагт Ч.Гыг нуун Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах Гашуун сухайт авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтэрсэн,
Шүүгдэгч Ч.Г нь 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр У.Бгийн жолоодож явсан 30-49 ӨМӨ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийн чиргүүлийн багажны хайрцагт нуугдаж Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах Гашуун сухайт авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Б мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Би 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр БНХАУ-руу орж нүүрсээ буулгачхаад буцахдаа Г гэх хүнийг хилээр хууль бусаар нэвтрүүлсэн. Гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Намайг нүүрсээ буулгачхаад явж байхад Г орж ирээд “..хятад хүнд гадаад паспортоо булаалгасан, намайг ална гээд хятадууд хайгаад байна, та намайг яадаг ч байсан монгол руу гаргаад өг. Дүү нь хүний нутагт үхэх гээд байна..” гээд хувцас хунар нь шороо, тоос, цус нөжтэй хутгалдчихсан гүйж явахад нь аргагүй “сайхан монгол залуу хүний нутагт ингэж явах гэж” гэсэн өрөвдөх сэтгэл төрж, монгол улсын хилээр нэвтрүүлсэн.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Г мэдүүлэхдээ: “Би мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Хилийн зөрчлийг шалгасан нотломж /хх-ийн 6-8 дугаар хуудас/,
Хил зөрчигчийн бүртгэл /хх-ийн 9 дүгээр хуудас/,
Хил зөрчигчийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 10-19 дүгээр хуудас/,
У.Бгийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 20-28 дугаар хуудас/,
Хил зөрчигч /завдагч/-ийн авч явсан зүйл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 29-47 дугаар хуудас/,
Хил зөрчин саатуулагсдад зарцуулсан зардлын тайлан /хх-н 49 дүгээр хуудас/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 60-78 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 79-82 дугаар хуудас/,
Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 85-90 дүгээр хуудас/,
“Ашид билгүүн” ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 17/118 шинжээчийн дүгнэлт /хх-н 100-101 дүгээр хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Ц.Мөнхтайваны: “...манай 30-49 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хүн нуугдаж улсын хилээр нэвтэрсэн гэсэн. Тэгээд хилийн албан хаагчид манай 30-49 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглаж, хөдөлгөж болохгүй гээд бидэнд үлдээгээд явсан. Манай “Эс Эм Эс Ти” ХХК-ийн 30-49 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн байгаа шүүх хураан авч болзошгүй байгаа тул энэ машинаа бүрэн бүтэн буцаан авах хүсэлтэй байна.” /хх-н 127-128 дугаар хуудас/,
Гэрч Б.Бат-Эрдэнийн: “...тус хилийн зөрчлийн талаар дэд ахлагч Ж.Цолмон 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 21 цагийн үед өөрийн 99989637 дугаараас Гашуун сухайт автозамын шалган нэвтрүүлэх заставын орлогч ахмад Б.Мэндбаярын 88002024 дугаарт мессеж бичиж мэдэгдсэн. Ж.Цолмон нь Ч.Гы сууж явсан Эстима маркийн авто машинд сууж явсан ба хил зөрчигч Ч.Г нь өөрт болсон явдлын талаар ярихад нь мэдсэн. ...22 цаг 30 минутад ангиас хошууч Ц.Төрсайханаар ахлуулсан ахмад Б.Бат-Эрдэнэ, ахлах ахлагч Д.Гантөмөр нарын бүрэлдэхүүнтэй шуурхай бүлэг Цогтцэций сум руу хөдөлж Ч.Гыг саатуулж ангийн байрлалд авчирсан. Тэгээд Ч.Гд туслалцаа үзүүлсэн У.Бг Цагаан хад гэх газарт байхад нь саатуулж ангийн байрлалд авчирсан.” гэх мэдүүлэг /хх-н 140 дүгээр хуудас/,
Гэрч Д.Ариунболдын: “...2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр байлдагч Ган-Эрдэнийн хариуцсан 3 дугаар зам дээр орой 17-18 цагийн үед 30-49 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хүн нуугдан улсын хилээр хууль бусаар нэвтэрсэн гэж би сүүлд сонссон” гэх мэдүүлэг /хх-н 143 дугаар хуудас/,
Гэрч Б.Ган-Эрдэнийн: “...би 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 3 дугаар зам дээр үүрэг гүйцэтгэсэн. 30-49 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шалгасан эсэхийг би мэдэхгүй байна. Хилээр өдөрт маш олон тээврийн хэрэгсэл орж ирдэг” гэх мэдүүлэг /хх-н145 дугаар хуудас/,
Гэрч Ц.Цогбадрахын: “...тухайн өдөр 30-49 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний хариуцаж байсан 3 дугаар замаар орж ирэн тээврийн хэрэгслээ шалгуулаад миний суух 3 дугаартай кабинд баримт бичгээ шалгуулж 17 цаг 46 минутад Монгол Улсын хилээр нэвтэрсэн. Би зохих журмын дагуу тээврийн хэрэгсэл жолоодож явсан иргэний баримт бичгийг шалгахад ямар нэгэн зөрчил байгаагүй тэгээд би жолооч, тээврийн хэрэгслийг нь нэгдсэн бүртгэлд оруулан Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн.” гэх мэдүүлэг /хх-н 147 дугаар хуудас/,
Гэрч Б.Мэндбаярын: “...тухайн өдөр дэд ахлагч Ж.Цолмон өөрийн 99989637 дугаарын утаснаас миний 88002024 дугаарт мессеж бичин энэ талаар мэдэгдсэн. Ж.Цолмон нь эмнэлгийн чөлөө авч Улаанбаатар хот руу явж байхад хил зөрчигч Ч.Г нь нэг машинд цуг явж байгаад хилээр хууль бусаар нэвтэрсэн талаар ярьсан байсан. 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гарсан бүртгэлтэй боловч Монгол Улсын хилээр орж ирсэн бүртгэл байхгүй тул хил зөрчигчийг саатуулж 0131 дүгээр ангиас гарсан шуурхай бүлэгт хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг /хх-н 149 дүгээр хуудас/,
Гэрч Ж.Цолмонгийн: “...би 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ангийн даргаас чөлөө аваад Цагаан хаднаас саарал өнгийн “Эстима” маркийн машинд суусан. Тухайн үед машин жолооч, хил зөрчигч нэг настай ах, бас 3 эмэгтэй хамт явсан. Тэгээд суугаад 20 цагийн үед Улаанбаатар хот руу явж байхад хил зөрчигч буюу улаан куртиктай залуу өөрийгөө “өнөөдөр нүүрсний машинд нуугдаж хилээр орж ирсэн. Баримт бичиггүй, хятад рентгенд илрээгүй Монгол Улсын хил дээр баригдаагүй орж ирсэн. Баяртай байна хятадад хүнд барьцаалагдаж баримт бичгээ алдсан тэгээд нэг нүүрсний машины жолоочоос гуйж байгаад машинд нь нуугдаж орж ирсэн. Тэгээд сая хилээр гаргаж өгсөн хүндээ баярлаад архи авч өгч уусан” гэж ярихаар нь би өөрийн 99989637 дугаартай гар утаснаас заставын орлогч ахмад Б.Мэндбаярын 88002024 дугаарт мессеж бичиж энэ талаар мэдэгдсэн.” гэх мэдүүлэг /хх-н 155 дугаар хуудас/,
Ч.Гы оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 161-162 дугаар хуудас/,
У.Бгийн оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 165-166 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ч.Гы яллагдагчаар өгсөн: “...Баасанням гэх хүн надад нүүрсний машин барих санал тавьж би зөвшөөрөөд Уул гэх өвөр монгол хүнтэй уулзаж нүүрсний машин барихаар болсон. 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Монгол Улсаас гарсан. Тэгээд Ганц модонд нүүрсээ буулгаад байж байтал 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Уул гэх өвөр монгол хүн ирээд чиний найз Баасанням чинь миний машины 4 дугуй, 2 аккумулятор, паар, халуун тогоо зэргийг хулгайлаад зугтсан, чи найзыгаа олж ир гээд дарамтлаад миний баримт бичгийг авсан. Тэгээд 2017 оны 12 дугаар сарын 09-ний орой үл таних хятад 2 хүн намайг зодоход 3 монгол хүн ирж салгасан. Тэгээд би “Бигэр номун хан” нэртэй зочид буудалд нуугдаж байгаад 2017 оны 12 дугаар сарын 11-ний өглөө Бтай таараад болсон зүйлийнхээ талаар ярьж, намайг хилээр нуугаад аваад гараач гэж гуйсан. 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн үдээс хойж Б залгаад гаръя гэсэн. ...хилийн наана би Бгийн машины чиргүүлийнх нь баруун талын багажны хайрцагт орж нуугдаад 17-18 цагийн үед эхлээд Хятадын хилээр дараа нь Монгол Улсын хилээр гарсан. Тухайн үед 2 улсын хилээр нэвтэрэхэд шалгаагүй. Би Б ахад баярлалаа гээд хоол, нэг шил архи авч өгсөн. Тэгээд Улаанбаатар хот руу “Эстима” маркийн машинд явж байгаад баригдсан.” гэх мэдүүлэг /хх-н 172 дугаар хуудас/,
Шүүгдэгч У.Бгийн яллагдагчаар өсгөн: ”...Ч.Г ирээд “ахаа намайг Монгол руу аваад орооч тэгэх үү, миний гадаад паспортыг хятад хүн авчхаад ална гээд хөөгөөд байна” гэсэн. Гыг харахад хувцас нь шороо болчихсон, нүдэнд нь нулимс цийлэгнэчихсэн, хоолой нь зангираад маш өрөвдөлтэй харагдсан учир Монгол залууд тусалъя гэж бодоод авч явахаар болсон. Ч.Г миний машины чиргүүлийн баруун талын багажны хайрцагт орж нуугдсан. Тэгээд эхлээд Хятадын хилээр дараа нь Монгол Улсын хилээр гарахад шалгаагүй. Бид Цагаан хаданд ирж Г надад хоол, нэг шил “Ерөөл” архи авч өгсөн. Тэгээд удалгүй “Эстима” машинд суугаад Улаанбаатар хот руу явсан” гэх мэдүүлэг /хх-н 177 дугаар хуудас/,
Ч.Гы ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 179 дүгээр хуудас/,
У.Бгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 180 дугаар хуудас/,
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1230 дугаартай шийтгэх тогтоол /хх-н 183 дугаар хуудас/,
Шүүгдэгч У.Б, Ч.Г нарын Монгол Улсын хил нэвтэрсэн талаарх дэлгэрэнгүй лавлагаа /хх-н 194-196, 199 дүгээр хуудас/,
Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-н 214-215 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд:
Монгол Улсын нутаг дэвсгэрийн хязгаарыг газрын гадаргуу, усны мандал дээр хил залгаа улсын нутаг дэвсгэрийн хязгаараас залгаа Монгол Улсын Олон улсын гэрээгээр тодорхойлж, тогтоосон шугамыг Монгол Улсын хил гэх бөгөөд Монгол Улсын хилийг газрын хэвлийгээр нэвтэрснийг хууль бусаар улсын хил нэвтэрсэн гэж үзнэ. Тус гэмт хэрэг нь улсын хилээр хууль бусаар орох буюу гарах үйлдэл хийснээр төгсдөг. Иймд:
Шүүгдэгч У.Б нь 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр жолоодож явсан 30-49 ӨМӨ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийн чиргүүлийн багажны хайрцагт Ч.Гыг нуун Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах Гашуун сухайт авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтэрсэн,
Шүүгдэгч Ч.Г нь 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр У.Бгийн жолоодож явсан 30-49 ӨМӨ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийн чиргүүлийн багажны хайрцагт нуугдаж Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах Гашуун сухайт авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэгт тус тус гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэлээ.
Иймд шүүгдэгч У.Б, Ч.Г нарыг бүлэглэн Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан, 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б, Ч.Г нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн талаар өөрийгөө илчилсэн, иргэний нэхэмжлэгч Ц.Мөнхтайван нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч У.Б, Ч.Г нарт тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тус хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар тэнсэгдсэн хугацаанд шүүгдэгч нарыг Монгол Улсын хилээр нэвтрэх эрхийг хязгаарлах албадлагын арга хэмжээг авах нь зохимжтой гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, У.Б, Ч.Г нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 324,950 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Хилийн төлөөлөгчийн газарт олгуулахыг тус тус дурдах нь зүйтэй.
2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгож, 30-49 ӨМӨ улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгсэл, 54-45 БЧ улсын дугаартай чиргүүлийг “Эс Эм Эс Ти” ХХК-нд буцаан олгох нь зүйтэй.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ч.Г, У.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тайжууд овогт Чимгээгийн Г, Егөс овогт Угтаабаярын Б нарыг бүлэглэн Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т тус тус зааснаар
- Шүүгдэгч Угтаабаярын Бг хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнсэгдсэн хугацаанд Монгол Улсын хилээр нэвтрэх эрхийг хязгаарлах албадлагын арга хэмжээг,
– Шүүгдэгч Чимгээгийн Гыг хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнсэгдсэн хугацаанд Монгол Улсын хилээр нэвтрэх эрхийг хязгаарлах албадлагын арга хэмжээг тус тус оногдуулсугай.
3. Шүүгдэгч У.Б, Ч.Г нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд шүүхээс оногдуулсан хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн бол албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг тайлбарласугай.
4. Эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч У.Бд хяналт тавихыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэл газарт, Ч.Гд хяналт тавихыг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.
5. 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн мөрдөгчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгож, 30-49 ӨМӨ улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгсэл, 54-45 БЧ улсын дугаартай чиргүүлийг эзэмшигч “Эс Эм Эс Ти” ХХК /РД:5415292/-д буцаан олгосугай.
6. Шүүгдэгч Ч.Г, У.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 324,950 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Хилийн төлөөлөгчийн газарт олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд У.Б, Ч.Г нарт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд У.Б, Ч.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН