| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзий-Отгон |
| Хэргийн индекс | 144/2018/0010/Э |
| Дугаар | 16 |
| Огноо | 2018-01-24 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 16
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өлзий-Отгон даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг,
Улсын яллагч Д.Ганчимэг,
Хохирогч М.Амартүвшин,
Хохирогчийн өмгөөлөгч Б.Энхбат,
Иргэний хариуцагч “Ханбогд Хурд” ХХК-ийн төлөөлөгч С.Баттүвшин,
Иргэний хариуцагч “Ханбогд Хурд” ХХК-ийн өмгөөлөгч Ж.Оюунболд,
Иргэний хариуцагч “Их Өлзийт Цагаан Уул” ХХК-ийн төлөөлөгч Д.Анхчимэг,
Иргэний хариуцагч “Их Өлзийт Цагаан Уул” ХХК-ийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх,
Шүүгдэгч Т.М нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Түвшинжаргалын Мт холбогдох 1729001010004 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.М нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өглөө 06 цагийн орчимд 20-38 ӨМӨ улсын дугаартай, Юутон /YUTONG/ маркийн тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас явган зорчигч М.Амартүвшинг шүргэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.М мэдүүлэхдээ: “Би 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өглөө 04 цагт компанийн байрнаас ажилчдын автобусанд сууж, Оюутолгойн уурхай руу очиж өөрийн жолооддог 20-38 ӨМӨ дугаартай автобусыг хүлээж аваад 05 цаг 15 минут гэхэд шөнийн ээлжээс бууж байгаа ажилчдыг суулгаад, өөрөө жолоодоод Ханбогд суманд ирсэн. Тэгээд эргээд 06 цаг 30 минутын үед хамгийн эхний буудал болох Ундайн голын буудлаас хүмүүсээ суулгаж явсаар “Овоогийн Говь”-ийн буудал дээр ирсэн. Тэр үед толиндоо эргэн тойрныг харахад ямар нэг асуудалгүй харагдсан бөгөөд би байнга толиндоо харж явсан. Тэндээс хөдлөөд хэрэг гарсан буудал руу чиглээд явсан. Тийшээ очиход уулзвараар зүүн гар тийш эргэдэг. Эргэх үед уулзварын цаана 4-5 ажилтан зогсож байгаа харагдсан. Тэр хүмүүс яг автобусны буудал дээрээ биш буудлаасаа зүүн тийш 50 метр зайд замын асфальтын хажуугийн шороон хөвөөний орчим зогсож байсан. Автобусны буудал дээр зогсож байсан хүмүүсийг өнгөрөөд зогссон. Тэнд зогсоод толиндоо хартал буруу талын ар талын багажны хаалга нээгдээд дэлгэгдчихсэн байхаар нь бууж очоод хаах гэтэл нэг хүн уначихсан бусад нь хажууд нь босгох гээд байж байсан. Унасан хүний нүүр ам гэмтчихсэн байсан.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Амартүвшин мэдүүлэхдээ: “2017 оны 11 дүгээр сарын 30-ны өглөө ажилдаа явах гээд автобусны зогсоол дээрээ автобусаа хүлээгээд зогсож байсан. Өглөө эрт байсан учраас харагдах орчин муу байсан. Автобус их хүчтэй ирээд л зогсох шиг болсон. Тэгтэл намайг унагаачихсан. Надад учирсан хохирлыг барагдуулчихвал өөр гомдол санал байхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч “Ханбогд Хурд” ХХК-ийн төлөөлөгч С.Баттүвшин мэдүүлэхдээ: “Компанийн зүгээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч “Их Өлзийт Цагаан Уул” ХХК-ийн төлөөлөгч Д.Анхчимэг мэдүүлэхдээ: “”Ханбогд Хурд” ХХК-д манай компани автобусаа түрээсэлдэг. Хөдөлмөр халамжийн зааварчилгаа болон дотоод асуудалд манайх оролцдоггүй. Мөн жолоочийг манай компаниас томилоогүй” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-11 дүгээр хуудас/,
Хохирогч М.Амартүвшин /РД:КЙ82071271/-н: ”...би 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өглөө “Оюу толгой”-н уурхай руу ажилдаа явахаар Ханбогд сумын төвийн баруун хойд захын автобусны зогсоол дээр 5 хүний хамт автобус хүлээж байсан. 06 цаг 20 минутын үед бидний сууж явах ёстой автобус ирсэн. Тэр автобус нэлээд хурдтай явсан бөгөөд хүн нь дүүрчихсэн, энд зогсолгүй явах нь гэж бодтол бидний хажуугаар өнгөрөх үед би ямар нэгэн зүйлд нүүрээрээ цохигдох шиг болоод би газарт уначихсан. Тэгээд хамт байсан Дорждагва нар намайг өндийлгөж босгосон. Юманд цохигдоод миний шүднүүд уначихсан, ам завж хэсгээрээ мөн уруулын дээд талд урагдаж сэтэрсэн байсан. Тэгээд онгоцоор Улаанбаатар хот хүргэгдэж эмчилгээ хийлгэсэн. Тухайн явдлаас болж миний доод эрүүний нийт 10 шүд унаж, хоёр талын эрүү хугарч хадуулсан, завж уруул урагдаж оёдол тавиулсан. Тэр явдлаас болж ажлаа хийгээгүй, гэрээр эмчилгээ хийлгээд гэрээр байна. Миний биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан. Тухайн үед хажуугаар ирж зогссон автобусны баруун гар талын тээшний хаалганд нүүрээрээ оногдож гэмтсэн гэдгээ мэдсэн. Тээшний хаалга сөхөгдсөн явж байхад нь би оногдож гэмтсэн юм билээ. Осол болох үед гэгээ ороогүй харанхуй байсан. Автобус урд их гэрлээ асааж хөдөлгөөнд оролцож явсан. Миний санаж байгаагаар хажуудаа оврын гэрэлгүй л явж байсан шиг санагдаж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 дүгээр хуудас/,
Иргэний хариуцагч “Ханбогд Хурд” ХХК-ийн төлөөлөгч С.Баттүвшингийн: ”....ослын үед 20-38 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал хэвийн байсан бөгөөд тухайн тээшний хаалга бүрэн хаагдаагүй дутуу хаагдсан нь замын эргэлт дээр нээгдсэнийг жолооч мэдээгүй осол гарсан. Бид туршилт хийж үзэхэд дутуу хаагдсан үедээ эргэлт дээр тээшний хаалга нээгдэж байсан, харин бүрэн хаасан тохиолдолд нээгдэхгүй байсан. ...Т.М нь “Ханбогд Хурд” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан жолоочоор ажилладаг. ...болсон осол хэргийн талаар тодорхой ойлголттой байгаа, мөн ажил хариуцаж байгаагийн хувьд намайг иргэний хариуцагчаар татахад миний зүгээс татгалзах зүйлгүй. Ослын улмаас тээврийн хэрэгсэлд ямар нэгэн мөнгөөр илэрхийлэгдэх эвдрэл хохирол учраагүй. Хохирогч М.Амартүвшингийн гаргаж буй нэхэмжлэлтэй танилцлаа. Компанийн удирдлагад танилцуулж асуудлыг ярилцъя гэж бодож байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
Гэрч Б.Бямбын: “...осол болсон өглөө Оюу толгой руу ажилдаа явахаар автобус хүлээгээд зогсож байхад нэг автобус уулзвараар эргээд бидэн рүү чиглээд явахад нь нэлээд хурдтай явах шиг санагдсан. Би зогсож байсан газраасаа бага зэрэг хойшилсон. Тэгтэл хүн дуугарах шиг болсон. Хартал бидэнтэй хамт байсан Амартүвшин газар уначихсан харагдсан. ...сүүлд Амартүвшинг унасныг харахад автобусны баруун талын тээшний хаалга сөхөөтэй харагдаж байсан”. гэх мэдүүлэг /хх-н 32 дугаар хуудас/,
Гэрч О.Дорждагвын: “...тэр автобусыг зогсохоос өмнө миний куртикний малгайны зүүн хажууг нэг юм шүргээд өнгөрөх шиг болсон. Би тэгэхэд автобус өнгөрч зогсох нь гэж ойлгоод баруун тийшээ чиглээд нэг, хоёр алхаж байсан. Тэгтэл ард нэг юм дуугарсан. Эргээд хартал Амартүвшин газар уначихсан байсан.” гэх мэдүүлэг /хх-н 33-35 дугаар хуудас/,
Гэрч Д.Анхчимэгийн: “...осолд холбогдсон 20-38 ӨМӨ улсын дугаартай “Юутонг” маркийн тээврийн хэрэгсэл нь манай “Их Өлзийт Цагаан Уул” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байдаг. Энэ тээврийн хэрэгслийг манай компани “Ханбогд Хурд” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж ашиглуулдаг. Манай компани уг тээврийн хэрэгслийг 2013 оны сүүлийн хагас жилээс хойш одоог хүртэл “Ханбогд Хурд” ХХК-нд түрээсэлж байгаа.” гэх мэдүүлэг /хх-н 31 дүгээр хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 06 дугаартай шинжээчийн “...М.Амартүвшингийн биед доод эрүүний хоёр талын их биеийн зөрүүтэй хугарал, баруун зүүн завж, дээд уруулд шарх, 10 шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх шүдний хугарал гэмтэл цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 25 хувиар алдагдуулна. Бусад гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 38 дугаар хуудас /,
Зам тээврийн осол дээр тогтоосон шинжээчийн дүгнэлт, схем зураглал /хх-н 46-47 дугаар хуудас,
Шүүгдэгч Т.Мийн яллагдагчаар өгсөн: “...би “Ханбогд Хурд” ХХК-нд 2016 оны 11 дүгээр сард ажилд орсон. Ажилд орсон цагаасаа эхлэн 20-38 ӨМӨ улсын дугаартай Юутонг маркийн автобусны жолоочоор ажиллаж байна. 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өглөө 04 цагт компанийн байран дээрээс ажилчдын автобусанд сууж Оюутолгойн уурхай руу очиж өөрийн жолооддог 20-38 ӨМӨ улсын дугаартай Юутонг автобусыг хүлээж аваад 05 цаг 15 минутад шөнийн ээлжнээс бууж байгаа ажилчдыг суулгаад Ханбогд суманд ирсэн. Тэгээд эргээд 06 цаг 30 минутад Оюу толгойн гал тогооны ажилчдыг аваад хүргэх хуваарьтай байсан. Тэгээд 06 цаг 10 минутын үед хамгийн эхний буудал Ундайн голын буудлаас хүмүүсийг суулгаж явсаар “Овоогийн говь” буудал дээр ирсэн. Тэр үед толиндоо эргэн тойрныг харахад ямар нэг асуудалгүй /багажны таг хаалттай/ харагдсан. Тэндээс хөдлөөд хамгийн сүүлийн буудал болох хэрэг болсон газар руу чиглээд явсан. Тийшээ очиход уулзвараар зүүн гар тийш эргэдэг юм. Эргэх үед уулзварын цаана 4-5 хүн зогсож байгаа харагдсан. Тэр хүмүүс яг автобусны буудал дээрээ биш буудлаасаа зүүн тийш 50 орчим метрийн зайд замын асфальтын хажуугийн шороон хөвөөний орчим зогсож байсан. Би тэдний хажуугаар өнгөрөөд автобус зөвхөн урд хаалгаараа бууж суудаг тул замаа чөлөөлөөд зогссон. Гэхдээ яг буудал дээр хүрэлгүй зогссон. Тэр зогсож байсан хүмүүстэй урд хаалгаа харалдаа зогссон бол миний автобусны бөгс уулзварын ойрхон зогсчих гээд байсан болохоор тэднийг өнгөрч зогссон юм. Тэнд зогсоод толиндоо хартал баруун талын багажны хаалга нээгдээд дэлгэгдчихсэн байхаар нь бууж очоод хаах гэтэл нэг хүн уначихсан бусад нь хажууд босгох гээд байж байсан. Унасан хүний нүүр ам гэмтчихсэн байсан. Тэгээд би ахлах ажилтандаа мэдэгдээд цагдаад дуудлага өгсөн. Нөгөө гэмтсэн хүн эмнэлэг рүү явсан. Тэр хүн миний унаж явсан автобусны багажны дэлгэгдсэн хаалганд цохигдож гэмтсэн юм билээ. Би түүнийг анх мэдээгүй, хаалга дэлгээтэй явсныг ч мэдээгүй. Хохирогч М.Амартүвшингийн эмчилгээний зардалд 1,360,000 төгрөг өгсөн. Цаашдаа ч гэсэн тэр хүнд учирсан хохирлыг барагдуулна гэж бодож байгаа.” гэх мэлүүлэг /хх-н 57-58 дугаар хуудас/,
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян багийн Засаг даргын тодорхойлолт /хх-н 60 дугаар хуудас/,
Т.Мийн арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаар мэдээлэл /хх-н 62-71 дүгээр хуудас/,
“Ханбогд Хурд” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-н 76 дугаар хуудас/,
“Ханбогд Хурд” ХХК-ийн захирлын тушаалын хуулбар /хх-н 77 дугаар хуудас/,
Т.Мийн “Ханбогд Хурд” ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх-н 78-80 дугаар хуудас/,
“Оюу толгой” ХХК-ийн техникийн үзлэгийн хуудас /хх-н 86-95 дугаар хуудас/,
“Ханбогд Хурд” ХХК-ийн “Их Өлзийт Цагаан Уул” ХХК-тай байгуулсан 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ТГ№016/2016/3 дугаартай тээврийн хэрэгслийн түрээсийн гэрээний хуулбар /хх-н 96-98 дугаар хуудас/,
Тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Т.Мийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-н 99 дүгээр хуудас/,
Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-н 101 дүгээр хуудас/,
Хохирогч М.Амартүвшингийн иргэний нэхэмжлэл, хохирол төлбөртэй холбоотой баримтууд /хх-н 103-138 дугаар хуудас/,
Хохирогч М.Амартүвшингийн хувийн байдалтай холбоотой баримтууд /1 дүгээр хавтас 139-250, 2 дугаар хавтас 1-12 дугаар хуудас/,
Шүүгдэгч Т.Мээс хохирогч М.Амартүвшинд 1,360,000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны орлогын мэдүүлэг /2 дугаар хх-н 15-16 дугаар хуудас/,
Т.Мийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2 дугаар хуудас хх-н 18 дугаар хуудас/,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 16 дугаартай шүүгчийн захирамж /2 дугаар хх-н 51 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд
Шүүгдэгч Т.М нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өглөө 06 цагийн орчимд 20-38 ӨМӨ улсын дугаартай, Юутон /YUTONG/ маркийн тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцох үедээ Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас явган зорчигч М.Амартүвшинг шүргэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутай болох нь
- Зам тээврийн осол дээр тогтоосон шинжээчийн “а/ Ослын үед YOTONG маркийн 20-38 өмө улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Түвшинжаргал овогтой М МУ-ын ЗХД-ийн 1.5 дахь хэсэгт “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 2.3 дахь хэсэгт “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс уг осол гарсан байна” гэх дүгнэлт,
- Гэрч Б.Бямба, О.Дорждагва нарын мэдүүлэг,
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Т.Мийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Энэ хэргийн улмаас хохирогч М.Амартүвшингийн биед хүндэвтэр гэмтэл учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 06 дугаартай шинжээчийн “...М.Амартүвшингийн биед доод эрүүний хоёр талын их биеийн зөрүүтэй хугарал, баруун зүүн завж, дээд уруулд шарх, 10 шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх шүдний хугарал гэмтэл цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 25 хувиар алдагдуулна. Бусад гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлтээр тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9 дэх хэсэгт зааснаар хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх эрхтэй гэж заасан бөгөөд М.Амартүвшин нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахтай холбогдон гарсан зардал-1,649,804 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин-3,068,772 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардал дахин хагалгаанд орох-507,960 төгрөг, хиймэл шүд суулгах зардал-20,000,000 төгрөг, мөн өмгөөлөгчид хөлс төлсөн-1,000,000 төгрөг, нийт 26,220,536 төгрөгийг холбогдох этгээдээр төлүүлэхээр нэхэмжилжээ./1 дүгээр хх-ийн 103 дугаар хуудас/
Хохирогч М.Амартүвшин нь шүүхийн хэлэлцүүлэгт “Шүүгдэгч Т.Мээс 1,505,000 төгрөгийг хохиролд өгсөн тул энэ мөнгийг нийт хохирол төлбөрөөс хасч, үлдэгдэл 24,715,536 төгрөгийг нэхэмжилнэ.” гэж мэдүүлжээ. Хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан гаргасан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Эмчилгээ хийлгэсэнтэй холбогдон гарсан зардлуудын баримтыг эх хувиар хавсаргасан /1 дүгээр хх-ийн 106-139 дүгээр хуудас/ байх ба нийт үнийн дүн 1,497,905 төгрөг болж байна. Харин ажлаа хийх боломжгүй 4 сарын хугацааны цалин 3,068,772 төгрөг, цаашид дахин хагалгаанд орох төлбөр 507,960 төгрөг, хиймэл шүд суулгах зардал 20,000,000 төгрөгийн нэхэмжлэл нь нотлох баримтаар тогтоогдох боломжгүй байна. Учир нь М.Амартүвшингийн эрүүл мэндийн шалтгаанаар ямар хугацаагаар ажлаас чөлөөлөгдсөн тухай баримт, дахин ямар төрлийн хагалгаанд, ямар төлбөр төлж орох талаар холбогдох эмнэлгийн дүгнэлт байхгүй, 2018.01.04-ний өдрийн 01 дугаартай “Танан Хэлхээ” ХХК-ийн магадлагаа нь хиймэл шүд хийлгэх төлбөрийн талаар дурдсан боловч тус компани нь эмнэлгийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй эсэх, хохирогч М.Амартүвшинг зайлшгүй имплант шүд суулгах шаардлагатай эсэх талаарх эмчийн дүгнэлт зэрэг баримтууд хэрэгт авагдаагүй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мээс 1,505,000 төгрөгийг хохиролд төлсөн байх тул хохирогч М.Амартүвшингийн эмчилгээ хийлгэсэн бодит зардал 1,497,905 төгрөгийн нэхэмжлэл хангагдсан гэж дүгнэв. Тус хуулийн 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ажлаа хийх боломжгүй 4 сарын хугацааны цалин 3,068,772 төгрөг, цаашид дахин хагалгаанд орох төлбөр 507,960 төгрөг, хиймэл шүд суулгах зардал 20,000,000 төгрөг, нийт 23,576,732 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь шүүхээр хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлийг, мөн гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахтай холбогдон цаашид гарах зардлыг тус тус нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг шийдвэрт дурдах нь зүйтэй.
Харин хохирогч М.Амартүвшин нь хуульд заасан эрхээ хэрэгжүүлж шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцуулж, түүнд хөлс төлсөн явдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заагдсан хохирол, хор уршигт тооцогдохгүй тул өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Механикжсан тээврийн хэрэгслийн улсын бүртгэл, шилжилт хөдөлгөөний талаарх мэдээллийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд заавал хамааруулах бөгөөд Монгол улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж байгууллага, хувь хүн тээврийн хэрэгсэл өмчилж авснаас хойш 72 цагийн дотор, ашиглалтаас хассанаас хойш нэг сарын дотор бүртгүүлэх ба бүртгэлийн байгууллага тээврийн хэрэгслийг бүртгэж, гэрчилгээ олгоно. Иймд тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчийг тогтоох гол үндэслэл болно. Шүүгдэгч Т.Мийн жолоодож явсан 20-38 ӨМӨ улсын дугаартай, Юутон /YUTONG/ маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч “Их Өлзийт Цагаан Уул” ХХК болох нь Тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрчилгээгээр тогтоогдож байна гэж үзэв./1 дүгээр хх-ийн 99, 101 дүгээр хуудас/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.”, 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.” гэж зааснаар шүүгдэгч Т.Мийн жолоодож явсан 20-38 ӨМӨ улсын дугаартай, Юутон /YUTONG/ маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч “Их Өлзийт Цагаан Уул” ХХК нь хохирогчид учирсан гэм хорыг арилгах үүрэгтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан үндэслэл болох анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох саналын хэмжээнд торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон хураагдсан эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Т.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тайж овогт Түвшинжаргалын Мийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Мт 450 /дөрвөн зуун тавь/-н нэгж буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мт оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/-н нэгж буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.Амартүвшингийн гаргасан 23,576,732 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь шүүхээр хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлийг, мөн Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахтай холбогдон цаашид гарах зардлыг тус тус нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мээс 1,505,000 төгрөгийг хохирогчид төлсөн болохыг дурдаж, 1,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
7. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй Т.Мийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, иргэний хариуцагчаар “Ханбогд Хурд” ХХК-г тогтоосон 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Т.Мт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Т.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН