| Шүүх | Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогт-Очирын Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 2022002570001 |
| Дугаар | 2023/ДШМ/20 |
| Огноо | 2023-07-21 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Ч.О |
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 2023/ДШМ/20
*******од холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч даргалж, шүүгч , нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:
Прокурор *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Шүүгдэгч *******
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч *******
Нарийн бичгийн дарга нарыг оролцуулан,
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч даргалж, шүүгч , нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 20 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 20/ШЦТ/65 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор шүүгдэгч *******од холбогдох 2022002570001 дугаартай эрүүгийн хэргийг 20 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч ийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: ******* овогт *******ын Э, Монгол Улсын иргэн, 1981 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Дундговь аймгийн Луус суманд төрсөн, 42 настай эрэгтэй, бага боловсролтой, барилгын өрлөг угсралт мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй /РД:/.
Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар баг тоотод хойд эцэг тай маргалдсаны улмаас түүний биед халдаж алсан, мөн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Сайнцагаан сумын 6 дугаар багийн Боржигоны дугаар гудамжны 6 тоотод хойд эцэг тай маргалдаж түүний биед “духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Дундговь аймгийн Прокурорын газраас: Шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч *******од холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******од 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 152 /нэг зуун тавин хоёр/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож хасаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өөрт учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг зааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар хөх өнгийн юүдэнтэй цамц 1 ширхэг, цагаан өнгийн фудволк, цэнхэр өнгийн бэлтгэлийн өмд, цайвар саарал өнгийн дотуур өмд, хар хөх өнгийн турсик, хар өнгийн оймс 1 хосыг устгуулахаар Дундговь аймгийн шүүхийн тамгын газарт шилжүүлж, металл бөгж 1 ширхгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д буцаан олгож, Сиди 1 ширхгийг *******од холбогдох эрүүгийн 2022002570001 дугаартай хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******од урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа:
1.Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тухай
... Шүүхээс шүүгдэгчийн гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй бөгөөд цагаатгах талын нотлох баримтыг хуульд заасан журмаар бодитой үнэлээгүй, яллах талыг хэт баримталж хэргийг шударгаар шийдвэрлэж чадаагүй байна.
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэл нь шүүгдэгчийн хууль бус үйлдэл, эс үйлдэл, хор уршиг, шалтгаант холбоог зайлшгүй нотолсон байх ёстой. Гэтэл энэ талаарх нөхцөл байдал огт нотлогдоогүй буюу шүүхээс “байж болзошгүй нөхцөл байдал буюу таамаглалаар” шүүгдэгчийг ялласан гэж дүгнэж байна.
Тайлбарлавал шүүгдэгчийн болон гэрчүүдийн зүгээс амь хохирогчтой маргасан үйл баримтын талаар мэдүүлдэг боловч маргаан үүсэх үед маргалдагч талуудыг салгасан, үйлдлийг хориглосон, хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлыг шууд нотлох гэрчүүдийн анхны мэдүүлгээр амь хохирогчийн хоолойг “багалзуурдсан” үйлдэл хийгээгүй гэж мэдүүлдэг.
Хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн анхны буюу 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн мэдүүлгээр “амь хохирогч болон шүүгдэгч нар нь өөд өөдөөсөө хараад зууралдсан, хувцасныхаа энгэр хэсгээр зууралдсан байсан" /ХХ16-19/ гэж, насанд хүрээгүй гэрч 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн анхны мэдүүлэгт “аав хойно байх өвөө, эмээгийн байшингаас гарч ирсэн. Араас нь өвөө гараад ирсэн, тэр 2 хэрэлдээд байсан, ...Тэгээд би аавыг боль боль гээд гэр рүү аваад орсон”, 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн мэдүүлэгт “...тэгтэл өвөө аавын өмсөж явсан ажлынх нь цамцнаас зуураад татаад байсан. Гэтэл аав тавиадах гээд өвөөгийн өмсөж байсан футболкноос нь заамдаад авсан, би дундуур нь орж аавыг салгасан, ... аав өвөөгийн хоолойг боогоогүй заамдсан байсан'' гэсэн байна.
Түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн анхны буюу 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн мэдүүлгээр “би аавынхаа байшин руу орсон. Тэгээд хойд орон дээр суусан, би аавын нурууг илээд “та даралтын эм ээ уух уу” гэсэн чинь “би уучихсан” гэж хэлсэн, 10 цагт уудаг гэсэн",
2020 оны 09 дүгээр сарын 29-ний мэдүүлэгт аав хартал орон дээр сууж байснаа байшингийн зүүн урд буланд байх өлгүүр рүү алхаж хар цамцаа авах үед зүүн хөл нь чичрээд байгаа юм шиг харагдсан, тэгээд цамцаа өмсчхөөд гэрийн хаалгаар үүдний тамбар хэсэг рүү гарахад түр тар гэх чимээ гарахаар нь очоод үзтэл .... хэвтэж байсан”
2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн мэдүүлэгт “тухайн үед аавыг “өвөө гэртээ ор” гэж хэлээд оруулсан, аав гэрт ороод Дөлгөөн гээд хамаатны дүүгийн 88335501 дугаар руу залгасан боловч дүү нь утсаа аваагүй юм, тэгээд ... өлгүүрээс цамцаа авч өмсчхөөд за за чи бүгдийг нь ав гэж хэлчхээд доошоо тонгойж миний охины памперсыг аваад гарсан”, гэж тус тус мэдүүлсэн.
Шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгүүдийг зөрүүтэй, олон удаа өөрчлөгдсөн гэдэг боловч дээрх мэдүүлгүүдэд анхнаасаа илэрхийлсэн бодитой гэж дүгнэх үйл явдал нь “1. Маргалдагч талууд футболк, хувцаснаасаа барилцсан, 2. амь хохирогч шүүгдэгчтэй маргаан үүсгээд салсны дараа 15 минут орчим идэвхтэй үйл хөдөлгөөн хийж, ярилцаж, маргаж байсан’’ гэдэг нь нотлогдож байна.
Энэ нь бүх шинжээчдийн дүгнэлтэд туссан амь хохирогч механик амьсгал бүтэлтэд орвол идэвхтэй хөдөлгөөн хийх боломжгүй, үг дуугарах боломжгүй, онолын хувьд рефлексээрээ ганц нэг үг хэлэх, хөдөлгөөн хийх боломжтой, механик амьсгал бүтэлт нь түргэн үхлийн шинжтэй гэдэг дүгнэлттэй зөрчилдөж байгаа ба амь хохирогчийн үхлийн шалтгаан нь механик амьсгал бүтэлт гэж үзэхэд үндэслэл бүхий хамгийн чухал эргэлзээг төрүүлж байгаа юм.
Нөгөөтээгүүр амь хохирогч, шүүгдэгчийн хоорондох маргаан, зууралдсан үйлдэл нь үхэлд хүргэх хэмжээний үйлдэл биш байсан гэдэг нь харагдаж байна... хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 3 дахь удаагийн мэдүүлэгт өөрчлөлт оруулж, мэдүүлээгүй олон нөхцөл байдлыг нэмсэн, мэдүүлгийг сольж гарын үсэг зуруулсан талаар гомдол гаргаж, уг мэдүүлэгт дурдсан зүйлийг мэдүүлээгүй гэсэн байдаг. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг зөрүүтэй, өөрчлөгдсөн гэж тайлбарладаг ч 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн анхны мэдүүлгийн агуулга хэргийн явцад өөрчлөгдөөгүй бөгөөд амь хохирогчийн маргааны дараах гэртээ ороод хийсэн үйлдэл, хувцаснаас зууралдсан гэсэн нь бодит байдалд нийцнэ гэж дүгнэхээр байна.
Мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчид эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжлохыг хориглоно”, 2-т “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа тэдэнтэй хүнлэг бусаар харьцаж, нэр төр, алдар хүнд, бие махбод, сэтгэл санаанд хохирол учруулах арга хэрэглэхийг хориглоно” гэж заасан байтал мөрдөгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс мэдүүлэг авахдаа "хүүхэд чинь хэдэн настай вэ, хүүхдээ харах хүн олоорой, одоо чамайг цааш нь аваачиж хийнэ” гэх зэргээр сэтгэл санааны дарамт, айдас төрүүлж асуусан талаар мэдүүлсээр байхад энэ талаар шүүхээс огт бодитой дүгнэлт хийлгүй мөрдөгч ын “Би г эрүүдэн шүүгээд айлган сүрдүүлээд байсан асуудал огт байхгүй” гэсэн мэдүүлэгт хөтлөгдсөн өрөөсгөл дүгнэлт хийсэн байна.
2. Шүүхээс хэт яллах талыг баримталж шинжээчийн дүгнэлтийн эргэлзээ бүхий байдалд үнэлэлт дүгнэлт өгөөгүй талаар
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлд заасан Шинжээчийн эрх, үүрэг хэсгийн 1.1-д “хавтаст хэргийн материалаар шинжилгээ хийх тохиолдолд хавтаст хэргийн материалаас шинжилгээ хийх зүйлд холбогдох хэсэгтэй танилцах” гэж заасан ба Шинжээчид нь дээрх асуудлаар дүгнэлт гаргахдаа хэргийн материалтай бүхэлд нь танилцаагүй, зөвхөн цогцост хийсэн үзлэг, шинжээчдийн үхлийн шалтгаан тогтоосон дүгнэлтийг баримтлан дүгнэлт гаргасан гэдэг нь шүүх хуралдааны үед шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн асуултад хариулахдаа өмгөөлөгчөөс “амь хохирогчийн хувцас, эд зүйлд гэмтэл байсан уу?” гэж асууснаар нотлогддог.
Шинжээч нь дүгнэлт гаргахдаа гэрчүүдийн мэдүүлгээс хэрэгт ач холбогдолтой хэсэг, амь хохирогчийн хийсэн үйл хөдлөл байгаа тохиолдолд амьсгал бүтэлт гэж үзэх боломжтой эсэх, хувцас эд хэрэгсэлд гэмтэл, урагдал суналт үүссэн эсэх, биологийн дээж хувцас, эд хэрэгсэлд байгаа эсэхээс шалтгаалан бүх талаас нь үнэн бодитой, бүх нөхцөлийг магадлан шалгаж, харьцуулсны үндсэн дээр дүгнэлт гаргах ёстой байсан ч хэргийн материалтай бүхэлд нь танилцалгүй, анхны дүгнэлтийг батлах талаас ажилласан нь буруу байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, 2-т “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно'' гэж заасан байтал зөвхөн яллах талаас нь хэргийг шалгаж, цагаатгах, гэм буруугүйг тогтооход ач холбогдолтой дээрх нөхцөл байдлуудыг үгүйсгэх нотлох ажиллагаа огт хийгээгүй, баримтыг хэрэгт бүрдүүлэлгүйгээр ялласан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1-д "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” Мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13-д “Шүүх, прокурор, мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ", 14-д “Нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэж заасан.
Иймээс шинжээчдийн дүгнэлтийг дангаар нь үнэлж гэм бурууг тогтоох нь үндэслэлгүй, шийдвэрийн үндэслэл болохгүй гэж үзэж байна.
Тайлбарлавал хэрэгт авагдсан 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 59 дугаартай, 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 72 дугаартай, 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 761 дугаартай, 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 693 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд дараах байдлаар эргэлзээтэй, зөрүүтэй байна. Үүнд:
1. Амь хохирогчийн үхлийн шалтгааныг механик амьсгал бүтэлт бөгөөд түргэн үхлийн шинжтэй гэсэн боловч хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр шүүгдэгч болон амь хохирогчийн хоорондын маргаан 1 минутаас бага хугацаанд үргэлжилж салснаас хойш багадаа 15 минут өнгөрсөн байна. Иймд механик амьсгал бүтэлт гэх үндэслэл нь үгүйсгэгдэж байна.
2. Шинжээчдийн дүгнэлтэд амь хохирогчийн биед халдсан үйлдлийг “багалзуурдалт” гэж дүгнэсэн. Гэтэл гэрчүүдийн мэдүүлгээр анхнаасаа багалзуурдсан үйлдэл байгаагүй, шүүгдэгч, амь хохирогч бие биеийнхээ хувцаснаас зууралдсан, футболкноос заамдсан гэсэн үйлдлийг гэрчилдэг. Нөгөөтээгүүр амь хохирогчийн биед хуруугаар дарсан, хумсны мөр, арьсны гадна ямар нэг гэмтэл, ул мөр огт байдаггүй. Багалзуурдалт буюу 1 эсхүл 2 гарын сарвуугаар хоолойг шахах, амьсгал боох үед дээрх шинж тэмдгийн аль нэг нь зайлшгүй үүсдэг ба уг ул мөрийг байхгүй байгаа нь багалзуурдалт гэсэн үйлдлийг шууд үгүйсгэж байна.
3. Шинжээчдийн дүгнэлт, мэдүүлгээр амь хохирогчийн суурь өвчин үхлийн процессыг түргэсгэсэн гэж тайлбарлаж байгаа нь хэрэгт авагдсан бусад нотлох баримт, хэрэг гарсан нөхцөл байдал, зөрчилдөж байна. Хэрэв архаг хууч өвчин нь механик амьсгал бүтэлтийн үхлийн процессыг түргэсгэсэн бол амь хохирогч нь гэртээ орж чадахгүй, маргаан болсон газар шууд үхэлд хүрэх байсан. Гэтэл түүнээс хойш болсон үйл явдал, процесс дунд амь хохирогч гэртээ орсон, эхнэртэйгээ маргасан, утсаар хүн рүү залгасан гэсэн үйлдлийг гэрчүүд мэдүүлдэг бөгөөд уг мэдүүлгийг улсын яллагч огт няцаагаагүй эсрэг баримт гаргаагүй мөртөө үнэлэхгүй байгаа нь шинжээчийн дүгнэлт дэх үндэслэл бүхий эргэлзээг бататгаж байна.
4. Дээрх байдлаас дүгнэж үзвэл амь хохирогч шүүгдэгч нарын маргаан нь үхэлд хүргэх шалтгаан болоогүй бөгөөд амь хохирогч нь зүрхний архаг өвчин, цусны даралт ихсэх өвчтэй ба өдрийн турш уурлаж бухимдсан, маргаан үүсгэсэн, хувцсаа өмсөж, газраас эд зүйл авахаар тонгойж цааш алхахдаа унасан зэрэг мэдүүлгээс дүгнэвэл зүрх гэнэт зогсож нас барсан шалтгаантай гэж үзэхээр байна.
Хэрэгт авагдсан эд мөрийн баримт, цогцост хийсэн үзлэг зэргээр амь хохирогчийн биед амь тэмцсэн, ноцолдсон, зодолдсон зэрэг ул мөр огт байхгүй, хувцас эд зүйлд урагдсан, ханзарсан, сунасан зэрэг гэмтэл огт илрээгүй нь шүүгдэгч болон амь хохирогч хоёрын хоорондох маргаан, зууралдсан үйлдэл нь бусдын амь биед аюултай хэмжээд байгаагүйг нотолж байна. Хэрвээ амь хохирогчид механик амьсгал бүтэлтэд орох хэмжээний багалзуурдалт үүссэн тохиолдолд шүүгдэгчийн гарыг тавиулахаар оролдсон, эсэргүүцсэн ул мөр үүсэх ёстой. Нөгөөтээгүүр шүүгдэгчийн гар, хүзүү, хувцас зэрэгт ч гэмтэл, фудболкны зах сунах, урагдах зэрэг ул мөр үүссэн байх боломжтой. Гэтэл дээрх ул мөр, шинж тэмдэг байхгүй байгаа нь үхэлд хүргэх хэмжээний маргаан, хүч хэрэглэсэн үйлдэл, багалзуурдалт, боолт огт үүсээгүй гэж үзэхэд хүргэж байна.
Мөрдөгч, улсын яллагч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3-д “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэж заасан.
Гэтэл өнөөдрийг хүртэл амь хохирогчийн гэртээ орсон, эхнэртэйгээ маргаан үүсгэсэн, бусад хүн рүү залгасан үйлдлийг шалгаагүй бөгөөд гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож буй нөхцөл байдлыг үнэлээгүй, няцаагаагүй, уг гэрчүүдийн мэдүүлэг болон хувцас, эд зүйлд хийсэн шинжээчийн дүгнэлттэй танилцалгүйгээр гаргасан шинжээчийн дүгнэлтийг дангаар баримталж шүүгдэгчийг яллаж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байна.
Уг хэрэг нь дан ганц шүүгдэгчийн амьдрал, эрх чөлөөний асуудал бус ард нь буй 5 хүүхэд, хөдөлмөрийн чадваргүй эхнэр зэрэг нэг гэр бүлийн амьдралын асуудал яригдаж байхад эргэлзээ бүхий баримт, таамаглалаар яллаж байгаа нь шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг баримталж, яллах байр сууринд хэт автсан гэж үзэхээр байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ’’ гэж заасны дагуу шийдвэрлэх боломжтой.
Иймд давж заалдах гомдлыг хүлээн авч, Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 39.5.1, 39.5.2, 39.9 дүгээр зүйлийн 39.9.1.2-т зааснаар хүчингүй болгож, *******од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ...миний бие 20 оны 05 дугаар сарын 08-нд Дундговь аймаг дахь сум дундын шүүхээр орж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр 10 жилийн хорих ялаар шийтгүүлсэн.
Миний бие энэ хурлын шийдвэрт гомдолтой байна. Мөн хохирогч тай маргалдсан нь үнэн, миний бие хүний аминд хүрэх үйлдэл хийгээгүй. Шүүхийн шинжээчийн дүгнэлтүүд зөрүүтэй, тодорхой нотлох баримт байхгүй, талийгаачийн биед боосон ул мөр байхгүй байдаг.
Шинжээчийн дүгнэлтэд харамсалтай, гомдолтой байна. Боогоогүй байхад боосон гэж дүгнэдэг. Өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна. Үнэн зөвөөр шүүж өгнө үү гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Манай ах аавыг боогоогүй. Зүрх нь өвддөг хүн байсан. Аав өөрөө гэрээсээ гарах гэж байгаад ойчсон гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэлтэй гэж үзэж байна. Анх 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр магадлал гарсан. Уг магадлалын 9 дэх хэсэгт шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж дүгнэхдээ тухайн маргаан болсон үйл явдлаас хойш цагдаа дуудсан, түргэн ирсэн, хугацааг тооцож үзэхэд 12 минутын хугацаа үргэлжилсэн. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 59, 72 дугаартай дүгнэлтүүдэд амь хохирогчийг амьсгалын цочмог дутагдлын улмаас нас барсан гэх боловч шинжээч эмчийн шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгт амь хохирогчийн амьсгалын дутмагт орох цаг хугацаа шүүхийн дүгнэлтэд дурдсан хугацаа хоёр илт зөрүүтэй байна. Үүнийг арилгах ёстой гэж давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, мөрдөн байцаалтад буцаасан. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3 дугаар зүйлийн 3.3.7-д зааснаар амьсгалын цочмог дутагдал гэмтлийн хүнд зэрэгт хамаарах бөгөөд зөрүүтэй, эргэлзээтэй ойлгомжгүй нотлох баримтыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн. Энэ нөхцөл байдал одоог хүртэл тодорхой болоогүй. Шинжээчийн дүгнэлтэд үндэслэж шийдэж болохгүй. Шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд дээд боловсрол эзэмшээгүй, мал дээр байдаг агуулгаар болон шүүхийн ийм асуудалд оролцож байгаагүй учир хуулийн мэдлэг байхгүй нь өөрийгөө бүрэн илэрхийлэх байдал сул байгаа нь харагдаж байна. Мэдүүлэг авах явцдаа гэр бүл үр хүүхдээр нь айлган сүрдүүлж, хөтөлж, тулгаж авсан. Мөрдөн байцаах ажиллагааны явцад цагдаад нь гомдол гаргахад хүлээж авахгүй асуудал байсан. Үйл явдлын дарааллыг шалгаж тогтоогоогүй. Гэрчүүдийн мэдүүлэг дунд Дөлгөөн рүү утсаар залгасан гэж хэн аль нь мэдүүлсэн. Гэтэл яагаад тодруулдаггүй юм. Энэ үйл явдлыг яагаад тодруулдаггүй юм. Энэ үйл баримтыг тогтоосноор хэрэгт ач холбогдолтой байдлыг батлах байсан. Миний үйлчлүүлэгчийг цагдаад 3 удаа дуудлага өгсөн гэдэг. 88257392 дугаарыг хэрэглэгчийн бүртгэлтэй байна гэсэн. Гэтэл энэ дугаарыг барьж байгаагүй гэж мэдүүлдэг. 95286465 дугаарыг эзэмшдэг гэсэн лавлагаа байгаа. Шинжээчийн дүгнэлт дээр байгаа бүх баримтуудтай танилцсаны үндсэн дээр гэрчүүдийн мэдүүлэг, хэргийн газрын тэмдэглэл гэх мэт баримтуудтай танилцсаны үндсэн дээр тогтоох ёстой. Гэтэл зөвхөн дүгнэлтэд тулгуурлаж шинжээч нар мэдүүлдэг. Гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэлгүй гэж үзэж, багалзуурдалтад орсон даруйдаа шууд нас барах ёстой нөхцөл байдал гэж дүгнээд байгаа мөртлөө гэрчүүдийн мэдүүлгийг яагаад анхаардаггүй юм. Одоог хүртэл эцэслэж яллах нөхцөл байдал бүрдээгүй. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлтэй байна. Хэт яллах талыг баримталж хэргийн баримт бүрдүүлсэн харагдаж байна. Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдол үндэслэл бүхий гарсан гэв.
Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* 3 удаа мэдүүлэг өгсөн. Анх өгсөн мэдүүлэгтээ аавыг боосон, подволкны захаар боосон. Үүнийг надаас өөр хүн хараагүй гэж мэдүүлсэн. Дараагийн мэдүүлэгт хараагүй, мэдээгүй гэдэг. Эрх зүйн туслалцаа аваагүй, юу ч мэдэхгүй явж байсан гэж байна. Өмнө нь Ж.Чимэддулам өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа аваад явж байсан. Ямар нэг байдлаар эрүү шүүлтэд орсон бол гомдлоо гаргах боломжтой байсан. Бусад гэрчүүд ийм асуудал болоогүй, гар утсаар ярьсан, зөндөө хугацаа өнгөрсөн гэдэг. Энэ хэргийн гэрчүүд нь дандаа гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс байгаа юм. Гэрч Оюун-Эрдэнийн мэдүүлэгт алчихлаа шүү дээ гээд охид нь орилоод чимээгүй болсон гэдэг. Шинжээчийн дүгнэлтүүд байгаа. Эхний дүгнэлтэд багалзуурдалтын улмаас нас барсан гэж гараад түүнээс хойш гарсан дүгнэлтүүд хоорондоо зөрүү байхгүй. Талийгаачийн архаг хууч өвчтэй гэдгийг шинжээч нар амьсгал бүтэлт хурдан явагдана гэж шүүх хуралдаан дээр тайлбарласан. Талийгаач ямар ч үйлдэл хийгээгүй нас барсан байгаа юм. Утсаар ярьсан, памперс авч хийсэн гэдэг нь боолт болохоос өмнө хийсэн үйлдэл. Талийгаач багалзуурдалт боолтод орж нас барсан гэж нотлогдож байна. Иймд Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх нь шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй эсэхийг гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Дундговь аймгийн Прокурорын газрын 20 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 146 дугаартай яллах дүгнэлтээр шүүгдэгч *******ыг хойд эцэг тай маргалдсаны улмаас түүний биед халдаж алсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, мөн хойд эцэг тай маргалдаж түүний биед “духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 20 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 20/ШЦТ/65 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******од холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулан шийтгэжээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгасны эцэст Эрүүгийн хуулийн тухайн зүйл ангиар зүйлчилсэн нь үндэслэлтэй, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
******* нь тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Тухайлбал:
Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Талийгаачийн машиныг унаад явж ирэхэд машиных нь тос дундраагүй байсан. Би өдөр 2 цагаас гараад орой 20 цагт ажил тарсан. Ажлаас тарж ирээд гэрт орж хүүхдээ авч байж байгаад айлд орсон. Тос нь дундарсан байсан, үзэж явсан гэхэд талийгаач босож ирсэн. Дүү нялх хүүхэдтэй байсан учраас гарч хэрэлд гээд намайг гаргасан. Талийгаач араас гарч ирээд шар сав шидээд барилцаад авсан. Талийгаач 187 см орчим өндөр, би 160 см өндөр учраас зууралдахад миний гар талийгаачийн тохой хэсэгт хүрсэн. Зууралдахад манай хүү гэрээс гарч ирээд намайг татаж аваад гэрт орсон. Намайг гэрт орсны дараа нэлээд хугацаанд талийгаач гадаа харааж зүхэж байсан. Талийгаач гэртээ ороод, нэлээн удаан хугацаанд байж байгаад, ээжтэй хэрэлдэж байгаад, хүүхдийн памперс аваад эхний хаалгаар гараад тамбарны хаалганы хажуугийн босго мөргөж ойчоод нас барсан гэсэн. Надад хүний аминд хүрэх зүйл болоогүй” /4-p хх-ийн 91/ гэж мэдүүлснээс үзвэл тэдний хооронд хэрүүл маргаан үүссэн байна.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан гэрч хохирогчийн мэдүүлгийг шүүх хуралдаанд шинжлэн судалж, шийтгэх тогтоолын үндэслэл болгосон байх бөгөөд тухайн хэрэг учрал болсон цаг хугацаанд хэргийн газарт байсан гэрчүүдийн мэдүүлэгт дараах нөхцөл байдал тусгагдсан байна. Тухайлбал:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “ миний төрсөн аав байгаа юм. Манай аав сайхан сэтгэлтэй, миний төлөө гэсэн сэтгэлтэй хүн байсан. Миний өмнөөс бүх ажлыг хөөцөлдөж бүтээж өгдөг хүн байсан. Аав бид хоёр огт хэрэлдэж маргадаггүй байсан. 2020 оны 09 дүгээр сарын 28-ны ... орой ах ******* ажлаасаа тараад гаднаас орж иртэл аав ахад хандан “чи машин унаж мэднэ биз дээ, яахаараа машины тосол цацаад хаячихсан юм бэ” гэж хэлтэл хариуд нь ******* ах аавд хандан “хуц пизда минь, үзсэн шүү дээ” гэж хэлээд барилцаж авах гээд байх шиг байхаар нь би *******ыг “жаахан хүүхэд байна, та гар” гэж түлхэж гаргаад хаалгаа цоожилсон. Гэтэл манай аав гэнэт босоод хаалганы хажууд байсан шар сав аваад хаалга нээгээд гараад явчихсан. Тэгтэл гадаа аав болон ******* нар хашхиралдаад байхаар нь гараад очтол ах ******* аавын багалзуурыг фудволкоор шахчихсан, аавын багалзуур шахсанаас болоод дуу нь цаашаа бүдгэрээд байсан. Мөн аав ахыг заамнаас нь барьсан байгаа харагдсан. Тэгтэл *******ын хүү аавыгаа араас нь татаад, салгаад гэр рүүгээ оруулсан. Би очоод түшээд “та гэр рүү ор” гэж хэлтэл аавын хоолой нь бүдэгхэн гараад надад “зүгээр зүгээр” гэж хэлээд өөрөө их хүчлээд, гүнзгий амьсгаа авч, нэг удаа гаргасан. Тэгээд би аавыг түшээд гэрийн хойд орон дээр суулгаад хүүхдээ урд орон дээрээс авч хөхүүлж байгаад аавыг хартал орон дээр сууж байснаа байшингийн зүүн урд буланд байх өлгүүр рүү алхаж хар цамцаа авах үед аавын зүүн хөл чичрээд байгаа юм шиг их сонин харагдсан. Тэгээд аав цамцаа өмсчхөөд гэрийн хаалгаар үүдний тамбар хэсэг рүү гарахад тар түр гэх чимээ гарахаар нь очоод үзтэл аав үүдний тамбараас цээж хэсэг нь гадагшаа гарсан байдалтай, хөл хэсэг нь тамбар дотор доошоо харсан байдалтай хэвтэж байсан. Би гэрт байсан ээжид хандан “ээжээ аав ухаан алдаад уначихлаа” гэж хашхирсан. Тэгээд ээж гарч ирээд “яасан бэ” гээд үүдний тамбар хэсэг рүү оруулаад, би эгчийг хашхирч дуудсан. Тэгээд эгч гарч ирсэн. Үнэртэй ус авч ирээд үнэрлүүлж байсан, би эмнэлэг дуудсан. Тэгээд эмнэлэг ирж үзээд аавыг нас барсан байна гэж хэлсэн. Эмнэлэг ирж үзэхэд аавыг үүдний тамбарт хөдөлгөөнгүй байлгаж байсан. Ах ******* талийгаач аав ыг фудволкоор нь шахаж, боож байхыг надаас өөр хүн хараагүй. Тухайн үед ах ******* аавыг боогоод, амьсгал нь тасалдаад юм хэлээд байвч дуу нь бүдэгхэн сонсогдоод байсан учир 7059102 дугаар руу залгаж дуудлага өгсөн. Би хоолойг боосон хугацааг тооцоолж мэдэхгүй байна. Би гэрээс гарч ирээд боолгоод зогсож байхыг хараад буцаж орж, утсаа аваад цагдаа руу залгаад дуудлага өгөөд, ******* ахын хүү Болд гарч ирж салгатал боож байсан. Тухайн хугацаанд хэр зэрэг удсаныг тооцоолж мэдэхгүй байна. Аав боолгосныхоо дараа ямар ч уургүй, их тайван болчихсон юм шиг санагдсан. Тухайн үед *******, талийгаач аав нар барилцаж аваад аавын хоолойг шахаад тавихгүй болохоор нь би хүн аллаа гэж цагдаа дуудсан. Аав унахдаа гадаа цементэн довжоон дээр толгойгоороо уначихсан байсан” гэж /2-р хх 20-/
Гэрч Г.******* мөрдөн байцаалтын шатанд: “Би талийгаачийн эхнэр нь байгаа юм. “... Талийгаач 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хөдөөгөөс ирээд машинаа тойрч үзээд “машины тос цацчихсан байна, машин яагаад ийм болгочихсон юм” гээд уурлангуй гэртээ орж ирсэн. Тэгээд охин г загнах гээд байхаар нь д хамаагүй бид нар унаж яваад ирсэн юм гэж хэлсэн чинь, талийгаач машины тос хийж явахгүй, асууж яваад ирэхгүй яасан юм гэсэн. Тэгээд би бензин хийгээд явчхаад ирсэн, тосыг нь мартсан байсан гэж хэлсэн. Талийгаач бухимдуу гэртээ сууж байгаад байшингаасаа гарсан, нээх удалгүй араас нь хараад “аав яачхав аа” гээд очсон чинь тамбарын /үүдний амбаар/ босгон дээр цээж хэсэг нь гарсан байдалтай ойччихсон байсан. Тэгэхээр нь би очоод гийг дууд гэж хэлээд, ирээд, бид хоёр талийгаачийг тамбар дотроо эргүүлээд дээш нь харуулсан. /тухайн үед түргэн дуудсан байсан/ Тэгээд харсан чинь талийгаачийн баруун хөмсөг орчимд язраад цус шүүрчихсэн байсан. талийгаачийн цээжин дээр массаж хийгээд, би гарыг нь базалсан, тэгэхэд талийгаач урт амьсгаа аваад бие нь суларчихсан. Удалгүй түргэний эмч ирээд үзлэг хийгээд нас барчихсан байна гэж хэлсэн...Биед нь ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан. Босгон дээр ойчсон байхад нь дээш нь харуулж хэвтүүлэхэд хөмсөг нь язарчихсан байсан. Өөрөөр ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан.” гэж /1 хх-ийн 25-26/
Насанд хүрээгүй гэрч : “...Аав өвөөгийн хоолойг боогоогүй заамдсан байсан. Өвөөгийн нүүр нь улайж хөхрөөгүй зүгээр байсан. Тухайн үед би аавыг тэврээд гэр рүү орсон болохоор өвөөг гэр рүүгээ яг яаж орсныг хараагүй. Гэртээ орчхоод эргэж гарч ирээд гаднаас орилоод байсан юм. Гэрийг чинь шатаана гэх мэтээр харааж байгаад буцаад орчих шиг болсон. Тэгээд хэсэг чимээгүй байж байгаад аниа хашхирахаар нь гарсан. Тэгж удаан бие биеэ заамдаагүй. Ойролцоогоор минут орчим болсон байх гэж бодож байна. Өвөө аав хоёр барьцалдсан байхад өвөө ярьж байсан, тос үзээдэх гээд байсан. Аав архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Өвөөгийн дух тухайн үед зүгээр байсан” гэж, /1 хх-ийн 46/
Насанд хүрээгүй гэрч дахин өгсөн мэдүүлэгт: “Аав өвөөг заамдахдаа ойролцоогоор 1 минут, түүнээс бага хугацаанд л заамдсан юм. Аав, өвөө хоёр маргалдаад салсны дараа өвөөгийн духан дээр ямар нэгэн гэмтэл шарх үүсээгүй байсан. Аав өвөө хоёрыг маргалдаж байхад хажууд нь би, Пагамдулам, эмээ *******, эгч нар байсан. Аав, өвөө хоёр яг манай гэр болон байшин хоёрын голд, байшингийн үүднээс 3-4 метр орчим зайд болсон. Өвөөг Пагамдулам, эгч хоёр салгаад гэр рүү нь оруулж байсан. Би хойшоо эргэж хараагүй болохоор хэрхэн яаж оруулсныг хараагүй. Аав хөлөөрөө алхаад, би тэврээд гэрт оруулсан” гэж, /1-р хх-44/
Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр би өглөө гэрээсээ гараад гадуур ажилтай явж байгаад орой 18 цагийн үед зээ хүү Мягмарбаярын /7 настай/ хамт ирээд гэртээ байсан. Ер нь бие засахаас өөрөөр гэрээсээ гараагүй. Тэгээд орой 21 цаг өнгөрөөгөөд хүүгээ унтуулах гээд зурагтаа унтраагаад, ороо засаад хэвтсэн чинь зүүн талын хашаанд байх гэх айлд бөөн хашхиралдаан болоод байсан. Нэг эрэгтэй хүн “ална шүү пизда нараа” гэж хашхирсан. Охид хүүхнүүд бол орилолдоод хашхиралдаад байсан. Яг юу гэж байгаа нь мэдэгдэхгүй, нохой нь хуцаад байсан юм. Тэгж байтал нэг охин их чанга, маш аймар чарласан. Би бодохдоо өвгөн ы төрсөн охин гэж бодсон. Тэгээд удалгүй зүүн хашаанаас нэг машин гараад явсан. Түүний дараа жоохон байж байгаад бас нэг машин гарах шиг болсон. Тэр хооронд охид, хүүхнүүд орилолдоод л байсан юм. Тэгээд байж байгаад нэг эрэгтэй хүүхэд зүүн хашааны улаан тоосгон байшингийн цонхыг гурван удаа тогшиж, гурван удаа эмээ, эмээ, эмээ гэж дуудсан. Их чанга биш, сулавтар дуугарч байсан. Тэгээд ерөнхийдөө орилоон майлаан арай намдсан. Тэгээд машин ирээд байх шиг байсан. Удалгүй би унтаад өгсөн байсан. Нэг охин өглөө болтол орилсон. Бодвол л байх. Би ер нь ыг 2003 оноос хойш мэднэ. 2012 оноос манай зүүн талд айл буусан юм. Талийгаач ер нь их төлөв даруу, архи дарс уудаггүй, хүнд ямар ч гэмгүй хүн байсан. Манай өвгөнтэй хааяа юм ярина. Голдуу машин тэрэг л асууж ярина. Машинаа манай өвгөнөөр янзлуулдаг байсан. Би согтуу байхыг нь нэг ч удаа харж байгаагүй, инээгээд л явж байдаг байсан. Талийгаач 5 хүүхэдтэй хүнтэй суусан. Эхнэрийг нь ******* гэдэг. *******тай суугаад дундаас нь төрсөн. *******ын хүү Тоогий гэгч нь талийгаачийг их зодож дарамталдаг байсан байх. Байж байгаад л нүүр ам нь хөх эрээн болсон байдаг байсан. Нэг удаа хөл нь доголсон байсан. Архи ууж, агсам тавьж зодоон хийдэг хүн нь тэр Тоогий гэх хүн л байна. Өөр хүн байхгүй” гэж, /1 хх-ийн 55-56/ тус тус мэдүүлсэн байна. Эдгээр мэдүүлэг болон бусад гэрчийн мэдүүлэгт дүгнэлт хийвэл ******* нь талийгаачийн хоолойг шахаж түлхэж байсан талаарх үйл баримт болсон байна.
Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 59 дугаартай “Амь хохирогч ы цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр ... нь нас барах үедээ согтолтгүй байсан байна. нь В(Ш) бүлгийн цустай байсан байна. нь багалзуурдалтын улмаас амьсгалын цочмог дутагдлаар нас баржээ” гэж /1 хх-ийн 94-98/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 72 дугаартай: “цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 59 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. ... Механик амьсгал бүтэлт амьсгалын цочмог дутагдал, улаан хоолой дээд 1/3 хэсгийн зөөлөн эдийн цус хуралт гэмтлийн улмаас амьсгалын цочмог дутагдалд орж нас барсан тул гэмтлийн зэрэг тогтоохгүй. Талийгаачид учирсан дээрх гэмтлүүд нь амьд үед үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Талийгаач нь хэрлэгийн гаралтай зүрхний өвдөлт, дахилтат хэлбэр, зүрх судасны дутагдал “В” цусны даралт ихсэх эмгэг 2 үе шат, 2 зэрэг өндөр эрсдэлтэй хэлбэр, элэгний архаг үрэвсэл, ерөнхий судас хатуурах өвчтэй байна” гэж дүгнэлт /1 хх-ийн 188-195/
Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 761 дугаартай дүгнэлтэд: Талийгаач Д. нь амьсгал бүтэлтийн улмаас зүрх гэнэт зогсож нас барсан, талийгаач нь зүрхний булчингийн эмгэгшил, ерөнхий судас хатуурах өвчтэй байсан нь үхэлд хүргэхэд нөлөөлсөн гэж,
Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр 09-ний өдрийн 693 дугаартай дүгнэлтэд: Талийгаач ы биед тухайн үед механик амьсгал бүтэлт амьсгалын цочмог дутагдал, улаан хоолойн дээд 3/1 хэсгийн зөөлөн эдийн цус хуралт духны зулгаралт цус хуралт гэмтлүүд учирсан, ...Механик амьсгал бүтэлт, амьсгалын цочмог дутагдал улаан хоолойн дээд 3/1 хэсгийн зөөлөн эдийн цус хуралт гэмтлийн улмаас амьсгалын цочмог дутагдалд орж нас барсан. ...талийгаач нь багалзуурдалтын улмаас механик амьсгал бүтэлтэд орж нас барсан ба зүрхний булчингийн эмгэгшил, ерөнхий судас хатуурах өвчтэй байсан нь үхэлд хүргэхэд нөлөөлсөн гэжээ.
Шүүх дээрх нотлох баримтуудаас гадна хэргээс гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 4/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд/1 хх-ийн 6-11/, цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1 хх-ийн 101-106/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1 хх-ийн 127-130/, түргэн тусламжийн дуудлагын хуудас /1 хх-ийн 133-134/, Монголын Цахилгаан холбоо ХК-ийн 7059103 дугаарын утас болон үүрэн холбооны 88257392 дугаарын утасны орсон гарсан дуудлагын лавлагаа /1 хх 136-142/ болон хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болон эд мөрийн баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцэж, судалсан байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн ******* нь амь хохирогч ыг боосон үйлдэл, амь хохирогч багалзуурдалтын улмаас механик амьсгал бүтэлтэд орж нас барсан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэл бүхий байна гэж үзлээ.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч ******* нарын зүгээс “...шинжээчийн дүгнэлтүүд зөрүүтэй, хэрэгт хангалттай нотлох баримт байхгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргасан байна.
Хэрэгт цугларсан шинжээчийн дүгнэлтүүдэд: “...Талийгаач...механик амьсгал бүтэлт, амьсгалын цочмог дутагдал улаан хоолойн дээд 3/1 хэсгийн зөөлөн эдийн цус хуралт гэмтлийн улмаас амьсгалын цочмог дутагдалд орж нас барсан, “ ...зүрхний булчингийн эмгэгшил, ерөнхий судас хатуурах өвчтэй байсан нь үхэлд хүргэхэд нөлөөлсөн гэж агуулгын хувьд зөрүүгүй дүгнэгдсэн байна. Иймд шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн дээрх гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзэхийн зэрэгцээ анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж үзэв.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, шүүгдэгч *******ыг хүнийг алах үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т заасан төрөл хэмжээний хүрээнд ял оногдуулсан нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хохирлын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд тохирсон байх бөгөөд ял шийтгэлийг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн 20 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 20/ШЦТ/65 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
*******ын 20 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 20 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл нийт 74 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсон болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ШҮҮГЧИД
ДАРГАЛАГЧ Ц.
ШҮҮГЧИД Ш.ТӨМӨРБААТАР