| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2018/0013/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/18 |
| Огноо | 2018-01-30 |
| Зүйл хэсэг | 10.1.2, |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 2018/ШЦТ/18
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж, шүүгч Ц.Дагиймаа, Г.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй,
Нарийн бичгийн дарга: Д.Цэвэлмаа,
Улсын яллагч: Д.Алимаа,
Хохирогч: С.М,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дашцэрэн,
Гэрч: З.С,
Шүүгдэгч: Ж.Д,
Иргэдийн төлөөлөгч: Ц.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б овогтой Ж.Д-д холбогдох эрүүгийн 1727000000008 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Сарантуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1994 оны 07 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Өвөрхангай аймаг оршин суудаг, гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Б овогтой Ж.Д
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч Ж.Д нь 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Өвөрхангай аймгийн Бүрд сумын 4 дүгээр багийн “Олон нуурын гол” гэх газар бага насны хүүхэд М.Г-ыг алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Д нь мэдүүлэхдээ:
Гансувдыг би гэрээсээ авч гарсан. Би машин руу хүүхдээ шидээгүй. Мын ярьсан зүйл худлаа. Аавыгаа дагаад байхаар би хүүхдээ гэрээс тэврээд гарсан. Машины ард талын дугуйны тэнд аавыгаа хараад хүүхэд маань гэдийсэн. Хадам аав машиныхаа дугуйгаар хүүхдийн зулай дээгүүр нь гараад явсан. Намайг хүүхдээ авах хооронд талийгаачийн толгой дээгүүр машины дугуй шүргээд гараад явсан. Аав нь бууж ирээд хүүхдээ авсан. Хадам ээж тэр үед байхгүй байсан. Отор явсан байсан. Ирээд намайг учир зүггүй толгой тархигүй цохиод байхаар нь хадам ээж ааваас айгаад худлаа хэлсэн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.М нь мэдүүлэхдээ:
Өвөрхангай аймгийн Бүрд сумын 4 дүгээр баг “Олон нуурын гол” гэдэг газар 2017 оны 07 дугаар сарын 31-ны өдөр 3 цагийн үед байх орой болж байсан. Манай аав С манайд ирсэн. Манай эхнэр Алтангэрэлийн эхнэртэй хамт гол дээр юм угааж байсан. Би Алтангэрэлийн эхнэрийг гэрт нь хүргэж өгөөд эхнэрээ аваад гэртээ ирсэн. Аав сумын төв явах гэж байсан. Тэгээд хэн нь явах уу гэсэн чинь аав намайг яв. Машины ойр зуурын юмаа янзал гэсэн. Д-г хоцрохуу гэсэн чинь хамт явах гээд уурлаад байгаа юм шиг байсан. Аав айлруу яваад 5 хонь машины чирүүл дээр ачаад эргээд манай гэрийн гадаа ирээд зогссон. Намайг явах гэж байхад манай талийгаач охин гэрийн гадаа явж байсан. Би охиноо ээжтэйгээ үлд гээд гэртээ оруулаад орхисон чинь араас дагаад гараад ирсэн. Би охиноо эргээд гэрт оруулаад зүүн орон дээрээ тавьчихаад гарсан. Намайг гарах гэж байтал эхнэр намайг 2 хүүхдээ аваад яв. Би аргал түүлээ гэсэн. Тэнгэр эвгүй үүл гараад бороо орох гэж байсан. Тэгэхээр нь би хөхүүл хүүхэд аваад явж яах юм гэж хэлсэн. Тэгээд машинд суухад аав машин асаасан. Намайг хүүхдээ эхлээд гэрт оруулахад аав гэрийн гадаа тамхи татаад зогсож байсан. Сүүлд нь машинд суусан байсан. Би машинд ороод суутал 5 настай хүү маань машины буруу талруугаа хараад ааваа цонхоо онгойлгоё гэсэн. Манай 5 настай хүү машины цонхоор хараад ээж дүүг тэврээд гараад ирлээ гэж надад хэлсэн. Эргээд харах гэтэл Д ганцаараа зогсож байсан. Тэгээд би аавыг эргээд зогсоороо хүүхэд шидчихшиг боллоо гэсэн. Машинаас буугаад иртэл талийгаач охин маань хагас хойшоо харсан байдалтай хажуулдаад хэвтэж байсан. Яагаад ийм зүйл хийж байгаа юм гэж хэлтэл өөрөө мэдэлгүй ийм зүйл хийчихлээ гэсэн. Аав манай 5 настай хүүхэдтэй хамт машинаас бууж ирсэн. Би аавыг түргэн дуудаарай гэж хэлээд аав манай 5 настай хүүхдийн хамт мотоцикльтой түргэн дуудахаар явсан. Түргэн дуудахаар яваад ирэх хооронд охин өнгөрсөн байсан. Аавыг ирэхэд Д бид хоёр гэрийн гадаа зогсож байсан гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч З.С нь мэдүүлэхдээ:
2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хэрэг болсон. Би Сансар сум руу явах гээд хэдэн хонь машин дээрээ ачиж ирээд бөөнөөрөө явах гэтэл Д явахгүй гэсэн. Д М-ыг төв явахдаа хүүхдүүдээ аваад яв гэсэн гэв.
Гэрч М.Л-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Намайг хонин дээр байж байхад манай нөхөр буцаж ирээд манай бэр Г-ыг шидээд алчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би яаж байгаа юм бол гэж асуусан чинь манай бэр гэрээсээ гарч ирээд шууд шидсэн гэж хэлсэн. Манай бэр тухайн өдөр буюу 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ууртай байсан гэж ярьж байсан. Учир нь М-ыг явуулахгүй гэж ярьж байсан гэж манай гэр бүлийн хүн надад хэлсэн. Манай бэр Д нь манай хүүг гадагш явах гэхээр дандаа араас нь юм шидэж явуулахгүй гэж яриад байдаг байсан. Би 2017 оны 07 дугаар сарын 31-ний орой М-ын гэрт нөхрийн хамт ирсэн. Тэгэхэд манай хүү М гэрийнхээ гадна 5 настай хүүгийнхээ хамт уйлаад сууж байсан. Намайг ирэхэд М нь ээж ээ энэ хүүхэн миний хүүг алчихлаа гэж хэлээд эхнэр Д-г зааж байсан. Тэгэхээр нь би Д дээр очоод ямар учраас гэж хэлэхэд Д миний мунхагаас боллоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 дүгээр хуудас/,
Гэрч Ц.Ч-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Тухайн хэрэг болох үед Д-гийн ээж Дарь эгч манай гэрт ирээд болсон явдалын талаар хэлээд цуг хүргэн М-ынд очсон. Тухайн үед очиход Д уйлаад сууж байсан. Хадам ээж нь танай охин чинь хүүхдээ гаргаад шидчихсэн гээд байцгааж байсан. Тухайн үед цагдаа нар ирээд явсаны дараа гэрт Д бид 2 орон дээр зэрэгцээд сууж байсан чинь Д-гийн хадам аав С аав нь охиныг дайрчихсан юм уу гэж Дгээс асуусан. Тэгэхэд Д уйлчихсан сууж байсан. Тэгээд Д тийм гэж хэлээд толгой дохиж байсан. Тухайн үед Санжаадорж, Д бид гурав байсан. Тухайн үед С Д-гийн мөрний ойролцоо ирээд тэгж асууж байсан. Би Д-гийн хадмуудыг тохины гайгүй настай хүмүүс болохоор гайгүй хэргийг нь шийдчихэж байгаа юм байлгүй би дундуур нь хов зөөгөөд яахав дээ гэж бодоод тухайн үед ямар нэгэн зүйл яриагүй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 98-99 дүгээр хуудас/,
Гэрч Б.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Тухайн хэрэг болох үед би Төв аймгийн Борнуур суманд ажил хийж байсан. Тухайн үед манай хүргэн М-ын саахалт айлын Нэргүй гэх хүн над руу утсаар яриад танай хүргэний бага хүүхэд нас барчихлаа. Энд ажил явдал гарлаа шүү гэж хэлсэн. Тэгээд би тэндээс маргааш нь Бүрд суманд ирээд бэр Чимгээг дагуулаад хүргэн М-ын гэрт ирсэн. Тухайн үед намайг ирэхэд манай хүргэний ээж Тогоо гэх хүүхэн танай охин чинь хүүхэд алчихлаа гэж хэлж байсан. Тэгээд тэндээ ажил явдалыг нь өнгөрөөчихөөд тэгээд би буцаад Төв аймаг руу ажил руугаа явсан. Намайг ажил дээрээ очоод 10 гаран хоносны дараа манай бэр Чимгээ утсаар ярихдаа тухайн ажил явдалын үеэр хадам аав нь Д-гээс аав нь дайрчихсан юм уу гэж асуугаад Д тийм гэж хэлж байсан гэж хэлсэн. Энэ талаар мэдэхгүй. Сумын төв рүү эмнэлэгт мэдэгдэх гээд би Д-гийн хадам аав ээж мөн машины жолооч бид дөрөв явсан. Замдаа ямар нэгэн цагдаад хүүхэд орноос унаж нас барсан талаар мэдүүлэг өгөх юм яриагүй. Харин эмнэлэг рүү орчихоод гарч ирэхдээ орноос унаж нас барсан гэж хэллээ гэж С хэлсэн. Өөр ямар нэгэн зүйл яриагүй. Тэгээд би төвд араас нь цагдаа нартай цун ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 102-103 дугаар хуудас/,
Шинжээч Л.Амгалангийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Хэргийн газар болохоороо ор газраас 50 см өндөрт байсан. Тухайн үеийн байдлыг хэргийн газрын үзлэгээр тогтоосон би очиж үзсэн. Тэгээд шинжилгээнд ортол талийгаачийн гавал яс, суурь ясны зэрэг нь бяцарч, няцарсан хугаралтай байсан. Гавлын яс заадас салсан хугарал зэрэг гэмтлүүд тогтоогдсон. Уг гэмтэл л 50 см өндөртэй орноос унахад ийм хэмжээний гэмтэл үүсэх боломжгүй. Шидэгдэж өөрийн биеийн жингээр газарт унахад уг гэмтлийн авах боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 84 дүгээр хуудас/,
Шинжээч Л.Амгалангийн мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн:
“...Талийгаач М.Г-ын биед гавал тархи болон суурь ясны хугарал бяцрал, их бага тархины хүнд няцралууд, тархин дахь тархмал цус харвалтууд баруун, зүүн чамархайд цус хуралтууд, зулгаралтууд, баруун нүдний дээд зовхины гадна буланд шарх гэмтэл нь тээврийн хэрэгслийн дугуй талийгаачийн зулайг дайрах юм уу шүргэхэд үүсэх боломжгүй. Ж.Д тэвэрч байхад биеийн жингээр газар унахад тухайн гэмтэл нь үүсэх боломжгүй. Харин шидэгдэж газар унахад тухайн гэмтэл үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 116 дугаар хуудас/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №82 тоот актын:
1.Талийгаач М.Г-ын биед гавал тархи болон суурь ясны хугарал, бяцрал их бага тархины хүнд няцралууд, тархин дахь тархмал цус харвалтууд, баруун, зүүн чамархайд цус хуралт, зулгаралтууд, баруун нүдний дээд зовхины гадна буланд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэгдэнэ.
3. Дээрх гэмтлүүд нь 50 см өндөртэй орноос модон шал руу унахад үүсэх боломжгүй. 1-2 метрийн өндрөөс унагааж шидэхэд үүсэх боломжтой.
4. Талийгаач нь тухайн хүнд гэмтлүүдийг авсан даруйдаа нас барна. Хэрэг болсон гэх 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр нас барсан байна.
5. Талийгаач нь гавар тархины амьдрах боломжгүй хүнд гэмтлийн улмаас нас баржээ...гэх дүгнэлт /хх-ийн 41-42 дугаар хуудас/,
Техникийн шинжээчийн №16 тоот актын:
1. Яллагдагч Ж.Д-гийн мэдүүлгийг зам тээврийн осол гэж үзэхгүй. Ж.Дгийн буруутай үйлдлийг улмаас М.Г нь нас барсан байна.
2. Зам тээврийн осол биш учир 2-3 дугаар асуултанд хариулах боломжгүй...гэх дүгнэлт /хх-ийн 122-123 дугаар хуудас/,
Цогцсонд үзлэг хийсэн тэдэглэл, фото зургууд /хх-ийн 9-13 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ж.Д-гийн оршин суугаа газрын талаархи Өвөрхангай аймгийн Бүрд сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 59 дүгээр хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 76-80 дугаар хуудас/,
Өмгөөлөгчийн хүсэлт /хх-ийн 117-118 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ж.Д-гийн ЦЕГ-ын лавлагааны санд бүртгэгдээгүй тухай урьд шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүгдэгч Ж.Д нь 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Өвөрхангай аймгийн Бүрд сумын 4 дүгээр багийн “Олон нуурын гол” гэх газар бага насны хүүхэд алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
Хохирогч С.М-ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч З.С-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч М.Л, Ц.Ч нарын мэдүүлэг /хх-ийн 29-31, 98-99 дүгээр хуудас/, шинжээч Л.Амгалангийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 84, 116 дугаар хуудас хуудас/, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №82 тоот актын: “... 1.Талийгаач М.Г-ын биед гавал тархи болон суурь ясны хугарал, бяцрал их бага тархины хүнд няцралууд, тархин дахь тархмал цус харвалтууд, баруун, зүүн чамархайд цус хуралт, зулгаралтууд, баруун нүдний дээд зовхины гадна буланд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь 50 см өндөртэй орноос модон шал руу унахад үүсэх боломжгүй. 1-2 метрийн өндрөөс унагааж шидэхэд үүсэх боломжтой. 4. Талийгаач нь тухайн хүнд гэмтлүүдийг авсан даруйдаа нас барна. Хэрэг болсон гэх 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр нас барсан байна. 5. Талийгаач нь гавар тархины амьдрах боломжгүй хүнд гэмтлийн улмаас нас баржээ...” гэх дүгнэлт /хх-ийн 41-42 дугаар хуудас/ зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Д нь гэм буруутай, Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Ж.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-т зааснаар бага насны хүүхэд алсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дашцэрэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж өгөөч гэх хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд гаргасан боловч Эрүүгийн хуулийн энэхүү зохицуулалт нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзэхээр байна. Гэтэл шүүгдэгч Ж.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй тул түүнд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Харин шүүгдэгч Ж.Д нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулах нь зүйтэй.
Шүүгдэгч Ж.Д нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж байгаа болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогтой Ж.Д-г бага насны хүүхэд алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-т зааснаар Ж.Д-г 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Д-д оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Ж.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар Ж.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ж.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.САРАНТУЯА
ШҮҮГЧИД Ц.ДАГИЙМАА
Г.ЭНХ-АМГАЛАН