| Шүүх | Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алагаагийн Түвшинтулга |
| Хэргийн индекс | 109/2024/0027/З |
| Дугаар | 109/ШШ2024/0034 |
| Огноо | 2024-11-15 |
| Маргааны төрөл | Сонгууль, |
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 109/ШШ2024/0034
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Түвшинтулга даргалж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.У, хариуцагч Архангай аймгийн Тариат сумын Сонгуулийн хорооны дарга Р.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нарыг оролцуулан иргэн Б.Б-гийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Тариат сумын Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.У шүүхэд бичгээр гаргасан хүсэлтэндээ: Нэхэмжлэгч Б.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.У миний бие Б.Б-гийн хүсэлтийн дагуу тус шүүхэд гаргасан “Архангай аймгийн Тариат сумын Сонгуулийн хорооны шийдвэр Н.Ч-ыг нэр дэвшигчээр бүртгэсэн нь хууль бус болохыг тогтоож, 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 05 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Архангай аймгийн Тариат сумын Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулж, дахин сонгууль явуулахыг Архангай аймгийн Тариат сумын Сонгуулийн хороонд даалгах нэхэмжлэлийн шаардлагуудаасаа бүхэлд нь татгалзаж байна. Иймд татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Тус шүүх иргэн Б.Б-гаас Архангай аймгийн Тариат сумын Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан “Н.Ч-ыг нэр дэвшигчээр бүртгэсэн Архангай аймгийн Тариат сумын сонгуулийн хорооны шийдвэр хууль бус болохыг тогтоож, 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 05 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлд 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
2. Нэхэмжлэгч Б.Б- нь 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгчийг шүүхэд төлөөлөх эрхийг В.У-д олгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20, 28 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг эдлүүлэхээр итгэмжлэл олгосон нь хэрэгт авагджээ.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Н.Ч-ыг Архангай аймгийн Тариат сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон Архангай аймгийн Тариат сумын Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулж, дахин сонгууль явуулахыг Архангай аймгийн Тариат сумын Сонгуулийн хороонд даалгах” –аар нэхэмжлэлийн шаардлага ихэсгэсэн байна.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1.-д “ ... , нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, ...”, 28 дугаар зүйлийн 28.2.3.-т “нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах”, 66 дугаар зүйлийн 66.1. дэх хэсэгт “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.”, 66.2. дахь хэсэгт “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана.”, 66.4. дэх хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй.”, 69 дүгээр зүйлийн 69.2. дахь хэсэгт “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан нь нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна.
5. Иймд нэхэмжлэгч Б.Б-гийн Архангай аймгийн Тариат сумын Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан “Н.Ч-ыг нэр дэвшигчээр бүртгэсэн Архангай аймгийн Тариат сумын сонгуулийн хорооны шийдвэр хууль бус болохыг тогтоож, 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 05 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Н.Ч-ыг Архангай аймгийн Тариат сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон Архангай аймгийн Тариат сумын Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулж, дахин сонгууль явуулахыг Архангай аймгийн Тариат сумын Сонгуулийн хороонд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
6. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1. дэх хэсэгт “Төлөөлөгч нь төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулна.” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээр үүсэх үр дагаврыг танилцуулан баримт үйлдэж хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэв.
7. Түүнчлэн шүүх хуралдаанд гуравдагч этгээд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй, санал хүсэлт гаргаагүй, гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс эмнэлгийн магадлагааг ирүүлэн шүүх хуралдааныг хойшлуулахыг хүссэн бөгөөд нэгэнт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан энэ нөхцөлд шүүх гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс гаргасан шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-г Архангай аймгийн Тариат сумын Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан “Н.Ч-ыг нэр дэвшигчээр бүртгэсэн Архангай аймгийн Тариат сумын сонгуулийн хорооны шийдвэр хууль бус болохыг тогтоож, 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 05 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Н.Ч-ыг Архангай аймгийн Тариат сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон Архангай аймгийн Тариат сумын Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулж, дахин сонгууль явуулахыг Архангай аймгийн Тариат сумын Сонгуулийн хороонд даалгах” нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Энэ захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ТҮВШИНТУЛГА