Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2023/ДШМ/22

 

Н.Отгонбаатарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:  

Прокурор Ч.Отгонбаатар

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Алтандөш

Шүүгдэгч Н.Отгонбаатар

Хохирогч Г.Батжаргал

Хохирогчийн өмгөөлөгч Л.Банзрагч

Нарийн бичгийн дарга Б.Нансалмаа нарыг оролцуулан,       

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/64 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн давж заалдах гомдлоор шүүгдэгч Н.Отгонбаатарт холбогдох 2122002110035  дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Дугант овогт Ноопын Отгонбаатар, Монгол Улсын иргэн 1985 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Дундговь аймгийн Луус суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дундговь аймгийн Луус сумын 3 дугаар баг Буянт гэх газар оршин суух улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сум дундын 11 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 03 жил 02 сарын хорих ял оногдуулж, 1 жил 08 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан /РД:3385091913/.

Шүүгдэгч Н.Отгонбаатар нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Дундговь аймгийн Луус сумын 3 дугаар багийн нутаг Буянт гэх газар иргэн Г.Батжаргалын өмчлөлийн цоохор гүүнээс гарсан төл мал болох 1 тооны хүрэн цоохор унагыг хулгайлж 1500000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дундговь аймгийн Прокурорын газраас: Шүүгдэгч Н.Отгонбаатарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.Отгонбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Отгонбаатарт 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Отгонбаатар нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулж, Иргэний хуулийн 88 дугаар зүйлийн 88.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Отгонбаатараас 1500000 төгрөгийн үнэлгээ бүхий сартай хар зүсмийн охин даагатай, хүрэн цоохор гүүг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар 275000 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Г.Батжаргалд олгож, шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Отгонбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ... Миний бие 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Дундговь аймгийн Луус сумын 3-р багийн нутаг Буянт гэх газраас Г.Батжаргалын өмчлөлийн цоохор гүүнээс гарсан төл мал болох 1 тооны хүрэн цоохор унагыг хулгайлж 1500000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Би дээрх хугацаанд болон өмнө нь, түүнээс хойш, хэзээ ч Г.Батжаргал гэх хүний ямар нэгэн малыг хулгайлаагүй. Энэ хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Д.Дашдорж гэдэг Дундговь аймгийн Адаацаг сумын хүн нь манай адууг тэр хавар тэдний ойролцоо байхад нь харж байсан. Тэрээр “2018 оны 5 дугаар сарын 20-ны орчмын үе санагдаж байна. Би тэр цагаас хойш тэр хэдэн адууг 1 сар орчим малласан...намайг маллаж байх үед унагатай гүү байгаагүй. Харин намайг харж байхад хар гүү, зээрд гүү, цагаан бор гэсэн 3 зүсмийн гүү унагалсан... хар гүүнээс охин зээрд зүсмийн хондлой дээрээ 3 жаахан цагаантай унага гарсан байсан...би хар гүүнд ямар нэгэн унага авхуулаагүй...” гэж мэдүүлсэн. Дундговь аймгийн Луус болон Адаацаг сумд нь хоорондоо багагүй зайтай. Тухайн үед цагийн байдлаас шалтгаалж манай адуу Адаацаг сумын нутагт байсан. Би Д.Дашдорж гэдэг хүнд манай адууг харж байгаарай гээд захиж үлдээсэн. Үлдээсэн хооронд ямар гүү унагалсныг Д.Дашдорж л мэднэ. Би болон хохирогч гээд байгаа Г.Батжаргал ч мэдэхгүй. Тэр хүн өөрийн мэдэж байгаа зүйлээ ингээд хэлсэн байна. Гэтэл намайг огт үндэслэлгүйгээр Г.Батжаргалын адууг хулгайлсан гэж байгааг би огт хүлээн зөвшөөрөхгүй. Би хийгээгүй хэргийнхээ төлөө шийтгүүлж, энэ хүнд өөрийн малаа өгч чадахгүй.

Энэ Г.Батжаргал гэдэг хүн намайг болон манайхныг хэзээнээсээ ингэж дээрэлхэж, мал авч сурсан хүн. Би хууль, шүүхийн байгууллагаар үнэнээ тогтоолгоё гэтэл намайг ямар ч үндэслэлгүйгээр ингэж буруутай гээд шийтгэсэнд туйлын гомдолтой байна.

Цоохор гүү аль гүүний унага байна вэ гээд шинжилгээ хийхээр цус авсан. Би үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Тийм ч учраас өмнө нь хэд хэдэн удаа болсон шүүх хуралдаанд энэ талаар хэлж, дахин шинжээч томилуулъя гэж хүсэлт гаргаж байна. Г.Батжаргалын хүүхэд нь малын эмч. Эд нар юу ч хийсэн байхыг би мэдэхгүй. Мөн мал гэдэг чинь хүн биш. Хүн шиг ингээд цусаар нь тогтоогдоод гараад ирэх боломжтой гэхэд эргэлзэж байна. Шударга шүүх үнэн, зөвийг тогтоож өгнө гэж итгэж байна.

Иймд Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 64 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Гэрч Дашдоржийн мэдүүлгийг анхаарч үзнэ үү. Ямар нэг унагалсан гүү байгаагүй, хээлтэй гурван гүү байсан гэдэг. Түүнээс хар зүсмийн гүү унагалсан байсан гэдэг. Тэр унага нь хохирогчийн унага байсан бол тэр гарсан унага хаачсан бэ. Хохирогч нь тухайн гүү 05 дугаар сарын 02-ны өдөр унагалсан байсан. Буцаад очсон чинь байхгүй байсан. Мотоциклын мөрийг дагаад айлд очиход айлын хүн Н.Отгонбаатар ирээд явсан гэж ярьдаг. Яагаад тухайн үедээ Н.Отгонбаатарыг сэжиглэж, Цагдаагийн байгууллагад хандаж яваагүй юм бэ. Мөн шинжээчийн дүгнэлтэд эргэлзээтэй байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болохгүй байж болно гэж заасан байдаг. Шинжилгээ хийхдээ зөвхөн гүүнээс дээж авсан байдаг. Анхан шатны шүүх мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглээгүй. Шүүх шийтгэх тогтоолдоо Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарахгүй байна гэж дурдсан. Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байж яагаад Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглээгүй юм бэ гэдэгт гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй гарсан тул хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хохирогч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Би унагаа үзсэн. 05 дугаар сарын 21-ний өглөө 7 цаг орчимд унагаа үзчихээд явсан. 08 дугаар сарын 10-ны өдөр ирэхэд эдний адуу 08 дугаар сарын 15-ны өдөр ирсэн. Нутгийн нэг дор юм гээд хэлэх юм болов уу гэж бодсон. Хүн болгон танай унага гэж хэлдэг байсан. Малын эмч оролцсон гэж яриад байх юм. Н.Отгонбаатарыг адуугаа авчирч өг гээд манай гадаа шинжилгээ авсан. Манай хүргэн Дундговьд малын эмч хийдэг. Шинжилгээтэй хамаарал байхгүй гэв.

Хохирогчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Хохирогч сая ярилаа. Шинжилгээнд манай хүргэн оролцоогүй гэж байна. Шинжээчийн дүгнэлт маш зөв гарсан. Одоо бол унага гүү болсон, гүүнээс унага гарсан байгаа. Тэр үеийн ханшаар 300000 төгрөг гэж үнэлэгдсэн. Энэ нь хохирлоос үүссэн хор уршиг юм. Унагатай гүүтэй хүн унагыг нь авчхаад үндэслэлгүй хөрөнгөжчихөөд байж байна. Малын цуснаас авсан шинжилгээнээс тодорхойлогдсон учир шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэв.

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Гэрч Баттөрийн мэдүүлгээр хар гүүнд цоохор унага авхуулсан талаар Н.Отгонбаатар өөрөө ярьсан гэж мэдүүлсэн. Шинжээчийн дүгнэлтээр хээр алаг гүү, цоохор унага хоёрын давхцал үүссэн. Цоохор унага Батжаргалын хээр алаг гүүний унага гэдэг нь нотлогдож байгаа. Тиймээс Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар давж заалдах шатны шүүх Н.Отгонбаатарт холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Н.Отгонбаатарын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Дундговь аймгийн Луус сумын 3 дугаар багийн нутаг Буянт гэх газар иргэн Г.Батжаргалын өмчлөлийн цоохор гүүнээс гарсан төл мал болох 1 тооны хүрэн цоохор унагыг хулгайлсан гэх үйлдлийг хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзжээ.

Шүүгдэгч Н.Отгонбаатар мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: ...Батжаргалын унагыг авсан зүйл байхгүй. Манай адуу Төв аймгийн Бүрэн сумын ойролцоо байж байгаад тэндээс алга болоод сураг гарахгүй байхаар нь би хайж байгаад 2018 оны 5 дугаар сарын дундуур Адаацаг сумын иргэн Дашаа гэх айлын ойролцоо байхаар нь захиж 13 тооны адуу үлдээсэн. Үлдээсэн адуун дотор манай хар гүү унагалаагүй байсан. 2018 оны 06 дугаар сарын 10-ны үед манай хар гүү, хондлой дээрээ хэдэн цагаан үстэй унага гарсан байна гэж надад хэлж байсан. Манай хар гүүний унага 2018 оны 7 сарын үед нутагтаа ирэхэд хонлой дээрээ хэдэн цагаан үстэй зээрд унага ирсэн. Тэгээд томрох тусмаа хонлой цоохор, хүрэн зээрд болсон юм. Тэрнээс би хүний унага өөрийн хар гүүнд авхуулсан зүйл байхгүй. Би Баттөрд хар гүүндээ унага авхуулсан гэж хэлж байгаагүй. Харин хар гүүний хөх нь ярлачихсан тослоод тавьсан, Дашаа гэх хүн хэлсэн гэж ярьж байсан. Шинжээчийн дүгнэлт яагаад хар гүүний унага биш гэж гарсан гэдгийг мэдэхгүй байна. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 2018 оны 4, 5 сард Дундговь аймгийн Луус сумын 1-р баг Улаан толгой гэх газарт хөдөө гэртээ амьдарч байсан. 2018 оны 05 дугаар сарын дундуур Төв аймгийн Бүрэн сумын нутгаас уруудсан 1 азарга адуугаа хайх гэж Адаацаг сум руу очсон. Тэгээд олоод тэнд нь Дашаа гэх хүнд захиж үлдээсэн. Манай гэрээс Батжаргалын гэр 5-6 километр зайд байдаг. Манайхаас Батжаргал унага гэж сураглаж байгаагүй. Манай адуу Төв аймгийн Бүрэн сумын ойролцоо байж байсан.” гэж мэдүүлсэн байна. /1 хх-ийн 79-80/

Хохирогч Г.Батжаргал мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2018 оны 05 дугаар сарын 02-ны өглөө манай цоохор гүү Луус сумын 3-р багийн нутаг Буянт гэх газарт цоохор зүсмийн унага гаргасан байхыг би нүдээрээ харчхаад малдаа явж байх хойгуур манай хүү Б.Алтангэрэл аймгаас ирэх замдаа адуутайгаа таараад утсаар ээж рүүгээ залгаад “манай цоохор гүү унагалсан байна, унага нь алга байна цоохор гүү нойтон газар зогсож байна” гэж хэлсэн. Би тэгээд малдаа явж байгаад өдөр гэртээ ирсэн чинь манай эхнэр, хүү адуун дээрээ ирсэн байна цоохор гүүний унага алга байна гэнэ гэж хэлсэн. Тэгээд би эхнэртэйгээ адуун дээрээ яваад очиход унага байхгүй байсан. Хүү бид 2 унагаа ойр хавиар нь нэлээн хайгаад олоогүй. Гүү унагалсан газарт нэг мотоциклын мөр байсан. Тэр мөрийг хөөгөөд явтал Мягмар гэх айлын гадаа очсон байсан. Мягмар гэх хүнээс асуутал манайд ойрд хүн ирээгүй Отгонбаатар л нэг буугаад гарсан. Тэгээд би Отгонбаатар болон унаганы тухай асуухад Мягмар гэх хүн нь Отгонбаатар арай ч хүний унага авахгүй байлгүй дээ гэж хэлсэн. Тэгээд би унагаа эрж хайхаа больсон. Тухайн үед Отгонбаатарын адууг оторт явсан байх гэж бодоод тэдний адуугаар үзээгүй. Тэгтэл намар 8 сар гаргаад Ширээгийн усан дээр хойноосоо цуваад ирэхээр нь очиж үзтэл хар гүү цоохор унага дагуулаад явж байсан. Би Отгонбаатарт энэ талаар ерөөсөө хэлээгүй. 2021 оны 09 дүгээр сард Баттөр гэх хүн манайд айраг уух гэж ирээд Отгонбаатар хар гүүндээ тэр цоохор унагыг авхуулсан гэж өөрөө надад хэлсэн гэж хэлсэн. Тэгтэл Отгонбаатар манайд ямаа сураад ирэхээр нь би цоохор унагаа асуутал Отгонбаатар манай хар гүүний унага үрэгдээд Адаацаг сумын Хорин гэх газарт хүн авхуулсан унага гэж хэлсэн. Ямар учиртай унагыг хэн гэдэг хүн авхуулсан юм бэ? гэж асуухад Отгонбаатар тухайн хүний нэрийг надад худлаа хэлээд байсан. Хүнээс сураглаад байсан чинь Дашаа гэдэг хүн байсан. Дашаа гэх хүнтэй утсаар холбогдоод асуухад би хар гүүнд ямар нэгэн унага авхуулаагүй. Манай усанд ирэхэд тэр хар гүү цоохор унагатай ирсэн гэж хэлсэн. Тэгээд Отгонбаатар үнэнээ хэлэхгүй болохоор нь би цагдаагийн байгууллагад хандсан. Хуулийн дагуу шалгуулмаар байна.” гэжээ /1хх-ийн 14-15/

Гэрч Б.Баттөр : “2018 оны зун Отгонбаатарын эхнэр хүүхэд нь аймаг явчхаад хүнгүйдээд байна, танай гадаа гүүгээ баръя гэхээр нь тэг гээд манай гадаа гүүгээ барьсан. Тухайн үед Отгонбаатарын хар гүү цоохор унагатай байсан. Би тэр үед Отгонбаатарт танай хар гүүнээс цоохор унага гарчээ гэсэн чинь гараагүй хар гүүндээ цоохор унага авхуулсан гэж хэлсэн. Би нарийн учрыг нь асуугаагүй, тэгээд л өнгөрсөн. Тэгээд энэ намар Батжаргал ахынд байж байтал Батжаргал ах манай цоохор унага л Отгонбаатарын адуунд байгаа юм шиг байна гэж хэлэхээр нь би тэр цоохор унагыг хар гүүндээ авхуулсан гэсэн гэж хэлсэн. Манай гадаа барьж байсан адуунд тэр цоохор унаганаас өөр цоохор адуу байгаагүй” гэж/1 хх-ийн 26-27/

Гэрч Б.Алтангэрэл: “Би 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр үдээс өмнө аймгийн төвөөс Луус сумын 3 дугаар баг “Ширээ” гэх газарт байх хөдөө гэртээ очих гээд явж байтал замд манай зээрд азаргатай адуу таарсан. Адуун дээрээ очтол манай цоохор гүү унагалсан шинжтэй нойтон газар ганцаараа зогсож байсан. Унага байхгүй байсан. Би гэр рүү залгасан чинь ээж утсаа авсан. Цоохор гүү унагалсан талаар асуухад ээж мэдэхгүй, аав нь гадуур малдаа яваа гэж хэлэхээр нь би адуун дээрээ байж байя та аавыг ирэхээр хүрээд ир гэж хэлсэн. Удалгүй аав, ээж хоёр мотоциклтой адуун дээр ирэхэд аав цоохор гүү өглөө намайг явж байхад унагалсан байсан. Унага нь алга болчихсон байна гээд ээж, аав, бид 3 ойр орчмоор нь нэлээн хайгаад олоогүй. Цоохор гүү унагалсан гэх газарт нэг мотоциклын мөр байсан. Унагалсан цоохор гүү манай аав Батжаргалын эзэмшлийн адуу.” гэж /1хх-ийн 34-35/

Гэрч Д.Дашдорж: “2018 оны хавар Луус сумын иргэн Отгонбаатар гэх хүн намайг Адаацаг сумын 5-р багийн нутаг Үүд гэх газарт хаваржиж байхад гэрийн ойролцоо надтай таараад манай гэрт ирсэн. Тэр үед Отгонбаатар гэх хүн нь би Луус сумын хүн адуугаа эрж явна хэдэн адуугаа олсон, бусад адуугаа олох хэрэгтэй байна гэж хэлээд надад адуугаа захиж үлдээгээд явсан. Би тэр үед өөрийн хэдэн малаа маллахдаа хэдэн адууг нь усалж гэрийн ойр байлгаж харж байсан. Тухайн үед 2018 оны 05 дугаар сарын 20-ны орчмын үе гэж санагдаж байна. Би тэр цагаас хойш тэр хэдэн адууг 1 сар орчим малласан. 2018 оны 06 дугаар сарын 20-ны үед нөгөө хэдэн адуу алга болсон байсан. Би Луус сумын Отгонбаатартай утсаар ярихад манай адуу ирсэн гэж надад хэлсэн. Тэр цагаас хойш тэр хэдэн адуу манай тэр хавиар харагдаагүй. Би тэр үед 13 тооны адуу харж байсан, тэр адуу азаргатай байсан. Намайг маллаж байх үед унагатай гүү байгаагүй. Харин намайг харж байхад хар гүү, зээрд гүү, цагаан бор гэсэн 3 зүсмийн гүү унагалсан. Тэр хар гүү бүдүүн гүү байсан, урд нь хэд унагалсан гэсэн үг. Хар гүүг яг унагалах үед нь би хараагүй, услаад маргааш нь харсан чинь унагатай болсон байсан. Хар гүүнээс охин зээрд зүсмийн хондлой дээрээ 3 жоохон цагаантай унага гарсан байсан. Би хар гүүнд ямар нэгэн унага авхуулаагүй. Би өөрөө 2 азарга 30 гаран тооны адуутай. Тухайн үед манай адуу Адаацаг суманд байсан. Отгонбаатар гэх хүний адуун дунд унагалах хар зүсмийн өөр ямар нэгэн гүү байгаагүй. Би Луус сум руу яваагүй, надад Луус сум орох шалтгаан байхгүй. Отгонбаатар гэх хүнд хар гүүнээс цоохор унага гарсан гэсэн зүйл яриагүй.” гэж ./1хх-ийн 37-38/тус тус мэдүүлсэн байна.

Шүүх дээрх гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан байна. Үүнд

Шинжилгээ хийх зорилгоор Г.Батжаргалын 1, Н.Отгонбаатарын 2 тооны адуунаас цусны дээж авах ажиллагаа явуулах тухай тогтоол /1хх-ийн 8/

2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Г.Батжаргалын хээр цоохор зүсмийн 8 настай адуунаас цусны дээж авч 001720161 дугаартай саванд, Н.Отгонбаатарын хар, буурал зүсмийн 2 тооны 2, 4 настай адуунаас цусны дээж авч буурал зүсмийн адуунаас авсан дээжийг 001720117, хар зүсмийн адуунаас авсан дээжийг 001720127 дугаартай саванд хийсэн тухай малаас цусны дээж авсан тухай тэмдэглэл /1хх-ийн 8-9/

Дундговь аймаг Луус сумын үнэлгээний комиссын 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 01 дугаартай “2018 оны хаврын төл 300000 төгрөг” гэх эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 58/

Хохирогч Г.Батжаргалын Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 6/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 84/

Сум дундын 11 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1 хх-ийн 86-89/

“Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ТХҮ-822-4393 дугаартай “Унага 2018 оны байдлаар 300000, унагатай гүү /4-5 настай/ 1500000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /1 хх-195-197/

Малд үзлэг /цоохор гүү/ хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 25-28/ мөн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01/12 дугаартай мал эмнэлгийн хүрээлэнгийн молекул генетикийн лабораторийн “Нийт шинжилгээ хийсэн маркер тус бүрээр 2 адуу хооронд давхцал илрэв. Иймээс №001720117 дугаартай дээж нь №001720161 дугаартай дээжийн Эцэг/Эх ба төлийн хамааралтай болох нь батлагдлаа” гэх шинжээчийн дүгнэлт /1 хх-ийн 48-50/ зэргээр Н.Отгонбаатарын үйлдэл холбогдлыг тогтоогдсон гэж дүгнэснийг үндэслэлтэй байна гэж үзлээ.

Давж заалдах шатны шүүхэд хохирогч 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гарсан унага алга болсон гомдол мэдээллийг 2021 оны 11 сард буюу 3 жилийн дараа гаргасан байдал нь эргэлзээ төрүүлж байх боловч хохирогч энэ талаар мэдүүлэхдээ баттай гэрч олж байж асуудалд хандах гээд хүлээгээд байсан талаар тайлбарлаж байх бөгөөд энэ зүйл ангид заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны дотор хандсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилгүй байна.

Шүүгдэгч Н.Отгонбаатарын “...намайг огт үндэслэлгүйгээр Г.Батжаргалын адууг хулгайлсан гэж байгааг би огт хүлээн зөвшөөрөхгүй. Цоохор гүү аль гүүний унага байна вэ гээд шинжилгээ хийхээр цус авсан. Би үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тогтоолгох талаар шүүхээс удаа дараа мөрдөн байцаалтад буцааж байжээ. Иймд прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн үйлдэл холбогдлыг нотлогдсон гэж үзсэн шийтгэх тогтоолыг буруутгах ноцтой зөрчил тогтоогдохгүй байх тул Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/64 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Харин шийтгэх тогтоолын үндэслэл хэсэгт 2018 онд гарсан унага одоо өсч үржсэн талаар хэрэгт байгаа баримтад тулгуурлан шүүхээс дүгнэлт хийхдээ “...шүүгдэгч Н.Отгонбаатар нь 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Г.Батжаргалын цоохор гүүнээс гарсан төл мал болох 1 тооны хүрэн цоохор охин унагыг хулгайлсан бөгөөд одоо уг унага нь сартай хар зүсмийн охин даагатай, хүрэн цоохор гүү болсон болох нь хохирогч, шүүгдэгч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр нотлогдож байна. Иргэний хуулийн 88 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эд юмсын төрөлх шинж чанарын дагуу шинээр бий болсон буюу эд юмсыг зориулалтын дагуу ашигласны үр дүнд гаргаж авсан бүтээгдэхүүн нь эд юмсын үр шим байна.” гэж заасан, малын хувьд өсөж үржих төрөлх шинж чанараараа хүрэн цоохор гүү нь сартай хар зүсмийн охин даагатай болж өссөн байна. Өөрөөр хэлбэл хүрэн цоохор гүүнээс гарсан /унага/ даага нь түүний үр шим байх тул шүүгдэгч Н.Отгонбаатараас 1500000 төгрөгийн үнэлгээ бүхий сартай хар зүсмийн охин даагатай, хүрэн цоохор гүүг гаргуулан хохирогч Г.Батжаргалд олгох нь зүйтэй”  гэж үзсэн байна.

Давж заалдах шатны шүүх энэхүү нөхцөл байдлыг гэмт хэрэг үйлдэж олсон орлого, түүнээс олсон ашиг гэж зөвтгөн тайлбарлах нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/64 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                            Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

        ШҮҮГЧИД                            Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                           Ш.ТӨМӨРБААТАР